2012/02/15

“Нэг сая төгрөгийг хувьцаатай холбож болохгүй”



УИХ-ын гишүүн Я.Батсуурь хэвлэлийн бага хурал хийж, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар гишүүд олонхиороо түрж иргэдэд Хүний хөгжлийн сангаас олгож буй нэг сая төгрөгийг Тавантолгойн хувьцаатай давхардуулан олгохгүй гэсний эсрэг мэдэгдэл хийлээ. Тэрбээр Монголын иргэдэд Тавантолгойн 1072 хувьцааг үнэгүй олгох, Хүний хөгжлийн сангаас 1,5 сая төгрөг бэлнээр олгох хоёрыг барьцалдуулсан төсөл оруулж ирэн УИХ-аар хэлэлцэж буйг эсэргүүцсэн юм. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн хувьцааны 20 хувийг иргэдэд үнэгүй олгож, дээр нь нэмж Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт нэг сая төгрөг бэлнээр олгох хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа юм. Тэрбээр “Тавантолгой бол том орд, түүнийг хэрхэн ашиглах талаар УИХ 39 дүгээр тогтоол гаргасан. Монгол Улсын 2,7 сая иргэнд Тавантолгойн хувьцааны 10 хувийг үнэ төлбөргүй эзэмшүүлж, мөн 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр борлуулахаар тэнд тусгасан. Энэ тогтоолд өөрчлөлт оруулахаар УИХ-ын гишүүд ижил агуулгатай хоёр тогтоолын төсөл өргөн барьсан. Иргэдэд хувьцааны 20 хувийг үнэгүй олгож, аж ахуйн нэгжүүдэд 10 хувийг нэрлэсэн үнээр борлуулахаар тэнд тусгасан.

Гэтэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг гаргаж, хоёр төслийг нэгтгэн нэг болгож, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг, Эдийн засгийн байнгын хороогоор эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Үүн дээр миний байр суурь өөр байна. Ажлын хэсэг бидний өргөн барьсан төслийн агуулга, үзэл санааг өөрчилсөн байна” гэлээ.

Иргэдэд эсвэл нэг сая төгрөг, эсвэл хувьцаа ав гэсэн тулгалт хийж буй нь туйлын буруу гэдгийг Я.Батсуурь гишүүн мэдэгдсэн юм. Хэрэв ингэвэл маш олон хүн Тавантолгойн хувьцаанаас эзэмшиж чадахгүй хоцорно. Монголд ядуурал 30-40 хувьтай, шатахууны үнийн улмаас бараа, үйлчилгээний үнэ өсч инфляц өндөр болсон. Цагаан сар дөхөж байна. Ажилгүйдэл их байна. Тэгэхээр иргэдийн ихэнх нь нэг сая төгрөгөө бэлнээр авна гэнэ. Өнгөрсөн жил иргэдийн 50 хувь хувьцаагаа авна гэж байсан. Одоо байдал өөр болсон. Нэг сая төгрөгөө авсан иргэд сарын дотор л үрчихнэ. Хувьцаагаа авбал олон жил үр шимийг нь хүртэнэ.
Оюутнууд аль хэдийнэ нэг сая төгрөгөө аваад сургултын төлбөртөө өгчихсөн. Тэгэхээр тэд хүссэн ч хувьцаа эзэмшиж чадахгүй болж байна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бэлэн мөнгө төсөвт байгаа учраас тэд мөнгөө аваад үрэх тул хувьцаагаа авахгүй болж байна. Аж ахуйн нэгжид хувьцааны 10 хувь ногдоно.  Нэг сая төгрөгөөр тооцвол 20-30 сая төгрөг болно. Түүнийг төлөөд хувьцаа авах аж ахуйн нэгж тийм ч олон биш. Том аж ахуйн нэгж ,амьдралын боломжтой иргэд хувьцаа  эзэмшээд бусад нь сая төгрөг аваад хоосон хоцрох тийм сонголт ирээд байна гэж гишүүн хэллээ.  “Ингэснээр 1990-ээд оны ягаан, цэнхэр тасалбарын алдаа дахин давтагдаж байна. Тухайн үед мэдээлэлтэй бизнесмэнүүд иргэдийн тасалбарыг архи, гурил, будаагаар сольж авч, дийлэнх иргэд хоосон хоцорсон. Бидний санаачилсан төслөөр бол Тавантолгойн хувьцаа үнэд орж, IPO хийгээд ирэхээр иргэдэд хувьцаагаа зарах боломж олгоё гэж байсан. Гэтэл төр өнөөдөр иргэдээс нэг сая төгрөгөөр хувьцааг нь аваад аж ахуйн нэгжүүдэд өгөх гэж байна. Монгол Улсын иргэдэд 1072 ширхэг хувьцааг үнэгүй олгож, мөн нэг сая төгрөгийг ч бэлнээр өгөх ёстой. Нэг сая төгрөг олгох боломжгүй болоод ингэж байх шиг байна. Хэрэв нэг сая төгрөгөө өгч чадахгүй бол үнэнээ хэлээд ард түмнээсээ  уучлалт гуйж хувьцаагаа хувьцаа хэвээр нь өгөх ёстой хэмээн Я.Батсуурь гишүүн хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд хориг тавих эрхтэйг ч хэлэв.

