2012/02/27

Баруун Цанхийн тэнцэх цэг


Тавантолгой орд нойрноос сэрж байна. Хөрөнгө оруулагчийн хэлэлцээрийг гацаанаас гаргахаар хамгийн түрүүнд Засгийн газар санаачлагыг гартаа авав.

Засгийн хөдлөх цэг

“Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдоод нэг сар орчим болж буй  Я. Долгоржав “Баруун Цанхийн уурхай нээх ёслолыг тун удахгүй хийнэ. Хөрөнгө оруулалт хүлээхгүйгээр ойролцоогоор дөрөвдүгээр сарын дундуур нээнэ. Ёслол хийгээд хөрсөө хуулж эхэлнэ. Энэ бол сонирхогч талуудын сонирхлыг улам татах, бодлогын шийдвэрүүдээ түргэсгэх утгаар компанийн зүгээс хэрэгжүүлж байгаа бэлтгэл ажил юм” хэмээн The Mongolian Mining Journal сэтгүүлд ярилцлага өгчээ. Гэхдээ Засгийн газрын санаачлага энүүхэн эндээ хэсэг тийчигнэнэ. Зүүн Цанхийн нүүрсийг хятадуудад зарж, урьдчилгаа мөнгө босгосонтой адил Баруун Цанхийн олборлолтын ирээдүй ч цаашид худалдан авагчаас хараат хэвээр үлдэх юм. Ийм бэрхшээлийн талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д. Зоригтоос дараах тодруулгыг авсан юм.

“Тавантолгой” төслийн Хөрөнгө оруулагчдын хэлэлцээрийг урагшлуулахын тулд юу хийх ёстой вэ. Тухайлбал, Хятад, Оросуудад юу амлах ёстой юм бэ?

Тавантолгой орд эдийн засгийн эргэлтэд орчихсон. Тэндээс сая гаруй тонн нүүрс ачигдсан. Цанхийн Зүүн хэсгийг бүрэн ашиглаад эхэлсэн. Угаах үйлдвэрээ барих гэж байна. Цахилгаан станцын ТЭЗҮ, зам, төмөр замын асуудлууд яригдаж байна. Бүх ажил бүрэн хөдөлчихсөн. Одоо харин Тавантолгой ордын нэг хэсэг болох баруун Цанхи дээр гадны хөрөнгө оруулагчдыг яаж оруулах вэ гэсэн хэлэлцээр явагдаж байна. Зарим нь асууугаад байдаг л даа, ер нь гадаадын хөрөнгө оруулагчид ямар хэрэгтэй юм бэ, өөрсдөө хийчихвэл яасан юм гэж. Их хуралд ч гэсэн тэгж ярьдаг хүмүүс бий. Нэг жишээ хэлэхэд нүүрсээ Япон, БНСУ-д зарж байж манай нүүрсний үнэ зах зээлд өрсөлдөх хэмжээнд очно. Тэгэхгүй бол энүүхэндээ хавчигдаад, нүүрсний үнэд нөлөөлөөд байна.

Транзит тээврийн асуудлыг шийдэхийн тулд Хятад, Орос хоёртой ярихаас өөр арга байхгүй. Дээр нь Хятад манай хамгийн том зах зээл болж ирж байна. Орос бол төмөр зам дээр хамтарч ажилладаг уламжлалт түнш. Тэгэхээр энэ түншүүдтэйгээ хамтарч ажиллахаас өөр арга алга. Дээр нь Япон, Солонгос гээд түншүүд,  Америк гэсэн геополитикийн манай хамгийн том түнш байна. Эдэнтэй бүгдтэй нь хамтарч ойлголцож ажиллахаас өөр арга байхгүй. Хүнд асуудал мөн үү гэвэл мөн. Шийдэх гээд яриад хэлэлцээд л байна. Тийм амар бас явахгүй байна. Аль нэгэнд нь ямар нэг зүйл амлаад энэ шийдэгдэхгүй. Яг л бизнесийн горим зарчмаараа яваад хэзээ нэг цагт шийдэлд хүрч таарна. Одоохондоо бизнесийн яриа хэлэлцээр нь тохиролцооны түвшинд очоогүй байна л гэсэн үг.

