2011/07/18

П.Цагаан: Тавантолгой түүхий байна

Ерөнхийлөгчийн Эрдэс баялгийн бодлогын зөвлөх П.Цагаанаас тодруулга авлаа. 

-Таван Толгойн ордын талаарх Засгийн газрын шийдвэрийн талаар янз бүрээр шуугиж байна. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь тодорхойгүй байх шиг байна. Тодруулж болох уу?

-Засгийн газар Ерөнхийлөгчид Тавантолгойн тендер, хөрөнгө оруулалттай холбоотой материалыг хоёр хоногийн өмнө ирүүлсэн. Зөөлхөн хэлбэл бүрдэл дутуу, хатуухан хэлбэл хариуцлагагүй материал ирүүлсэн учраас нэмж мэдээ, мэдээлэл шаардаж авч, судалж үзсэний дараа л санал, дүгнэлт хэлэх, байр сууриа илэрхийлэх боломжтой болно байх.

-Сонин, хэвлэлээр Засгийн газрын гаргасан мэдээг магтан сайшаасан ярилцлага, мэдээ мэдээлэл цуварч эхэлж байна. Энэ нь тархи угаалт болж таарч байна уу? 
-Гэрээ, хэлэлцээртэй сайтар танилцаагүй байж, өөрөөр хэлбэл, баримт бичгийн гэдэс дотрыг нь нарийвчлан үзэж харааагүй байж, хэвлэлийн мэдээнд хөтлөгдөөд  сайн, муу гэж үнэлэлт дүгнэлт өгөх нь гоомой хэрэг болох биз ээ.

-ҮАБЗ-өөр хэлэлцэх гэж байгаа гэл үү?

-Тавантолгойн орд бол жирийн нэг орд биш. Монголын нийгэм, эдийн засагт гүнзгий трансформаци, хөгжил дэвшил авчрах стратегийн ач холбогдолтой орд учраас хөрөнгө оруулалтын болон бусад бүх гэрээ, хэлэлцээр, тооцоог Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, дараа нь УИХ-аар хэлэлцэж, дэмжих учиртай.  Төслийн ТЭЗҮ, эдийн засгийн үр өгөөжийн тооцоо, хөрөнө оруулагч улсуудад угтуулан тавьж, тохирсон нөхцөл зэрэг олон асуудлыг цогцоор нь авч үзэж байж,  шийдвэр гаргах шаардлагатай. Ингэхдээ үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, хөгжлийн стратегитэйгээ нийцсэн, бас түншүүдийнхээ итгэлийг даасан, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг барих нь чухал. Тэр нөхцөл хангагдсан нөхцөлд л эцсийн шийдвэр гарах ёстой.

Нэмж хэлэхэд, бидэнд сайн, саар туршлага багагүй хуримтлагдсан. Таван толгойг  Оюу толгойтой харьцуулахад эрдэс байлгийн төрлөөсөө гадна  хууль зүй,  өмчлөлийн хувьд агуулгаараа огт өөр. Тоглоомын дүрмийг монголчууд бид өрсдөө зохиох эрхтэй. Гэхдээ энэ нь гурван бөхтэй тэмээ зурна гэсэн үг биш гэдэг нь бас ойлгомжтой биз ээ.  

No comments:

Post a Comment