2011/04/08

Монгол хүн бүр хувьцааны үр шимийг хүртэнэ

Монгол хүн бүр хувьцааны үр шимийг хүртэнэ
Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар Лондонгийн хөрөнгийн биржтэй байгуулсан гэрээ болон Тавантолгойн хувьцааны талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ЗАХИРЛААР МОНГОЛ ХҮН АЖИЛЛАНА

-Монголын хөрөнгийн бирж хэзээ шинэ шатанд гарах вэ?

-Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гарын үсэг зурснаар Монголын хөрөнгийн бирж дэлхийн зах зээлд орно гэсэн үг. Хамтын ажиллагааны хүрээнд 10 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, МХБ-ийн бүх техник технологийг шинэчилж дэлхийтэй хамтран ажиллах бололцоо бүрдэх юм. Лондон, Торонто зэрэг хөрөнгийн биржтэй эдийн засгийн хувьд 24 цагийн хэлхээтэй болно. Өнөөдөр гарын үсэг зурчихаад маргааш үр дүн хүлээж болохгүй. Хоёр жилийн хугацаанд тодорхой график, төлөвлөгөөгөөр ажиллана.

Энэ ажлыг хийж дууссаны дараа Монголын хөрөнгийн бирж дэлхийд энэ тэнцүү болох юм. Монголчууд өөрсдөө хийж болоогүй юм уу гэж асуудаг. Нэгдүгээрт бид энэ чиглэлээр туршлага муутай байсан. Хоёрдугаарт, Лондонгийн хөрөнгийн биржийн технологи, дүрэм журам, сахилга бат, боловсон хүчин энд байна гэж дэлхий нийт ойлгох юм бол Монголын хөрөнгийн биржид итгэх итгэл цоо шинэ түвшинд гарах юм.

-Лондонгийн багийнхны цалин хөлсийг хэрхэх вэ?
-Зах зээлийн харилцааны нөхцөлд зүгээр юм хийж өгөх хүн нэг ч байхгүй. Тийм учраас Лондонгийн хөрөнгийн биржийн баг ажил хийснийхээ төлөө мөнгө авах ёстой. Энэ мөнгийг төсвөөс гаргах уу, зээлэх үү гэдэг хоёр л асуудал байгаа. Монголын арилжааны банкууд хамтраад дундын зээл олгож байна. Энэ мөнгийг Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа өргөжөөд, олон улсын хувьцаа манайд эргэлдэж хөрөнгө мөнгөтэй . болоод ирэхээр эргүүлж төлөх юм. Гурван жилийн дотор буцааж өгнө.

-Хөрөнгийн биржийн даргаар Лондонгийн талаас хүн тавина гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Эхний нэг жил Лондонгийн талаас дарга тавиад хоёр дахь жилээс манай хүн захирал болж, нөгөө талаас сонгогдсон захирал зөвлөх болоод явах байсан юм. Гэхдээ ард түмэн яахаараа хамаг юмаа гадныхнаар удирдуулдаг юм хэмээн шүүмжлэлтэй хандсан, нөгөөтэйгүүр манайд чадварлаг залуус олон байна. Иймээс Монголын хөрөнгийн биржийн захирлаар монгол хүн ажиллана гэж ойлгох хэрэгтэй. ТУЗ-д Лондонгийн хөрөнгийн биржээс хүн орно.

ИРГЭН ХОЁР ТӨРЛИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИНЭ

-Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 2.5 сая иргэнд хувьцаа өгөхөөр болжээ. Тэгвэл дараа дараагийн хүмүүст хувьцаа хэрхэн хүрэх юм бэ?
-"Эрдэнэс Тавантолгой" бол бүх хувьцаа нь энгийн хувьцаанд хуваагддаг дэлхийн сонгодог компани юм. Яагаад сонгодог утгаар нь зохион байгуулсан юм гэвэл тус компанийг зөв удирдаад явбал дэлхийд эхний 10-т орох том компани болох бололцоотой. Энэ оны нэгдүгээр улирлаас өмнө төрсөн, бүртгэгдсэн хүмүүс 536 хувьцаагаа эзэмшиж, бүрэн хамрагдаад дууссан. Үүнээс хойш Засгийн газраас бололцоог нь олгоод өгөхөөр зэрэг одоо бидний эзэмшиж байгаа 536 хувьцаагаа зарж, борлуулах боломж ирээдүйд нээгдэнэ. Дээр нь бид шинээр хувьцаа худалдан авч болно.

Тэгвэл зайлшгүй энэ оны гуравдугаар сарын 31-нээс хойш төрсөн иргэн яах юм гэсэн асуудал гарна. Үүнийг Засгийн газар бүрэн утгаар нь бодсон. Уг асуудлыг одоо хэлэлцэж байгаа. Дараагийн хоногт шийдэгдэнэ гэсэн итгэлтэй байна. Үүнийг Төрийн өмчийн хорооноос боловсруулж оруулсан юм. Энэ талаар ерөнхий ойлголт хүргэе. Гэхдээ шийдчихсэн зүйл биш шүү.

