Өнгөрөгч лхагва гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаан дээр Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчийг шалгаруулах үүрэг хүлээсэн ажлын хэсгийнхэн буюу Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар нар тайлангаа танилцуулжээ. Анх тендерт материалаа ирүүлсэн 12 оролцогчоос зургаан оролцогч тунаж үлдээд байсны гурвыг нь шалгаруулснаа ажлын хэсгийнхэн танилцуулсан байна. АНУ-ын “Пибоди Энержи”, БНХАУ-ын “Шинхуа Энержи” болон Японы “Иточү”,“Мицуй” компаниудын консорциум, гурав дахь нь ОХУ-ын “Оросын төмөр зам” болон Япон, БНСУ-ын консорциумын нэгдэл.
Гэхдээ тэд Тавантолгойн ордын Баруун цанхи дээр олборлолт явуулах ёстой. Харин Зүүн цанхийг “Эрдэнэс Тавантолгой” хэмээх 100 хувь төрийн өмчит Монголын компани оператор компаниудыг шалгаруулан дангаараа олборлолт хийх юм. Хэдийгээр Баруун цанхи дээр үйл ажиллагаа явуулах компаниудыг шалгаруулсан гэж байгаа ч тэдний хувь оролцооноос шалтгаалсан маргаан одоо болтол дуусаагүй байна. Шалгарсан гурван компани операторын эрх, борлуулалтын эрх, дэд бүтцэд хөрөнгө оруулах, урьдчилгаа төлбөр хийх гэсэн дөрвөн үүрэг хүлээх ёстой.
Мэдээж Хятад улс манай нүүрсний хамгийн том худалдан авагч учир Хятадын компанийн борлуулалтын эрх давуу байгаа, мөн дэд бүтцэд хөрөнгө оруулах, урьдчилгаа төлбөр өгөх, оетаторийн үйл ажиллагаа явуулах бүх үргийг хүлээж байгаа гэдэг утгаараа Хятадын компани давуу эрхтэй байгаа бол Оросын компани зөвхөн дэд бүтцэд буюу төмөр замд хөрөнгө оруулах үүрэг хүлээж, урьдчилгаа төлбөр хийхээс татгалзсан байна.
Тиймээс дээрх компаниудаас Хятадын компани хамгийн их оролцоотой байгаа, түүний дараа Орос, харин АНУ, Монголын хувьд адил тэнцүү оролцоотой байхаар байгаа аж. Гэвч Оросын компани өөрсдийн хувь оролцоог нэмэгдүүлэх /ингэхдээ өөрсдийн хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхгүй гэдгээ ч бас хэлсэн байна/ шаардлага тавьснаар Тавантолгойн ордын хэлэлцээрийг гацааж байгаа тухай албаны эх сурвалж хэлж байна. Чухам хэн нь хэдэн хувьтай байгаа вэ гэдэг дээр хэлэлцээрийн шатанд яваа асуудал учраас тодруулах боломжгүй аж.
No comments:
Post a Comment