2011/04/20

Тавантолгой, Ухаахудагаас Хятад руу нүүрс тээвэрлэх замыг хаалаа

Тавантолгой, Ухаахудагаас Хятад руу нүүрс тээвэрлэх замыг хаалаа
Ухаахудаг, Тавантолгойгоос Гашуунсухайт хуртэлх 245 км замыг өнөөдрөөс хааж байгаа аж. Энэ замаар  өдөрт 400 гаруй машин БНХАУ руу нүүрс зөөдөг.

Тус нүүрсний урсгалыг хаах болсон шалтгаан нь замын чанар муудсантай холбоотой аж. Чанаргүй замаас болж өнгөрсөн хугацаанд зам тээврийн осол 31 удаа гарч, 23 иргэн амиа алдсаны 20 нь Монголын иргэн байсан байна.

Тээвэрлэлтийн журмаараа бол энэхүү замд дээд тал нь зургаан тэнхлэгтэй, 44 тоннын даацтай машин явуулах ёстой ч иргэд ашиг орлогоо бодоод 120 тонн хүртэл ачаа ачдаг байжээ. Иймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Авто тээврийн газар, Замын цагдаагийн газар хамтарч замыг хаах арга хэмжээг авчээ.

Хаасан замын оронд наймдугаар сарын сүүлчээр стандартад нийцсэн, есөн метр өргөн, хатуу хучилттай, 120 тоннын даацтай, гуравдугаар зэргийн шинэ зам ашиглалтад орох юм байна. Тэр хүртэл энэ замыг нээхгүй аж.

Түүнчлэн  нүүрс зөөдөг машинуудаас болж тус бүс нутагт  нүүрсэн зам татаж хөрс нь ихээхэн бохирдон ойр хавийн айлууд нь нүүхэд хүрээд байгаа. Тиймээс замаас болж сүйдсэн байгалийг нөхөн сэргээх ажлыг хийлгэхээр МХЕГ-аас Ажлын хэсэг гаргасан байна.

1 comment:

  1. http://mixx.mn/ блогоо илүү олон хүнд хүргэх боломжийг олгож байна. жишээ болгон таны энэ бичлэгийг орууллаа. http://mixx.mn/story/v/8713 блогийнхоо хандалтаас манай сайтаар дамжиж хэчнээн хүнд хүрсэнийг шалгаж үзээрэй

    ReplyDelete