Харин хувьцааг эзэмшүүлэх зохион байгуулалтын ажлыг Төрийн өмчийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрууд хариуцах юм.
Хэн гэдэг иргэн 536 ширхэг хувьцаа эзэмшиж байна вэ гэдэг бичилтийг Монголын Хөрөнгийн биржийн Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд хийнэ.
Харин иргэдийн 536 ширхэг хувьцаа эзэмшиж байгааг "Хүний хөгжил сан"-ийн дэвтэрт "Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын иргэн таныг Тавантолгойн 536 ширхэг хувьцаа эзэмшиж байгааг батламжлав" хэмээн марк наан, бичилт хийснээр баталгаажих юм. Харин 536 ширхэг хувьцааны эзэмшигч мөн гэдэг батламжилсан бичгийг хэвлүүлээд аймагтаа байгаа Хөдөлмөр, халамжийн хэлтсээрээ дамжуулаад хийх боломжтой. Тэгэхээр брокер диллерийн компаниудад урт дараалал үүсэхгүй гэдгийг Тэргүүн шадар сайд онцолж байсан юм.
Иргэд бичилтээ хийлгэн 536 ширхэг хувьцаагаа эзэмшсэний дараа олон улсын хөрөнгийн зах зээл дээр Тавантолгойн хувьцааг гарган арилжаалах хүртэлх хугацаанд хувьцаагаа арилжаалж болохгүй. Нэг ширхэг хувьцааны үнэ хэдэн төгрөгт хүрэх юм гэдэг нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг арилжиж эхлэхээр тодорхой болно. Тиймээс иргэд наана нь хувьцаагаа хямдхан арилжаалахаас сэргийлэн үнэ нь тодорхой болсны дараа арилжаалах эрхийг нь нээхээр шийдвэрлэсэн аж.
Харин иргэдэд хувьцааг эзэмшүүлэхийн тулд ямар зарчмаар, хэрхэн зохион байгуулах вэ гэдэг нарийн журмыг Засгийн газрын ирэх хуралдаанаар хэлэлцэнэ.
Мөн Ерөнхий сайд С.Батболд "Иргэдэд хувьцаа эзэмшүүлэх ажлыг дөрөв, тав, зургаа, долдугаар сард хэрхэн хийх нарийн төлөвлөгөөг оруулж ир" гэсэн үүргийг холбогдох яам, байгууллагуудад даалгавар өгчээ. Тиймээс Засгийн газрын ирэх лхагва гарагийн хуралдааны дараа иргэдэд яг ямар зарчмаар хувьцаа эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах вэ гэдэг нь ойлгомжтой болно.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд гарахад бэлэн боллоо гэхэд гэрээ байгуулсан олон улсын хөрөнгө оруулалтын банкууд үнэлгээ хийх аж. Үнэлгээ хийсний дараа нэгж хувьцааны үнэ тодорхой болох юм гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Тэгэхээр Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын мэдээлснээр нэгж хувьцааны үнэ 300-1000 төгрөг байна гэсэн нь ташаа мэдээлэл бололтой.
"Эрдэнэс Тавантолгой" компаниас аж ахуйн нэгжүүдэд хувьцааг хэрхэн олгох нь тодорхойгүй байгаа юм. Ерөнхий сайд С.Батболд "Юун түрүүнд иргэн бүрт хувьцаа хэрхэн олгох талаар шийдвэр гаргалаа. Харин "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны 10 хувийг бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдэд ямар журмаар олгохыг шийдвэрлээгүй байна. Аж ахуйн нэгжүүд хувийн сонирхолдоо автан компани худалдан авч байгаа гэж сонссон. Засгийн газрын арга хэмжээ бодит шийдлүүдэд үндэслэнэ. Зөвшөөрөлтэй компанийг худалдаж аваад хувьцаа авч түүнээсээ илүү ашиг орлого олно гэсэн ойлголт байж болохгүй. Засгийн газар шударга ёсыг баримтална. Нэг иргэн нэр дээрээ 32 аж ахуйн нэгж бүртгүүлсэн жишээ бий. Хэн олон компани бүртгүүлнэ түүнийхээ хэмжээгээр ашиг орлого олохгүй, хувьцаа авахгүй" гэдгийг онцолж байсан юм.
Улсын хэмжээнд бүртгэлтэй 54 мянга орчим аж ахуйн нэгж бий гэсэн судалгаа гарсан байна. Энэ бүгдийг үндэсний аж ахуйн нэгж гэдгийг баталгаажуулах, нэгж хувьцааны нэрлэсэн үнийг хэдээр тогтоож, аж ахуйн нэгжүүдэд арилжаалах вэ зэрэг ажлыг тодорхой үе шаттай хэрэгжүүлэхийн тулд цаг хугацаа хэрэгтэй. Тийм учраас иргэн бүрт хувьцаа олгосны дараа аж ахуйн нэгжүүдэд хувьцаа олгох ажлыг эхлүүлэх аж. Олон компани худалдаж аваад байгаа хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд илүү хувьцаа олгоно гэсэн ойлголтыг Засгийн газрын тэргүүн ийнхүү үгүйсгэлээ.
Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг "Иргэд нэг зүйл ойлгох хэрэгтэй. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах Засгийн газрын шийдвэр УИХ-ын тогтоолыг зөрчөөгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Тавантолгойн нэг хэсэг дээр "Эрдэнэс Тавантолгой" компани үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харин хоёр дахь хэсэг дээр нь ажиллах консорциумыг шалгаруулах болно. Хоёр дахь хэсэг дээр нь ажиллах консорциум зургаан компани өрсөлдөж байна. Бид эдгээр компаниудтай хийх хоёр дахь хэлэлцээгээ удахгүй хийнэ" гэдгийг хэлж байсан юм.
No comments:
Post a Comment