“Эрдэнэс МГЛ” компаниас Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хоёр янзын тендерийг зарласан. Эхнийх нь Цанхийн зүүн “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиал-гаар олборлолт хийх компани, консерциумыг тодруулах олон улсын нээлттэй тендер байлаа. Уг тендерт оролцогчдын материалыг хүлээж авах хугацааг өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдрөөс тасалбар болгосон хэдий ч ялагч хараахан тодроогүй хэвээр таван сарыг үдэж. Тендерт БНЭУ-ын “MESCO steel”, ХБНГУ-ын “BBM Operta”, Австралийн “Macmahon” нар хүч үзэж буй. Харин Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах ажил ерөнхийдөө шувтарч байгаа янзтай. Тавантолгойн тендерийг ялагчийг тодруулах ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанд Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээрийн явцын талаар танилцуулахдаа Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах сонгон шалгаруулалтад гурван оролцогч тунаж үлдээд байгааг дуулгасан байна.
Анхны шалгаруулалтад дэлхийд тэргүүлэгч 15 оролцогч өрсөлдсөнөөс зургааг нь УИХ-аас баталсан 39, 40 дүгээр тогтоолын дагуу хэлэлцээрийн ширээний ард Монголын Засгийн газар урьсан. Эдгээр зургаан оролцогчийн нэгдэх нь АНУ-ын “Пибоди Энержи”, хоёрдахь нь БНХАУ-ын “Шинхуа Энержи” болон Японы “Иточү”,“Мицуй” компаниудын консорциум, гурав дахь нь ОХУ-ын “Оросын төмөр зам” болон Япон, БНСУ-ын консорциумын нэгдэл, дөрөв дэх нь Австрали-Швейцарийн “Экстрата Коул”, тав дахь нь Бразилийн “Вале”, зургаа дахь нь Люксембургийн “АрсэлорМитал” байв. Эдгээр зургаан оролцогч нэг нь нөгөөгөөс илүүрхэхийн аргагүй энэ тэнцүүхэн өрсөлдөгч. Улс орондоо болоод тив, дэлхийд алдартай тэднээс хэн нэгнийг нь ялагчаар тодруулах нь Монгол Улсын Засгийн газарт хүнд байсан болов уу.
Тавантолгой их гүрнүүдэд очих нь тодорхой болжээ
Ажлын хэсгийн ахлагч Н.Алтанхуяг сайдын стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах хэлэлцээрийн явцын талаарх Засгийн газарт өгсөн танилцуулгаас харахад Тавантолгойг их гүрнүүд өвөртлөх нь тодорхой болжээ. Хоёр оны харилцаа, ирээдүйн хөгжлийн хамтын зүтгэл хийгээд эдийн засгийн нөлөөлөл зэргийг нь бодолцохгүйгээр шийдвэрлэх эрх ажлын хэсгийнхэнд байгаагүй биз. Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах даалгаврыг Засгийн газраас авсан ажлын хэсгийнхний хувьд оролцогчдын УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийг хэрхэн шийдвэрлэх саналыг эхний ээлжинд харгалзан үзсэн нь лавтай. Түүнчлэн 40 дүгээр тогтоолын дагуу нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авах, эрчим хүч, авто болон төмөр зам, усан хангамж гээд дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх төлөвлөгөөнөөс гадна эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зарчим, үндэсний боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр, төлөвлөгөөг тохиролцох, орчин үеийн шилдэг техник, технологи ашиглах болон байгаль орчны нөхөн сэргээлтийг хэрхэн хийх зэргийг нь бодолцож дүгнэсэн нь ойлгомжтой. Гэхдээ стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах бүхий л анхаарлаа Монгол Улсын эдийн засаг, үндэсний ауюлгүй байдал, тусгаар тогтнолын баталгааг хангах, хамгаалах асуудалд чиглүүлсэн байж таараа. Тиймдээ ч эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйн тулд өнгөрсөн дөрвөн сарын турш өчнөөн яриа хэлэлцээр өрнүүлсэн нь дамжиггүй. Ажлын хэсгийнхэн баруун Цанхийн төлөө ана мана тэмцэлдсэн зургаан оролцогчтой өнгөрсөн хугацаанд 18 удаа гэрээ, хэлцэл хийсний эцэст Америк, Орос, Хятадад Тавантолгойд хамтрах боломжийг олгохоор шийдвэрлэсэн бололтой. Тэд бол АНУ-ын “Пибоди Энержи”, БНХАУ-ын “Шинхуа Энержи” болон Японы “Иточү”,“Мицуй” компаниудын консорциум, ОХУ-ын “Оросын төмөр зам” болон Япон, БНСУ-ын консорциумын нэгдэл. Асар том амбицтай мөнхийн хөршүүдийнхээ хүсэлтийг нь хүлээн авахгүйгээр асуудалд хандвал Монгол Улс аюултай байдалд орж болзошгүйг ажлын хэсгийнхэн хамгийн түрүүнд тооцсон биз. Тэгээд ч далайд гарцгүй Монгол Улсын хувьд Тавантолгойгоос олборлосон нүүрсээ Хятад, Оросын зах зээлд нийлүүлэхгүйгээр мөнгө олж чадахгүй нь тодорхой.
