Төр засгаас ард иргэдийн нэр дээр тус бүр 536 ширхэг хувьцаа байршуулсан боловч үндэсний гэх тодотголтой аж ахуй нэгжүүдийн, хувийг хүртээх асуудлыг түр хойшлуулаад байна. Гол шалтгаан нь хувьцааг үндэсний аж ахуй нэгжид жигд хүртээх асуудал төвөгтэй байгаа юм.
Томоохон компаниуд нь жижиг аж ахуй нэгжээ худалдаж аваад Тавантолгойгоос аль болох их хувьцаа хүртэх гэж шунасан нь эцэстээ асуудлыг дахин нягтлахад хүргээд байна. Нөгөөтэйгүүр, зарим хэл амтай нөхөр “компанитай гэх нэр зүүсэн нь 28 мянгыг аваад улсад насаараа зүтгэсэн нь яагаад 500 хувьцаа хүртдэг юм" гэж барьцсантай холбоотой.
Тэгвэл үүн дээр дахин нэг зүйлийг нэмж нягтлах хэрэгтэй хэмээн зарим эдийн засагч үзэж байна. Өөрөөр хэлбэл, үндэсний аж ахуй нэгжийн хувийг гадны хөрөнгө оруулагчид хүртчих вий гэсэн болгоомжлол байгаа аж.
Тавантолгойн хувьцааг үндэсний аж ахуй нэгжид нэрлэсэн үнээр нь худалдаалах тухай заасан. Тэгвэл нийт хөрөнгө оруулалтын 70-аас дээш хувийг дотоодынх эзэлж байвал үндэсний аж ахуй нэгж хэмээн үзэх юм. Нэг үгээр хэлбэл, нийт хөрөнгө оруулалтын 30-аас доош хувь нь гадных байвал үндэсний аж ахуй нэгжид тооцож хувьцаа хуваарилна гэсэн үг.
Тэгвэл Төрийн өмчийн хорооноос тайлбарлаж буйгаар Тавантолгойн хувьцаа эзэмшсэн үндэсний компанийн гадны хөрөнгө оруулалтын хэмжээ 30 хувиас давсан тохиолдолд хувьцааг буцаан татах асуудал байхгүй. Хувьцаа өгсөн бол нөгөө компани нь хэний гарт шилжих нь хамаагүй, тэгээд л өнгөрнө хэмээж байна. Эндээс үүдээд гадны нөхөд үндэсний аж ахуй нэгжээр дамжуулан Тавантолгойн хувьцааг нэрлэсэн үнээр нь авах гарц бий болохыг үгүйсгэх аргагүй аж.
Бүр тодруулбал, Тавантолгойн хувьцаанаас 53 мянган аж ахуй нэгж хүртэх боломжтой хэмээн тооцсон. Үүний 65 хувь нь буюу 30 гаруй мянган аж ахуй нэгж жилийн 10 хүртэл сая төгрөгийн борлуулалтын орлоготой байгаа юм. Энэ нь тэд 28 мянган ширхэг хувьцааг худалдан авах чадваргүй гэсэн үг.
Тэгэхээр өнөөгийн нөхцөл байдлаас харахад үлдэж буй 20 хүрэхгүй мянган компани л Тавантолгойн хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдаж авах бололцоотой аж. Тэгвэл эдгээр компанийн цаана үндэсний гэх халхавч хийж Тавантолгойн хувьцааг нэрлэсэн үнээр нь авах гэсэн гадны хэдэн нөхөр байгааг тааварлах аргагүй. Үүнтэй уялдаад үнэхээр Тавантолгойн хувьцааг үндэсний аж ахуй нэгжүүдэд бүрэн гүйцэд, жигд хүртээж чадах уу гэсэн асуудал ихээхэн ээдрээтэй болж байна.
Үндэсний статистикийн хорооноос тайлбарлаж буйгаар үндэсний компаниудын гадны хөрөнгө оруулалтын хэмжээг улсаар нь хувилаж гаргах боломжгүй аж. Учир нь энэ мэдээлэл нууцын зэрэглэлтэй байдаг гэнэ.
Ерөнхийдөө манай улс дахь гадны хөрөнгө оруулалтын хэмжээг харьцуулж үзвэл Хятад улс хол тасархай тэргүүлж байна. Тус улсын хөрөнгө оруулалт 2009 онд нийт хөрөнгө оруулалтын 60 хувийг эзэлжээ. Дараагаар нь Канад 6.61, Солонгос 5.69, Япон 3.45 хувь гэх зэргээр үргэлжлэх аж. Энэ нь үндэсний гэх тодотголтой компани яваандаа гадны хөрөнгө оруулалтын мэдэлд шилжвэл Хятадынх байх магадлал маш өндөр байгааг харуулна.
No comments:
Post a Comment