2011/07/05

Пибоди, Хятад, Оросын консорциум Стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт шалгарав

Пибоди, Хятад, Оросын консорциум Стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт шалгарав
АНУ-ын Пибоди, Хятадын Шинхуа, Японы Мицүи компаниудын нэгдэл, мөн Оросын төмөр зам тэргүүтэй Солонгос, Японы консорциум гэсэн гурван тал Тавантолгойн ордын Цанхийн баруун хэсгийг хамтран олборлохоор тендерт урьдчилсан байдлаар шалгараад байна. Энэ тухай Монголын Засгийн газрын төлөөлөл өнөөдөр “Ройтерс” агентлагт мэдээлжээ. Эрдэс баялаг, эрчим хүчний яамны төлөөлөгчийн мэдээлснээр бол тендер шалгаруулах комиссын гаргасан энэхүү шийдвэрийг одоо УИХ-д батлуулахаар өргөн бариад байгаа юм байна. Тендер шалгаруулалтыг одоо УИХ-ын шийдвэр л эцэслэх ажээ.

Хэрэв УИХ зарим нэг шалтгааны улмаас “Пибоди”-д олборлох эрх олгохгүйд хүрвэл тендерт эхний зургаад үлдээд байсан бусад оролцогчид болох “Экстрата”, “Вале” зэрэг компанийн аль нэгийг сонгож магадгүй байна.

УИХ энэхүү шийдвэрийг хэзээ батлах нь тодорхойгүй байгаа боловч улсын баяр наадмаас өмнө асуудлыг эцэслэх бололтой.

Цанхийн баруун хэсэг 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд үүний 65 хувь нь коксжих нүүрс юм.

Энэхүү шийдвэрийн талаар мэргэжилтнүүд, тухайлбал Улаанбаатар дахь “Frontier Securities” брокерийн компанийн Хөрөнгө оруулалтын ерөнхий шинжээч Дале Чой “Одоохондоо худалдаа арилжааны гэхээсээ илүү геополитикийн шинжтэй шийдвэр мэт санагдаж байна. Монголын Засгийн газар гурван талыг хамтран ажиллуулахаар эрмэлзэж байна. Энд маш олон компаниуд багтаж байгаа тул ажил хүндрэлтэй байх болно ” гэжээ. 

No comments:

Post a Comment