Тавантолгойн бүлэг ордын Зүүн Цанхийн нүүрсний анхны арилжаа хийгдсэн нь энэ орд газрын ашиглалтыг эхлүүлж байна гэсэн үг юм. Төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" компани ирэх сарын эхний 10 хоногт багтаан нүүрсээ экспортолж эхэлнэ. Анхны худалдан авагч нь Хятадын "Chalco" компани байх бөгөөд үүний урьдчилгаа төлбөр болох 250 сая ам.доллар монголчуудын гар дээр удахгүй очно.
Гар дээр очно гэхээр мөнөөх 532 ширхэг хувьцааны ногдол ашиг хэмээн андуурав. Энэ мөнгө Хүний хөгжил санд шилжих юм. Учир нь "Эрдэнэс МГЛ" болон түүний охин компани болох "Эрдэнэс Тавантолгой" компани энэ сангийн санхүүжилтийг бүрдүүлэх үүрэг даалгавартай. Хоёр хоногийн өмнө Тавантолгойн нүүрсний экспортын худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурлаа. Өөрөөр хэлбэл эхний ээлжийн баталгаат зах зээл бий болж байна гэсэн үг.
Дээрх гэрээнд Монголын талаас "Эрдэнэс Монгол" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, БНХАУ-ын талаас "Chalco" компанийн ерөнхийлөгч Ли Дунгуанг болон "Shal steel" гангийн үйлдвэрийн удирдлагууд гарын үсэг зурсан юм. Энэ үеэр бас БНСУ-ын "Koreas", Японы "Itochu", "Mitsui" корпорациудын Санамж бичигт гарын үсэг зурах ёслол болсон.
Ингэснээр дээрх таван компани "Эрдэнэс Тавантолгой"-н олборлосон нүүрсийг худалдаж авахаа баталгаажуулж байгаа юм. Манай талын тухайд гэвэл ирэх таван жилд олборлосон нүүрсээ дээрх компануудад нийлүүлэх үүргийг энэ гэрээгээр хүлээж байгаа юм билээ.
Тавантолгойн галт тэрэг хөдөлсөн хэмээн ярьдаг бол одоо энэ их уурхай эдийн засгийн эргэлтэнд ийн орж эхэлж байгаа нь энэ. Монголчуудын хувьд Зүүн Цанхийн ордыг бие даан 100 хувь дангаар ашиглахаар зорьж байгаа бол Баруун Цанхад стратегийн хөрөнгө оруулагчдыг шалгаруулахаар бэлтгэж байгаа билээ.
"Эрдэнэс Тавантолгой"-н Хятадын "Chalco" компанитай экспортын гэрээ байгуулснаар бүтээгдэхүүний урьдчилгаа болгож 250 сая ам.доллар авч байгаа аж. Одоогоор Эрдэнэс Тавантолгой Зүүн Цанхад олборлолт явуулж эхлээд байгаа бөгөөд энэ ондоо багтаж нэг сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байна. Ирэх жил 4-5 сая тоннд хүргэнэ.
Дээрх 250 сая ам.долларын урьдчилгааны хариуд олборлосон нүүрсээ нийлүүлэх бөгөөд үүнийг төлж дуусгахад 1-1,5 жил шаардагдана гэсэн тооцоог хийж байгаа юм. Харин энэ урьдчилгаагаа төлж дуусаад цаашид нүүрсээ дэлхийн зах зээлийн ханшаар нийлүүлэх юм байна. Монголын талын хувьд олборлосон нүүрсээ зөвхөн урд хөршид бус гуравдагч орны зах зээлд гаргах сонирхол их байгаа. Тийм болохоор олборлосон нүүрсний 70 хувийг нь Хятадын компани авч, үлдсэн 30 хувийг нь Япон, Өмнөд Солонгосын компаниудад худалдах бөгөөд энэ үүргийг "Chalco" гүйцэтгэхээр гэрээнд туссан.
Харин гэрээ дууссанаас хойш "Эрдэнэс Тавантолгой" компани олборлосон нүүрсээ хаана хэнд ямар үнээр борлуулахаа өөрсдөө шийднэ. "Эрдэнэс Тавантолгой" компани ойрын таван жилд багтаж нүүрс олборлолтын хэмжээгээ 15 сая тоннд хүргэх зорилготой байгаа юм.
Монголчуудыг зуун дамжин тэжээх Тавантолгойн орд газрын ашиглалт ийнхүү түрүүчээсээ эхэлж, үр шимээ өгч эхэлж байгаа нь том алхам. Нэгэнт эхэлсэн юм гэдэг эргэж хургахгүй урагшилна. Харин одоо Баруун Цанхийн хөрөнгө оруулагчдыг тодруулах, энэ ажилд оролцох сонирхолтой хоёрдогч гуравдагч хөршүүдийнхээ эрх ашгийн сонирхлыг тугалыг нь турааж эхийг нь эцээхгүйгээр оролцуулах том шалгуур хүлээж байна.
No comments:
Post a Comment