Гэхдээ нэр бүхий гишүүдийн өргөн барьсан тогтоолын төсөл өөрчлөгдөж, утга агуулга нь бүрхэг болсон гэсэн мэдээлэл хэвлэлээр өмнө нь гарч байсан. Төсөл өргөн барьсан гишүүний хувьд түүнээс бодитой мэдээлэл сонсохыг зорьсон юм.
-Тавантолгойгоос иргэдэд хувьцаа олгох тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахаар нэр бүхий гишүүдийн өргөн барьсан төслийг ажлын хэсэг нэгтгэж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж баталлаа. Гишүүдийн анх өргөн барьсан тогтоолын төслийг бүрхэгдүүлэх ойлгомжгүй болгосон, тэр дагуу шийдвэр буруу гарч болзошгүй гэсэн мэдээлэл өмнө нь гарч байсан. УИХ-ын өчигдрийн хуралдаанаар тогтоолын төслийг олонхи гар өргөж баталлаа?
-УИХ-ын нэр бүхий гишүүд хоёр тогтоолын төсөл өргөн барьсан. УИХ-ын 39 дүгээр тогтоолд Тавантолгойн хувьцаанаас иргэдэд арван хувь өгөхөөр тусгасныг өөрчилж, 20 хувийг нь олгоё гэсэн юм. Өөрөөр хэлбэл, иргэн бүрт 536-аас 1072 хувьцааг олгоё гэсэн үүднээс тогтоолын төсөл өргөн барьсан. Тогтоолын төслүүдийг нэгтгэх талаар Эдийн засгийн байнгын хорооноос С.Бямбацогт гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг томилогдож нэлээд хэдэн сар ажиллалаа. Ажлын хэсгээс саяхан оруулж ирсэн төслийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж байна.
Гэтэл бидний анх өргөн барьсан тогтоолын төсөл танигдахын аргагүй өөрчлөгдөж, утга агуулга нь алдагдаад орж ирсэн. Иргэдэд 20 хувийг олгох асуудлыг шийдсэн ч олгохдоо Хүний хөгжил сангаас олгох ёстой бэлэн бус нэг сая төгрөгтэй барьцалдуулж аль нэгийг нь сонгох сонголтыг иргэдэд тулгаж байна. Хэрэв ингэж шийдэгдвэл, Монгол Улсын баялаг иргэддээ шударгаар хуваарилагдахгүй. Олон зуун мянган хүн Тавантолгойгоос хувьцаа эзэмшиж чадахгүй хоцрох гэж байна. Үүнийг эсэргүүцэж, буруу шийдвэр болсон гэж үзэж байгаа.
Өнөөдөр оюутан сурагчид гэхэд л нэг сая төгрөгөө аваад сургалтын төлбөртөө хэрэглэчихсэн. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлэн мөнгийг нь өгөхөөр шийдвэрлэчихсэн. Ингээд үлдсэн хүмүүст Тавантолгойн 1072 хувьцаагаа ав, эсвэл нэг сая төгрөгөө бэлнээр ав гэсэн сонголтыг тулгаж байна. Амьдралын төвшин хүнд, инфляц, үнийн хөөрөгдөл хэрээс хэтэрсэн, бэлэн мөнгөний хэрэглээ өндөр байгаа учраас иргэдийн олонхи нь нэг сая төгрөгөө бэлнээр авч хэрэглэх байх.
Энэ тохиолдолд иргэдийн орлого багатай хэсэг нь Тавантолгойгоос буюу эх орныхоо байгалийн баялгаас хувь, хишгийг насан туршдаа хүртэж чадахгүй хоосон хоцрох нь. Ийм шийдвэр гарлаа. Тавантолгойгоос хэн хувьцаа эзэмших вэ гэхээр мөнгө төгрөгний боломжтой болон аж ахуй нэгжтэй хүмүүс байгаа. Энэ бол яах аргагүй баялгийг шударга бус хуваарилж буй явдал. Тиймээс энэ талаар байр, сууриа илэрхийлж ирсэн. Харамсалтай нь дэмжигдсэнгүй.
-МАН, АН анх Тавантолгойгоос хувьцаа бус 1-1.5 сая төгрөгийг иргэн бүрт бэлнээр олгохоор 2008 оны сонгуулиар амласан болохоос хувьцаа тараана гэж хэлээгүй. Энэ талаар юу хэлэх вэ?
-МАН 1.5 сая төгрөг бэлнээр өгнө гэж, АН нэг сая төгрөгтэй тэнцэхүйц буюу түүнээс дээш хэмжээтэй эх орны баялгийн хувьцааг эзэмшүүлнэ гэж тус, тус амласан. Гаргаж буй шийдвэрээр явбал, АН-ын амлалт ерөнхийдөө биелэх боломжтой. Нэг сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний хувьцаа эзэмшлүүлж, дээр нь нэмээд явбал шүү дээ. Гэхдээ нэг сая төгрөгийг бэлнээр олгох эх үүсвэр байхгүй учраас Тавантолгойгоор орлуулж байна.
Тиймээс амлалтаа биелүүлж чадахгүй байгаа бол түүнийгээ учирлаад тогтоолын төсөлдөө өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа. Түүнээс биш Тавантолгойтой барьцалдуулж энэ олон хүнийг, хүн амын орлого багатай хэсгийг хувьцаа эзэмшүүлэх нэрээр хохироож болохгүй.
-Аж ахуй нэгжид Тавантолгойн хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр өгнө гэж байна. Нэрлэсэн үнэ хэд байх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм биш үү?
