Тавантолгойгоос Хятадын халааслах хэмжээ 40 хувь, америкчуудынх 24, үлдсэн 36 хувийг нь Орос-Монгол хуваан хүртэх хуваарилалтыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. Шинэ төмөр зам барина гэдгээс өөр барих хөрөнгөгүй орж буй “Оросын төмөр зам”-д Тавантолгойгоос хувь хүртэх боломжийг олгосон нь Кремлийг тайвшруулах монголчуудын тал засалт юм. Монгол Улс хойд хөршид тал засахаас өөр аргагүй байдалд өнөөдөр орчихоод байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхий сайд В.Путинаас Монгол Улсын Ерөнхий сайдад хаягласан захидлын утга, анхааруулга ч энэ байсан юм. Ийнхүү дахиад л Орос, Монгол ах дүүгийн найрамдал нэрийдлээр хамтрах болсон нь ирээдүйд Монгол Улс наашаа харж, инээж цаашаа харж уйлах бас нэгэн асуудалд хүргэхгүй байгаасай гэж найдая. Шатахууны хангамж энэ долоо хоногоос эхлээд урьдын адил хэвийн байдалд шилжсэн нь оросуудын хүсэл таашаалд нийцсэн шийдвэрийг Монголын Засгийн газар гаргасантай ч холбоотой байж болох талтай. Ямартай ч Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын хэлснээр бол шатахууны хомсдол үүсгэхэд хүргэж буй шалтгааны нэг нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гэрээ.
Лизингээр байр эсвэл машин бүр ядахдаа цахилгаан бараа авлаа гэхэд аль нэг арилжааны банктай гэрээ байгуулах хэрэгтэй болдог. Мэдээж, өөрт нь байр, машин амин чухал байлаа ч арилжааны банктай хийж буй гэрээтэй иргэд сайтар танилцдаг. Нүдээ тас аниад ямар ч гэрээ хийсэн хамаагүй гээд дайрах тэнэг хүн биш учраас тэр.
Хэдийгээр зарим тохиолдолд иргэд хоорондын байгуулсан гэрээнээс бол залилуулсан мэхлүүлсэн хэрэг нэлээд гардаг ч Эрүүгийн болон Иргэний хуулиар асуудлыг нэг тийш шийддэг. Тэгвэл улс хооронд байгуулсан гэрээний утга агуулга нь томоос том байх ёстой. Монголчуудын хувьд өөрчилж болдоггүй, өөрчлөх эрхгүй нэгэн гэрээ нь ОХУ-тай байгуулсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гэрээ. Энэхүү гэрээг анх 1949 онд БНМАУ болон ЗХУ-ын хооронд байгуулж байжээ. 62 жилийн тэртээх тэр үеийг өнөөдөртэй хэрхэн харьцуулах билээ. Д.Нацагдоржийн “Хуучин хүү” зохиолд гардагчлан тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэгчээр ЗХУ-гаас өөр түнш ховорхон байсан болохоор оросуудын таалалд нийцсэн гэрээ байгуулж, гэрээ төвнүүлэхийг хүссэн байх. Тэр үеийн Монголын удирдлагууд тэр гэрээг байгуулсан нь тухайн үеийн ололт байсан. Гэхдээ одоо бол тэр гэрээг өөрчлөх түмэн шаардлага Монгол Улсад бий.
