2012/02/03

Олигархиуд дутуу орхисноо гүйцээхээр айсуй


-Тавантолгойн тендер В.Путины дохилтоор хүчингүй болсон уу- Оросын олигархиуд Монголын нүүрсний ордуудыг дахин сонирхож эхэлжээ. Тэдний дундаас монголчуудын танил О.Дерипаскагийн нэр хамгийн тод дуулдаж байна. Хойд хөршийн эрчим хүчний салбарыг "атгадаг" энэ бизнесмэн Монголд эртнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд манай улсын банк санхүүгийн салбарт ихээхэн түрэмгийгээр нэвтэрч, богино хугацаанд ноёрхлоо тогтоож байсан юм. Тэрбээр "Монголын банк санхүүгийн 35 хувь нь миний хяналтад байгаа" гэж мэдэгдэж байсан ч удаатай. Энэ бизнесмэн "Монголын нүүрсний зах зээлд ноёрхлоо тогтоо" хэмээн В.Путины илгээж байсан олигархиудын багт багтсанаар Монголын нүүрстэй анх холбогдсон гэж болно. Зарим мэдээллээр бол Сибирьт ноёрхлоо тогтоож орчин цагийн Ермак болохоор түүнтэй тэмцэлдэж байсан Борис Громов гэгчийн хүү Сергей Монголд ирж хүчээ авсан явдал голлон нөлөөлсөн ч гэлцдэг. Ямартай ч тэрбээр нүүрсний салбарт үзээд алдахаар шийдэж, нүүрсний хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Gobi Coal & Energy" компанид хөрөнгө оруулалт хийн, 31 хувийг нь эзэмших болсон юм.

Гэвч дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үеэр, 2009 оны аравдугаар сард эргүүлэн зарсан байна. Энэ үедээ тэрбээр Тувад орших Каа-Хемский, "Востсибуголь" ордоос бусдыг нь худалдаж байжээ. Харин эдийн засгийн хямрал намжингуут итгэмээргүй хурдан хөл дээрээ боссон байдаг. Түүний эзэмшлийн "Еп+" групп Тавантолгойн дэд бүтцийн ажилд оролцохоор зүтгэж байгаа гэсэн мэдээлэл ноднин хойд хөршийн хэвлэлд гарч байсан билээ. Харин энэ удаа тэд хайгуулын ажилд биш шууд орд худалдаж авах ажилд анхаарлаа хандуулахаар шийдсэн гэж байна. Тавантолгойн тендер хүчингүй болсон явдал тэдэнд өмнө нь орхисон ажлаа барьж авах боломжийг ч олгож байгаа юм.

В.Путиныг Ерөнхийлөгч болж, улс орондоо цэвэрлэгээ хийсний үр дүнд нэр бүхий хэдэн бизнесмэний ажил үйлс итгэмээргүйгээр хөгжин цэцэглэж, эсрэгээр нь хэсэг бүлэг бизнесмэнүүд алга болох нь болж, шоронд орох нь орсон билээ. Хөгжин цэцэглэсэн эдгээр бизнесмэнүүдийн орсон салбар болгондоо "цахилгаан дайн" өрнүүлж, дэгсдүүлж хэлэхэд амар хялбар аргаар гартаа оруулж авдгийн нууцыг нь үргэлж улс төрийн дэмжлэгтэй ажилладгийнх хэмээн тайлбарладаг. Тодруулбал, В.Путины дэмжлэгээр гэсэн үг. Дээр өгүүлсэн О.Дерипаска ч тэдний нэг төлөөлөгч юм. Тэрбээр Б.Ельциний засаглалын үед Тамгын газрынх нь даргаар ажиллаж байсан В.Юмашевын охин Полинатай гэрлэсэн бөгөөд хожим энэ холбоо сүлбээгээ ашиглан Б.Ельциний залгамжлагч В.Путины нөмөр нөөлөгт багтсан гэдэг. Энэ үеэс хойш О.Дерипаскагийн ажиллагаанууд асуудал үүсгэсэн байлаа ч үргэлж уснаас хуурай гарч чаддагийн нууц нь Владимир Владимирович болжээ. Өвлийн олимп зохион байгуулах болсонтой холбогдуулан Сочи хотын хамгийн ашигтай, байрлал сайтай газруудыг дээрэмдэж авсан" явдал тэдний хэрэгжүүлсэн олон "операци"-ийн зөвхөн нэг нь. О.Дерипаскагийн мэдлийн барилгын компани Сочи 2014 өвлийн олимпийн барилга байгууламжийг барих тусгай зөвшөөрлийг авсныхаа хувьд "Хотын өнгө зүс сайжруулах" нэрийн дор хэдэн мянган өрхийг хүчээр газарт оруулж, үнэгүй шахам авсан юм.

