2011/07/27

”Эрдэнэс Тавантолгой” орлого олж эхэлнэ

-Тавантолгойн экспортлогч компаниуд тодорч, худалдан авагчидтай хийх
гэрээнд гарын үсэг зурав-

“Эрдэнэс Тавантолгой” компанийн олборлосон нүүрсийг худалдан авах экспортын гол түнш тодорсон онцгой арга хэмжээ өчигдөр Улаанбаатар зочид буудал “Urguu hall” танхимд боллоо.

Тавантолгойн бүлэг ордыг ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулах нь үндсэн хоёр хэсгээс бүрдэхийн нэг нь зүүн цанхийг төрийн өмчит компани 100 хувь ашиглах явдал юм. Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой” олборлолтоо хийж эхэлсэн хэдий ч хараахан олон улсын зах зээлд гаргаагүй байв. Харин өчигдөр болсон арга хэмжээгээр энэхүү компанийн олборлосон нүүрсийг худалдан авах түншүүдтэй гэрээ, санамж бичиг байгуулснаар асуудал нэг мөр шийдэгдлээ. “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний экспортын гэрээнд Монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, БНХАУ-ын талаас “Chalco” компанийн болон “Shal steel” гэх гангийн үйлдвэрийн төлөөллүүд зурсан юм. Гэрээнд зурах ёслолын ажиллагааны дараа Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болсон. Үүнд, БНСУ-ын “Koreas”, Японы “Itochu”, “Mitsui” корпораци болон БНХАУ-ын дээрх хоёр компанийн удирдлага оролцож гарын үсэг зурав. Санамж бичиг нь дээрх гэрээг үндэслэн дээрх таван компани “Эрдэнэс Тавантолгой”-н олборлосон нүүрсийг худалдаж авахыг баталгаажуулж буй хэрэг гэнэ.

Гарын үсэг зурах ёслолоын ажиллагаанд албаны 50 орчим хүн оролцсоны дунд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн Эрхт Элчин сайд,  “Chinalco” корпораци болон “Chalco” компанийн өндөр албан тушаалтнууд, Японы “Itochu”, “Mitsui” компани, Солонгосын “Koreas” компанийн удирдлага ирсэн байлаа. Мөн Монголын талаас Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Д.Энхтайван, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, дэд дарга О.Эрдэнэбулган, “Эрдэнэс Монгол” ХХК болон “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан байлаа. Гарын үсэг зурах ёслолын ажиллагааны гол оролцогчид Хятад улсынх байсан тул арга хэмжээг монгол, англи, хятад хэл дээр орчуулан таван орчуулагчтайгаар хөтлөн явуулсан.

“Эрдэнэс Тавантолгой” компани дээрх экспортын гэрээг байгуулснаар “Chalco” компаниас урьдчилгаа 250 сая ам.доллар авч байгаа аж. Дээрх урьдчилгаа төлбөрийг төлж дуустал компани олборлсон нүүрсээ тус компанид нийлүүлэх юм байна. Гэхдээ олборлосон бүх нүүрсийг “Chalco”, “Shan steel”  авна гэсэн үг биш. 70 хувийг нь Хятадын компани авч, үлдсэн 30 хувийг нь Япон болон БНСУ-ын нэр бүхий дээрх компаниудад худалдах үүргийг “Chalco” хүлээж байгаа ажээ. Харин урьдчилгаа төлбөр дуусахад “Chalco” дараагийн таван жилд тавантолгойн нүүрсийг олон улсын зах зээлийн зарчмаар худалдан авч байх гэнэ. “Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Энэбишийн ярьснаар Монгол Улс “Chalco”-оос урьдчилгаа болгон авсан 250 сая ам.долларын төлбөрөө 1-1,5 жилд багтаан төлж дуусах болов уу гэсэн юм. Одоогийн байдлаар зүүн цанхид олборлосон 50 мянган тонн нүүрсийг ачихад бэлэн болгосон байгаа гэнэ. Мөн 250 мянган тонн нүүрсийг олборлоход бэлдэн хөрсийг нь хуулжээ. Юутай ч энэ ондоо багтаж үлдсэн хагас жилийн хугацаанд “Эрдэнэс тавантолгой” нэг сая тонн нүүрс олборлож экспортлох гэнэ. Дараагийн жилүүдэд олборлолтын хэмжээгээ нэмж ойрын 3-4 жилд багтаан 15 сая тоннд хүргэхийг зорьж байна хэмээн Б.Энэбиш захирал ярьсан.

