2011/07/25

Япон, Өмнөд Солонгос Тавантолгойн тендерт гомдолтой байна

Япон, Өмнөд Солонгос Тавантолгойн тендерт гомдолтой байна
"Фокс ньюс"-д Япон-Монголын хамтын ажиллагааны асуудлаарх нийтлэл тавигджээ. Тэнд өгүүлснээр Японы Гадаад харилцааны яам өнгөрсөн баасан гаригт манай талтай дээд хэмжээний яриа хэлэлцээр байгуулсан аж.

Хэлэлцээрийн хүрээнд Японы тал Монгол дахь уул уурхайд оролцоогоо нэмэгдүүлэхийг хүсчээ. Тухайлбал, уул уурхайн ашиглалт, хайгуулын ажилд Японы тал түлхүү оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Гэвч энэ тухай Токиогийн албаны хүмүүс мэдээлэхээс татгалзжээ.

Монгол Улс Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендерт АНУ тэргүүтэй Япон, Өмнөд Солонгосын компаниуд тодорхой хувийг эзэмшихээр болсон. Мөн БНХАУ-ын "Шенхуа интернэшнл", Орос-Монголын нэгдсэн консорциум багтсан юм. Энэ нь дэлхийн хамгийн их нөөцтэй тус ордын төлөөх сонирхолтой үйл явдал өрнөж болохыг харуулж байна хэмээн нийтлэлд дурьджээ.

Монголын талын албаныхан "Бид Японы компанийг оролцуулаад ялагчдыг тодруулсан. Энэ нь бидний анхны шийдвэр байсаар байна. Шийдвэрээ буцаах боломжгүй" гэжээ. "Ройтерс" агентлагт Монголын нэрээ хэлэхийг хүсээгүй засгийн газрын нэгэн ажилтны ярьснаар Японы тал Тавантолгойн тендерийг будлиантай явагдсан хэмээн үзэж байгаа аж. Иймээс манай Засгийн газрынхан энэ асуудлаарх гомдлыг "Япон, Солонгосын компаниуд сэтгэл хангалуун бус байгаа. Гэвч тэд хамтран үйл ажиллагаа явуулах эсэхээ өөрсдөө шийдэх ёстой" гэжээ.

Японы Гадаад харилцааны дэд сайд Ютака Банно өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдэл хийхдээ "Бид Монголын Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгатай Монголын уул уурхайд Японы оролцооны асуудлаар ярилцлаа. Ямартай ч Тавантолгойг ашиглахад манай тал оролцож, Монголын хөгжилд тусална" хэмээжээ.

Харин Х.Баттулга сайд "Монголын талд хөгжлийн асуудлаар төмөр зам, дэд бүтцийн хүлээлт байгаа. Японы компани үүнд оролцох гэж байгаад сэтгэл хангалуун байна" гэжээ. Мөн тэрбээр Японы талыг төмөр замын асуудлаар ОХУ-тай хамтран ажиллах боломжтойг сануулсан хэмээн "Никкей" сонины өнгөрсөн пүрэв гаригийн дугаарт бичсэн байна.

Х.Баттулга "Монгол улс нүүрснийхээ дийлэнх хэсгийг хямд ханшаар БНХАУ-д эскпортолдог. Төмөр замын асуудлаа шийдчихвэл ОХУ, Япон манай нүүрсийг эскпортлох боломжтой" хэмээн онцолжээ.
Энэ оны зургаадугаар сарын 5-нд Өмнөд Солонгосын засгийн газар гомдолтой байгаагаа илэрхийлсэн аж. Учир нь тэд Тавантолгойн тендерт ялалт байгуулах боломжтой байсан ч ОХУ, Японы лобби явагдсаны улмаас ялагдал хүлээсэн гэнэ.

Харин өрсөлдөөнөөс хасагдсан Японы корпорациудын удирдлагууд гомдолтой байгаагаа илэрхийлжээ. "Иточу"-гийн төлөөлөгч “Тендерээс "Сумитомо", "Марубени" болон "Сожитз" компани хасагдсан. Тэднийг хэрхэн хасагдсан нь тодорхойгүй байна" гэжээ.

Энэхүү нийтлэлийг бичсэн "NY times''-ын сэтгүүлч Венкат Рамакришнаны үзэж буйгаар Японы талын Тавантолгойгоос авсан хувь нь яг таарсан аж. Учир нь энэ ордын төлөө Монголын хөршүүд үнэмлэхүй ялалт байгуулахаас өөр аргагүй. Иймээс ч Япон, Өмнөд Солонгосын компаниудад Тавантолгойг ашиглагчдын нэг байх нь тэнгэрээс од шүүрсэнтэй адил юм байна.

Өмнийн говийн энэ ордын 36 хувийг Орос-Монголын нэгдсэн консорциум эзэмшихээр болсон. Энэ тухай ч Оросын хэд хэдэн сонинд бага хувь эзэмшихээр болсон хэмээн бичсэн байдаг. "Коммерсант", "Правда", "Москва таймс" сонинд бичсэнээр Тавантолгойгоос эзэмшихээр болсон Оросын хувь нь харьцангуй бага аж. Тус ордын нүүрсний эцсийн хэрэглэгч БНХАУ, Япон, Өмнөд Солонгос байх тулд эдгээр улсын компани тендерт амжилт гаргахад нөлөөлсөн аж.

Юутай ч Тавантолгойн Цанхийн баруун хэсгийн оператор компаниуд олон улсаас бүрдсэн. Тиймээс аль нэг улсад илүү хандсан үйлдэл гаргахгүйн төлөө Засгийн газар ийм шийдвэрт хүрсэн бололтой. Харин нэгэнт шийдвэр гарсан хойно тендерт ялагчид их бага хувь авсан асуудлаар ярих болсон нь ёстой л "бандан тас" юм.

No comments:

Post a Comment