Засгийн газраас шийдвэр гаргахдаа 2010 оны зургадугаар сарын 1-нээс өмнө улсад бүртгэгдсэн, татвараа төлдөг аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 10 хувийг арилжихаар болсон. Нэг аж ахуйн нэгжид ойролцоогоор 28 мянга орчим нэгж хувьцаа оногдож байгаа. Хувьцааны нэрлэсэн ханш 300-1000 төгрөг байна хэмээн ТӨХ-ны дарга мэдэгдсэн.
Гэхдээ энэ үнэ цаашид улам өсөх нь дамжиггүй юм. Ялангуяа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр гарсны дараа жинхэнэ бодит үнэлгээ нь тодорхой болно гэж Засгийн газрын албаны эх сурвалжууд мэдэгдэж байгаа. Харин нөгөө талд бизнесмэнүүд өндөр өсөлттэй хувьцааг худалдан авах боломжийг алдахыг хүсэхгүй нь мэдээж.
Тийм ч учраас аль болох нэр дээрээ олон компани бүртгүүлж, ахиуханыг худалдан авахаар зэхэж буй гэнэ. Бүр нэг компанийн доод үнэлгээ 500 мянган төгрөг гэнэ шүү. Мэдээж, компаниа зарж байгаа нөхдүүд ашиг орлого багатай, эсвэл бүр дампуурлын ирмэг дээр ирсэн эзэд байж таарна. Тийм компани улсад татвар төлсөн байх нь ховор шүү дээ. Тэгвэл компани худалдан авагч эзэд тус компанийн татварын өрийг ар өврийн хаалгаараа дамжуулаад хөнгөхөн дарчихдаг гэнэ.
Тэгээд компанийн нэр, гэрчилгээ, тамга тэмдгийг өндрөөр үнэлэн худалдаж авна. Мэдээж, дампуурах шахсан компанийг сэргээн авч явах гэсэн оролдлого биш л дээ. Ердөө нэрийг нь л ашиглаж, Тавантолгойн хувьцаанаас ахиухан худалдан авахыг зорьж байгаа биз. Зах зээлийн жамаараа өрсөлдөөд, хувьцааг нь худалдан авч байвал хамаагүй л дээ.
Гагцхүү шударга бус өрсөлдөөн явуулж, нэг хүний гарт ихэнх хувьцааг төвлөрүүлж болохгүй байх. Гэхдээ сүйхээтэй бизнесмэнүүд одооноос Тавантолгойн хувьцааны арилжаанд оролцохоор бэлтгэж байна. Тэд болж өгвөл дотоодын зах зээлд гаргасан 1.5 тэрбум ширхэг хувьцааг бүгдийг худалдан авахыг санаархаж буй биз. Түүнийхээ тулд нэр дээрээ аль болох олон компанитай болох гэж оролдож байна.
Дампуурах шахсан, эсвэл албан бусаар дампуурчихсан компаниудын эзэд үг дуугүй л тамга тэмдгээ зарчихаж байгаа бололтой. Бүр татварынх нь өрийг хүртэл аятайхан шиг аргалаад, холбогдох хүнд нь мөнгө сэлт өгч байгаа сураг байдаг шүү. Ойрын эх сурвалжийн өгүүлснээр тухайн компанийг өргүй хэмээх бүртгэлтэй болгоход ойролцоогоор 100 орчим мянган төгрөгийг л зарцуулдаг бололтой.
Монголын бизнесмэнүүд дэндүү сүйхээтэй, сэргэлэн болсны шинж үү, эсвэл цөөн хэдэн олигархиудын далд үйлдэл үү, мэдэхгүй юм. Ямар ч байсан бизнесмэнүүд компанийн нэр худалдан авахаар “шуурч” эхэлжээ. “Би ч гэсэн компани худалдаж авна аа…”
No comments:
Post a Comment