2011/04/04

Хятадууд Тавантолгойн хувьцаанд санаархаж эхэллээ

Хятадууд Тавантолгойн хувьцаанд санаархаж эхэллээ
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн сарын 31-нд Тавантолгойн нүүрсний уурхайн хувьцааг 2.8 сая орчим иргэддээ тараах шийдвэрийг баталсан билээ. Тус шийдвэрийн дагуу иргэн бүрт 536 ширхэг хувьцаа ногдож байгаа юм. 

Засгийн газар үүнийг баталсан нь Монгол Улсын түүхэнд тодоор тэмдэглэн үлдлээ. Эл асуудал дэлхийн хэмжээнд яригдаж байна. Тухайлбал, “Блүүмберг” телевизээр “Монгол Улсын Засгийн газар иргэддээ их хэмжээний хувьцаа олгохоор болсон нь сонин жигтэй шийдвэр байлаа. Африкийн Конго, Нигер улс ийм хувьцаа тарааж байсан ч амжилт олоогүй юм” гэжээ. 

Гэхдээ АНУ-ын шинжээчид Африк болон Монголын нөхцөл байдлыг өөр болохыг тэм дэглэсэн байна. Тэдний үзэж буйгаар Монголд салан тусгаарлах үзэлтнүүд байдаггүй нь уул уурхайгаа чөлөөтэй ашиглах боломжийг нь бүрдүүлдэг гэнэ. Харин урд хөршийн “News.cn” сайтад өгүүлснээр манай эрх баригчид Тавантолгойн хувьцааг иргэддээ тараах шийдвэрийг эцэслэн баталсан нь Хятадын сайтын зочдын ярианы гол сэдэв болжээ. 

Өөрөөр хэлбэл, тэд Тавантолгойн хувьцаанд ихээхэн ач холбогдол өгч байгаа гэсэн үг аж. Тус сайтад нэгэн шинжээч “Энэ бол тийм ч сонин үйл явдал биш. 10 гаруй жилийн өмнө ОХУ хувьцаа тарааж байсан. Үр дүн нь тийм ч сайн биш байсан” гэжээ.

Тус сайтад сэтгэгдлээ үлдээгчдийн дийлэнх нь манай улсад хэрхэн амьдрах талаар бие биенээсээ асуусан байна. Мөн Монгол Улсад хамаатан садан нь байдаг эсэх, бизнесийн орчин, амьдралын хэв маяг нь ямар байдаг талаар судалж эхэлсэн гэнэ. Бүр цагаачилж ирсэн гадаадын иргэдэд Тавантолгойн хувьцааг олгох талаар нэлээд яригджээ. 

Үүний сацуу Монголд компанитай хятад иргэдтэй хэрхэн холбоо тогтоох, Монгол компанийг хэрхэн худалдаж авах, ямар үнэтэй байгааг нь сураглах хүн олширсон байна. Тавантолгойн хувьцааг өнгөрсөн Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдсан иргэдэд олгоно хэмээх тогтоол бий. Үүнд хятад гаралтай Монгол иргэд, Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани багтаж байгаа юм. 

Дашрамд дуулгахад, Нигерийн засгийн газар 1997 онд стратегийн ордынхоо хувьцааг иргэддээ тараасан. Ингэхдээ тус улсын иргэн болсон гадаад гаралтай иргэдэд нэгэн шаардлага тавьж байжээ. Энэ нь тус улсын иргэн болоод 15 ба түүнээс олон жил ажиллаж, амьдарсан байх гэсэн шаардлагыг эрх баригчид тавьж байсан аж. 

Гэвч үүний хэрэгжилт тун тааруу байсан түүхтэй. Мөн гадаадын хөрөнгөтнүүд иргэдээс хувьцааг нь өндөр үнээр худалдаж авснаар стратегийн ордын дийлэнх хувьцаа нь гадны мэдэлд шилжсэн байдаг

No comments:

Post a Comment