2011/04/07

”Эрдэнэс тавантолгой”- н хувьцаа стратегид нөлөөлөх үү

Монгол Улсын Засгийн газраас хэрэг­жүүлж буй Тавантолгойн төсөл дэлхийн онцлох сэдэв болоод байна. Энэхүү төслийг Монголын төр хэрхэн хэрэгжүүлэхийг  зөвхөн монголчууд гэлтгүй гадаадынхан ихэд сонирхож буй.  Таван­толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруу­лах үүднээс “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани байгуулсан бөгөөд уг компанийн  нийт хувьцааны 10 хувийг иргэ­дэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас гаргасан.  2011 оны гуравдугаар сарын 31-нээс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүрт нийтдээ 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэм­шүүлэх, үүний дээр нэмж нэг ширхэг давуу эрхийн хувьцаа бэлэглэж болох талаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ярилцжээ. Өөрөөр хэлбэл, 536+1 байж болох юм гэсэн хувилбарыг эрх баригчид хэлэлцсэн ч энэ  нь эцэслэн шийдэгдээгүй байна.

“Монгол Улсын Засгийн газар иргэддээ их хэмжээний хувьцаа олгохоор болсон нь сонин жигтэй шийдвэр байлаа. Африкийн Конго, Ни­гер улс ийм хувьцаа тарааж байсан ч амжилт олоогүй юм”  хэмээн  “Блүүмберг” мэдээлж буй.   Нигерийн Засгийн газар 1997 онд стратегийн ордынхоо хувьцааг иргэддээ  тараасан бөгөөд гадаадын хөрөнгөтнүүд иргэдээс хувьцааг нь өндөр үнээр худалдаж авснаар стратегийн ордын дийлэнх хувьцаа нь үндэснийхнээс хальж, харийнхны мэдэлд шилжсэн тохиолдол гарс­ныг сануулжээ.

 “Блүүмберг”-ээс Монголд амьдарч буй гадаадынханд хувьцаа ноогдох уу, ялангуяа Монголд суурьшилтай харийнханд хамаа­ралтай юу гэсэн сониучхан асуултыг  мөн тавиад орхисон байна.
Тавантолгойгоос оногдсон 536 ширхэг хувь­цаагаа арилжиж, худалдаж, өвлөж болох­гүй нь гэсэн бодол олон нийтэд төрөөд байгаа.  Иргэд 536 ширхэг хувьцаагаа эзэмшсэний дараа олон улсын хөрөнгийн зах зээлд Тавантолгойн хувьцааг гарган арилжаалах хүртэлх хугацаанд хувьцаагаа зарж борлуулж болохгүй. Нэг ширхэг хувьцааны үнэ хэдэн төгрөг байх вэ гэдэг нь олон улсын хөрөнгийн зах зээлд “Эрдэнэс Тавантолгой” -н хувьцааг арилжиж эхлэхээр тодорхой болох бөгөөд энэ тохиолдолд хувьцаагаа худалдана уу, хадгална уу гэдэг нь таны хэрэг болно.  Харин дээрх асуудал цэгцрээгүй байхад иргэд наана нь гадаадынханд хувьцаагаа хямдхан арилжаалахаас сэргийлсэн арга зам аж.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас бүрт­гэлтэй аж ахуйн нэгжүүдэд олгох тухай  зарла­лыг Засгийн газраас аль эрт олон нийтэд уламжилсан.  Гэхдээ тус компанийн нэрлэсэн хувьцааны  10 хувийг хэрхэн ямар замаар, яаж аж ахуйн нэгжүүдэд олгох төрийн шийдвэр хараахан гараагүй байна.
Аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантол­гойн” хувьцааг олгохоор болсон нь компа­нийн эрэлт хэрэгцээг ихэсгэх  болжээ. Өөрөөр хэлбэл, Монголын компанийг сонирхох, худалдан авах сонирхол харийнхан болоод үндэсний хөрөнгөтнүүдэд  байгаа юм.  Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр  аж ахуйн нэгж, компани худалдан авах тухай зар мэр сэр үзэгдэх болсон.  Үүнтэй холбоотойгоор Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын компаниуд хувьцаа хүртэх боломжтой эсэх талаар гадаадынхан сонирхож эхэлжээ.
 Монгол Улсын аж ахуйн нэгж, байгуул­лагын регистрийн санд өнгөрсөн оны байдлаар 72.9 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Гэвч тэдгээрийн 55.6 хувь нь л үйл ажиллагаа явуулдаг  гэсэн судалгаа бий. Үүнийг баталгаа­жуулах, мөн Тавантолгойн хувьцааг хэчнээн аж ахуйн нэгжид олгох талаарх аж ахуйн нэгжийн тооллогыг Засгийн газраас эхлүүлээд буй. 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө бүртгэгдсэн, татвараа цаг хугацаанд нь төлдөг, элдэв “но”-гүй аж ахуйн нэгжүүдэд Тавантолгойн үр шимээс хүртэх заалттай.
Ерөнхий сайдын зүгээс аж ахуйн нэгжүүд хувийн сонирхолдоо автан компани худалдан авч байгааг буруушааж,  Засгийн газрын арга хэм­жээ зөвхөн бодит шийдлүүдэд үндэслэнэ гэдгийг ч онцлоод буй. Тиймээс үндэсний аж ахуйн нэгжийн тоог  баталгаажуулах, нэгж хувьцааны нэрлэсэн үнийг хэдээр тогтоож, аж ахуйн нэгжүүдэд арилжаалах вэ зэрэг ажил тодорхой үе шаттай хэрэгжих бололтой. Үүний  тулд  Засгийн газарт цаг хугацаа хэрэгтэй бөгөөд иргэн бүрт хувь­цаа олгосны дараа аж ахуйн нэгжүүдэд хувьцаа олгох ажлыг эхлүүлэх аж. “Эрдэнэс Тавантолгойн” хувьцаанаас аж ахуйн нэгжүү­дэд тодорхой хэсгийг олгох болсон нь тат­варын албаныханд ачаалал үүсгэсэн гэнэ. Урьд өмнөх татвараа төлөөгүй  нөх­дүүд гэнэт сэхээрч, иргэнийхээ үүргийг биелүүлэхээр уриа­лагхан хандах болсон нь мөнөөх хувьцаа тараах үйл явцтай холбоотой юм.   Өмнөх өр авлагаа барагдуулахаар аж ахуйн нэгжүүдийн нийгмийн идэвх гэнэт сайжирсныг талархууштай ч татвараа цаг хугацаанд төлдөг, нийгмийнхээ хариуцлагыг ухамсарладаг, улс орондоо эдийн засгийн үр өгөөжтэй компаниудтай татвараас зугтагч, булзагчдыг нэгэн төвшинд адилтган үзэхэд бас бэрх. Энэ мэтээр аж ахуйн нэгжүүдэд хувьцаа тараах асуудал нэлээд ярвиг үүс­гэх шинжтэй байгаа бол “Эрдэнэс Таван­толгой”-н идээ будаанаас амсах хүсэл харийн хөрөнгөтнүүдэд хязгааргүй байгаа нь илт. Энэ олон сонирхол дагуулсан өрнөлөөс үүдэх нэгэн асуулт нь “Эрдэнэс Тавантолгой”-н   хувьцаа Монгол Улсын стра­те­гийн бодлогод нөлөөлөхгүй гэх баталгаа байгаа болов уу.

No comments:

Post a Comment