Хэрвээ тэд тэнцүү оролцоо хүсээд байгаа юм бол манай улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд туссан стратегийн хөрөнгө оруулагчийн тэнцвэртэй харьцааг үндэс болгоод шийдвэрлэх боломжтой юу?


Тэгэхээр зарим оролцогч бид ийм ийм давуу тал нөхцөл өгнө гэсэн саналуудаа бас хэлээд байдаг. Тийм амар явахгүй байна л даа.

Оросын Ерөнхийлөгчийн сонгууль болно, Хятад улс удахгүй харьцангуй залуу шинэ удирдагчтай болно. Тэд улам хатуу байр суурь баримталж болох юм?


Аль аль талдаа ашигтай төсөл болсон цагт хэлэлцээр урагшаа явна. Хамгийн гол нь аль аль талдаа ашигтай байх ёстой. Одоохондоо бүх талдаа ашиг сонирхол төрөхүйц тэр баланс дээрээ очоогүй байна гэсэн үг. Дүүжин даажин тэнцвэрээ олдог шиг, тэр баланс нь одоохондоо тогтож өгөөгүй, тэнцвэр дээрээ очиж тогтох цэгээ хайгаад байна гэв.

Д. Зоригт сайдын өгүүлсэн тэнцэх цэг тэгвэл ямар томъёотой юм бэ?

Хятадуудад 40 хувийн оролцоо өгч, Америкийн “Пибоди Энержи”-д 24 хувь ногдоно гэж, Орос, Монголын компани нэжгээд 18 хувьтай шүү хэмээн зарласан анхны томъёо чухам юунд үндэслэж гарсныг мэдэхгүй. Ийм хуваарилалтыг Засгийн газар нэг нартай өдөр шууд зарласан.  Засгийн газрын Ажлын хэсгээс анх зарласан Хятадын талд ногдох 40 хувь гэдэгт Монголын нүүрсийг худалдан авах амлалтууд шингэсэн юм шиг байдаг. Харин оросууд төмөр замын транзит тээврийн үнээ Ерөнхий транзитын үнээс 65 хувиар хямдруулна гэсэн тоо хэлдэг. Ерөнхий транзитын үнэ гэж  “Оросын төмөр замууд нэгдэл “-ийн хуучин ТУХН-ийн орнуудтай тохирдог үнийн систем юм. Гэхдээ Монголын Засгийн газрын зарласан 18 хувийг оросууд голдог. Тиймээс 65 хувийн транзит тээврийн хямдралаа өгөхийн тулд нөгөө томъёон дээр Оросын талын хувийг нэмүүлэхийг тэд хүсч байна.

“Пибоди Энержи”-ийн хувьд олборлолт явуулах шилдэг технологитой дэлхийн хэмжээний компани гэдгээ Монголын талд байнга сануулдаг. Тэд 40:24:18:18 томъёон дахь өөрийн 24 хувийг тэнцвэргүй гэж үздэг. Гурван том оролцогчид тэнцүү хувь ногдох ёстой хэмээн ойлгодог. Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь, хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах бодлого баримтална. Гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлого баримтална” гэсэн заалт байдаг учир Монголын хууль хэрэгжинэ хэмээн тэд итгэдэг.

Одоо тэнцэх цэгээ олохын тулд Орос, Хятад, Америкийн компаниуд өөрсдөө хоорондоо ярилцах ёстойгоо илүү ойлгож эхэлсэн. Монголын Засгийн газрын хөдлөх цэг нь Баруун Цанхийн хөрсийг хуулаад эхлэх явдал. Харин хөрөнгө оруулагчдын санаачлага бол хоорондоо үг хэлээ олох явдал.

