2011/04/22

Тээврийн замыг хааснаар Монголын салбарын эдийн засаг “хаагдав”

Тээврийн замыг хааснаар Монголын салбарын эдийн засаг “хаагдав”
Тавантолгойн бүсэд үйл ажиллагаа явуулдаг компаниудын тээвэрлэлт хийдэг замыг хаах шийдвэр гаргасантай холбоотойгоор Хонконгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-ын /MMC/ хувьцаа унаж эхэлжээ. Зам хаасан тухай мэдээлэл цацагдсаны маргааш нь Тавантолгойн Ухаахудагт үйл ажиллагаа явуулж буй MMC-ын хувьцааны ханш үдээс өмнөх арилжаагаар өмнөх өдрийн хаалтын дүнгээс 7 хувиар унаж, 8.86 хонконг доллар болж суларсан байв. 

Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх шороон замаар нүүрс тээвэрлэхийг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн зогсоох шийдвэрийг Авто тээврийн газар гаргажээ. Өнөөг хүртэл Тавантолгойн бүсийн уурхайгаас 120 хүртэлх тонн нүүрс ачсан ачааны машины цуваа ердөө 44 тонны даацтай шороон замаар явж иржээ. Уг замаар тээвэрлэлт хийхийг зогсоох үүргийг өмнө нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга холбогдох байгуулагын удирдлагад өгсөн байна. Албаныхны тайлбарлаж буйгаар “Энержи ресурс” компанийн Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай 245 км үргэлжлэх замыг наймдугаар сар гэхэд ашиглалтад оруулах ажээ.

Гуравдугаар сарын байдлаар “Энержи ресурс” компанийн барьж буй жилд 18 сая тонн ачаа тээвэрлэх даацтай энэхүү замын ажлын гүйцэтгэл 65 хувьтай байжээ. Гэвч энэхүү замыг ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд Монголын эдийн засагт үлэмж хэмжээний алдагдал учрахаар байна. Тавантолгойн бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Энержи ресурс” буюу MMC, мөн Тавантолгой компанийн нүүрсний экспорт уг шийдвэртэй холбоотойгоор үндсэндээ зогсоход хүрч байгаа юм. Монголын нүүрсний экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг гол таван компанийн хоёрынх нь экспорт гурван сар, магадгүй үүнээс ч илүү хугацаагаар тасарч байгаа юм.  

Өөрөөр хэлбэл Өмнөговийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй SouthGobi Sands, “Монголын Алт” компанид уг шийдвэр нөлөөлөхгүй ч гол үүрэгтэй нөгөө хэсгийнх нь худалдаанд ноцтой нөлөөлж буй нь Монголын эдийн засгийн гол түүхий эдийн экспортыг хаасан хэрэг болж байна. 2010 онд манай улс нүүрсний экспортоос 800 гаруй сая ам.доллар олжээ. 2011 оны нүүрсний экспорт өдгөө 280 гаруй сая ам.долларт хүрээд буй бөгөөд энэ жил нүүрсний экспортоос сард 82 сая доллар, өдөрт 2.73 сая доллар олох тооцоог “Frontier Securities” гаргажээ. 

Гэвч гол олборлогч Тавантолгой, коксжих нүүрсний MMC-ын үйл ажиллагааны саатал нь дээрх төлөвлөгөөний 30-40 хувийг зам ашиглалтад орох хүртэл танаж байгаа юм. Өмнөх онд 3.92 сая тонн нүүрс экспортолсон MMC энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар 0.725 сая тонн нүүрс экспортолжээ. Тус компани энэ жил 7 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байгаа юм. Тавантолгой компанийн хувьд өнгөрсөн жил 5.1 сая тонн нүүрс олборлосон тухайгаа мэдээлсэн бөгөөд уг шийдвэр нь тэдний олборлолт, бүтээгдэхүүн, худалдаанд сөргөөр нөлөөлөх тухай мэдэгджээ.  

Энэ тухайд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт:
Өмнөговиос нүүрсний тээвэрлэлт явуулж байгаа замыг хаах шийдвэрийг өмнө нь бид хэд, хэдэн удаа тавьж байсан. Хааж ч үзсэн, хаагаад холбогдох стандартынх нь дагуу барьсан авто зам барих ажил эрчимтэй явж байна. Авто зам ашиглалт оронгуут тээвэрлэлт эхэлнэ. Авто замын газраас энэ удаад ямар шалтгаанаар тээвэрлэлтийг хаасан бэ гэдгийг бид албан ёсоор тодруулна.

Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга: 
Замаа тавиад тээвэрлэлтээ хий гэсэн шаардлага тавьсан, тэд мөнгөтэй учраас ухамсараараа ойлгох ёстой. Орлого олж байгаа бол орон нутагт нь дэд бүтэц байгуулахад хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагууд газар дээр нь хяналт тавих ёстой. Бид зам хаасан шийдвэртээ бат зогсоно.

Тухайн хэсэгт дэд бүтэц барих нь зайлшгүй ч дэд бүтцийн ажил төлөвлөгөөний дагуу явж буй. Харин уг шийдвэр хэрэгжсэнээр зам барьж компанийн төлөвлөгөө төдийгүй, Монголын эдийн засгийн төлөвлөгөө эргэлзээтэй болж байна. Зам удахгүй ашиглалтад орно, харин нүүрсний экспортын хамгийн чухал үед тээвэрлэлт хаагдлаа. 

No comments:

Post a Comment