2011/07/27
Япон, Солонгосын төр Тавантолгойгоос сонирхлоо ”гээхгүй”
Тавантолгойн хөрөнгө оруулагчийн шалгаруулалт задрах нь. Үүнд хэд, хэдэн зүйл нөлөөлж байгаа юм. Уг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг Тавантолгойн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендерийг явуулж, Хятадын “Шинхуа энержи” 40 хувь, АНУ-ын “Пибоди” 24 хувь, ОХУ, Монголын консорциум 36 хувийг эзэмшинэ” хэмээн урьдчилсан байдлаар мэдээлсэн. Гэтэл энэ нь араасаа маргаан дагуулж эхэллээ. Учир нь Оросын тал Өмнөд Солонгос болон Японтой хамтарсан хэрнээ эцэст нь дангаар 18 хувийг эзэмших эрхтэй үлдсэн нь солонгосчуудыг уурлуулсан юм. Японы эрчим хүчний яам “Тендер шударга бус боллоо. Хэлэлцээр хийж байхад Монголын Засгийн газар нэг талыг хэт баримталсан” хэмээн гомдол илэрхийлсэн. Үүгээр зогсохгүй Монгол, Оросын хамтарсан консорциум ямар бүрэлдэхүүнтэй болохыг гаргаж ирэх хэрэгтэйг ч сануулсан юм. Харин япончуудын тухайд Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийн ард хэзээ, хэрхэн үлдсэнээ ойлгохгүй байгаа ч зүгээр суух хэрэггүйг ухаарсан бололтой. Японы Ерөнхий сайд солонгосчуудыг бодвол соёлтой загнаж, захидал илгээв. Түүний элч болж Япон улсын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн И.Кога Монголд айлчилсан юм. Японы Ерөнхий сайд Наото Кан захидалдаа “Хоёр орон харилцаагаа шат ахиулан стратегийн түншлэлийн зарчмаар хөгжүүлэхээр тохиролцсон нь шинэ хуудас нээсэн” гэсэн нь Японы компаниуд Тавантолгойн төсөлд оролцох сонирхлоо дахин илэрхийлснийг нь илтгэж байна. Тэгэхээр Япон, Өмнөд Солонгосын компаниуд бууж өгөхгүй гэдгээ өөр, өөрийн онцлогоороо манай улсын Засгийн газарт мэдэгдлээ. Гэтэл Тавантолгойн гэрээний төслийг судалж буй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ч ойлгомжгүй асуудал гарсан гэнэ. Тэд “Япон, Өмнөд Солонгосын компаниуд консорциумдаа бий юү” хэмээн ажлын хэсгийнхнээс асуухад “ОХУ-ын талтай тухайн улсын компаниуд тохирсон. Энэ асуудлыг Оросын тал хариуцаж байгаа. Гэхдээ Япон, Өмнөд Солонгосын оролцоо бий” гэх хариулт өгсөн байх юм. Үнэхээр эдгээр компани байгаа юу, байхгүй юү гэдгийг хэн мэдэж байна вэ. Бас “Эрдэнэс МГЛ”-ийн компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш Тавантолгойн төслийг гардан ажиллаж байгаа хүний хувьд уг асуудлыг маш сайн мэдэх учиртай. Гэтэл “Сайн мэдэхгүй” байна хэмээн хариулснаас нь үзэхэд Тавантолгойн хөрөнгө оруулагчид задрах магадлалтай байгаа юм. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тавантолгойн гэрээг судалж буй ажлын хэсгийнхэн буцааж мэдэхээр байгааг хэлсэн. Хамгийн гол нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг биелүүлээгүй. УИХ-ын 39 дүгээр тогтоолоор өгөгдсөн зарим асуудлыг тусгаагүй. Зөрүүтэй санаагаар гэрээнд тусгасан гэхчлэн буцаахаас өөр аргагүй байдал үүссэн аж. Мөн Тавантолгойгоос иргэдэд 10 хувийг эзэмшүүлэхээр болсон. Гэхдээ энэ 10 хувийг Тавантолгойн баруун, зүүн цанхын аль хэсгээс нь өгөх нь бас л ойлгомжгүй байгаа юм. Иймд Тавантолгойн талаар гаргасан Засгийн газрын шийдвэр буцаж магадгүй болсон ажээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment