2011/07/22

Хуваарилалт нь ямар санагдаж байна!

Хуваарилалт нь ямар санагдаж байна!
Монгол Улс 6,4 тэрбумын нөөцтэй Тавантолгойн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэлээ базаасаар л байна. Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах үйл явц нэлээд төвөгтэй ажил байсан. Ажлын хэсгийнхэн Хятадын оролцоо 40 хувь, Америкийнх 24 хувь. ОХУ, Монголын оролцоо 36 хувь байхаар тохиролцоо хийснээ Засгийн газарт танилцуулсан. Үүнийг олон нийт янз бүрээр хүлээн авч байна.

Ажлын хэсэг дэндүү бөөрөнхий шийдвэр гаргалаа гэж үзэх нэг хэрэг байхад, энэхүү тохиролцоог зөв шийдвэр болсон гэх хэсэг байгаа. Цанхийн баруун хэсгийг их гүрний мэдэлд 100 хувь тушаагаагүй нь хамгийн зөв тохиролцоо бөгөөд эдийн засгийн болон улс төрийн хувьд хамгийн оновчтой хувилбар болсон гэж ахмад эдийн засагчид үзэж байна. Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй ийм шийдвэр гаргахаас өөр арга байгаагүй ч байж магад.

Монгол Улсын хувьд Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт урд хойд хоёр хөршөө сонгохгүй байж боломгүй байсан байх. Нэгэнт үндэсний компани оролцохгүйгээс хойш хоёр хөршийн оролцоо хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй байх шүү.

Гэтэл бас Орос юм уу Хятад, аль эсвэл АНУ дангаараа стратегийн хөрөнгө оруулагчаар тодорсон бол, аль нэгнийх нь оролцоо хэтэрхий давамгайлж, монополь эрхтэй болж Монголын талд ашиггүйгээр эргэх тал бий. Энэ байдлаас болгоомжилж чадсан гэж ажлын хэсгийнхнийг үнэлэх хүмүүс байна.

Хөрөнгө оруулагчидтай их л олон удаа яриа хөөрөө өрнүүлж хэлэлцээрийн ширээний ард суусан ажлын хэсэг Америк гүрнийг орхиогүй нь зөв хувилбар болов уу гэсэн бодол төрж байна. Хятадад яагаад 40 хувийг нь өгчихөв өө гэсэн эргэлзээтэй хүмүүс олон байна.

Гэхдээ Хятад улс өнөөдөр дэлхийд эдийн засгийнхаа өсөлтөөр тэргүүлж байгаа, дэлхийн эрчим хүчний дийлэнхийг Хятадад үйлдвэрлэдэг зэргийг бодолцсон байх л даа. Мөн нүүрсээ борлуулахад Хятад улс л хамгийн том зах зээл байх болно. Санал болгосон урьдчилгаа хөрөнгө нь харгалзан үзэх шалгуурын нэг байсан. Энэ талаараа боломжийн байсан биз.

Оросууд манайхыг шатахуунаар шантаажилж байгаад Тавантолгойд ороод ирсэн гэх хардлага огт үндэсгүй зүйл биш. Хөрөнгө оруулагчийг тодруулахтай зэрэгцэн шатахууны асуудал манайхныг дээр дооргүй сандаргаад, эргээд хэвэндээ орчихдог нь тохиолдлынх гэхэд эргэлзээтэй. Хөрөнгө оруулагчдийн тухайд нэг иймэрхүү.

Харин "Эрдэнэс Тавантолгой" компанийн захиалгаар Цанхийн зүүн хэсэгт олборлолт хийх оператор компанийг тодруулах тендерт БНЭУ-ын "MESCO steel", ХБНГУ-ын "ВВМ Operta", Австралийн "Мас-mahon" нар өрсөлдөж байгаа.

Олборлолтыг Монголчууд өөрсдөө хийж чаддаг атал гадаадын компаниудаас оператор тодруулах гэж байгаа нь буруу хувилбар юм. Өөрсдийн чаддаг ажлыг өрөөл бусдаар хийлгүүлэх гэж байгаад гайхаж байна. Удахгүй гурвуулаа олборлолт хийхээр боллоо гэсэн хувилбар сонсогдож магадгүй дээ.

No comments:

Post a Comment