2011/04/11

“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс экспорт хийхэд бэлэн болжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс экспорт хийхэд бэлэн болжээ
Ерөнхийлөгч Тавантолгойн асуудлаар холбогдох бүх албаны хүнийг цуглуулж мэдээлэл авч байна. Тэрбээр ярихдаа “2011 оны нэгдүгээр сарын 28-наас хойш Тавантолгойтой холбоотой мэдээлэл надад огт ирсэнгүй. Уг нь энэ асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад албан ёсоор мэдээлэл байнга ирж байх ёстой гэж би бодож байна” хэмээн тэрбээр нэлээд цухалдаж буйгаа илэрхийлсэн юм.

Албаны хүмүүсийн мэдээлснээр “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн нүүрс олборлохоор хөрс хуулах ажлаа эхлүүлээд байгаа. Одоогийн байдлаар тодорхой хэмжээний нүүрс экспорт хийхэд бэлэн болсон бөгөөд ингэхийн тулд тодорхой хууль, журмын дагуу заавал гэрээт олборлогчоор дамжуулах шаардлагатай байгаа аж. Гэрээт олборлогч шалгаруулах, стратегийн хамтрагч шалгаруулах зэрэг ажил эцсийн шатандаа явж байгаа бөгөөд энэ ажлыг энэ сардаа багтаан шийдэх аж.

Хамтран ажиллах олон улсын байгуулагаа шалгаруулснаар “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ олон улсын зах зээлд экспорт хийж эхлэх юм. Тус компани Хүний хөгжил санд 310 тэрбум төгрөг энэ жил төвлөрүүлэх ёстой аж.  Энэ үүргээ 2011 ондоо багтаж биелүүлж чадах болов уу гэсэн Ерөнхийлөгчийн асуултад  Л.Энэбиш захирал хариулахдаа “Засгийн газрын өгсөн энэ чиглэлийг бид мөрдөж ажиллана” гэв.

Түүнчлэн, Ерөнхийлөгч Тавантолгойн хувьцааг иргэдэд ямар зарчмаар тараасныг сонирхоход  Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар хариулахдаа “УИХ-аас Тавантолгойн хувьцааг тараах зарчим дээр компаниудыг л заасан. Харин иргэдэд хэрхэн тараахыг тодорхой тогтоогүй. Тиймээс бид хэлэлцээд 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн бүх иргэн энэ хувьцааг эзэмших эрхтэй байхаар тогтоод тухайн өдрийн байдлаар Монгол улсын иргэн хэд байна түүнийгээ хуваагаад нэг иргэнд 536 ширхэг хувьцаа ногдохоор болсон юм” гэлээ.

Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 15 тэрбум хувьцааны 10 хувь болох 1,5 тэрбум хувьцааг энэ сарын 1-нээс өмнө төрсөн хүний тоонд хуваажээ. Хуваасан тоонд зөвхөн иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гэж ялгаагүй байна. Гэхдээ хувьцаа эзэмших эрх шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд нээлттэй болохоороо онцлогтой.

Харин иргэдийг хөрөнгийн зах зээлийн боловсролтой  болгох тал дээр хэрхэн анхаарч байна вэ гэсэн Ерөнхийлөгчийн асуултанд ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “иргэдийг хөрөнгийн зах зээлийн мэдлэг, мэдээлэлтэй болгохын тулд Засгийн газраас Төрийн өмчийн хороо, Хөрөнгийн биржүүдэд тодорхой үүрэг өгсөн байгаа. Сургалттай холбоотой тогтоол 10 гаруй хоногийн өмнө гарсан. Тэгэхээр удахгүй хэрэгжиж эхэлнэ” гэлээ.

Ийнхүү Тавантолгойг тойрсон асуудлаарх Ерөнхийлөгчийн дэргэдэх хэлэлцүүлэг төрийн ордонд яг одоо үргэлжилсээр байна.

No comments:

Post a Comment