-Иргэд хувьцааны талаар ойлголттой болж чадаагүй байна. Тиймээс хувьцааны талаар нарийн ойлголт өгөхгүй юу?
-Хувьцаа гэдэг бол хөрөнгө эзэмших эрхийн баталгаа бөгөөд тухайн компанийн өмчийн тодорхой хувийг эзэмшиж буйг илэрхийлсэн баримт бичиг юм. Хэрэв та А компанийн нийт гаргасан 100 мянган ширхэг хувьцаанаас 10000 ширхгийг эзэмшиж байгаа бол тухайн компанийн нийт хөрөнгийн 10 хувийг эзэмшиж байна гэсэн үг. Хувьцаа дотроо энгийн болон давуу эрхийн гэсэн хоёр төрөлтэй.
-Энгийн хувьцаа эзэмшигчдийн эрхийн талаар тодруулахгүй юу?
-Энгийн хувьцаа эзэмшигч нь хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар эзэмшиж байгаа хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхтэй. Давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсний дараагаар хувь нийлүүлэгчдийн хурлаас тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авна. Компанийг татан буулгах үед компанийн хуулийн 28 дугаар зүйлд тогтоосон журмын дагуу үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх ёстой.
Энгийн хувьцаа эзэмшигч нь компанийн хуулийн 39 дүгээр зүйл болон дүрэмд заасны дагуу компаниас нэмж гаргах хувьцаа, түүнд хамаарах үнэт цаасыг тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй. Компанийн хуулийн 54.2 дугаар зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг компанид шаардах, хуулиар зөвшөөрөгдсөн бичиг баримттай танилцах, удирдлагад нэрээ дэвшүүлэх, хувьцаагаа бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх эрх нь энгийн хувьцаа эзэмшигчид нээлттэй байдаг.
-Давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн онцлог нь юу юм бэ?
-Ийм эрхтэй хүн эрх бүхий байгууллагаас тогтоосон давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг тэргүүн ээлжинд авах. Компанийн хууль, дүрэм болон тухайн төрлийн давуу эрхийн хувьцаа гаргах шийдвэрт заасан асуудлаар хувь нийлүүлэгчдийн хуралд саналын эрхтэй оролцдог. Компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсан орлогоос хуримтлагдсан ногдол ашиг болон эзэмшиж байгаа хувьцааны татан буулгалтын үнийг авахыг давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн эрх гэнэ.
-Иргэд хэрхэн хувьцаа эзэмших юм бэ?
-Хувьцаа эзэмшихийн тулд Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд хувийн данстай нээлгэх хэрэгтэй. Хэрэв та хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хувьцаа худалдан авч эзэмшсэн бол өөрийн анх бүртгүүлсэн брокер дилерийн компанид хандаж дансаа нээлгээрэй. Хэрэв та шинээр данс нээлгэх бол Монголын хөрөнгийн биржийн гишүүн брокер дилерийн компаниудаас өөрийн сонголтоо хийж болно. Дансны хураамж, арилжааны гүйлгээний шимтгэлийн хувь, үйлчилгээний төрөл, байршил, холбоо харилцаа, үйл ажиллагааны тасралтгүй байдал зэргийг иргэд сайтар судалж мэдэж авсан байх ёстой.
-Данс нээлгэхэд ямар баримт, бичиг бүрдүүлэх вэ?
-Та брокер дилерийн компанид данс нээлгэхийн тулд иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримтаа авчрах шаардлагатай. Данс нээлгэж тэр дансандаа хөрөнгө байршуулснаар та үнэт цаасны арилжаанд оролцох эрхтэй боллоо гэсэн үг.
-Хувьцаа худалдаж авахдаа анхаарах зүйл байна уу?
-Байна. Та үнэт цаасны зах зээлийн ханшийн талаарх мэдээлэл, компанийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, ногдол ашиг тарааж байсан эсэх, захиалга биелэх хугацаа, удирдлагын менежмент, салбартаа эзлэх зах зээлийн байр суурь зэргийг харилцагч брокер дилерийн компаниас заавал лавлах хэрэгтэй.
Хэрэв та хувьцаа худалдан авахаар шийдсэн бол өөрийн сонгосон брокер дилерийн компанитай худалдах, худалдан авах захиалгын гэрээг хоёр хувь үйлдэх ба нэг хувь нь танд үлдэнэ. Энэ гэрээ нь харилцагч болон брокер дилерийн компанийн хооронд ямар нэг маргаан гарсан тохиолдолд шийдвэрлэхэд чухал баримт бичиг болдог юм.
-Мэдээж хувьцаа авч байгаа хүн үр өгөөжийг нь харж таарна. Үүний зэрэгцээ бас эрсдэл гарах уу?
-Хэрэв таны худалдан авсан хувьцааны ханш өсвөл үнийн өсөлтийн зөрүүгээс ашиг олох боломжтой. Харин ханш буурвал алдагдал хүлээх болно. Энэ нь хувьцааны хөрөнгө оруулалт өндөр өгөөж буюу ашиг авчрахаас гадна эрсдэлийг дагуулдаг гэсэн үг юм. Иймд сонголтоо зөв хийгээрэй.
-Танай хөрөнгийн биржид бүртгэлтэй брокер дилерийн хэдэн компани үйл ажиллагаа явуулж байгаа бол?
-Өнөөдрийн байдлаар биржид бүртгэлтэй брокер дилерийн 47 компани үйл ажиллагаа явуулж байна. Монголын хөрөнгийн биржийн www.mse.mn цахим хуудаснаас хувьцаатай холбоотой мэдээллийг авах боломжтой.
No comments:
Post a Comment