Түрүүн "Эрдэнэс Таван-толгой"-н талаар ярьсан. Одоо "Эрдэнэс МГЛ" гэдэг "Эрдэнэс Тавантолгой"-гоос том компанийн талаар ярьж байна. Яагаад гэвэл "Эрдэнэс МГЛ" гэдэг компанийн активт "Эрдэнэс Тавантолгой" компанийн 51, Оюутолгойн 34 хувь, ирээдүйд Багануурын 75, Шивээ-Овоогийн 90 хувь, цааш нь хэлэлцээр явагдаад төрийн эзэмших хувь тодорхой болсны дараа стратегийн ач холбогдолтой 15 орд цувраад орж ирэх юм. Энэ бол их баян компани гэсэн үг шүү дээ.

Энэ баян компани өөрийн мэдлийн энгийн 100 мянган ширхэг хувьцаатай. Дээр нэрлэсэн компаниудын олсон ашгийн ногдол ашиг "Эрдэнэс МГЛ" дээр төвлөрөх юм. Энд их хэмжээний мөнгө төвлөрнө шүү дээ. Уг төвлөрсөн мөнгийг УИХ хэлэлцээд жил бүр хэдийг нь хөгжил, төсөв, иргэдэд хуваарилах талаар шийдвэрлэж байх болно. Тийм учраас Монгол Улсын ирээдүйн иргэд хорвоогийн жам ёсоор нас барсан, иргэншлээ өөрчилсөн нь хасагдаад шинээр төрсөн нь нэмэгдээд явахад тэр болгонд хувьцаа хуваарилагдаж байх юм. Тэгэхээр давуу эрхийн хувьцаа гэдэг бол энгийн хувьцаа 100 мянга гэсэн үг. Дээр нь бидний одоогийн төлөвлөж байгаагаар давуу эрхтэй гурван сая хувьцаа гаргана. Энэ бол 2.8 сая хунд хүрэлцээтэй. Нэг нэгийг өгнө. Цаана нь 200 мянган хувьцаа бэлэн үлдэж байгаа биз. Үүнийг шинээр төрөх хүмүүст нэмээд олгоод байна. Тэрнээс цааш Монголын хүн гурван саяас их болоод ирэхээр тухай бүрт нь хэлэлцээд хувьцаагаа гаргаад явах юм. Өөрөөр хэлбэл, Хүний хөгжил сангийн дэвтэр дээр хоёр хувьцаа тэмдэглэгдэх болно. Нэг нь "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаа, нөгөөх нь "Эрдэнэс МГЛ"-ынх байх юм.

-Эдгээр хувьцааг үр хүүхдэдээ өвлүүлж болох уу?
-"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааны хувьд эрх нь нээгдчихээр бэлэглэж, өвлүүлж болно. "Эрдэнэс МГЛ"-ын хувьд тэгэхгүй. Иргэний бүртгэлээр хасагдсан нь хасагдаад нэмэгдэх нь нэмэгдэж хөдөлгөөнд ороод явах ялгаатай шүү. Хоёр зарчмын ялгаатай хувьцаа ярьж байна.

-Үндэсний аж ахуй нэгжүүдэд хувьцаа борлуулахтай холбоотойгоор жижиг компаниудыг худалдаж авах үйл явц олширлоо. Энэ нь цөөн компани дээр хувьцаа төвлөрөх эрсдэл үүсгэж байна. Үүнийг хэрхэх вэ?
-Хувьцаа авах эрхтэй 53 мянган аж ахуй нэгж жагсаалтад орсон байгаа. Эдгээрийн 65 хувийнх нь жилийн борлуулалтын орлого 10 сая төгрөг хүрэхгүй байна. Тэгэхээр ашиг нь хэд байх нь ойлгомжтой. Ихэнх нь орлогогүй тайлан гаргасан байна. Энэ аж ахуй нэгжүүд орлогогүй юм бол 28 мянган хувьцаагаа худалдаж авч чадахгүй. Тэгэхээр том компаниуд нь худалдаж авах замаар зах зээл дээр хувьцаа хэт төвлөрөх асуудал үүсчих гээд байгаа юм. Дараагийн нэг болгоомжлол нь бол нийгмийн шударга ёстой холбогдсон шүүмжлэл юм. Би насаараа төрд ажилласан. Үүний хариуд надад 536 ширхэг хувьцаа л оногдоно. Гэтэл хэн нь ч мэдэгдэхгүй нэг нөхөр цагт нь тайлан гаргадаг ч ажлын байр ч байхгүй нэг компанитай. Тэгээд үүгээрээ 28 мянган ширхэг хувьцаа авах гэж байна. Яахаараа ийм шударга бус байх ёстой юм гэсэн шүүмжлэл юм. Тэгэхээр энэ бүгдийг олон талаас нь судалж дүгнэлт гаргаж байж шийдэхээр хувьцааны нэрлэсэн үнийг ч хойшлуулсан. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхээр төр засаг хуралдаж байна. Гэхдээ компаниудад хувьцаа өгөхгүй гэсэн үг биш шүү.

No comments:

Post a Comment