2011/07/25

Япон, Солонгосын хувьд Тавантолгой нам гүм байна

Өмнөд Солонгосын Засгийн газар долдугаар сарын 5-нд Тавантолгойн тендер шударга бус явагдаж байгаад сэтгэл дундуур байгаагаа албан ёсоор  мэдэгдсэн билээ. Японы Засгийн газар ч мөн Өмнөд Солонгосын адил байр суурьтай байгаа тухай дэлхийн хэвлэлүүдээр өнгөрсөн долоо хоногийн эцсээр шуугиж эхэлсэн юм. Гэвч өнгөрсөн баасан гаригт Японы Гадаад хэргийн сайд, Монгол улстай томоохон ашигт малтмалын ордуудыг нь ашиглахад Японы компаниудын үүрэг оролцооны талаар өндөр хэмжээний яриа хэлэлцээр хийсэн. Японы Засгийн газраас Тавантолгойн тендерийн талаар албан ёсоор ямар нэгэн сөрөг мэдэгдэл хийгээгүй гэж мэдэгджээ.
Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах Стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт Хятадын Шинхуа, АНУ-ын Пибоди, Орос-Монголын консорциум үлдсэн гэсэн мэдээлэл Шинхуатай нэгдээд байсан Японы Мицүи, Оросын төмөр замтай хамтран оролцож байсан Солонгосын төрийн өмчийн Коres тэргүүтэй компаниуд, мөн Японы Иточу тэргүүтэй томоохон компаниудын гайхлыг төрүүлсэн нь лавтай.
Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгатай уулзах үеэрээ Японы Гадаад хэргийн дэд сайд Ютака Банно “Японы компаниуд Тавантолгой болон Монголын бусад ордуудыг ашиглахад оролцоно гэж найдаж байна” гэжээ.
ЗТБХБ-ын сайд хариуд нь Монголын тал Японы компаниудыг ашигт малтмалын ордуудыг ашиглах болон дэд бүтцийн салбарын төслүүдэд оролцоно гэж харж буйг илэрхийлсний зэрэгцээ төмөр замын сүлжээг Орос руу өргөтгөхөд Японы компаниудыг хөрөнгө оруулахыг уриалжээ. Тэрбээр, Монголын нүүрс голдуу Хятад руу экспортлогдож буй нь үнэ тохиролцох нөхцөлийг хааж байгаа юм. Шинэ төмөр зам нь Япон болон бусад орон руу Оросоор дамжуулан нүүрс экспортлох боломжийг бүрдүүлэх болно гэж нэмж хэлжээ.
Өнгөрсөн баасан гаригт Оросын төмөр зам тэргүүтэй консорциумд багтсан Иточу, Сүмитомо, Марубэни, Сожиц зэрэг компаниудыг төлөөлж Иточугийн хэвлэлийн ажилтан Японы тал тендерт үлдсэн эсэх нь тодорхойгүй байна гэж мэдэгдсэн юм.

No comments:

Post a Comment