Эрхэм гишүүнтэй хамт Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Бидэнд маш олон хүн хандаж байна. Бидэнд шаардлага тавьж байна. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаална гэж хэлчихээд яагаад явахгүй, байр сууриа илэрхийлэхгүй байна гэдгийг асуусан. Хэрэглэгчийн байгууллага Я.Батсуурь гишүүний ярьж байгаатай санал нэг байна. Монголын хэрэглэгчид намуудын амласан нэг сая төгрөгөө авах ёстой. Дээр нь Монголын төр, засаг байгалийн баялгаас хүртээхээр шийдвэрлэсэн. Энэ хувь хишгээ авах ёстой. Гэтэл хольж хутгаад аль нэгийг нь ав гэж тулгаж байна. Бид хэрэглэгчдэдээ хандаж хэлэхэд сонголт байхгүй, хоёуланг нь авах ёстой гэдгийг хэлмээр байна. Хэрвээ одоогийн энэ байдлаар дэмжигдээд явчихвал иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд нэгдэж, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалахаар тэмцэнэ гэдгий албан ёсоор илэрхийлчихье ” гэсэн юм.


Дараа нь гишүүн Я.Батсуурь сэтгүүлчдийн асуултад хариулав.


-Нэг сая төгрөг аваад сургалтын төлбөрт өгсөн оюутнууд байна. Мөн 500 мянгыг аваад үлдсэн 500 мянгаа аваагүй хэсэг байгаа. Тэд ямар байдлаар хувьцаа авах вэ?

-Зарим их, дээд сургууль 500 мянгаа авч эхлээгүй байна. Гишүүдийн дийлэнхийн дэмжсэн төслөөр бол 500 мянган төгрөгөө аваагүй байгаа оюутнуудад санал тавих юм байна. Эсвэл үлдсэн мөнгөө авч сургалтын төлбөр болго, эсвэл хувьцаагаа ав гэсэн сонголт байгаа юм байна. Мөн бэлнээр авч байгаа 21 мянган төгрөгийнхөө сүүлийн гурав, дөрвөн сарынхыг хувьцаа хэлбэрээр авах боломжтой юм байна. Гэтэл оюутнууд бүгд төлбөрөө төрөөр даалгана гээд санхүүгээ зохицуулчихсан байгаа тул ийм санал тавьж байгаа нь буруу юм. Сая төгрөгийг хувьцаатай холбож ойлгож огт болохгүй. Хүний хөгжлийн мөнгөө дөрвөн аргаар олгоно гээд 39 дүгээр тогтоолд заачихсан. Эрүүл мэнд, нийгмийн даатгал хэлбэрээр, орон сууцны төлбөрт, оюутны сургалтын төлбөрт, эмнэлгийн төлбөрт үйлчилгээнд зориулж болно гэсэн. Гэтэл тэр бүгд хэрэгжих боломжгүй боллоо.

-Тогтоолын төсөл эцсийн хэлэлцүүлгээр удахгүй орно. Ерөнхийлөгч хориг тавихгүй бол яах вэ?


-Дахиад гишүүддээ хандана. Гурван удаа хандлаа, хэллээ. Эцсийнхээ үгийг дахиад хэлнэ. Тэгээд Ерөнхийлөгчид хандана.

-АН-ын бүлэгт энэ асуудлаар хандаж үзсэн үү?

-Хэлсэн. Бүлэг нэг сая төгрөгийг иргэдэд бэлнээр өгвөл улс орны эдийн засаг даахгүй гэсэн хариулт өгсөн. Ажлын хэсэгт мөн тэгж үзэж байна. Тэгвэл яах гэж мөнгөний амлалт өгсөн юм бэ гэдэг асуудал гарч байна. Түүнийг өмнө нь 300 мянга, 300 мянгаар хоёр гурав таслаад өгчих боломж байсан. Гэтэл заавал сонгуулийн өмнө нэг сая төгрөг өгч, хувьцаа тарааж, цалин, тэтгэвэр нэмбэл санал авна гэж тооцож л дээ. Ард түмний саналыг мөнгөөр авна гэж ойлгосон юм байлгүй. Өгч чадахгүй бол уучлалт гуйх хэрэгтэй гэлээ.

No comments:

Post a Comment