2011/07/07

Д.Содном: Хятад, Америж, Орос-Монгол гэсэн Тавантолгойн хуваарилалт сайн болсон


Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч Д.Содномтой Тавантолгой төсөл болон уул уурхайн салбарын эргэн тойрон дахь асуудлаар ярилцлаа.

-Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлт оруу­лахаар бэлтгэлээ базааж байна. Үүний нэг нь Цан­­хийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах стра­тегийн хөрөнгө оруу­лагч­дыг тодруулах. Аж­­­­лын хэсгийнхэн Хята­дын оролцоо 40 хувь, Америкийнх 24 хувь, ОХУ, Монголын оролцоо 36 хувь байхаар   тохиролцоо хийс­нээ Засгийн газарт танил­цуулсан.  Таны хувьд үү­нийг хэрхэн дүгнэж бай­на. Монгол Улсын Засгийн газ­раас үүрэг авсан ажлын хэс­гийнхний шийдвэр алд­сан уу, эсвэл оносон уу?

-Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн ордыг хэр­хэн ашиглаж, хэр ашиг олох нь олны сонирхлыг нэ­лээд татаж байх шиг байна.  Монгол Улсын эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой болохоор тэр байх. Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт хэн, хэнийг стратегийн хөрөнгө оруулаг­чаар тодруулж, хэдэн хувь эзэмшүүлэх тохиролцоо олон нийтэд нэгэнтээ ил бол­­лоо. Үүнийг УИХ-аас батал­гаажуулах биз.  Зас­гийн газ­рын хуралдааны мэдээллээс харахад Таван­толгойн Цан­хийн баруун хэсэгт  Хятадын оролцоо 40 хувь, АНУ-ын 24, ОХУ-Мон­голынх 36 хувь байхаар тохиролцсон болол­той.  Энэ­хүү тохиролцоог би зөв шийдвэр болсон гэж бо­дож байна. Зөв чиглэлээр, зөв хувилбараар тохиролцоо хийж.  Аль нэг их гүрний мэ­­дэлд 100 хувь Цанхийн баруун хэсгийг тушаагаагүй нь хам­гийн зөв тохиролцоо юм. Энэ бол эдийн засгийн болон улс төрийн хувьд хам­гийн оновчтой хувил­бар байсан.

-Зарим хүмүүс ажлын хэсгийнхэн ямар тохиролцоо хийчихэв ээ гэсэн хардлага­тай байгаа шүү дээ?

-Ажлын хэсгийнхнийг ха­­­рин ч сайн ажилласан бай­на гэж би дүгнэж байгаа.  Мэдээж, Монгол Улсын хувьд Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт урд хойд хоёр хөршөө сонгохгүй байж болох­гүй.  Тавантолгойн  ор­дод үндэсний компаниудаа оролцуулахгүй гэх бодлого баримталж байгаа­гаас хойш хоёр хөршөө оролцуулах нь  зөв.  Хятадад их хуваа­рил­­­чихлаа. Америкууд бага хувь хүртэх нь гэж яри­хаасаа илүү тэнцвэрийг хад­галсан шийдвэр гаргасан нь ажлын хэсгийнхний ам­жилт. Аль нэгнийг нь 100 хувиар тодруулалгүйгээр тэнцвэ­­рийг хангасан бо­ломжт хуваа­ри­лал­тыг үүнээс өөрөөр харж чадахгүй л байна.  Хэрвээ Орос юм уу Хятад аль эсвэл АНУ дангаараа стратегийн хөрөнгө оруулагчаар тодор­сон бол, аль нэгнийх нь оролцоо хэтэрхий давам­гайлж, моно­поль эрх­тэй болсон бол Мон­голын тал хохирох байсан байх.  Тийм байдал үүсгэхгүйн тулд Монгол Улс хохирч үл­дэхээс ажлын хэсгийнхэн бол­гоомжилж чаджээ гэж хэл­­­мээр байна. Стратегийн хөрөнгө оруулагчийн төлөө өрсөлдөж буй оролцогчид талуудтай олон удаа яриа хэлэлцээр болсон байх.  Хоёр хөршийнхөө оролцоон дээр Америкийг нэмсэн нь  Мон­гол Улсын хувьд ашигтай хувил­бар болж чадлаа гэж үзэж байгаа.

-Стратегийн хөрөнгө оруулагч­дын аль нэг тал нь нөгөөхийнхөө хувьцааг аваад монополь эрхтэй болохгүй гэх баталгаагүй шүү дээ. Тийм байдал үүсвэл яана?

