2012/02/14

Тавантолгойн тогтоолыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ



УИХ-ын нэгдсэн хуралдааны эхэнд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Орон нутгийн Хурлын сонгуулийг хамтад нь явуулах АН-ын бүлгийн гишүүдийн төсөл, тус тусад нь явуулах МАН-ын бүлгийн гишүүдийн төслийг тус тусад нь дахин ярилцаад үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр болов.

Үүний дараа УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Д.Одбаяр нараас өргөн мэдүүлсэн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцлээ.

Тогтоолын анхны төслөөр иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 20 хувийг олгохоор тусгаад байсныг 20 хүртэл хувь гэж өөрчилжээ. Иргэн бүрийн Хүний хөгжил сангийн дэвтэрт нэг сая хүртэл төгрөгийн хувьцаа гэсэн бичилтийг хийхээр болоод байна.  Харин сургалтын төлбөр хэлбэрээр хоёр удаа тус бүр 500 мянган төгрөгөөр нийт нэг сая төгрөг авсан оюутнууд, сая төгрөгөө бэлнээр авах өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэвтэрт хасалт хийсэн бичилт дахин хийхээр болжээ. Ингэснээр тэдгээр иргэдэд Тавантолгойн хувьцаанаас хүртэх боломж хаагдаж мэдэхээр болоод байгаа аж. Бусад иргэд хувьцаагаа бэлэн мөнгө болгоно гэвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжаалж IPO хийхээс өмнө Засгийн газарт худалдаж болох юм. Засгийн газар  иргэдээс хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдаж аваад үндэсний аж ахуйн нэгжүүдэд мөн нэрлэсэн үнээр нь санал болгон худалдахаар төсөлд тусгаад байгаа юм.

Үүний дараа Тавантолгойн тогтоолыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр болж үдээс хойш Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо.

No comments:

Post a Comment