Оросын шахалт, Хятадын найдвар, АНУ-ын итгэл МОНГОЛЫН айлчлалууд
“Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш нэгэнтээ Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчаар заавал нэг оролцогчийг тодруулах албагүй. Тендерийн ялагч нэг, хоёр, гурав ч байж болно гэх тайлбарыг өгч байсан юм.
Тавдугаар сарын сүүл, зургадугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн урилгаар албан ёсны айлчлал хийсэн билээ. Хоёр улсын тэргүүн Монгол, Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалын дагуу хоёр орны харилцаа, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны асуудлын талаар хэлэлцсэн гэх. Хойд хөршид хийсэн айлчлалынхаа дараахан Монгол Улсын төрийн тэргүүн АНУ-д албан ёсны айлчлал хийсэн. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Б.Обаматай хоёр улс худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцсон аж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалтай Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Хятадад хийсэн албан ёсны айлчлал давхцсан билээ. Монголын төрийн өндөрлөгүүдийн их гүрнүүдэд хийсэн албан ёсны айлчлалын дараахан ажлын хэсгийнхэн Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчаар Орос, Америк, Хятадын оролцогчийг тунаж үлдээсэн нь ч цаанаа учиртай биз.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Хятадад хийсэн айлчлалын үеэр “Ахаа намайг бодоорой” гэгчээр хятадууд “Тавантолгойд манай “Шинхуа Энержи” найдвартай биз дээ” гэх асуултыг цөөнгүй тавьсан гэх яриа бий. Үүнийх нь хариуд Монголын Ерөнхий сайд мөнхийн хоёр хөршийнхөө хүсэлтийг анхааралдаа авч үзэхээ амалж, Тавантолгойд ОХУ, Хятадын оролцогчоос гадна гуравдагч оронг оролцуулах нь үндэсний аюулгүй байдал хийгээд геополитикийн хувьд чухал гэх байр суурьтай байсан гэнэ.Ийнхүү Тавантолгойн ордод хятадууд найдвар тавьж байгаагаа нуугаагүй бол оросуудын зүгээс шатахууны хомсдолын шантаажыг Монголын Засгийн газарт багагүй мэдрүүлсэн. Харин хаа холын америкчууд Тавантолгойн тендерийн ялагчаар тодрох дүүрэн итгэлтэй байсан нь урьдчилгаа төлбөр, хөрөнгө оруулалтаараа бусдаас давуу байсан гэх үзүүлэлт.
6.4 тэрбум тоннын нөөцтэй, коксжих нүүрснийхээ чанараар дэлхийд тэргүүлэгч Тавантолгойн ордыг дан ганц оросуудын эсвэл хятадуудын мэдэлд очвол хоёр хөршийнхөө хэн нэгнийх нь гомдоох нь ойлгомжтой. Шазуураа зуусан эрхэмүүдэд Монголын хэврэгхэн эдийн засгийг “хээнцэрхэн хөөс” болгочих аюул бий. Тэгэхээр мөнхийн хоёр хөрштэйгөө мөнхийн эв найрамдалтай амьдрахын тулд Монгол Улс Тавантолгойг орос, хятадуудад эн тэнцүүхэн ижил нөхцөлөөр олгохоос өөр аргагүй байсан болов уу. Гэхдээ АНУ хоосон хоцроож болохгүй. Энэ нь Монгол Улсад ч хэрэгтэй. Мөнхийн хоёр хөршийнхээ оролцоонд дээр америкчуудыг нэмчихвэл асуудал тогтворжих нь тодорхой. Тэгэхээр Америк, Орос, Хятад гэсэн хувилбар Монгол Улсын хувьд яах аргагүй “хаан сонголт” байлаа.
No comments:
Post a Comment