-Харин энэ байдлаас л болгоомжлох ёстой. Үүний тулд стратегийн хөрөнгө оруулагчдад  тодорхой нөхцөл, шаардлагуудыг тусгах хэрэгтэй юм.   Магадгүй хэн нэгэн нөгөөхийнхөө хувьцааг худалдаж аваад монополь эрхтэй болчихвол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх асуудал гарч болзошгүй.  Тэгэхээр хэрвээ дээрх гурван оролцогч аль нэг нь нөгөөгийнхөө хувьцааг худалдан авах, хувьцаагаа шилжүүлсэн тохиолдолд заавал Монгол Улсын парламентээр хэлэлцүүлэх ёстой гэсэн нөхцөл тавьчих хэрэгтэй.  УИХ-ын зөвшөөрөлгүйгээр хэн нэгэндээ хувьцаагаа худалдаж, зарахад тээг тавибал асуудал гарахгүй.  Хэрвээ УИХ-д мэдэгдэлгүйгээр, УИХ-ын зөвшөөрөлгүйгээр хувьцаагаа зарвал  Монгол Улсын төр шууд өөрийн болгох нөхцөл бүрдүүлэх ёстой юм.  Үүний дараагийн хэрэгжүүлэх ёстой нэг асуудал бол Монгол Улс хуулийнхээ дагуу бүх татвар, хураамжаа авдаг байхыг шаардах хэрэгтэй. Ямар нэгэн илүү дутуу хөнгөлөлт үзүүлэх хэрэггүй гэж би бодож байна.  Мөн дэд бүтцийн асуудлыг нь Монгол Улс өөрт ашигтайгаар тохиролцох ёстой.

-Дэд бүтцийн асуудлыг  Монгол Улс өөрт ашигтайгаар тохиролцоо хийсний үндсэн дээр дээрх гурван оролцогчийг тодруулсан болов уу. Стратегийн хөрөнгө оруулагчдийн тодруулах УИХ-аас гаргасан 39,40 дүгээр тогтоолын дагуу д ажлын хэсгийнхэн Хятад, АНУ, Орос, Монгол гэсэн хувилбарыг сонгосон байх?

-Тавантолгойгоос Сайншанд хүртэл төмөр зам барих тохиролцоог талууд хийсэн байна лээ.  Мөн Тавантолгойгоос Монгол, Хятадын хил хүртэл төмөр зам барих тохиролцоог бас хийсэн байна.   Дээрх тохиролцооны дагуу  дээрх төмөр замуудыг  зэрэг эхлүүлэхээр болсон байна лээ. Энэ  бол маш зөв бодлого юм. Хятадын хил рүү барих төмөр зам ч хурдан баригдах биз. Газар нь ойрхон юм чинь.  Өнөөдрийн хувьд Тавантолгойгоос Хятад руу машинаар нүүрс ачиж байгаа.  Цаашдаа ингээд машинаар нүүрс ачаад байх уу гэдэг асуудлыг  яаралтай шийдэхийн тулд дээрх тохиролцоог хийж хоёр тийшээ, хоёр зэрэг төмөр зам барих ажлыг эхлүүлэхээр болсон байх.  Эрчим хүчний асуудлыг нь хэрхэн шийдвэрлэх талаарх  ажлын хэсгийнхний стра­тегийн хөрөнгө оруулагчидтай хий­сэн тохиролцоо сайн байна лээ.  Тавантолгойд  600 мгВ-ийн цахилгаан станц барихыг би хувьдаа зөв шийдвэр гэж үзэж байгаа.  Гэхдээ сайн чанарыг коксжсон  болон эрчим хүчний нүүрнээс цахилгаан гаргаж авахаасаа гадна гүн гүнзгий боловсруулалт хийх нь хамгийн гол зүйл.

-Нүүрс боловсруулах үйлдвэ­рийг барих асуудлыг УИХ-аас баталсан 39,40 дүгээр тогтоолын дагуу талуудтай тохиролцоо хий­сэн байх?