Хөрөнгө оруулагчид хэрхэн хөдөлж байна вэ


Хоёрдугаар сарын 28-ны өдөр буюу маргааш Канадын алтны Grand Cache Coal компанийн ТУЗ сонирхолтой шийдвэр гаргана. Тус компанийг Хятадын “Винсвэй”  худалдан авах гэж байна. Канадын Засгийн газар ба Grand Cache Coal-ийн хувьцаагаа арилждаг Хонконгийн бирж тус тус худалдах, худалдан авах зөвшөөрлийг өгчээ. Энэ бол зүгээр хөндлөнгийн үйл явдал биш. “Винсвэй” нь Монголын экспортын нүүрсний 35 хувийг зөөдөг тээвэр, ложистикийн компани. Канадын компанийг худалдаж авснаар хэд дахин томорно гэж зах зээлийн шинжээчид дүгнэлт гаргажээ. “Винсвэй” нь “Пибоди Энержи” компанийн түнш ба Тавантолгой ордын тендерт оролцохоор эхнээс нь тууштай зүтгэсэн Японы “Марубени”-тай мөнгөө нийлүүлж, Канад компанийг авч байгаагаараа сонирхол татдаг.

Тавантолгой ордын хөрөнгө оруулагчийн хэлэлцээр гацсан гэх хагас жилийн хугацаанд хүмүүс зүгээр суугаагүйг энэ мэт үйл явдал харуулдаг. Америкийн Худалдааны танхим Монголд саяхан салбараа нээсэн, ноён Доналд Рамсфелдийн зиндааны хүмүүс Америкийн бизнесийг Монголд дэмжих лобби хийн айлчилж байгааг бид мэднэ. Эдүгээ “Woodmont International” компани Америкийн худалдааны танхимын Монгол дахь салбарыг төлөөлөхийн зэргэцээ “Пибоди” компанийг дэмжих ажлуудыг гүйцэтгэдэг. 

Тавантолгой ордын тендерт ормоор байгаа Япон, БНСУ-ын олон компанийг хаанаа хавчуулж явахаа оросууд бас сайн ойлгоогүй л яваа. Баавгай салан гэдэг болохоор Япон, Солонгосууд ч бас хамтрагчаасаа болгоомжлон, хараа салгахгүй байна. Гол яриа Хятад, Орос, Америкийн компаниудын хооронд өрнөх юм. Гэхдээ санаачлагч нь америкууд байж таарах бололтой. “Оросын төмөр замууд” нэгдэл ба “Шинхуа” хоёрт яарч гүйгээд байх сонирхол байдаггүй. Тэгэх тусмаа Монголын Засгийн газар нэгэнд нь 40 хувь өгч, нөгөөд нь18 хувь ногдоно гэж харьцангуй тоо зарласан болохоор аваргууд хоорондоо золгох дургүй, дунд нь “Пибоди” зуучлагч хийхээс нааш тэгээд л  сууж байх биз ээ.

Өөр нэг тулах цэг


Монголын Засгийн газар Баруун Цанхийн хөрсийг хууллаа шүү хэмээн зарлаж, хөрөнгө оруулагчид бизнесийн хуваарилалтаа тохирохоор ширээний ард сууцгааж магадгүй болжээ. Гэхдээ “Тавантолгой” төсөл дээр Монголын талын улс төрийн шийдлийг маш зоригтой тавьж чадах удирдагч дутагдаж байна. Монголын талаас хэлэлцээрт оролцогчдоос шинэ зүйл гарахгүйг Орос, Хятад, Америкууд ч сайн мэднэ. С. Батболдын Засгийн газартай ямар нэг тохиролцоо хийх оюуны болоод цаг хугацааны боломж дундарсныг тэд мэдэрч байгаа.

Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн УИХ-ын Хүндэтгэлийн чуулган дээр өнгөрсөн оны сүүлээр хэлсэн үг, түүний говийн бүс нутгаар хийж буй цуврал томилолт, Ашигт малтмалын хуульд оруулахаар бэлтгэж буй зарчмын өөрчлөлтүүд зэргээс ажихул тэрбээр Тавантолгой ордыг төгс эргэлтэд оруулах санаачлагыг  гартаа авч болзошгүй. Улс төрийн сонгууль дөхөж, ялангуяа уул уурхайн сэдвээр нэр дэвшигч бүр нэг мэргэн санаа гаргаж мэдэх их солиорлын үед Монгол улсын Ерөнхийлөгч сийрэг ухаан гаргаж, үндэсний эрх ашиг дээр итгэлтэй хамгаалалт хийсээр байх нь чухал юм. Тавантолгойн хэлэлцээрийг тулах гурван цэг байна гэвэл нэг чухал тал нь зайлшгүй улсын Ерөнхийлөгчийн удирдамж мөн.

Нөхцөл байдал

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх социологийн санал асуулгын дүнгүүд гарсаар байна. В. Путин 50-60 хувийн санал тогтвортой авч, араас нь Коммунист намын Г.Зюганов 10 гаруй хувийн саналтай явдаг. Оросын баруунтнуудын бэлгэ тэмдэг гэх М. Прохоров 4 хүрэхгүй хувийн саналтай яваад байгаа нь Орос оронд сөрөг хүчнийхний санал тарамдах төдийгүй, нэр хүндгүй хэвээр гэдгийг илэрхийлнэ. В. Путин “Оросыг аврах” уриалгыг сонгуулийн тактикаа болгосон бөгөөд энэ янзаараа бол хойд хөрш маань “Оросын ашиг сонирхлыг хамгаалах” хатуу бодлогоо үргэлжлүүлсээр байх нь. Тавантолгой ордын хэлэлцээрт гадаадын төрийн мэдлийн хоёр компани орж байгааг монголчууд мэднэ. “Оросын төмөр замууд”, “Шинхуа” хоёрт төрийн эзэмшил байгаа болохоор улс төр зайлшгүй хавчуулагдана.

Хятадын Дэд дарга Ши Жинпин хоёрдугаар сард Вашингтонд айлчлах үед эгээ л Холливудын од мэт түүний  хэлсэн ярьсан, дохьсон зангасан болгоныг дэлхийн мэдээллийн агентлагууд цацаж байлаа. Тэрбээр 2013 оноос их Хятадыг удирдах хүн тул ааш занг нь тааварлах аян эдүгээ эхэлжээ гэлтэй. Цагаан ордны Зууван танхимд тэрбээр Барак Обаматай анхны уулзалтаа хийж, Пентагон түүнийг ёслолын буудлагаар хүндэтгэн угтав. Ноён Ши Жинпин одоогийн Хятадын даргаас харьцангуй залуу, барууны капитализмын зах зухтай танилцсан хүний хувьд хурц шийдмэг шийдвэр түүнээс гарч болох.

Төрийн мэдлийн “Шинхуа” компани нь Тавантолгой ордын тендерт орж, мөн л төрийн “Чайналко” Монголын нүүрсийг худалдан авах гэрээ хийж байна. Хятадын төмөр замын сүлжээ хэр нээлттэй байхыг дахиад л Бүх Хятадын коммунист намын дарга нарын үзэмжээр шийдэж чадна. Хөрш орнууд дахь улс төрийн нөхцөл Монголын эдийн засагт нөлөөлсөөр байх болно. Тавантолгой ордыг бүрэн хэмжээгээр ашиглахад дотоод хүчин зүйлээсээ илүү гадаад нөхцөл нөлөөлөх юм. Монголын талаас нэр нөлөөтэй байж чадах, хараат бус, хүчтэй удирдагч бас чухал үүрэгтэй. Баруун Цанхийн тэнцэх цэгийг олохоор хоёр талаас нь хөдөлгөж эхэллээ.

No comments:

Post a Comment