2011/07/25

Д.Даваасамбуу: Улстөрчид Тавантолгойг үнэгүйдүүлж байна

Д.Даваасамбуу: Улстөрчид Тавантолгойг үнэгүйдүүлж байна
УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Даваасамбуутай ярилцлаа. 

-Эдийн засгийн байдал сайжирч байна гэж улстөрчид мэдэгдэж байна. Яг амьдрал дээр өсөлт үнэхээр байна уу, эсвэл эрх баригчдын ухуулга яваад байна уу? 
-Олон улсын хэмжээнд, ялангуяа Хятад, Энэтхэг зэрэг Азийн орнууд хямралыг амжилттай даван тууллаа. Эдийн засаг нь түргэн сэргэж, дэлхийд аж үйлдвэрийн түүхий эдийн үнэ, хэрэгцээ эргэн нэмэгдлээ. Үүнийг дагаж манайд байгалийн баялаг хайх, ашиглах, экспортлох ажил ч ихэсч байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн голлох салбаруудын үйл ажиллагаа идэвхжиж, хөрөнгө оруулалт өсч байна. Өнгөрсөн онд л гэхэд төсвийн орлого гурван их наяд хүрч, зарлагаа бүрэн нөхөөд, цаана нь 42 тэрбумын ашигтай гарлаа. Он гарсаар эрдэс түүхий эдийн үнэ ч санаснаас хамаагүй илүү өсөв. Нөгөөтэйгүүр, банкны систем дэх мөнгөний хангамж, нийлүүлэлт өнгөрсөн оноос 2.2 их наядаар өсч, таван их наядыг давсан байна. Дөрвөн их наяд нь эдийн засагт зээл хэлбэрээр үлдэж, үлдсэнийг нь Монголбанк хяналтандаа нөөцөлсөн байна. 

-Энэ бүх тааламжтай байдлыг бид тэгээд зөв ашиглаж чадаж байна уу. Иргэдийн амьжиргаа төдий л сайн биш хэвээр байна шүү дээ?

-Байгаль эхээс үүсэлтэй энэ алтан боломж бидэнд тохиож байна. Үүнийг дээд зэргээр оновчтой, үр ашигтай ашиглаж байж улс орны хөгжлийн хоцрогдлыг арилгах ёстой л доо. Төр авто болон төмөр зам тавьж, өндөр хүчдэлийн шугам татаж, цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр бий болгож, хувийн хэвшлийнхэнд илүүтэй  боломж гаргах ёстой юм. Орон сууц, ахуйн үйлчилгээний бүтээн байгуулалтыг өрнүүлэх, боловсрол, эрүүл мэнд, даатгал, халамжийн зэрэг нийгмийн салбарыг дэлхийн жишигт хүргэх ёстой. Ийм томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийг хичээж байгаа нь үнэн. Байгалийн баялаг, мал аж ахуйн түүхий эдэд түшиглэсэн боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх боломж, нөхцөл бүрдүүлэх нь төрийн бас нэг үүрэг болоод байна. 

Ер нь бол ядуу зүдүүгээрээ далимдуулан гадныхны гар харах гэсэн сэтгэлгээнээсээ бид салах ёстой. Дөрөв, таван жилийн өмнөхийг бодвол манайхны амьжиргаа хавьгүй  сайжирч, ядуурлын төвшин хоёр дахин буурсан. Дэлхийн банкны мэргэжлийн хэсгийн ч үүнийг нотолсон байна лээ. Дэлхий дахин биднийг ядуу гэдэг ангиллаас гаргаад байгаа гэх үү дээ. Гэтэл улс төрийн намууд нэг нэгээсээ дээр гарахын тулд ард түмнээ баян хоосноор нь дуудаж, ядуу зүдүүг “ёрлож” байгаа нь утгагүй юм.

-Гэхдээ төрөөс эдийн засгийг эрүүлжүүлэх, зөв аваад явчих оновчтой шийдвэр гарч байна уу. Бэлэн мөнгө тарааж байгаа нь инфляцыг л хөөрөгдөж байгаа биз дээ?

