“НОРВЕСТ” МОНГОЛЧУУДЫН ХИЙСЭН ХАЙГУУЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨД ЗӨВХӨН ХУВИРГАЛТ ХИЙСЭН
Тавантолгойн ордын нөөцийн тооцооллыг хийх болсон талаараа яриач? Энэ хариуцлагатай чухал ажилд юуны учир тохоогдсон юм бэ?
Би 1975 онд Техникийн их сургуулийг эрэл, хайгуулын чиглэлээр төгссөн юм. Эрэл хайгуул, зураглал гээд дотроо төрөлжинө. Эрэл, хайгуул нь нөөцийн тооцоо, аргачлал руугаа гүнзгий ордог гэх үү дээ. Сургуулиа төгсөөд 1981 он хүртэл Монгол орны янз бүрийн нүүрсний орд дээр ажиллалаа. Шарын гол, Өвөрхангайн Баянтээг, Дорноговийн Хашаатхудаг, Сэлэнгийн Улаан-Овоо, Баянхонгорын Өвөрчулуут, Говь-Алтайн Олонбулаг зэрэг орд дээр хайгуул хийсэн. Ихэнхийг нь шинээр илрүүлсэн. Баянтээг, Шарын гол хоёр л өмнө нь илэрчихсэн байсан юм. Эдгээр ордын нөөцийг хамгаалж, батлуулчихаад байв.
1981 онд Дундговийн Тэвшийн говийн нүүрсний уурхайд ажиллаж байхад минь Яамнаас гэнэт дуудлаа. Хавар тавдугаар сарын үе. Тэнд их зузаан давхраастай, нүүрсний сайхан орд илрүүлчихээд ид сонирхолтой дээрээ байлаа.
“Тавантолгой СЭВ-ийн буюу тухайн үеийн Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн орнуудын цогцолбор төлөвлөгөөнд орсон. Монголын тал өөрсдөө хайгуул гүйцэтгээд, үр дүнгээ СЭВ-ийн хурлуудад танилцуулах ёстой. Бид ярилцаад энэ чухал ажилд чамайг авахаар боллоо. Чи хайгуулыг Яамны зүгээс шууд удирдаж ажилла” гэсэн үүрэг өгдөг юм байна. Тэр үед хайгуулын объект зөндөө. Нүүрсний анги гэхэд л арваад гарч байсан. Нэгэнт дээд байгууллагын шийдвэр хойно зургадугаар сард Яаманд ажиллахаар ирлээ.
Зөвлөлтөөс ирсэн шинэ мэргэжилтний хамт Тавантолгойд очив. Дөнгөж л ажил эхэлж байна. Их том объект учраас бүх материал нь задгай, нэг л тиймэрхүү байдалтай газар угтав. Эхлээд материалуудаа судаллаа. Нүүрсний их олон давхраастай, тэд нь хоорондоо холбогдохгүй болохоор толгой нь эргээд орд мөн ч юм уу, биш ч юм уу гэсэн байдалтай. Коксжих нүүрс нэг гарч байснаа байхгүй болчихож. Тэгээд ямар ч утгагүй болоод, хүнд байдалд орчихсон байсан. Ерөнхийдөө Орос, Монголгүй энд коксжих нүүрсний орд байхгүй нь гэсэн ойлголттой болчихсон байлаа.
Тухайн үед хайгуул, тэр дундаа нүүрсээр нухлуулсан хүн цөөхөн байсан. Миний хувьд сургууль төгсөөд 6 жил болсон ч Шарын гол гээд овоо том ордуудад оролцчихсон, багагүй туршлагажчихаад байсан үе.
Тэгээд л бүх ажлыг эхнээс нь эхэлсэн. Нүүрсний олон давхраасыг хооронд нь холбож эхлэв. Алийг алинтай холбох вэ гэдэг их хэцүү байсан. Тавантолгой нүүрсний 16 давхраастай шүү дээ. Тэнд нэг спорт заал байсан юм. 600-гийн цооногийн зургийг тэр зааланд унжуулахад шаланд хүрэхээр тийм том. Тэр үед хэчнээн ч цооног өрөмдсөн юм бэ. Бүгдийнх нь зургийг өргөөд унжуулчихсан. Геофизикийн муруй гээд зүрхний бичлэг шиг зүйл байдаг юм. Түүгээр энэ давхраасуудаа хооронд нь холбох гээд байхгүй юу. Нүсэр ажил болсон.
