Харин бидний гар дээрх 536 хувьцаа хоосон цаас биш, үр хүүхдийн минь ирээдүй, улс орны хөгжил дэвшлийн баталгаа байгаасай гэж хүсч байна.
Монгол иргэн бүр дэлхийн зах зээлд арилжаалагдах хувьцаатай боллоо. “Таван толгойн” 536 ширхэг хувьцааг нэрийн дансандаа шилжүүлэх эрхтэй болов. Энэ нь Монгол Улс малчдадаа малыг нь, иргэддээ газрыг нь, орон сууцыг нь үнэгүй өгсөнтэй дүйцэхүйц түүхэн үйл явдал боллоо гэж хэлж болно. Бид эх орныхоо газрын хэвлийн баялгаас өмчлөх эрхтэй боллоо. УИХ дээрх шийдвэрийг 2010 онд гаргасан. Харин Засгийн газар үүнийг ажил хэрэг болгосноо өчигдөр зарлалаа.
Тухайн үед Тавантолгойн ордын зарим хэсгийг иргэдэд өмчлүүлэх шийдвэрийг эрх баригчид нэлээд шүүмжлүүлж, шахуулж байж гаргасан. Өдгөө иргэдэд олгохоор болсон 10 хувийг дэндүү бага гэж шүүмжлэх хэсэг байгаа ч өмнө нь иргэдэд өгөх тухай асуудал огт байгаагүйг тооцвол 536 хувьцаа бас амжилт юм. Ямартай ч эх орны маань баялаг их бага ч гэсэн иргэн бүртээ хүртэхээр шийдвэр гарсан нь “баярлалаа Тавантолгой” гэж хэлэхэд хүргэж байгаа юм. Харин бидний гар дээрх 536 хувьцаа хоосон цаас биш, үр хүүхдийн минь ирээдүй, улс орны хөгжил дэвшлийн баталгаа байгаасай гэж хүсч байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Тавантолгой төслийн ажлын хэсгийн ахлагч, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нэр 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс өмнө мэндэлсэн Монгол Улсын нийт иргэнд Тавантолгойн хувьцааг эзэмшүүлэхээр болсон талаар өчигдөр мэдэгдсэн. “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулан 15 тэрбум ширхэг хувьцаа гаргасны 10 хувийг ард түмэнд тараахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Нийт хувьцааны 30 хувийг шаардлага хангасан үндэсний компаниудад нэрлэсэн үнээр худалдахаар тогтоод байгаа. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хоёр сая 796 мянган иргэн байгаа бөгөөд 1.5 тэрбум ширхэг хувьцааг нийт иргэдэд хуваахаар нэг иргэнд 536 ширхэг хувьцаа ногдож буй аж. Энэ хувьцааг иргэн бүр үнэ төлбөргүй эзэмших юм. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын хэлж буйгаар бол Тавантолгойгоос иргэдэд хүртээх нэгж хувьцааны үнийг 300-1000 төгрөг байхаар ярилцаж байгаа бөгөөд энэ тохиолдолд монгол хүн бүр, Монголын иргэн болгон саятан болох юм.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Тавантолгой төсөл олон сонирхлын огтолцол нь болоод буй. Энэ төсөл хэрхэн хэрэгжихээс Монгол Улсын хөгжил хамааралтай бол хэрэгжүүлэх арга барил, бодлого шийдвэр нь иргэдэд хамгийн сонирхолтой сэдэв болжээ. Тиймдээ ч Монгол Улсын Засгийн газраас тохоон томилсон Тавантолгой төслийн ажлын хэсгийнхний үйл хэрэг үзэл бодлыг тааж, харж, хардаж, шүүж, хянаж суугаа юм.
