Өмнөд Солонгосын Эрчим хүчний яам “Тавантолгойн хөрөнгө оруулагчийн шалгаруулалтаас Солонгосын компаниудыг хассан, тендерийг шударга бус, бас маш бүрхэг болж байна” гэж Ройтерст мэдээлжээ.
Монгол улсын Засгийн газрын хэвлэлийн мэдээнд “Peabody Energy”, Хятадын “Шинхуа” болон Орос-Монголын Консорциум гэсэн гурван үндсэн оролцогч тунаж үлдлээ гэснийг солонгосчууд өөрсдийгөө хасч мэдээллээ хэмээн тунирхаж буй бололтой.
БНСУ-ын хэвлэлд мэдээлснээр Монголын Засгийн газар нь бүр дөрөвдүгээр сард дээрх гурван том оролцогчийг нэг Консорциум болно уу гэсэн санал тавьж, компаниуд хоорондоо энэ чиглэлээр ярилцаж эхэлсэн аж.
“Биднийг хэлэлцээр хийж байхад Монголын Засгийн газар хэт нэг талыг барьсан, ямар ч хэлэлцээргүйгээр гурван оролцогч сонгосноо зарласан /зөвхөн гурван оронд хувааж өгөх ёстой гэж автоматаар шийдсэн гэж хэлэх гэсэн бололтой/” гэж Сөүлээс Эрчим хүчний сайд нь мэдэгджээ.
Солонгосын 7, Японы 4 компани Оросын Төмөр замуудын нэгдлээр толгойлуулсан Консорциумд багтсан байсан ч уржигдрийн Засгийн газрын хуралдааны мэдээлэлд Орос-Монголын Консорциум гэж тэмдэглээд, Япон, Солонгосын компаниудын нэр дурдагдаагүй юм.
“Бид Монголын Засгийн газраас Орос-Монголын хамтарсан Консорциум гэдэг нь яг ямар бүрэлдэхүүнтэй болохыг ил болгохыг уриалж байна, мөн энэхүү олон улсын тендерийн талаар дахин ярилцахыг уриалж байгаа” гэж солонгосчууд мэдэгдэлдээ дурджээ.
“Тавантолгой” төсөл бол БНСУ-ын аж үйлдвэржсэн эдийн засгаа тэтгэхээр хүлээж буй гол төслүүдийн нэг юм. Тус улсын төрийн мэдлийн POSCO, KEPCO, LG International , Daewoo International зэрэг томоохон компани уг нь Орос -Монголын Консорциумд нэгдсэн. Засгийн газрын хэвлэлийн мэдээнд оролцогч компани болгоныг дурдалгүй, үндсэн гол компаниудыг улсаар нь нэр заан мэдээлснээс үүдээд ийнхүү ойлгомжгүй байдал үүсэв бололтой.
Дээрх мэдээг Ройтерс өнөөдөр цацсан бөгөөд Тавантолгой ордын олон улсын шалгаруулалтын эргэн тойронд ялангуяа гадаадын хэвлэлийн агентлагууд янз бүрийн эх сурвалж бүхий мэдээлэл цаашид ч нэлээд цацах биз ээ. Тэр болгоныг ялгаж салган, элдэв төөрөгдөл үүсгэлгүй, бодитой мэдээллийг өгөх нь манай Засгийн газрын үүрэг юм.
No comments:
Post a Comment