-Аж ахуйн нэгжид 10 хувийг санал болгож байгаа, ажлын хэсгээс оруулж ирсэн саналын дагуу 20 хувийг иргэдэд өгч, үлдсэн 10 хувийг аж ахуй нэгжид нэрлэсэн үнээр зарна. Нэрлэсэн үнээ сая төгрөг гэж тогтоовол нэг аж ахуйн нэгжид ногдох хувьцааны үнэ 30 мянга буюу 20-30 сая төгрөг болно. Энэ бол багцаагаар хэлж байгаа тоо шүү. Тэгэхээр энэ мөнгийг төлөөд Тавантолгойн хувьцаа авах боломжтой аж ахуйн нэгж хэд билээ. Зөвхөн том компаниуд нь аваад санхүүгийн боломж багатай жижиг аж ахуйн нэгжүүд хоосон хоцорч мэднэ.
-Тэгэхээр аж ахуйн нэгжүүд хувьцаа бөөндөж аваад гадаадын компаниудад зарах, илүү үнээр өгөх асуудал гарахгүй гэх баталгаа байна уу?
-Аж ахуй нэгжүүд өөрөө мөнгөгүй бол мөнгөтэй хүмүүст аваад өгчих, эсвэл мөнгөтэй компаниудад шилжүүлэх ч юм уу. Эсвэл арай жаахан илүү үнээр өгөх юм уу, ийм байдал гарахыг үгүйсгэхгүй. Ер нь бол 1990-ээд оны ягаан, цэнхэр тасалбарын алдаа давтагдаж байна шүү дээ. Тухайн үед төрийн мэдэлд байсан аж ахуй нэгж, төрийн өмчит газруудыг их, бага хувьчлал гээд ягаан, цэнхэр тасалбараар тараасан. Иргэд ягаан, цэнхэр тасалбараар тухайн газруудын хувьцааг эзэмших ёстой байсан.
Гэтэл тэрхүү тасалбарынхаа үнэ, цэнийг ойлгоогүй байхад нь мэдээлэлд ойр байсан хэдэн хүн, брокер, диллерүүд давхиж очоод хямд үнээр хамаад авчихсан. Ингэж иргэдийн хувьцаа эзэмших ёстой байсан үйлдвэр, аж ахуйн газрууд учрыг урьтаж ойлгосон хэсэг хүн, мөнгөтэй бизнесмэнүүдийн мэдэлд шилжсэн шүү дээ. Тэр алдааг өнөөдөр Тавантолгойд давтах гэж байна. Энэ бол ард, иргэд нь хоосон үлдэж, хэсэг бүлэг хүн Тавантолгойг эзэмшинэ гэсэн үг.
-УИХ 39 дүгээр тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах төслийг баталснаар өнөөдөр нөхцөл байдал тодорхой болчихлоо. Эцсийн хэлэлцүүлэгт та хэчнээн хэлж, тайлбарласан ч олонхи шийдвэрээ нэгэнт гаргачихсан. Таны байр, суурийг дэмжсэн хүн ер нь байна уу?
-Би энэ талаар олон удаа ярьж, тайлбарлаж, олон нийтэд хандаж мэдэгдэл хийж байсан. Эрхбиш нэгийг бодож эргэцүүлэх байх гэж найдсан. Гэсэн ч ийм юм болчихлоо. Гэхдээ гишүүдийн зарим намайг дэмжиж хэвлэлээр байр, сууриа илэрхийлж байсан юм шүү.
-Үндэсний эрх ашгийн үүднээс авч үзэх ёстой энэ асуудалд УИХ “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг шиг яаруу шийдвэр гаргачихав уу даа гэж сэтгүүлчийн хувьд үзэж байна. Одоо Ерөнхийл өгч энэ асуудалд хэрхэн хандах нь анхаарал татаж байна. Та юу гэж харж байна?
-Ерөнхийлөгч юу гэж үзэхийг мэдэхгүй. Миний хувьд МАН 1.5 сая төгрөг тарааж чадахгүйд хүрээд иймэрхүү арга оллоо гэж харж байна. Энэ асуудал нийгэм дэх баян, хоосны ялгааг улам их болгоно. Өнөөдөр ядуурлаас гарахын тулд орлого багатай иргэдээ дэмжих ёстой байтал эсрэгээрээ хэрэгжиж байна. Бэлэн мөнгө бол баяр тэмдэглээд л дуусна. Тавантолгойн хувьцаа эдийн засаг өсөөд ирэхийн цагт үнэд хүрнэ. Нэг байтугай хэдэн сая төгрөгт хүрч магадгүй.
Үүнээс иргэдийн олонхи хасагдаж байгаад асуудлын гол байгаа юм. Хүний хөгжлийн хуулийн дагуу нэг сая төгрөгийг зөвхөн дөрвөн зүйлд, тухайлбал, орон сууц, оюутны төлбөр, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зарцуулна гэж хуульчилсан. Гэтэл нэг сая төгрөгийг хувьцаагаар сольж байгаа нь хуулиа зөрчиж байгаа биз дээ.
-Тавантолгойд хувьцаа эзэмшиж байсан, түүнийгээ төрд буцааж өгсөн хүмүүсийн олонхи нь МАН-ын гишүүд. Тэд эзэмшлээ төрд буцааж өгсөн үү, намдаа өгсөн үү гэсэн шүүмжлэл гарч байгаа. УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл “Тавантолгой дахь эзэмшлээ төрд буцааж өгөөгүй хүмүүс хожиж байгаа юм байлгүй” гэж хэлж байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Ер нь Тавантолгойн зөвшөөрлийн асуудал өөрөө маргаантай. УИХ-ын нэр бүхий гишүүд энэ асуудлыг байнга сөхөж тавьдаг шүү дээ. Хэдийгээр энэ асуудал 39 дүгээр тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахтай холбогдолгүй ч гэсэн УИХ анхаарч тусад нь авч хэлэлцэж, шийдэх ёстой.
No comments:
Post a Comment