-Энэ удаагийн төр, зас засгаас зууны хэмжээнд тооцогдох Оюутолгойн ордын уурхай барих ажлыг эхлүүлж, хувийн хэвшлийн зарим компаниудад Тавантолгойн нүүрсний ордын зарим хэсэгт ашиглалт явуулах боломж олгосон нь зарчмын шинжтэй, бусдад үлгэр болж, итгэл өгсөн шийдвэр боллоо. Энэ бол өнөөгийн амжилтын үндэс болсныг олон зүйл гэрчилнэ ээ. Эдгээр ордын талаар гарч буй шүүмжлэл дотор ажил хэрэгч нь давамгайлж байгаа ч хувийн эрх ашгийн зөрчлөөс гаралтай, түүнийгээ ард түмний нэрээр хаацайлан улс төрийн өнгө аяс оруулах гэсэн нь ч байна.  Гол нь улстөрчид үүнд нь төөрөлдөж, түмэн олонд сайн хүн болох гэж уралдан алдаад байна уу даа гэж би хардаг. Бидний хэдэн жилийн өмнө үзэн ядаад байсан тэгшитгэн хуваарилах нийгэмд амьдарч байгаа юм шиг хүн бүхэнд сая саяар бэлэн мөнгө амлаж, төрд гарахыг Ерөнхийлөгчөөсөө эхлэн төрийн түшээд маань амлаж байснаа буруу гэж ойлгож байна. Оронд нь ажил хөдөлмөртэй болгох нь чухал гэдгийн ухамсарлаж, сонгуульд мөнгө амлахаа больж байгаа нь сайн хэрэг. Үр ашгаа өгч, ашиг хуваарилах тухай ярихад хол байхад ард түмэнд үнэгүй хувьцааг Тавантолгойгоос ахиухан өгнө хэмээн зарлаж, ашигт малтмалын ордоо үнэгүйдүүлж болохгүй санагдах юм. Одоо нэмээд 10 хувийг үнэгүйгээр хуваарилах мэт яриа гаргаж, нөгөө талын туйлшралд бас ормооргүй байна л даа.

-Уул уурхайн томоохон ордуудаа ашиглаад л хөгжилд хүрчихнэ гэж байгаа шүү дээ. Тавантолгойгоос амлаж байгаа хувьцаа ч үүний нэг илрэл биз дээ?
-Хөгжилд яарж байгаад алдаж болохгүй. Дэлхий дахин болон манай орны хөгжлийн байдлаас харахад эдийн засгийн дээшлэх, доошлох мөчлөгийн цаг хугацаа богиносч байна. Бүр арав хүрэхгүй жил болох нь ажиглагдаж байна. Бидний ирээдүйг голлон тодорхойлдог зэс, нүүрс болон мал аж ахуйн түүхий эд, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүний үнэ ханш, эрэлт өндөр байгаа өнөөгийн цаг үеийг ашиглаж, эдийн засгийнхаа хүч чадлыг нэмэгдүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хөгжил, ирээдүйн тогтвортой байдал хоёрыг хангахуйц мөнгө, зээл, төсвийн бодлогыг илүүтэй явуулах хэрэгтэй байна. Алдаа, оноогоо цэгнэн зөвийг олж явах учиртай юм. Хэт улайрч болохгүй.   

Сүүлийн жилүүдэд сургамжтай олон үйл явдал боллоо шүү дээ. Санхүү, эдийн засгийн хямрал 2008 оны сүүлчээс эхлэн 2009 оны турш үргэлжлэв. Ган зудны уршгаар  2009-2010 өвөл, хавар арав гаруй сая мал сүргээ алдсан. Хямрал хамгийн түрүүнд манай экспортын барааны үнийн доошлолтоор илэрч байлаа. Хөгжил, бүтээн байгуулалтын олон хөтөлбөр, төсөл, арга хэмжээнүүд ч хойшилж, бидний хүсэл тэмүүлэлд саад болсон.  Хямралын үед буюу 2008 оны сүүлч, 2009 оны эхээр  зэсийн үнэ тонн нь найман мянган ам.доллараас буурч 2.8 мянга болсон. Азийн санхүүгийн хямралын дараа эрдэс түүхий эдийн үнэ мөн л унаж байлаа. Тэр үед тонн зэс 1200 ам.доллар болж байсан. 

Дэлхий дахинд аль нэг томоохон орны эсвэл бүс нутгийн эдийн засаг доголдоход ганц зэс гэлтгүй бүх төрлийн байгалийн баялаг, мал аж ахуйн бүтээгдэхүүний  эрэлт, үнэ буурдаг. Бидний сайн мэдэх ноолуур кг нь 60-70 мянган төгрөгөөс 30 хүрэхгүй мянга болж буурч, бүх төрлийн арьс шир үнэгүйдлийн доод цэгт хүрсэн. Иймэрхүү эдийн засгийн хөгжлийн мөчлөгийн нугачаа манайх шиг ашигт малтмал, мал ахуйд түшиглэсэн эдийн засагт томоохон цохилт болдог. 

