Япон, Өмнөд Солонгостой хамтарч Тавантолгойн нүүрс боловсруулах төслийн тендертэй холбоотой асуудлаар Монголын талд гомдол гаргасан талаар Reuters агентлаг мэдээлжээ. Японы тал тендерт ялах нь тодорхой пүүсүүдтэй түншийн харилцаатай ч Япон, Өмнөд Солонгос хоёр улсын пүүс компаниудыг шахаж байна гэж үзэж байгаа юм.
Өмнөд Солонгосын зүгээс долдугаар сарын эхээр дэлхийн хамгийн том ашиглагдаагүй коксжих нүүрсний ордод боловсруулалт хийх тухай өрсөлдөөнтэй тендерийг ил тод бус, шударга бус байдлаар явуулж байна хэмээн мэдэгдсэн бөгөөд үүний дараа Япон улс Өмнөд Солонгосын мэдэгдлийг дэмжиж, өөрийн гомдлыг гаргажээ.
Монгол улс долдугаар сард баруун Цанхийн нөөцийг боловсруулах тендерт оролцсон нийт зургаан оролцогчдоос АНУ-ын уул уурхайн “Peabody Energy”, Хятадын “Shenhua”, Оросын Төмөр замынконсорциум (одоо Орос Монголын хамтарсан консорциум)-ыг сонгосон ч хараахан эцсийн шийд гараагүй байна хэмээн мэдэгджээ.
Австралийн нүүрсний уурхайн салбарын зүрх нь болсон Квинслэнд мужид 2011 оны эхээр их хэмжээний үер болж, Австралийн коксжих нүүрсний нийлүүлэлтээс бүрэн хамааралтай Япон болон Өмнөд Солонгосын гангийн пүүс компаниудыг сандаргасан бөгөөд сүүлийн үед Монголын Тавантолгойн ордын төсөл дээрх хоёр улсын хувьд туйлын хүслэн болоод байгаа юм.
Япон болон Өмнөд Солонгосын пүүсүүд Оросын Төмөр замын консорциумд бүртгэлтэй ч дээрх зарлалд нэр нь огт дурьдагдаагүй байна. Мөн Японы “Mitsui & Co” худалдааны пүүс Хятадын “Shenhua” компанийн түншлэгч хэдий ч дээрх зарлалд нэр нь ороогүй байна.
Японы талаас гаргасан гомдолд Монгол улс эрдэс баялаг боловсруулах тал дээр Японоос уйгагүй туслалцаа хүсч, энэ хүрээнд өнгөрсөн арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Японд айлчилж, айлчлалынхаа үеэр харилцан ашигтай эрдэс баялгийн боловсруулалтын ажилд хоёр талын түншлэлийн чухлыг онцолж байсан талаар бичжээ. Түүнчлэн хэрэв Тавантолгойн тендерийн ялагчдын нэрсийн жагсаалтад Японы пүүсүүд ороогүй байвал нөхцөл байдал хоёр засгийн газрын хэлэлцэж тохиролцсоноос эсрэг зүгт хандах болно. Ийм явдал тохиолдвол туйлын харамсалтай байх болно гэжээ. Гэсэн хэдий ч Япон, Өмнөд Солонгосын засгийн газраас гаргасан гомдолд Монголын талаас хариу өгөөгүй байгаа аж.
Улаанбаатарт төвтэй Frontier Securities-ийн үйл ажиллагаа хариуцсан дарга Оскар Мендоза хэлэхдээ “Тендерт оролцсон зарим нэг пүүсүүдэд татгалзсан хариу өгсөн ч Япон, Солонгосын пүүсүүдийг тендерээс хассан талаар албан ёсны мэдээ одоогоор байхгүй. Монгол улс Shenhua, Peabody болон Оросын Төмөр замын консорциумаар Япон, Солонгосын талд хэчнээн хувийг олгохыг шийдүүлэх хүсэлтэй байгаа” гэжээ.
Харин Эрдэнэс Тавантолгойн зүгээс хуваарилалтыг дотроо хэлэлцэж байж шийднэ гээд ямар компани хэдэн хувь эзэмших нь тухайн компаниас шалтгаална. Жишээлбэл, Shenhua-д дийлэнх хувь нь очвол тэдний талаас Mitsui-д хэчнээн хувийг олгохоо шийднэ гэжээ.
Түүнчлэн Японы засгийн газраас гаргасан гомдлын хажуугаар Оросын Төмөр замын консорциумд нэгдэж орсон Японы худалдааны пүүсүүдээс Itochu, Sumitomo, Marubeni, Sojitz зэрэг компаниуд хамтарч Монголын засгийн газрын эсрэг гомдол гаргаад байгаа аж.
Тавантолгойн нүүрсний орд маш сайн чанарын, нягтрал сайтай коксжих нүүрстэй бөгөөд Японы гангийн үйлдвэрлэгчид болон Хятадын гол эрэлт болоод байгаа ба Монголын Тавантолгойн нүүрсний ордын Баруун Цанхийн хэсэгт ган хайлуулахад шаардлагатай өндөр үнэ хүрэх сайн чанарын 1,2 тэрбум тонн коксжих нүүрс байна гэж тогтоожээ. Гэвч нүүрсний зах зээлд уг нүүрсийг шуурхай, эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээр нийлүүлэхийн тулд уг бүс нутагт авто болон төмөр замын сүлжээ хэрэгтэй байгаа юм. Түүнчлэн томоохон уурхайн байгууламжийг бий болгоход цахилгаан, усны хангамж дутагдаж байгаа тухай “Reuters” агентлагийн нийтлэлд бичсэн байна.
No comments:
Post a Comment