2012/02/15

“Тавантолгой дахь бүх компани ашгаасаа өгөх ёстой”



УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир Тавантолгойд үйл ажиллагаа явуулж буй “Энержи ресурс” болон бусад компанийн хувьцаанаас иргэд авах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа юм. Тэрбээр энэ тухайгаа сэтгүүлчдэд тайлбарлалаа.

Э.Мөнх-Очир гишүүн “Өнөөдөр ард түмний тархийг наана байгаа тав арван цаасаар угаагаад цаана байгаа гол асуудлыг ярихгүй байна. Өнөөдөр Тавантолгойг хэсэгчилж ярих биш, Тавантолгойн бүх бассейний талаар ярих ёстой. Түүнээс өмнө нь авчихсан байсан хэдэн компани өнөөдөр ард түмний нүүрсийг зараад, мөнгө олоод сууж байна. Ард түмэнд эрх барьж байгаагаараа далимдуулж худлаа ярих хэрэггүй. Өнөөдөр Тавантолгойн нүүрсний бассейнийг бүхэлд нь ярих ёстой. Тэнд хөрөнгө оруулсан, үйл ажиллагаа явуулдаг бүх компани ашгаа юунд зарцуулах гэж байгаагаа үзүүлээд ард түмэнд үүнээсээ өгөх ёстой. Үүнийг ярих хэрэгтэй” гэлээ.

“Сэтгүүлчид ч ард түмэн. МSС компани, Тавантолгой ХХК-ийн олж байгаа ашиг бол та нарын ашиг. Яагаад та нар өнөөдөр түүнийгээ нэхэхгүй байгаа юм. Та нар нэхэх ёстой. Тэрбум тэрбумаар төгрөг олоод гадаад дотоодод онгоцоор нисээд байгаа хүмүүс та нарын мөнгөөр яваад байна шүү дээ. Ард түмний хэсэг нь сэтгүүлчид тул би та нарт хандаж байна. Та нар дуугүй байгаад байвал бид энд хэчнээн хэрүүл хийгээд нэмэр алга” гэж тэрбээр хэлсэн юм.

No comments:

Post a Comment