Дээр нь газар дээгүүр маршрут хийж, бүх талбайгаар явсан. Маш том талбайтай шүү дээ. Зөвхөн Тавантолгойн хэсэг нь л гэхэд 90 км2 гэхээр уртаашаа 15, өргөөшөө 9 км газар. Эхний ээлжинд Тавантолгойн хэсгийг л анхаарсан. Тэгээд Тавантолгойн 90 км2 ордын зургийг гаргасан юм. Ухаахудаг, Зүүн хэсэг, Бортолгой гээд нийт талбайгаар явбал 200 км2 болно. Газар дээгүүр явж, зүсэлтүүд хийх маягаар эхэлж зургаа гаргасан. Жил гаруйн хугацаанд хийсэн ажил.
1981 оны сүүлчээр Монголын тал анхны материалаа өгөх ёстой байсан юм. Бид нөөцийн шуурхай тооцоо хийгээд ордын зургийг, бусад геологийн зүсэлтүүдийн хамт хавсаргаж явуулсан. Иймэрхүү ажил хийлээ, урьдчилсан үр дүн ингэж гарлаа гэсэн тайлан өгснөөр Монголын тал өөрт оногдсон үүргээ биелүүлсэн юм. Тухайн үед эрэл үнэлгээний тайлан гэж гарсан. Би нөөцийн шуурхай тооцоон дээр гол юмыг зангидаж өгөөд Яамны хүн учраас тайланд нэрээ оруулаагүй юм.
Ер нь орд нээгдсэн нь хэзээ юм бэ? Та нараас өмнө ямар туршилт хийж байсан юм бол?
Яг түүхийг нь яривал 1953-1956 оны хооронд Оросууд анх төв хэсэгт нь өрөмдлөг хийсэн байдаг. Тухайн үед 22 цооног өрөмдөөд нүүрсний олон давхраас байгааг тогтоосон ч холболт нь буруу байсан л даа. Сүүлд 1960-аад оны үед орон нутгийн Тавантолгой уурхайгаас Оросын гидрогеологийн том эрдэмтэн Маринов дээж аваад Орост шинжлүүлсэн чинь эрчим хүчний нүүрс биш коксжих нүүрс байна гэсэн үр дүн гарсан юм билээ. Төв хэсэгтээ жижигхэн уурхайтай нэг том орд байна. Тэндээс дээж авахад коксжих нүүрс байсан нь СЭВ-ийн төлөвлөгөөнд Тавантолгойг оруулах гол үндэс болсон байгаа юм. Талбай ихтэй том орд, их олон давхраастай, тэр нь коксжих шинж чанартай байсан нь анхаарал татсан хэрэг.
Дараа нь 1974-1975 онд Болгартай гэрээ хийгээд тэд ирж туршилт хийсэн байдаг. Төв хэсгийн судлагдсан хэсгээс 5 технологийн дээж авчээ. Арван хэдэн метрийн гүнтэй босоо аманд малталт хийгээд тав, таван тоннын жинтэй 5 дээж авсан юм билээ. Болгарт шинжлүүлэхэд 5 дээжээс 1 нь л их сайн гарч. Тэр нь металургийн маш сайн коксжих нүүрс гэж гараад бусад нь эрчим хүчний болон хольц байдлаар ашиглах нүүрс гэсэн дүгнэлт гарсан юм билээ.
Нөөцийн шуурхай тооцоо хийж, Монголын тал үүргээ биелүүлсний дараа СЭВ-ийн зорилт яагаад хэрэгжээгүй юм бол? Нөөцийн тооцоо хүссэн үр дүн үзүүлээгүй хэрэг үү?
СЭВ-ийн төлөвлөгөөний гол заалт нь Монголын тал өөрийн хөрөнгөөр ордын урьдчилсан хайгуулыг хийгээд үр дүнг танилцуулах байсан. Тэгэхдээ ордоо судлаад болгарчуудын авсан сайн үр дүн үзүүлсэн нүүрсний давхраасынх шиг шинж чанартай, хөрс хуулалт багатай, 3,5-4 м3/тонн, ил аргаар олборлох харьцангуй тааламжтай нөхцөл бүхий 700 сая тонноос багагүй нөөц олчихвол СЭВ-ийн орнуудын хамтын хүчээр эзэмшинэ гэсэн зорилт тавиад 1978 оноос энэ ажлыг Монголд эхлүүлсэн юм билээ. Зохион байгуулалт энэ тэрээс гадна учраа олохгүй хоёр гурван жил өрөмдөөд ямар ч үр дүн заасангүй. Үндсэндээ бол ямар ч бэлтгэлгүйгээр энэ ажлыг эхэлчихсэн. Боловсон хүчин ч хангалтгүй, ганц нэг орос мэргэжилтэнтэй. Нөгөөдүүл нь иймэрхүү орд дээр ажилласан туршлагагүй болохоор бас гайхаж эргэлзчихсэн.