-Нүүрсний үйлдвэр хаана хэрхэн барих асуудлаар талууд тохиролцоо хийсэн байсан.  Нүүрс баяжуулах, боловсруулах нүүрс-химийн үйлдвэ­рийг Сайншандад гэхээсээ илүү Тавантолгойн орд дээр барих нь зөв. Сайншанд руу нүүрсээ зөөвөрлөхөд тодорхой тээвэрлэлтийн зардал гарах нь ойлгомжтой. Тавантолгойд нүүрс-химийн үйлдвэр баривал тээвэрлэлтийн зардал гарахгүй, ашигт малтмалаа боловсруулах явцад гарсан хаягдлыг нь цахилгаан станцдаа ашиглана гээд олон давуу талтай. Тиймээс миний хувьд нүүрс боловсруулах үйлдвэрийг  Сайншандад барихаас илүү Тавантолгойд барих нь ашигтай юм.

-Тавантолгойн Цанхийн ба­руун хэсэгт Хятадын оролцоог 40 хувиар тогтоосонд эмзэглэж байгаа хүмүүс бий. Хятадад ийм давуу эрх олгосон нь  Монгол Улсад хохиролгүй  байж чадах болов уу?

-Яагаад хохиролтой байх гэж. Энд хардаж, эмзэглэх ямар ч асуудал байхгүй. Монгол Улсын хувьд  нүүрсний гол экспортлогч орон бол Хятад. Үүнийг нь бодолцсон ч, Хятадын санал болгож байгаа урьдчилгаа хөрөнгө, дэд бүтцийн асуудал гээд олон зүйлийг нь авч үзсэн үүднээс л 40 хувийн оролцоотойгоор тохиролцсон болов уу.   Юуны учир Хятадад 40 хувийг нь өгчихөв гэдэг асуултад ажлын хэсгийнхэн л хамгийн тодорхой хариултыг өгөх байх. Хэлэлцээр өрнүүлж, тохиролцоог гардан хийсэн хүнийхээ хувьд шүү дээ. Миний ажлын хэсгийнхэн хэнтэй ямар тохироо, хэлэлцээрийг хийж вэ гэдгийг л сонирхож буй сонирхогч. Хятад улс өнөөдөр дэлхийд эдийн засгийнхаа өсөлтөөр тэргүүлж байна.  Дэлхийн эрчим хүчний дийлэнхийг Хятад үйлдвэрлэж байна.  Дэлхийн улс орон Хятадтай аль болохоор түншилж, найзархах бодлого баримталж байхад Монгол Улс яагаад мөнхийн хөршөөсөө дөлж, татгалзах ёстой гэж. Монгол Улс нүүрсээ борлуулж мөнгө ольё гэж бодож байгаа бол хүссэн хүсээгүй Хятадтай түншлэхээс өөр аргагүй.  Хятад бол Монголын хувьд нүүрсээ шахах  агуу том зах зээл шүү дээ. Тэгээд ч Хятадад 40 хувийг нь өгчихлөө гээд монополь эрх олгочихсон юм биш.  Монополь байдал үүсгэхгүйгээр асуудлыг шийд­вэрлэж болно.  Монгол Оросын 36 хувь дээр АНУ-ынхыг нэмчихвэл 60 хувь болчихно. Тэгэхээр Орос, Монгол, АНУ давуу эрхтэй болчихож байгаа биз дээ.

-Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотойгоор “Эрдэнэс Таван­толгой” компанийн хувьцааны 10 хувийг иргэддээ үнэгүй тараахаар болсон.  Харин  үндэсний аж ахуйн нэгжүүдэд 10 хувийг нь нэр­лэсэн үнээр нь зарах  асуудал нэлээд маргаан үүсгээд байна.  УИХ-ын зарим гишүүд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувь­цааны 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарах хэрэггүй, иргэдэд үнэгүй тараая гэсэн байр суурьтай байгаа шүү дээ. Энэ асуудлаас болж УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт орж магадгүй байгаа?

