2011/04/19

Хувьцаа эзэмших боломжтой жижиг компанийн дундаж үнэ 1,5 сая болжээ

Хувьцаа эзэмших боломжтой жижиг компанийн дундаж үнэ 1,5 сая болжээ
"Эрдэнэс-Тавантолгой" компанийн ирээдүйг итгэлтэйгээр төсөөлөх эрх бидэнд бий. Борлуулалтын болон олборлолтын шинэ суваг хайх хэрэг бидэнд алга. Хийх зүйл маань ердөө л нүүрсээ олборлоод, гадаад зах зээл дээр нийлүүлэх, түүнээсээ хувь хүртэх. Хувьцааны хувьд ч адилхан.

"Гадаад зах зээл дээр хувьцааг чинь гаргаад өгье" гэж дэлхийн томоохон компаниуд манай улсад ирсэн. "Дотооддоо хувьцаагаа арилжаалахад чинь зайлшгүй шаардлагатай бүтэц, баазыг чинь байгуулж өгье" гэж дэлхийд нэр хүндтэй хөрөнгийн бирж бидэнд хандсан. Үүнтэй холбоотойгоор иргэд хувьцаа эзэмшигч болох нь гэж баахан үймсэн бол одоо аж ахуйн нэгжүүд хувьцаа эзэмшихээр үймж эхэлжээ.

"Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухайд" хэмээх оршилтойгоор УИХ 2010 оны долдугаар сарын 7-ны 39 дүгээр тогтоол баталсан. Тогтоолд "Хувьцааны 10 хувийг 2009 оны зургадугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн, үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү үнээр худалдана" хэмээн тов тодорхой бичсэн байгаа. Товчхондоо хувьцаа худалдан авах боломж нь том групп байна уу, жижиг ТҮЦ байна уу хамаагүй тэнцүү эрхтэй гэсэн үг.

Мэдээж заасан хугацаанаас хойш байгуулагдсан аж ахуйн нэгжүүд хувьцаа худалдан авах боломжгүй. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр "Компани зарна" хэмээх зар олшроод байна. Дурын веб, браузер ашиглан "Компани зарна" хэмээн бичээд хайж болно. Хайлтын үр дүнд гарч ирэх зарыг шүүгээд харвал тухайн компаниуд бүгд 2009 оноос өмнө байгуулагдсан байх вий.

Хэд, хэдэн утас руу залгалаа. Анх 2006 онд байгуулагдсан гэх нэгэн компанийн талаар харилцуурын цаанаас ярилцлаа.

-Танайх ямар ч тайлан гаргаагүй болохоор 2009 оноос өмнө байгуулагдсан ч "Эрдэнэс-Тавантолгой"-н хувьцааг авах боломжгүй юм биш үү?
-Эхний жил л татвар төлсөн. Аялал жуулчлалын компани юм. Тэр хувьцааг чинь авахын тулд сүүлийн нэг жил л татвар төлсөн байхад болох юм билээ. Энэ бол асуудал биш шүү дээ. Татварын байцаагчтай нь яриад л шийдэж болно. Дүүрэг дээр танилтай бол бүр ч амархан бүтээнэ.

-Компаниа яагаад зарах гэж байгаа юм бэ?

-Яах юу байхав дээ. Би өөрөө ажиллуулах боломжгүй болчихсон. Тэгээд ч компани гадуур их үнэтэй байгаа биз дээ. Аж ахуйн нэгжүүдэд олгох хувьцааны талаар сонирхож байгаа бол чи компанийн үнийг судалсан л байлгүй. Би харьцангүй хямдхан 350 мянган төгрөгөөр зарж байгаа юм.

Өөр хэд, хэдэн утас руу залгаж үзлээ. "Манайх "X" тайлан гаргасан болохоор хувьцаа худалдан авахад асуудалгүй. Үнэ нь 1.5 сая" гэх зэрэг хариулт ирж байна. Ямар ч байсан 39 дүгээр тогтоолд заасан шалгуур, үзүүлэлтийг хангаад, элдэв асуудалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан компаниудын үнэ нэлээд өндөр байна. Ойролцоогоор 1-2 сая төгрөг дундаж үнэ ч байж мэднэ.

Дээрх асуудлаар Төрийн өмчийн хорооны мэргэжилтэн, Монголын хөрөнгийн биржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чинзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-Компани зарна гэсэн зар сүүлийн үед нэлээд харагдах боллоо. Энэ нь "Эрдэнэс-Тавантолгой"-н хувьцааг олгохтой холбоотой бололтой?
-Харин одоо компани зарах нь багассан юм биш үү. Ерөнхий сайд ч хэлсэн шүү дээ. "Ийм замбараагүй зүйл байж болохгүй. Төр хувь хишгээ тодорхой хэмжээнд хүртээж, үндэсний үйлдвэрлэл, аж ахуй нэгжүүдээ дэмжиж үйл ажиллагаанд нь шинэ боломж, шинэ санхүүгийн эх үүсвэртэй болгоё гэж байхад компани худалдаж авах нь буруу. Мөн аж ахуй нэгжүүдийг худалдаж, зарж байгааг судалж, дүгнэлт хий" гэж хэлсэн.

-Танайхаас үүн дээр ямар зохицуулалт хийх вэ?
-Төрийн өмчийн хороонд яг энэ асуудлыг дагнан ажиллах боломж, үүрэг байхгүй. Гэхдээ бид судалж байна.

-Заруудаас харахад өнөөдөр ч гэсэн "Компани зарна" гээд зар байсан?

-Компаниудыг зарах, худалдан авахад асуудал өгч болохгүй. Бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор ийм зүйл хийж байхыг үгүйсгэхгүй.

-Ер нь үндэсний компаниуд олон охин компанитай болоод хувьцааг чадлынхаа хэрээр худалдаж авахад болохгүй зүйл бий гэж үү. Яахав зарим нэг компани дээр олон хувьцаа төвлөрнө л биз?

-Ажлын хэсэг энэ тал дээр судлаад, дүгнэлтээ гаргаад ажиллаж байгаа. Сайн, муу талыг нь дүгнэж цэгнэх хараахан болоогүй байна.

Ямар ч байсан компаниудыг том, жижгээр нь ялгалгүйгээр бүгдэд нь хувьцааг тэнцүү тоогоор худалдах болсон нь компанийн худалдаа газар авахад хүргээд байгаа бололтой. Албаныхны тайлбараар нэрлэсэн үнээр хувьцаа худалдан авах компанийн болзлыг дахин нарийвчилж, шалгуур тогтоож магадгүй гэсэн. Гэхдээ нэгэнт нэрлэсэн үнэ тогтсон даруйд компаниуд хувьцаа авахаар дараалалд зогсвол зохицуулалт нь ямар байхыг тааж хэлэх боломж алга.

Харин бизнес эрхлэгчдийн хэлж буйгаар "Чадалтай томоохон компаниуд хувьцаа худалдаж авлаа гээд хувьцааны төвлөрөл болохгүй. Тэд хэрвээ авахаа хүрвэл жижиг компаниудыг санхүүжүүлж байгаад хувьдаа худалдан авч, дараа нь бирж дээрээс ямар нэгэн аргаар авахаа мэдэх байлгүй" хэмээж байсан.

Тэгэхээр одоохондоо юу болохыг ажиглаж суухаас өөр яах билээ. Угаасаа компани худалдан авах, худалдахыг хориглох ямар ч хуульзүйн үндэслэл байхгүй. Дээр нь Компанийн тухай хуулийн дагуу компанийн удирдлагын нэр өөрчлөгдөхөд ямар ч асуудал байхгүй аж.

No comments:

Post a Comment