Тавантолгойн хувьцаа гэдэг "чихэр"-ийг шилний цаанаас "долоож" эхэлснээс хойш дэлхий нарыг бүтэн тойрчихож. Засгийн Газар өнгөрсөн жилийн өдийд "Монгол хүн бүр Тавантолгойн хувьцаа эзэмшинэ” хэмээн зарлаж байсан юм. Дахиад хэдэн жил шилний цаана ард түмэн хүлээх бол гэсэн горьдлого, энэ хооронд хэн нэг нь амандаа үмхчих вий гэсэн болгоомжлол хоёр зэрэгцсэн нэг жил ард үлдэж байна.
"Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшигч болно. Хувьцаа эзэмшинэ гэдэг саятан бүр тэрбумтан ч болгох сайхан эд” гэсэн гоё амлалтад бялуурсан иргэд модтой чихэр хүлхэхээ хүлээж амаа ангайсан хэвээр л байгаа.
Саяхныг хүртэл 550 ширхэг хувьцаа өгнө гэж дуулдаж байсан бол тэр нь 536 болсон гэснээс өөр тоймтой мэдээлэл иргэдийн дунд алга, үнэндээ. Хувьцааны нэрлэсэн үнэ тогтоо ч үгүй, хэр байтугай давуу эрхийн хувьцаа юу энгийн үү гэдэг нь ч маргаантай хэвээр байхад төр иргэдээсээ татаас аваад эхэллээ.
536 ширхэг хувьцааны сураг дуулсан иргэд Хөрөнгийн бирж дээр очиж дугаарлан, хувьцаагаа нэхээд "хэвтчихэв". "Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ, хулхи төр засагт дахиад л хулхидуулахаасаа өмнө гар дээрээ л тэр хувьцаагаа авъя" хэмээн гүрийсэн иргэдийн өөдөөс Хөрөнгийн биржийнхэн "жижигхээн" болзол тавьж байгаа.
"Монгол Улсын иргэн Тавантолгойн хувь хишиг хүртэхийн тулд бүртгүүлэх ёстой, бүртгүүлэхийн тулд тавхан мянган төгрөг төлөх ёстой" гэсэн үгийг Хөрөнгийн бирж хавиас хэлэх болов. Тавантолгойн хувьцаа авахын тулд тавхан мянган төгрөг төлчихөд юу байхав гээд иргэд ч нимгэн түрийвчээ тэмтчих нь мэдээж. Тэрбумтан болгох хувьцааг тиймхэн мөнгөөр авахад юу байхав гэж эндүүрэх нь ч энүүхэнд байна.
Харин цөөхөн хэдэн хүн энэ мөнгөөр яг юу хийх гэж байгаа юм бэ гэсэн асуултыг эмээн байж асуусан ч тоймтой хариу сонссонгүй. "Хөрөнгийн биржид данс нээлгэж байгаа хүн бүр 5000 төгрөг төлдөг журамтай. Брокер дилерийн үйл ажиллагаанд зарцуулна" гэхээс өөр тодорхой зүйл хэлсэнгүй. Бүр зарим нь тавхан мянган төгрөгөн дээр юун сүртэй юм. Төр үнэгүй юм өгч байхад гэж намжирдаж байна.
Ингээд иргэн таны хагас өдрийн цалинг эрхэм хөрөнгийн биржийн найзууд маань юунд зарцуулах гээд байна вэ. Үүнийг иргэд мэдэх эрхтэй, мэдэх ч ёстой.
Тэгээд ч төрөөс иргэдэд өгч байгаа хувьцаа танагдаж болдог хэрнээ төрийн иргэдээс нэхэх төсөвлөөгүй зардал яагаад нэмэгдээд байгааг ойлгохгүй л сууна. Тавантолгойн хувьцаа 550 байснаа яагаад 536 болчихов гэсэн эргэлзээ, асуулт иргэдийн дунд байж л байна. Амласан хувьцаагаа 14-өөр буулгасан юм чинь төр нь иргэддээ данс үнэгүй нээгээд өгчихөж яагаад болохгүй гэж.
Таван мянган төгрөг тансагдуухан хэрэглээтэй айлын талхны үнэд ч хүрэхгүй мөнгө. Харин борогдуу амьдралтай айлын гурван өдрийн хоолны махыг энэ мөнгөөр авч болно. Таваг хоолны мөнгө хүрэхгүй энэ мөнгийг 2,7 сая хүнээс авахаар 13 тэрбум 750 сая төгрөг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл хэдэн сая таваг хоол, хэдэн арван "Лексус" машин худалдаж авч болно. Наад зах нь 30 саяар тооцоход 500 өрхийг орон сууцтай болгох мөнгөөр Хөрөнгийн бирж юу хийх гэж байна вэ. Яагаад тэр зардал 1000, 2000 байж болдоггүй заавал 5000 төгрөг гэж?
Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар гэдэг шиг тавхан мянган төгрөг гээд 2,7 сая иргэнийхээ "тавхан" мянган төгрөгийг нийлүүлж хэн, хаана мөнгө угаах гэж байна вэ.
Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй харилцаж байгаа, цаашдаа ч олон улсын хөрөнгийн зах зээлд рейтинг нь нэмэгдэхээс буурахгүй гэж тодотгож байгаа өнөө үед 13 тэрбум 750 сая төгрөг гэдэг бага мөнгө биш. Үүнийг юунд зарцуулах вэ гэсэн тайлангаа тавьж, багасгах боломж хайж болохгүй гэж үү. Ард түмэнд зориулаад Хөрөнгийн биржийнхэн журмаа өөрчлөн, хураамжаа багасгаж яагаад боддоггүй юм бэ.
Тэгээд ч Хөрөнгийн бирж одоогоор захирлын үүрэг гүйцэтгэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ нөхцөлд бүр ч илүү хяналт, бүр ч олон асуулт ягаан байшингийнхан руу чиглэх ёстой баймаар. Тэргүүн дэд даргынх нь томилгооноос эхлээд харахад Хөрөнгийн бирж нь албан тушаалын бялууны нэг хэсэг гэж ойлгогдохоор байгаа.
Монголын Хөрөнгийн биржийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Алтай хэмээх 29-хөн настай залуу ажиллаж, дэлхийн зах зээлд Монголын нүүр царай болох байгууллагын нэгдүгээр гарын үсгийг зурж байгаа. 30 хүрээгүй залуугийн амжилтад баяр хүргэж бахархмаар боловч нөгөө талдаа хоёрхон жилийн өмнө Ерөнхий сайдын туслах байсан хүн яагаад гэнэт ингэж тодров гэсэн хардлага дагахаас өөр аргагүй.
Уншигчид Х.Алтайг гэхээс илүү түүний аав, Монголын томоохон бизнесмен Хангайг сайн мэднэ. Олон хүн Х.Алтайг Хөрөнгийн биржийн тэргүүн дэд захирлаар томилогдоход бизнесмен аавынх нь нөлөө, Ерөнхий сайдын татаас биз хэмээн харж байсан. Х.Алтай С.Баярыг Ерөнхий сайд байхад шадар туслахаар нь ажиллаж байсан бөгөөд С.Батболдыг тамга гардаж авахад мөн л хэсэг хугацаанд энэ тушаалд байсан юм. Харин Ерөнхий сайдын туслахын ажлаа өгснөөсөө хойш удаа ч үгүй Хөрөнгийн биржийн тэргүүн дэд захирлаар томилогдсон сүйхээтэй нэгэн. Дөнгөж өнгөрсөн оны хоёрдугаар сард шинэ ажилд очсон тэрээр жилийн дотор захирлын үүрэг гүйцэтгэгч боллоо.
Зөвхөн энэ томилгоог харахад л Хөрөнгийн биржийг "сулдаа ганхан жороолуулж" болохгүй нь ойлгомжтой байна. Тэр дундаа ард түмний хараа бүр ч хурц байх ёстой газар.
Энэ мэтээр Хөрөнгийн бирж нь ч хуудуутай, Тавантолгой гэдэг чихэр нь ч цааснаасаа задраагүй байхад төр иргэдээсээ 13 тэрбум төгрөг авах гээд байгаа юм биш үү.
Хэзээ, хэдэн төгрөгөөр борлогдож, хэчнээн Монголчуудыг баяжуулах нь тодорхой болоогүй бүүр түүрхэн дуулдаж байгаа Тавантолгойн үлгэр амар сайхандаа жаргачихвал Хөрөнгийн биржийн ард түмнээс нэхэж байгаа 13 тэрбумыг буцааж өгөх нь ч Мянгуужингийн үлгэр болно биз. Тэгэхээр Хөрөнгийн биржийн толгойд суугаа Х.Алтай тэргүүтнүүд ард түмнээс дуслаар цуглуулах 13.7 тэрбумаар юу л хийх гээд байна даа.
No comments:
Post a Comment