-Тавантолгой төслийг хэрэгжүү­лэхээр УИХ-аас баталсан 39 дүгээр тогтоолд “гар дүрэх” хэрэггүй юм.  УИХ өөрийнхөө гаргасан шийдвэрээ дахин дахин өөрчлөөд байх юм бол иргэд юунд итгэж амьдрах болж байна. Өнөөдөр гаргасан шийдвэрээ маргааш нь “Өө уучлаарай бид алдаж тооцсон байна” гэх маягаар  няцаагаад байвал ямар олиг байх билээ. Монгол Улсын парламент гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх хэрэгтэй л гэж бодож байгаа.  Хэрвээ  39 дүгээр тогтоолоо өөрчлөх гээд байгаа юм бол төмөр замынхаа өргөн нарийн цагираг, ээлж дарааны асуудлаа эргэж хардаг юм байгаа биз. Монгол Улсын  Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг үнэгүй олгохоор болсон биз дээ. Нэг иргэнд 536 ширхэг хувьцааг олгохоор болсон. Үүнийг ч би зөв шийдвэр гэж үзэхгүй байгаа.  Үнэгүй юм гэдэг үнэгүй л байдаг.  Гэтэл энэ хувийг бүр өсгөөд 20 хувийг нь үнэгүй өгнө гэдэг дэндүү тэнэг, буруу алхам. Монголыг хөгжүүлье гэвэл ард түмнийг үнэгүй, чанаргүй хоолоор бордох хэрэггүй юм.  Үндэсний компаниуд тэр хувьцааг чинь зүгээр авчих юм биш шүү дээ. Ийм зүйл ярьж байгаа  улстөрчид алдаатай юм ярьж байгаагаа сайн ойлгож байгаа. Тэдний ард түмэнд сайн хүн болж, санал авах гэсэн нэг зулгуйдал.

-Та бол 39 дүгээр тогтоолыг өөрчлөх хэрэггүй гэж үзэж бай­гаа юм байна, тийм үү. Гэхдээ байгалийн баялгийг иргэд ижил тэгж хүртэх эрхтэй шүү дээ. Энэ өнцөгөөс харвал “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувь­цааны 20 хувийг иргэдэд үнэгүй тараана гэх санал зөв биш үү?

-Гараа хумхиад зүгээр сууж байгаа, залхуу хойрго хүнд 100 төгрөг байтугай 100 сая төгрөг өгөөд ч нэмэргүй. Харин улс орныхоо эдийн засагт тодорхой хөрөнгө оруулаад, хэсэг хүмүүсийг ажлын байртай болгож, амьдралыг нь залгуулаад яваа хүмүүст нэг ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр өглөө гэхэд юм болгоно.   Хүнд зүгээр мөнгө өгөхөөсөө илүү, ажлын байраар хангаж, хөлс урамшууллыг нь хөдөлсөнийх нь хэрээр өгдөг байх ёстой.  Тэгвэл Монгол Улс хожино.  Хэрвээ иргэдэд 20 хувийг нь тараачихвал “Эрдэнэс Тавантолгой” хөрөнгө хаашаа урсч, хэн яаж тоглож байгаа нь хянах боломжгүй. Харин аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарвал  нэгдүгээрт төсөл хэрэгжүүлэхэд тодорхой түлхэц өгөх мөнгөтэй болно. Хоёрдугаарт компанийн үйл ажиллагаа, санхүү мөнгөний зарцуулалт хяналттай болно гэсэн үг.  Бэлэнчлэх сэтгэлгээг бий болгож, компанийн хөрөнгийг хяналтгүй зарцуулах гэсэн  улстөрчид л 39 дүгээр тогтоолыг өөрчилье гэж хашгираад байгаа юм.

-Тэгээд компаниуд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрөн­гийн зарцуулалтад хяналт тавьж чадах уу?

-Чадна.  Харин 20 хувийг нь иргэдэд үнэгүй тараавал хяналт байхгүй болно гэсэн үг.

-“Эрдэнэс Тавантолгой” ком­па­нийн захиалгаар Цанхийн зүүн хэсэгт олборлолт хийх оператор  компанийг тодруулах тендерт  гад­ны гурван оролцогч өрсөлдөж байгаа. БНЭУ-ын “MESCO steel”, ХБНГУ-ын “BBM Operta”, Авст¬ралийн “Macmahon” нараас аль нь сонгогдвол Монгол Улсад ашигтай вэ?

-Аль ч сонгогдсон нэг тийм сайшааж, магтаад байх зүйлгүй.   Цанхийн зүүн хэсэгт олборлолт явуу­лах компанийг гадаадаас сонгож байгаа нь буруу. Монголчууд өөрсдөө чадна ш тээ.  Монголын компаниудын чадах ажлыг гадаадын компаниудаар хийлгэнэ гэдэг тэнэг л зүйл.  Монголын компаниуд олборлолт байтугай боловсруулалт хийж чадна.

-Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах цаг болоогүй хэмээн байр сууриа илэрхийлэх эрдэмтэд бий?

-Харин ч болсон. 6,4 тэрбум тоннын нөөцтэй энэ ордыг ашиглаж эдийн засгаа хөгжүүлэх нь зөв. Тавантолгой төслийг хэрэгжүүлэх Засгийн газрын бодлогыг сайшааж байгаа.  Монгол Улс Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэхгүйгээр хөгжих ямар ч бололцоо байхгүй.

