2012/02/14

“Иргэдэд мөнгө эсвэл хувьцаа авах сонголт өгнө”


“Иргэдэд мөнгө эсвэл хувьцаа авах сонголт өгнө”

УИХ дахь хоёр намын бүлгийн байр суурь зөрүүтэй байсан Тавантолгойн хувьцааны талаар ажлын хэсэг хэлэлцээд нэгдсэн шийдвэрт хүрчээ. Я.Батсуурь болон Д.Одбаяр нарын санаачилсан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төслүүдийг нэгтгэв.

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тавантолгойн хувьцаанаас иргэдэд 20 хүртэл хувийг эзэмшүүлэх, аж ахуйн нэгжүүдэд 10 хувийг нэрлэсэн үнээр худалдахаар болсон байна.

Ингэхдээ иргэд нэг сая төгрөгөө бэлнээр авч болно, эсвэл түүнтэй дүйцэхүйц хувьцааг авч болох хоёр сонголтыг тогтоолд тусгахаар болжээ. Хувьцаатай холбогдуулан гишүүд асуулт тавьж, ажлын хэсгийн ахлагч С.Баярцогт хариулав.

Д.Зоригт:
-Иргэдэд хувьцаа эзэмшүүлэх ажил хэзээ эхэлж хэдий хугацаанд үргэлжлэх вэ. Иргэдэд 10 хувийн хувьцаа үнэ төлбөргүй эзэмшүүлэх байсныг тогтоолд өөрчлөлт оруулж 20 хувь болгосон. Гэтэл яагаад 20 хүртэл хувь гэж оруулсан бэ?

С.Баярцогт:

-Иргэдэд 20 хувийн хувьцаа эзэмшүүлнэ гэвэл 1072 ширхэг хувьцаа болно. Засгийн газар нэг ширхэг хувьцааг 1000 төгрөгөөр үнэлэхээр бол нэг сая төгрөг хүрнэ. Цаана нь 72 ширхэг хувьцаа үлдэх учир 20 хүртэл хувь гэж тавьсан. Заавал 20 хувь гэж хатуу тогтоох шаардлагагүй. 10 хүртэл хувийн хувьцааг аж ахуйн нэгжүүдэд тэнцүү хэмжээгээр санал болгоно. Тэд худалдаж авах эсэхээ өөрсдөө шийднэ.

Я.Батсуурь:
-Миний санаачилсан тогтоолын төсөл огт өөр болчихжээ. Уг нь бид иргэдэд 20 хувийн хувьцаа эзэмшүүлнэ гэж өөрчилсөн. Гэтэл нэг сая төгрөг авах, хувьцаа авах эсэхээ өөрсдөө шийдэхээр өөрчилсөн байна. Энэ нь хоёр намын амлалт болж хувирчээ. Оюутнууд 500 мянган төгрөгийг сургалтын төлбөрт авсан. Тэд Тавантолгойн хувьцаа эзэмших эрхгүй, баялгийн үр шимээс хүртэж чадахгүй нь. Аж ахуйн нэгжүүдэд 10 хүртэл хувийг худалдана гэжээ. Хувьцаа худалдаад орж ирэх мөнгө нь хаана төвлөрөх вэ. Иргэдийн хувьцааг худалдаж авах мөнгө хаана байна вэ?

С.Баярцогт:
-Таны санаачилсан төслөөс нэг заалтыг авсан. Нэгийг нь дэмжих боломжгүй гэж ажлын хэсэг үзсэн. Иргэд хувьцаагаа зөвхөн Засгийн газарт худалдана. Өмнө нь аж ахуйн нэгжид худалдаж болохоор заалт байсан. Засгийн газарт хувьцаагаа худалдвал тэр нь төсвийг санхүүжүүлэх эх үүсвэр болно. Иргэдэд 20 хүртэл хувийн хувьцаа өгчихөөд түүнийг буцааж худалдаж авахад дунджаар 1.4 их наяд төгрөг болно. Аж ахуйн нэгжид хувьцаа худалдсан мөнгө төсөвт орлого болж орно. Тиймээс Засгийн газар болоод төсөвт дарамт учрахгүй. Хэрэв иргэд хувьцаагаа худалдахгүй, аж ахуйн нэгж хувьцаа худалдаж авахгүй  бол  асуудал гарахгүй. Оюутнуудын хувьд сургалтын төлбөрт 500 мянган төгрөг авсан. Одоо дансанд нь 536 ширхэг хувьцаа байршсан. Түүнээс гадна cap бүр 21 мянган төгрөг авч байгаа. Энэ бүгд нийлээд нэг сая 400 мянга болж байна.

Батж.Батбаяр:
-Иргэдэд 20, аж ахуйн нэгжид 10 хувийг өгөхөөр олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалах хувьцааны хувь 20 болох нь. 20 хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалаад шаардлагатай хөрөнгө босгож уурхай ажиллаж чадах уу?

"Эрдэнэс-Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш:
-"Эрдэнэс-Тавантолгой" компанийн хувьцааг Хонконг болон Лондонгийн хөрөнгийн бирж дээр арилжаална. Тэдний шаардлага ёсоор тухайн компанийн 25-аас доошгүй хувийг нээлттэй арилжаалах ёстой. Тодорхой нөхцлийг хангасны дараа 20 хувийг арилжаалж болно. Дээрх хоёр хөрөнгийн бирж дээр зэрэг арилжаалахад хувьцаа хоорондоо шилжих боломж байдаг.

No comments:

Post a Comment