"Компани худалдаж авна", "Аж ахуй нэгжийн гэрчилгээ авахад зуучилна". Ийм зар сонин, телевиз, радиогоор байнга явах боллоо. Хуулийн этгээдийн бүртгэл, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт шинээр компани байгуулах, шилжүүлэх, нэгдэж хоршоолол босгох, ажил нь зогсоод удаж байгаа аж ахуй нэгжээ сэргээх зорилготой хүмүүс хөл тавих зайгүй хөлхөлдөнө.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн 15 тэрбум хувьцааны 10 хувийг аж ахуй нэгжүүдэд нэрлэсэн үнээр өгөх сургаар компанийн гэрчилээ олгодог Хуулийн этгээдийн газраас иргэдийн хөл татрахаа байжээ. Үндэсний компаниудад очих хувьцааны 10 хувийг урьдчилсан байдлаар нэг байгууллагад 28 мянган ширхэг ногдоно гэж тогтоогоод буй.
"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааны бараагаар балгас болсон хөдөөгийн хоршоод, шашин хиидийн газрууд цоож цуургаа онгойлгож, цонх таазаа янзалж, амь орж эхэлж байгааг нутгийн иргэд хэлсэн. Компани зарна, худалдаж авна гэсэн зарын дагуу заримтай нь холбоо барилаа.
"Компанийн гэрчилгээ их хэмжээгээр худалдаж авна. Утас: 881578..."
-Сайн байна уу. Зарын дагуу ярьж байна?
-Худалдаж авах компаниудын тоо гүйцсэн. Нэлээд хэдийг авчихсан. Одоо авахгүй.
-Уучлаарай, нэг компанийг хэдээр үнэлж авсан бэ?
-700-800 мянган төгрөг. Гэхдээ зөвхөн компанийн гэрчилгээг авч байгаа шүү дээ.
-Компанийн ажлын байр, тоног төхөөрөмжийг худалдаж авахгүй юм уу?
-Авахгүй ээ. Бидэнд гэрчилгээ, эрх нь хэрэгтэй байгаа юм.
-Олон компанийн гэрчилгээ худалдаж авсан гэлээ. Танайх корпораци юмуу?
-Тийм нэлээд том газар.
"Компани худалдаж авна. Утас: 960081..."
-Сайн байна уу. Зар мэдээллийн дагуу ярьж байна?
-Аан за, чи хэдээр зарах саналтай байна.
-Би компаниа тоног төхөөрөмж, ажлын байртай нь цуг зарах гэсэн юм. Бүгдийг нь 80 саяд тохирох санаатай?
-Би зөвхөн компанийн гэрчилгээ авна. Тоног төхөөрөмж авахгүй.
-Тухайн компани ямар чиглэлээр ажиллах нь хамаагүй юу. Гэрчилгээг тэгээд хэдээр авах вэ?
-Гадуур 600-800 мянган төгрөгийн ханштай байгаа юм билээ. Татвар, гаалийн газар өргүй бол 700 мянгаар авна. Мөн компанийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлснээс өмнөх хугацаанд үүссэн асуудлыг чи өөрөө хариуцна гээд гэрээ байгуулж болно шүү дээ. Гэрээ хийснээс хойш бид өөрсдөө асуудлаа шийдээд явах юм.
Коксжих нүүрсний нөөцөөрөө гадаадынхны шуналыг хөдөлгөж байгаа "Тавантолгой"-н хувьцаа дотооддоо эрэлттэй болж эхлэх нь энэ. Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын үүдэнд хүмүүс урт дараалал үүсгэсэн байлаа. Шинээр компани байгуулах, аль хэзээний үүдээ барьж, тамга тэмдэг төдий л болсон байгууллагаа сэргээх гэсэн иргэд олон байв.
Мөн шинээр компанийн нэр авах гэсэн хүмүүстэй холбоо тогтоож, өмнөөс нь дараалалд зогсч, бичиг цаас бүрдүүлэн, гарын үсэг зууруулж, аж ахуйн нэгжийн гэрчилгээ гаргуулж өгөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагын ажилчид энэ тэрүүгээр ажлаа сурталчилна. Тэдний нэгтэй ярилцлаа.
"Nomu press" компанийн менежер А.Энхжаргал: Өдөрт 10 гаруй компанийн гэрчилгээний захиалга авч байна
-Танай байгууллага ямар үйлчилгээ үзүүлдэг юм?
-Та "Эрдэнэс Тавантолгой"-гоос аж ахуй нэгжүүдэд олгох хувьцаанд багтах гэж байгаа юм уу. Хуучин байгууллагаа сэргээх гэж байна уу эсвэл шинээр компанийн нэр авах юм уу. Компани байгуулах гэж байгаа бол манайд хандаж болно. Хүмүүст компанийн гэрчилгээ, тамга тэмдэг авах, данс нээлгэх, нэр авахад дараалалд зогсох, хязгаарлагдмал хариуцлагтай компанид бүртгүүлэхэд хэрэгтэй мэдээллээр хангах зэрэг ажил хийдэг.
-Компанийн гэрчилгээ хэдэн өдрийн дараа бэлэн болох вэ?
-Бид олуулаа ажилладаг болохоор тал талд гүйж шуурхай гаргаж өгдөг юм. 2-3 хоногийн дараа бэлэн болчихно.
-Үйлчилгээний төлбөр хэдэн төгрөг байх вэ?
-Нэг компанийн гэрчилгээг 120 мянган төгрөгөөр гаргуулж өгнө. Үүнд тамга, гэрчилгээний үнэ орно.
-Танайх өдөрт хэчнээн хүний гэрчилгээ гаргуулж өгч байгаа вэ?
-Сүүлийн үед өдөрт 10 гаруй компанийн гэрчилгээ гаргуулах захиалга авч байна. "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаа аж ахуйн нэгжүүдэд өгөх сургаар үйлчлүүлэх хүний тоо өссөн. Хуулийн этгээдийн бүртгэлийн газар өдөрт 90 гаруй хүний өргөдөл хүлээж авч байна.
Том ордоос хувь хишиг хүртэх гэсэн хүмүүс Хөрөнгийн бирж, брокер дилерийн компани, Эд хөрөнгийн бүртгэл, Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас салахаа байлаа. Одоогоор хувьцаа авах эрхтэй 53 мянган аж ахуй нэгж байгаа аж. Үүний 65 хувийн жилийн борлуулалтын орлого 10 сая төгрөгт хүрдэггүй байна.
No comments:
Post a Comment