Гэхдээ бид хоёр гурван орос мэргэжилтэнтэйгээ үзсээр байгаад даалгаврыг ямар ч байсан биелүүлсэн. Ордын ерөнхий дүр зураг тодорхой болсон. Чанар ч бас гайгүй. Холбоод үзвэл тийм ч зүй тогтолгүй, хачин чанартай биш юм байна гэсэн анхны мэдрэмж гарч байсан л даа. Тэр үед Орлогч сайд намайг дуудаад, урьдчилсан хайгуулын үр дүнгийн нөөцийн тооцоо бүхий геологийн тайланг толгойлж бич гэлээ. Оросуудтай яриад, энэ нөхөр нэг хийчих байх гэсэн ойлголт авсан шиг байгаа юм.
Удалгүй Мавлет сайдын тушаал гарсан. Тавантолгой болон төвийн экспедици, бусад газарт ажиллаж байгаа хүмүүсээс чадалтайг нь шилж сонгож аваад урьдчилсан хайгуулын тайланг удирдан бичихээр болсон. Тэгээд л хүмүүсээ цуглуулсан. Төвийн экспедициэс нүүрсний чиглэлийн таньж мэдэх хэдэн хүнээ авлаа. Тавантолгойгоос ч хэдэн хүн авсан. Барилгын материал, геологийн зураглал гээд тал бүрийн мэргэжилтэй хориод хүн цуглуулав. Тэдний тал нь зураг зурах зураач, бичээч зэрэг техникийн талын туслах хүмүүс. Тэгээд л ажилдаа орсон.
1982-1984 онд гол ажлууд хийгдсэн юм. Өдөр бүр шөнийн 12 цаг хүртэл сууна. Төв лабораторийн хажууд Олон улсын экспедици гэж байсан 9 давхар байшинд заал шиг том 4 өрөөнд ажиллана. Жигтэйхэн том дээвэр туурга шиг л зурагнууд гарна шүү дээ. Нөөцийн зураг гэхэд л 2000-ны масштабтай. Ямар компьютер байсан биш. Бүгдийг гараар зурна. “Эрдэнэт”-ийн тайланг бас тэгж бичиж байсан юм билээ. Тушаал гарган групп зохион байгуулж ажиллуулсан тэр туршлагаараа хандсан шиг байгаа юм.
Хээрийн материал их задгай байсан болохоор анхан шатны материал боловсруулах гэж бид их цаг алдсан. 1984 оны сүүлээр тайлангаа гаргасан юм. Оросуудтай хамтарч ажиллана, зөвлөгөө авна. Заримдаа ч зөрөх зүйл гарна. Оросын стандартаар ордын үеүдийг нэгбүрчлэн гараар бичдэг. Ингэхээр хамаг цагаа алдчих гээд байдаг. Хугацаа давчуу болохоор хоёр талд нь бичээд дундах зарим нэгийг алгасахад тэд дургүйцнэ. Тэгээд л хугацаа амжихгүй нь, хөнгөвчилье гэх байдлаар түр тар хийнэ. Энэ нөхөр ингээд байна гээд дарга нартаа ховлож байсан тохиолдол ч бий. Ер нь эхэндээ туслах тал дээр жаахан хойрго байсан л даа. Бид ч нухсаар байгаад нэг юм гаргаад ирсэн. Ерөнхийдөө чадаж байгаа нь харагдаад, овоо аштайхан араам гараад ирэхээр ах нар туслаад эхэлсэн. Дээрээсээ ч үүрэг даалгавар авсан байх.
Тэгээд урьдчилсан хайгуулын тайлан гэж нэлээд зузаан 8 боть гаргасан. Хүсээд байсан тэр тоог бид олсон юм. Коксжих нүүрсний чанар, тоо хэмжээ, 700 саяас дээш тоннын нөөц, 3,5-4,0 м3/ тонн хөрс хуулалтын коэффициенттой ил аргаар олборлох тааламжтай нөхцөлтэй гээд бүгдийг олоод Монгол Улс СЭВ-д хангалттай сайн танилцуулсан.
No comments:
Post a Comment