-Тавантолгой төслийн хэрэг­жил­тийн явц их удаан байна.  Магадгүй “Энержи ресурс”-эд бо­ломж олгохын тулд төслийг хэрэгжилтийг хэргээр удаашруулах сонирхол хэн нэгэн эрх мэдэлтэнд байж магадгүй гэх хардлага бий. Энэ хардлага үнэний ортой юу?

-“Энержи ресурс”-ийн хувьд би их өөдрөг бодолтой явдаг. Үнэхээр юм хийж байна. Тэд чадаж байна. Монголчууд их муухай хардаж, сэрдэмтгий хүмүүс шүү дээ. Гадаадын компаниудыг болохоор газар шороо ухаж, сэндийлээд байна, Монгол Улсыг мөлжих, цөлмөх гээд байна гэж харддаг.  Өөрсдийн юм хийх гэхээр баяжиж, цүдийгээд байна гэж хараадаг. Ийм байж болохгүй. “Энержи ресурс” бол маш зөв менежментээр явж байгаа компани.  Тэдний үйл ажиллагааг нь дэмждэггүй юм аа гэхэд оролдож, саад хийгээд байх хэрэггүй болов уу. Хувийн болоод төрийн өмчийн хөгжлийн ялгааг харуулж буй тод жишээ энэ шүү дээ.  Төр болохоор ямар нөхцөлөөр, яаж хийх вэ гээд л толгойгоо гашилгаад цаг бараад байдаг. Хувийнхан шиг зоригтой  хөдөлж болохгүй. Улс төрийн карьерээ бодоод, ажил албаа алдчихгүйн тулд олигтойхон шийдвэр гаргаж чадахгүй.  Харин хувийнхан бол өөр шүү дээ. Алдвал алдаад, оновол ононо. Хийе бүтээе гэснээ зоригтой эхлүүлнэ.  “Энержи ресурс” Монголд анхны нүүрс баяжуулах үйлдвэр барьчихлаа. Гэтэл төр төслөө эхлүүлээгүй л байна шүү дээ.  Бид төмөр зам бариад өгье гээд гуйгаад байгаа “Энержи ресурс”-т зөвшөөрлийг нь өгөхгүй мөртлөө өөрсдөө барьчихаж чадахгүй байна. Машинаар зөөхөөр нь байгаль эвдлээ л гэдэг. Тэгээд юугаар зөөх болж байна. Мориор уу, эсвэл тэмээгээр үү. Энэ чинь XXI зуун биз дээ.  Саад хийхийн оронд ажил хийх боломжийг л төр хувийнханд олгочих хэрэгтэй байна.

-Оросууд  Тавантолгойг шата­хууны хомсдолоор шантаажилж байгаа авчихав уу даа?

-Би тэгж бодохгүй байна.  Би асуудлыг энэ маягаар хүндрүүлж болох­гүй. Шатахууны хомсдлын буруутан нь оросууд биш монголчууд бид өөрсдөө.  Монгол Улс газрын тосны үйлдвэр барих хэрэгтэй болсон гэдэг нэг сануулга. Түүнээс биш Тавантолгойгоо өг гэсэн Оросын шантааж хэмээн тэднийг буруутгах нь утгагүй.

-Танаас урт нэртэй хуулийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй. Энэ хуулийг баталсан нь хэр зөв гэж та бодож байна?

-Үндсэн санааг нь би дэмжиж байгаа. Үүнээс  өөрөөр байгалиа хам­гаалах ямар ч боломжгүй болчих­лоо шүү дээ. Харин хөрөнгөө зарцуулсан компаниудын асуудлыг хэрхэн шийд­вэрлэх вэ гэдэг л болохоос хуулийг хэрэгжүүлэх нь зөв.  Байгалиа хамгаалах гээд тэмцээд байгаа хүмүүсийг би дэмждэг.  Монголынхоо газар  шороог бид хамгаалахгүй юм бол хэн хамгаалах юм бэ.  Байгаль орчноо хамгаалж үлдэх тэдний санаа зөв гэдгийг цаг хугацаа харуулах биз.  Өнөөдөр айж ичих зүйлгүйгээр мөнгө цагаан нүд улаан гэгчээр л асуудалд хандаж байна.  Байгаль орчноо сүйрүүлж байна гэдэг ирээдүйгээ сүйрүүлж байгаа явдал гэж би боддог.

No comments:

Post a Comment