1949 онд БНМАУ болон ЗХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Улаанбаатар төмөр зам”-ын тухай гэрээ өнөөдрийг хүртэл шинэчлэгдээгүй нь шинэчлэхийг хүсэхгүй байгаа оросуудаас хамааралтай аж. Монголчуудын хувьд хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулсан хуучирсан гэрээг өөрчлөхгүй бол тус нийгэмлэгийг үр ашигтай ажиллуулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжгүй болчихоод байгаа юм. Тэрхүү гэрээнээс болж тус нийгэмлэг АНУ-аас хэрэгжүүлж буй Мянганы сорилтын сангийн тусламж, дэмжлэгийг авч чадаагүй. Учир нь оросууд АНУ-аас хэрэгжүүлж буй Мянганы сорилтын сангаас тусламж авахаас ил шулуухан татгалзсан. Тэд Монголын төмөр замын салбараас хамтарсан нэрийдлээр ашиг хүртэхэд нь америкчууд саад болно хэмээн болгоомжилсных.Гэрээний хамгийн асуудалтай хэсэг нь хоёр тал хувь, хувьцааг ижил тэгш эрхтэйгээр эзэмшихээр гэрээнд заасан нь “УБТЗ”-тай холбоотой олон асуудлыг Монгол Улс толгой мэдэн шийдэж чаддаггүй, гуравдагч орнуудын хөрөнгө оруулалт,хамтын ажиллагааны саналыг хүлээн авах боломжгүйд хүргээд байгаа. Тиймээс энэ гэрээг өөрчлөх хүслээ өнгөрсөн хавар тус улсад хийсэн төрийн айчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдэрж Д.Медведевт уламжилсан. Монголын Улсын тэргүүний зүгээс тавьсан гэрээг заавал өөрчлөх ёстой гэсэн хатуу байр суурь оросуудыг айлгаад авсан бололтой. Тиймдээ ч тэд Ерөнхийлөгчийг нутагтаа ирэнгүүт Ерөнхий сайдад хардалт тээсэн халуухан захидал шидээд амжсан нь өнөөдөр дуулиан тарьсан сэдэв болоод буй. Өдгөөгөөс 62 жилийн тэртээд байгуулсан И.Сталин, Х.Чойбалсан хоёрын энэ гэрээний дагуу “УБТЗ” нийгэмлэг өнөөдөр ч орлогын албан татвар төлдөггүй. Өөрөөр хэлбэл, тус нийгэмлэгийн орлогоос Монгол Улсын төсөвт нэг ч төгрөгийн татвар орж ирдэггүй гэх. Зөвхөн үйл ажиллагааныхаа орлогоос олсон ашгаа хоёр улс ижил тэгш хуваадаг. Тиймээс энэ гэрээг яаралтай өөрчлөх нь Монголд ашигтай бол оросуудад ашиггүй. Монголын талаас оросуудад тавьж буй санал нь 50:50 хувь биш 49:51-ын харьцаа. Хэрвээ гэрээг өөрчилж чадвал “УБТЗ”-ын суурь бүтцийг ашиглан өрнө-дорныг холбосон хамгийн өндөр үр ашигтай хамгийн дөт, ачаа тээвэрлэн өнгөрүүлэх хүчин чадал сайтай, цахилгаанжсан төмөр зам болгох таатай эрх зүйн орчин бүрдэж чадах юм. Тавантолгойд Монголтой хамтран оролцож, 36 хувийн ашгийг хуваан хүртэхээр болоод байгаа “Оросын төмөр зам” нийгэмлэгийн дарга В.Якунин “Олон улсын гэрээ хэзээ ч үндэсний эрхээс дээгүүрт тавигдах ёсгүй” гэсэн хатуу байр сууриа Монголын талд удаа дараа илэрхийлж, 1949 онд үзэглэсэн Зөвлөлт, Монголын гэрээ олон улсын чанартай учраас өөрчлөлт оруулах шаардлагагүй гэдэгт дүүрэн итгэлтэй байгаа аж.
УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам доллараар нэмэгдүүлэхээр Орос, Монголын тэргүүнүүд тохиролцсон ч энэ манайд төдийлөн ашигтай биш хувилбар. Ердөө хүүхдийн нүдийг чихрээр хуурсантай адилхан хэрэг. Түүнийгээ ч ОХУ мэдэж байгаа. Монголын төмөр замын салбарыг дангаар эзэгнэж буй “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс хүртэх хувиа оросууд тийм ч амархан тавиад туучихгүй гэдгээ эдийн засгийн шантаажаар илэрхийлээд байна. Оросуудын барьцаанд байгаа “Улаанбаатар төмөр зам”-ын араас Тавантолгой, Чойбалсан, Сайншандын чиглэлд баригдах шинэ төмөр зам бас орохгүй гэх баталгаа алга.
“Том ах”-ынхаа идэх хоолноос булаацалдаж, хөл дээр нь хөнгөхөн гишгэж дургуйг нь хүргээд авсан монголчууд хувь нийлүүлсэн нийгэмлэгийг хуучирсан гэрээний асуудлыг ахиад сөхөж чадахгүй болтлоо ам руугаа алгадуулаад авлаа. Тэгэхээр хувь нийлүүлсэн нийгэмлийг хуучирсан гэрээг шинэчлэх Монголын хүсэл нэг хэсэгтээ л лөөлөө болж таарах нь.
No comments:
Post a Comment