Урьдчилгаанд авсан 250 сая ам.долларыг юунд зарцуулж байгаа нь сэтгүүлчдийн анхаарлыг татаж байсан. Үүнийг эх орны хувь хишгийг бүрдүүлдэг “Хүний хөгжил сан”-гийн орлого болгож байгаа гэнэ. Энэ сангийн хөрөнгийг бүрдүүлэх нь “Эрдэнэс тавантолгой”-н үүрэг болохоор үндсэндээ олборлох нүүрсээ барьцаалан дээрх хэмжээний хөрөнгийг “Chalco”-оос урьдчилгаа болгон авчээ.

Ийнхүү гэрээг байгуулснаар “Эр­дэнэс Тавантолгой” компанийн олбор­лосон нүүрс хөрш орон төдийгүй гурав­дагч, дөрөвдэгч улсын зах зээлд хүрэх болж, экспорт наймдугаар са­раас эхлэх боллоо. Нөгөөтэйгүүр сүү­лийн жилүүдэд эрчимтэй яригдсан Мон­голын ашигт малтмал гуравдагчб орны зах зээлд хүрэх нь. Тодруулбал, ирэх сарын эхний тав хоногт багтаан эрдэнэсийн савын эхний ашигт малт­мал Азид хүрэх ба монголчууд эр­дэс баялгийнхаа шимийг амсана. Таван­толгой төсөл ч бодитой хэрэгжиж, мөн­гөн орлого олж эхэлж байгаа гэсэн үг юм.

Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар гарын үсэг зурах ёслолын үеэр үг хэлэхдээ “Тавантолгойн бүлэг ордыг ашиглах нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт маш чухал үүрэгтэй. Тиймдээ ч өндөр ач холбогдол удаан хугацааны туршид бид хэлэлцээ хийх гэж маш их хөдөлмөрлөсөн. Хэлэлцээр хийх явцад “Chalco” компани бидний тавьсан саналыг хүлээн авсанд баяртай байна. Энэ бол Засгийн газрын санал болгож байгаа урьдчилгаа төлбөрийн асуудал юм. Мөн хөрш орон болох Орос, Хятадад ашигт малтмалаа хүргэх биш гуравдагч орны зах зээлд хүргэх тухай юм. Тодруулбал “Chalco”-гийнхон бидний хүсэлтийн дагуу Япон, Солонгосын зах зээлд эцсийн хэрэглэгч компанид “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг борлуулах үүрэг хүлээсэнд бид баяртай байна” гээд гэрээ нь цаашдын хоёр улсын өргөн хүрээг хамарсан, урт хугацаатай, харилцан ашигтай хамтын ажиллагааны эхлэл байх болно хэмээн онцолсон.

Мөн “Chalco” компанийн толгой компани болох “Chinalco” корпорацийн ТУЗ-ийн дарга үг хэлсэн. Тэрбээр Монгол Улсын хууль дүрмийн дагуу, ёс заншилд нийцсэн хариуцлагатай үйл ажиллагаагаа явуулахаа мэдэгдэж, зөвхөн ашигт малтмалыг нь авах биш, ард түмний амьдралд, улс орны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах болно гэдгээ амласан юм.

Төрийн өмчийн хороо тавантолгойн ордоос олборлосон нүүрсийг зөвхөн Хятад улсад нийлүүлэхгүй гэдгээ шулуухан хэлж байна лээ. Юутай ч хүнд үед их хэмжээний урьдчилгаа төлбөр төлсөн “Chalco” компанид тохиролцсон нөхцөлийн дагуу нүүрсээ нийлүүлж өрөө төлнө. Ирэх таван жилд мөн олборлосон нүүрсээ өгөхийг энэхүү гэрээгээр хүлээсэн байна. Харин үүнээс цааш “Эрдэнэс Тавантолгой” компани олборлосон нүүрсээ хэнд, ямар үнээр худалдахаа “Эзэн нь юмаа мэдэж, эрэг усаа хашдаг” зарчмаар ажиллаж, өөрсдөө шийдвэрлэнэ гэсэн.

Энэ дашрамд Баруун цанхи дээр стратегийн хөрөнгө оруулагчийг ажилуулах хэлэлцээрийн явцын тухай дуулгая. Албаныхан хэлэлцээр ном журмын дагуу хэвийн үргэлжилж байгаа гээд эцсийн шийд гарахад ойрхон байгаа гэсэн юм. Хоёр ч удаагийн томоохон хэлэлцээр хийсэн ч зарим нэг асуудлыг тодруулах шаардлагатай байсан учраас шийдэгдэж чадаагүй түр саатаад байгаа гэнэ.

No comments:

Post a Comment