2012/02/14

”ТТ-н хувьцааг үнэгүй олгуулахын тулд завсарлага авсан”


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар “УИХ-ын 39 дүгээр тогтоолд УИХ-ын нэгдсэн чуулганыг завсарлахаас өмнө нэмэлт, өөрчлөлт оруулж амжвал өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цагаан сараас өмнө нэг сая төгрөг олгох боломж бий” гэсэн мэдэгдлийг өнгөрсөн баасан гарагт хийсэн билээ. Харин УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Д.Одбаяр нар санаачлан УИХ-д өргөн барьсан. Хоёр намын бүлгээс өргөн барьсан хуулийн төслүүдийн агуулга нь ижилхэн гэж байгаа ч энэ асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулах ёстой гэдэг үндэслэлээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн завсарлага авсан. Энэ асуудлыг өчигдөр хуралдсан бүлгийн хуралдааныхаа үеэр хэлэлцсэн бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарыг өнгөрсөн долоо хоногт хариуцлагагүй мэдэгдэл хийсэн гэж бүлгийн гишүүд үзжээ.


Энэ талаар хуулийн төсөл санаачилсан УИХ-ын гишүүн Я.Батсууриас зарим асуултад хариулт авсан юм.
  -Танай намын бүлгийн хурлын үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарыг хариуцлагагүй мэдэгдэл  хийсэн гэж дүгнэсэн гэсэн. УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулчихвал цагаан сараас өмнө өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг өгөх боломжтой юм биш үү?

-Үүний тулд 2.8 их наяд төгрөг хэрэгтэй. Гэтэл Монгол Улсын 2012 оны төсөвт энэ мөнгийг суулгаагүй байгаа. Тийм учраас эх үүсвэрийг гаргах, хувьцаа эзэмшсэн иргэддээ түүнийгээ хэрхэн зарцуулах гэх мэт нарийн зүйлүүдийг нэг мөр болгох шаардлага байгаа гэдэг үндэслэлээр тэгэж хэлсэн байх.

-Танай намынхан чуулганы хурал­даа­наас энэ асуудлаар завсарлага авсан. Үүний шалтгаан нь юунд байна. Уг нь асуудлыг хурдхан шиг нэг тийш болгох ёстой байх аа?

-Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тог­тоолыг өөрчлөхөөр бидний санаачилсан хувилбар бол иргэдэд олгох нэг сая төгрөгөөс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувь­цааны 10 хувийг биш 20 хувийг иргэдэд олгоё л гэсэн үг юм шүү дээ. Гэтэл энэхүү тогтоолын төслийг маань УИХ-аас гарсан ажлын хэс­гийнхэн өөрчлөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хувийг иргэдэд олгохгүй шахам утгатай болгочихсон. Хэрэв хувьцааны 20 хувийг иргэдэд олгохоор болбол хувьцаа эсвэл нэг сая төгрөг авах гэсэн тулган шаардалтыг хийж миний санаачилсан төслийг танигдахгүй болтол нь өөрчлөн УИХ-д өргөн барьсан. Тийм учраас би намын бүлэг дээр ярьж, шаардаж байж завсарлага авахуулсан юм. Одоо ажлын хэсгийн хуралдаанаар дахин хэлэлцэх гэж байна. Төсөл санаачилсан хүн нь ажлын хэсэгт орж болдоггүй хуультай. Тиймээс ажлын хэсгийнхнийг ямар шийдвэр гаргахыг ажиглаад л байж байна. Ямартай ч эхний хувилбар бол хүлээж авахад бэрх төсөл байсан юм.

-Ажлын хэсгийн хуралдаанаас ямар ч шийдвэр гаргасан та өөрийн байр суурь дээрээ баттай зогсох уу?

-“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг ир­гэдэд үнэ төлбөргүй олгохыг дэмжиж, хам­гаална. Миний санаачилсан тогтоолын төс­лийн гол үзэл санаа нь энэ шүү дээ.

-Таны санаачилсан тогтоолын төслийн гол санаа нь УИХ-ын гишүүн Д.Одбаярын санаачилсан төсөлтэй ижилхэн гэж байсан шүү дээ? 

-Би “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанаас 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд өгч байхаар иргэдэд өгөх гээд байгаа 10 хувь дээрээ нэмээд өгчихье гэсэн агуулга бүхий тогтоолын төсөл санаачилсан. Үүн дээр нэмж 10 хувийг нэрлэсэн үнээр нь аж ахуйн нэгжүүдэд худалдах саналыг Д.Одбаяр нарын санаачилсан тогтоолын төсөл тусгасан байсан. Энэ бол байж болох асуудал учир нэг их татгалзахгүй байгаа. Гагцүү “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэддээ хувь эзэмшүүлэх, Хүний хөгжил сангаас мөнгө олгох гэдэг бол өөр асуудал. Харин “Мөнгө, эсвэл хувьцаа ав” гэдэг тулган шаардалт бол баян хоосны ялгааг илүү тодотгож өгнө гэж бодож байна. Өнөөдөр сая төгрөгөө аваад хэрэглэчихсэн оюутнууд нэг сая төгрөгөө бэлнээр нь авахыг хүссэн иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанаас насан туршдаа хүртэж чадахгүй байх үүд хаалгыг нээх замыг бэлтгэх гээд байгаа учир Ардчилсан намынхан үүнийг эсэргүүцээд байгаа юм. “Иргэд байгалийн баялгаас бий болж буй хуримтлалаас эрх тэгш хүртэх ёстой” гэж ярьж, амладаг атлаа хэрэг дээрээ баян хоосны ялгааг газар авахуулж, мөнгөтэй хүмүүст “Эрдэнэс Тавантолгой”  ХК-ийн хувьцааг бөөнөөр нь эзэмших боломж олгох гэж байгаа нь шударга бус үйлдэл.

No comments:

Post a Comment