1990-ээд онд цэнхэр, ягаан тасалбарын үр шимийг Монголын ард түмэн амсаагүй. Энэ нь ердөө л тэд хөрөнгийн бирж, брокер, диллерийн компанийн талаар мэдлэггүйгээс шалтгаалсан байдаг. Өдгөө ч энэ талаар төдийлөн мэдлэггүй байгаа нь нууц биш. Энэхүү сиймхийг нь ашиглаж, иргэдийн тархийг угаахаар бүгд л хөрөнгийн зах зээлийн талаар сургалт зохион байгуулах болжээ. Аль нь үнэн ярьж байгаа нь үл мэдэгдэх олон компани иргэдийг бухимдуулах болсон гэнэ.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 27.3.2-т заасны дагуу брокер, диллерийн компани нь "харилцагчийн мөнгөн хөрөнгө, үнэт цаасыг зөвхөн тэдний захиалга зөвшөөрлөөр арилжаанд оруулах" үүрэгтэй. Гэхдээ энэхүү үүргээсээ гажиж хувьцаа эзэмшигч иргэдийн өмчлөлд байсан хувьцааг зөвшөөрөлгүйгээр арилжаанд оруулж, гаргах зөрчил багагүй гардаг байна. Мөн хэдхэн сар үйл ажиллагаа явуулж байгаад дампуурах тохиолдол ч цөөнгүй аж.
Иргэн та "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигч болсон тул яалт ч үгүй брокер, диллерийн пүүстэй холбоо тогтоох шаардлага тулгарна. Учир нь та Хөрөнгийн бирж, "Төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв", Санхүүгийн зохицуулах хороотой харьцахын тулд заавал өөрийн сонгосон брокерийн пүүсээр дамжуулна. Өөрөөр хэлбэл, Хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд иргэд хувиараа оролцох ямар ч боломжгүй. Нэг үгээр та хувьцаагаа арилжих уу, худалдаж авах уу гэдэг саналаа брокерийн пүүсээрээ дамжуулна.
Харин “Төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" нь зөвхөн таны нэр дээр данс нээнэ. Харилцагч хүлээн авдаггүй учраас мөн л брокерын пүүс таныг зуучилна. Нэг үгээр таны үнэнч туслах байх ёстой. Иймээс туслахаа зөв сонгохгүй бол мэдээж алдагдалд ордог зарчим үйлчилдэгийг санах хэрэгтэй. Иргэн танд зөвлөхөд, та брокерийн пүүсээ сонгохдоо хэдэн жил үйл ажиллагаа явуулж байгаа, Хөрөнгийн бирж дээрх туршлага зэрэг наад захын зүйлийг нь сайтар нягтлаарай.
No comments:
Post a Comment