Ер нь ОХУ Монголын Тавантолгойн ордыг эзэмшихийн тулд эртнээс санаа тавьж байжээ. Ерөнхийлөгч В.Путин Тавантолгойг байлдан дагуулах зорилгоор олигархиудын багийг бүрдүүлэн Монгол руу ээлж дараалан илгээж байсан мэдээлэл хэвлэлийн шарласан хуудаснаа үлдэж хоцорчээ.

Коммерсант сонинд гарсан нэгэн нийтлэлд энэ талаар тодорхой өгүүлснийг товчлон хүргэе. "Северсталь" корпорацийн эзэн Алексей Мордашовын хэрэгжүүлэх гэж байгаа шинэ төслийг эрх баригчид дэмжиж байна. Үүнээс ч өмнө Ерөнхий сайд М.Фрадков "Mittal Steel"-ийн ноёрхлыг зогсоохын тулд Северсталь, Arcelor нэгдэхийг дэмжинэ" гэж хэлж байсан билээ. Харин А.Мордашов үүнээс гадна бас нэгэн төсөл нэлээд эртнээс хэрэгжүүлж эхэлсэн нь өчигдөр тодорхой болов. Тавантолгойн ордыг худалдаж авах талаар Монголын талтай албан ёсоор хэлэлцээр хийх эрхийг тэрбээр Ерөнхийлөгч В.Путинаас авчээ. Гэхдээ Монголд ч гэсэн түүнд өрсөлдөгч байгаа гэдэг нь нууц биш. Тэрбээр Монголын тал гадаадын хөрөнгө оруулагчаас татгалзахгүй байгаа болон 1,5 тэрбум ам.доллар байхадТавантолгойд ашиг сонирхлоо илэрхийлж болох юм байна гэсэн утгатай захидлыг Ерөнхийлөгчид ирүүлсэн байна" гэжээ.

Үүний өмнө ОХУ-ын Тээврийн сайд Игорь Левитин 2006 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн Монголын Зам тээврийн сайд Ц.Цэнгэлтэй уулзах үед Монголын тал 1500 километр авто зам барих ажилд оролцох саналыг тавихад ОХУ Тавантолгойгоо өг гэсэн асуудлыг сөргүүлэн тавьж байсан байна. /«Коммерсант» №96 (3427) от 31.05.2006/ Алексей Мордашов Тавантолгойн ордыг эзэмшилдээ авахад хамгийн гол нөлөө үзүүлэх хүчин зүйл нь улс төрийн дэмжлэг болохыг дахин дахин сануулж, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандитай тусгайлан уулзах боломжийг бүрдүүлж өгөхийг хүсч байв.

А.Мордашовоос гадна "Ренова" хөрөнгө оруулалтын компанийн эзэн Виктор Вексельберг мөн Тавантолгойн ордыг эзэмшилдээ авахаар хөөцөлдөж байсан бөгөөд энэ хоёр бизнесмэн хоёулаа В.Путинаас тусламж гуйж байснаас үзэхүл Тавантолгойг авахад тэдэнд үнэхээр л мөнгөний гэхээсээ илүү улс төрийн хүчин зүйл чухал байсан бололтой. А.Мордашовоос ялгаатай нь В.Вексельберг Монголын ураныг мөн сонирхож байв. Тавантолгойн асуудлаархи Монголын төр, Оросын олигархиудын уулзалт мөн оны зургадугаар сард болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хурлын үеэр, хоёр орны Ерөнхийлөгчийн уулзалт зэрэг дээр үргэлжлэн хөндөгдсөөр байжээ.