Ажлын хэсгийнхний хувьд алдаж гишгэх эрхгүй. Бас Засгийн газар ч хий хөөрөх эрхгүй. Улсын орны хөгжил, ирээдүй энэ төслийн хэрэгжилтийн үр дүнгээс шалтгаалах болохоор сэтгэлийн хөөрөл, бусдын шахалт, үзэгний үзүүрээр шийдчих хөнгөн асуудал биш. Бодсон, үзсэн гэх үл ойлгогдох хэлээр ч төслийн хэрэгжилтийг тайлбарлах ёс суртахуун ажлын хэсгийнхэнд байх учиргүй. Ажлын хэсэг багтсан Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ажлын хэсгийн гишүүн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш нарын мэдлэг боловсрол, ажил хэргийн ур чадвар, ёс зүйгээс Монголын ирээдүй, ард иргэдийн амьжиргаа хамаарах болоод байна гэж хэлэхэд хилсдэхгүй.
Дэлхийн дөрвөн зүг найман зовхисын уул уурхайнхан, тээвэр, банк санхүүгийнхний хараа нэгэнтээ Монголд тусжээ. Тэд “Тавантолгой”-гоос, Монголын газрын хэвлий дэх олон тэрбумын нүүрсний нөөцөөс ашиг гаргахын тулд өөр хоорондоо “дайтах”-ад ч бэлэн байна. Коксжих нүүрснийхээ чанараар нэгдүгээрт тооцогддог, 6,4 тэрбумын нөөцтэй Тавантолгойн ордыг монголчууд хэнтэй хамтарч ашиглах вэ гэдэг гаднынхны анхаарал татсан хамгийн гол асуудал болоод цөөнгүй сарыг үджээ. Тендер зарлаж, хэлэлцээр өрнүүлж, ялагчийг тодруулж, хувьцаа гаргах ажлууд шат дараатай хийгдэж эхлэв.
Албаны эх сурвалжийн өгүүлснээр Цанхийн баруун хэсэгт зарласан тендерийн ялагч хэзээ тодрох нь тодорхойгүй ч хэдэн ч оролцогчийг ялагчаар тодруулж магадгүй хувилбар яригдаж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, Цанхийн баруун хэсэгт ялагч заавал ганцхан байх албагүй. Хоёр, гурав ч байж магадгүй гэсэн мессежийг албаны эх сурвалжууд өгч байна.
“Эрдэнэс MGL”-ээс Тавантолгойн орд газартай холбоотойгоор хоёр ч тендерийг зарласан. Эхнийх нь Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиалгаар олборлолт хийх компани, консорциумыг тодруулах олон улсын нээлттэй тендер. Цанхийн зүүн хэсгийг дангаараа эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиалгаар олборлолт хийх гэрээт олборлогчийн сонгон шалгаруулалтад БНЭУ-ын “MESCO steel”, ХБНГУ-ын “BBM Operta”, Австралийн “Macmahon” гэсэн гурван компани саналаа ирүүлсэн. Тэдгээрээс Австралийн “Macmahon” компани “Эрдэнэс Тавантолгой”-ын удирдлагуудаас нэлээд өндөр оноо аваад байгаа гэнэ... Цанхийн зүүн хэсгээс барагцаагаар хоёр сарын дараа нүүрсний олборлолт хийхээ, мөн олборлож байгаа нүүрсний хоёрны гурав нь коксжих нүүрс байхыг “Эрдэнэс МГЛ”-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш мэдэгдсэн нь бий.
Харин Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа өөрөө хариуцах эрх бүхий компани, консорциумыг шалгаруулах тендерийн эхний ялагч нарыг Үнэлгээний хорооныхон тодруулсан. Үнэлгээний хорооноос тендерийн хоёрдугаар шатанд АНУ-ын “Пибоди Энержи”, БНХАУ-ын Шинхуа Энержи болон Японы Мицуи компаниудын консорциум, Оросын “Төмөрзам” болон Японы консорциум, Өмнөд Солонгосын “Крес” группээр ахлуулсан компаниудын нэгдэл, Австрали, Швецарийн “Экстрата Коул”, Бразилийн “Вале” (хуучнаар СиВиАрДи-CVRD), Люксембургийн “Арсэлор Митал лимитед” гэх компаниудыг үлдээсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж буй ажлын хэсгийн эрхмүүдийн тэдэнтэй хийх хэлэлцээр үргэлжилж буй.
УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасны дагуу дамжин өнгөрөх тээвэр, боомт ашиглалт, борлуулалт, хөрөнгө оруулалтын нөхцөл, урьдчилгаа төлбөр зэрэг олон нөхцлийг монголчууд тулгаж, оролцогчид санал болгосны эцэст ялагч тодрох юм. Хөрөнгө оруулалт, борлуулалт, тээвэрлэлт, боомт ашиглалт гээд нэгэн зэрэг олон эрхтэй болох уг тендерийн ялагчаар аль нэг консерциум, эсвэл консерциумын нэгдэл болсон хэдэн ч оролцогчийг тодруулж болзошгүй аж. Төмрийн хүдрийн үйлдвэрлэлээрээ дэлхийн хамгийн том нийлүүлэгч Бразилийн “Вале”, энгийн нүүрсний дэлхийн хамгийн том экспортлогч Австрали, Швецарийн “Экстрата Коул” нар тендерийн ялагчаар тодорсон зургаагийн тэргүүнд жагсч буй тухай Блумберг мэдээлсэн байна. Хэлэлцээрт уригдсан эрхмүүдээс оросуудын нөлөөлөл ажлын хэсгийнхэнд багагүй хүчтэй байгаа гэх яриа ч байгаа юм. Ямартай ч олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийхээс өмнө Цанхийн баруун хэсгийн бүх асуудлыг шийднэ гэж албаны хүмүүсийн хэлж байна. Олон улсын хэвлэлүүдэд зарим нэг “но” гарч, ажлын хэсгийнхний нүүрийг улайлгасан хөрөнгө оруулагч банкууд “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г хийх ажилдаа нэгэнтээ ороод байгааг Б.Энэбиш захирал өгүүлсэн. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах эрхийг одоогоор дөрвөн банк аваад байгаа. IPO хийх зохион байгуулагчаар Германы Дойче банк, АНУ-ын Голдман Сакс, Францын Би Эн Пи Парибас банк, Австралийн Маквэари банкийг шалгаруулаад буй. Өдгөө тэд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах бэлтгэл ажилдаа хэдийнэ орсон бөгөөд харин тэдэнтэй холбоотой сөрөг мэдээлэлд ажлын хэсгийнхэн өнөө хүртэл тайлбар хийгээгүй л байгаа. Тавантолгойн ордоос нүүрс олборлоод эхэлчихлээ гэхэд олборлосон нүүрсээ хаагуур, яаж тээвэрлэх, борлуулах асуудал хамгийн бүрхэг байгаа. Монголын төмөр зам компани БНСУ-ын “Lotte Engineering & Construction” консорциумтай хамтран Тавантолгойн уурхай Өмнөговь-Чойбалсан гэсэн чиглэлийн 1040 км төмөр зам барих гэрээнд гарын үсэг зурсан гэх мэдээлэл дэлхийн хэвлэлүүдээр гараад байна. “Lotte Engineering & Construction”-ны мэдэгдсэнээр Монголын төмөр замтай байгуулж буй тус гэрээ ёсоор төмөр зам байгуулахад гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болсон гэнэ. Тус компани төмөр замын бүтээн байгуулалтын ажлаа 2012 оны эхээр эхлүүлэхээр төлөвлөсөн аж. Тэгвэл Төрийн өмчийн хороо Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг Тавантолгой- Ханбогд-Ханги чиглэлийн 435 километр авто замыг “барих-ашиглах шилжүүлэх” төрлийн концесс олгох уралдаант шалгаруулалт зарлаад байгаа юм. Харин УИХ-аас гаргасан тогтоол, Засгийн газрын шийдвэрийн дагуу Даланзадгад-Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаян-Сайншанд-Чойбалсангийн чиглэлийн 1100 км замыг тавихаар болсон. Дээрх чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих ажлыг “Монголын Төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид олгосон бөгөөд ирэх сар гэхэд төмөр зам барих судалгааны ажил бэлэн болох гэнэ.
Ийнхүү таван тивийн “акул”-уудыг далласан “Тавантолгой” урагшаа хөдөллөө.
No comments:
Post a Comment