-Тэгэхээр яах ёстой вэ?
-Монголын эдийн засгийн онцлогийг анзаараагүй зарим нь, тухайлбал, Дэлхийн банкны ганц хоёр эдийн засагч бараг бүх арилжааны банкыг дампууруулах тухай ярьж байсан. Онцлог гэдгийг миний бие банкны зээлийн баталгаа болж буй байгалийн баялаг, мал аж ахуйн үнэ ханш сэргэхээр банкны активууд эргээд сайжирж, төлбөрийн чадвар дээшилнэ гэдэгт итгэхгүй байсан гэж ойлгож байна.  Харин хэр удаан хугацаанд гэдэг нь асуулт болж байгаа юм. Ямар ч гэсэн хоёр жилийн турш  санхүү, эдийн засгийн хүндрэл гарна хэмээн тооцож, үүнийг даах хэмжээний санхүүтэй болох нь нэн чухал юм. Энэ нь хувь хүн, аж ахуйн нэгж компани, төр засаг зэрэг зах зээлд оролцогчдод бүгдэд нь хамаатай. Хувь хүн хуримтлалтай, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн хөрөнгийн хүрэлцээ сайтай, улсын хэмжээнд гадаад валютын болон дотоод нөөцийг бүрдүүлэх зорилт тавьж, эдгээрт чиглэсэн макро-эдийн засгийн ухаалаг бодлого явуулах ёстой. 

-Төсөв, татварын бодлогын талаарх өөрийн сэтгэгдлээ хуваалцаач? 

-Төсвийн хүрээнд хямралаас сургамж авч, олон чухал бодлогын шинжтэй шийдвэр, эрх зүйн актууд гарлаа. Өнгөрсөн хямралын үед төсвийн хүрээнд ажиглагдсан зүйл бол хямралын өмнөх жил буюу 2007 онд төсвийн байгууллагуудын ажилтнуудын цалинг амжиж нэмсэн нь хямралын үед хэрэглээг бүр дорд оруулчихгүй, мах, гурил, ногоо зэрэг наад захынхаа зүйлсийг ихэнх  иргэд, хөдөлмөрчид ажрахгүй худалдан аваад байх нөхцөл бүрдүүлсэн байсан. Дэлгүүр, захууд үүдээ хаачихааргүйгээр бужигнаад харагдсан. Эндээс цаашдаа дотооддоо үйлдвэрлэл, хэрэглээ хоёрыг өргөжүүлэн нэмэгдүүлэх нь чухал гэж ойлгосон. Энэ бол өнөөгийн эдийн засгийн тэлэлтийн үеийн нэгэн давхар хамгаалалт болно. Экспортын баримжаатай Хятад, Солонгос зэрэг орон ч гэсэн дотоодынхоо хэрэглээний өсөлтөөр хямралыг амархан давж байсныг бид ажиглаж сонссон. Хямрал гэпэг юмаа гадагшаа зарж чадахгүй болох, зарсан ч хямдхан өгөх, нэгэнт юмаа зарж чадахгүй бол гаднаас бараа авах боломж хомсддог л үйл явц шүү дээ. Ингэхээр дотоод нөөцөө дээд зэргээр ашиглах, өөрсдөө юмаа хийгээд хэрэглэчих чадвартай байвал хэр баргийн зах зээлийн давалгаанд автаад байхгүй болох учиртай. Тиймээс төрөөс зориуд бодлого явуулан эр зориг гаргасан эхний алхам бол “Атрын гурав дахь аян”-г өрнүүлж, Монголынхоо хөрснөөс улаанбуудай, төмсний хэрэгцээг бараг хангах дөхөж байгаа нь сайшаалтай. 

Хямралын өмнөх жилүүдэд төсвийн хүрээнд төсвийн тогтворжуулалтын сан бий болгож, хагас их наяд гаруй төгрөгийн нөөц бүрдүүлсэн байсан нь цалин тэтгэврээ юу юугүй буулгахчихгүй амь дүүж, донор орнууд, санхүү, эдийн засгийн байгууллагуудын  зээл, тусламжтай залгасан. Өнгөрсөн жил батлагдсан Төсвийн тогтвортой байдлыг хангах тухай хууль ирээдүйгээ харсан чухал ач холбогдолтой болсон. Ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөрийг үнийн өсөлт тодорхой босгыг давсан нөхцөлд боловсруулалтынх нь төвшинг харгалзан нэмэгдүүлэн авах болсон нь байгалийнхаа баялагийн үр өгөөжийг төсвөөр дамжуулан ард түмнийхээ нийтлэг хэрэгцээнд зориулахад чухал ач холбогдолтой боллоо. Энэ зарчмаар мал аж ахуйн түүхий эдэд экспортын татварыг ногдуулах боломжийг судалж үзэх хэрэгтэй. 

No comments:

Post a Comment