Харин энэ бүхэн дээр В.Путин олигархиудынхаа хүсч байсан шиг улс төрийн дэмжлэгийг үзүүлээгүй бололтой. Эсвэл үзүүлсэн ч Монголын талд хүчтэй нөлөө үзүүлэхээргүй байсан байж болно. Ямар ч байсан Тавантолгойд оросуудын нөлөө төмөр замаараа барьцаалж бий болгосон 18 хувиас хэтрээгүй билээ.

Тэгвэл одоо байдал өөр байна. Тендер хүчингүй болсноор Тавантолгойн нөхцөл байдал оросуудын хувьд 2006 оны үед эргэн очсон. Тавантолгойд өрсөлдөхүйц хүч чадалтай баячууд нь идэвхжиж байгаагаас энэ бүхнийг харж болно. Ер нь дэлхий нийтэд эмх замбараагүй байдал ноёлж, геополитикчид муу амлах болсноос хойш ОХУ Монголыг зөнд хаячихсан байсандаа эргээд, харамсч эхэлж байна. Үнэндээ монголчууд бид л ОХУ-ыг хамгийн ойрын холбоотон гэж боддог байснаас биш үнэндээ сүүлийн 20 гаруй жил харь холын харилцаатай явж ирлээ. Монгол, Орос хоёр хоорондоо мөнгөн тэмдэгт шилжүүлэх ч бололцоогүй. Энэ бол гарцаагүй үнэн. Бээжин явсан нэгэндээ бид хүссэн үедээ мөнгө гуйвуулдаг бол Москва руу явуулахын тулд аль нэг гуравдагч улсаар дамжуулах хэрэгтэй болдог. Жишээлбэл, бензиний төлбөрийг зөвхөн бэлнээр хий гэж шахдаг байсан үе бий. "Бултчихаж мэднэ" гэж муу санаалж байгаа нь тэр шүү дээ. Энэ бух шалтгаанаас болж тэд Монголыг алдсан. Үүнтэй хамт ашигт малтмалын оруудыг авах бололцоогоо ч алдсан нь мэдээж. Харин одоо Монгол дахь нөлөөгөө БНХАУ-аас илүү болгох гэж өөрсдийн аргаараа оролдож байна. В.Путин "бензиний цорго"-оо хааж, бизнесмэнүүдийнхээ хүсээд байсан улс төрийн дэмжлэгийг жинхэнэ утгаар нь харуулсан байж болно. Ерөнхийлөгч нь Москвад очиж орос андтайгаа уулзсаны дараа АНУ руу, Ерөнхий сайд нь БНХАУ руу яаравчлан мордсон явдал олны анхаарлаас холуур өнгөрөөгүй.

Шатахууны цоргоо хааж хүчээ мэдрүүлcэн тэдэнд одоо бас нэг том хөзөр үлдсэн нь төмөр зам юм. Хятадад нүүрсээ зарах нь тэдний "ямхын бодлого"-д орсон хэрэг гэдгийг бид ойлгож эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд Монголын уул уурхайн салбарт ОХУ-ын нөлөө өсөх учиртай. Монгол дан ганц нүүрс зөөхгүй шүү дээ. О.ДерипаскаТавантолгойн тендерт өрсөлдөхийн төлөө "Оросын төмөр зам" хувьцаат нийгэмлэгтэй өрсөлдөж байгаа гэсэн мэдээлэл хойд хөршийн хэвлэлд саяхнаас дахин үзэгдэх болжээ.

Ямартай ч дахин явагдах тендерт оросууд өмнөхөөсөө ямар ч байсан илүү амжилт гаргах нөхцөл үүслээ. Харин оролцогч нь "Оросын төмөр зам" хувьцаат нийгэмлэгээс гадна О.Дерипаска байх бололтой. Дан төрийн мэдлийн компанийг ийм "амттай" тендерт оруулах нь В.Путинд санхүүгийн талаасаа ашиггүй ч байсан байж болох юм.

No comments:

Post a Comment