2011/04/25

Олон брокерийн алинд нь итгэх вэ?

Олон брокерийн алинд нь итгэх вэ?
"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг иргэдэд эзэмшүүлэх шийдвэртэй зэрэгцэн брокер, дилерийн компаниуд идэвхжиж эхэллээ. Гэхдээ алдаг оног үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүд сэргэх бус, бараг өдөр бүр шинээр брокерын пүүс байгуулагдах болсон нь анхаарал татаж байна. Ердөө ганцхан сарын өмнө "Монголын Хөрөнгийн биржид албан ёсны бүртгэлтэй 47 брокер, диллер үйл ажиллагаа явуулж байна" хэмээж байсан бол өнөөдөр энэ тоо 70-аас давжээ.

Энэ нь нэг талаас хөрөнгийн зах зээлд оролцогчдын тоо нэмэгдэж, цар хүрээ нь өргөжиж байгаа мэт боловч нөгөө талдаа томоохон эрсдэл дагуулж болохыг үгүйсгэх газаргүй юм. Ер нь аливаа юмны тоо хэт олдоод ирэхээрээ үндсэн утгаа алддаг тал бий. Жишээ нь, 2003-2004 оны үед Хадгаламж, зээлийн хоршоод ёстой" л борооны дараах мөөг шиг "ургаж" байсан даа. Гэтэл юу боллоо. Манай улсын банк, санхүүгийн салбарт маш том сургамж өгсөн. Тэгвэл өнөөдөр брокер, дилерийн компани богино хугацаанд хэт олширч байгаа нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд хохирол учруулах вий гэсэн болгоомжлол төрүүлж байна.

Яагаад гэвэл Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа жигдэрч, зах зээлийн зарчмаар брокерийн пүүс олширч байгаа бол өөр хэрэг. Харин тэд зөвхөн Тавантолгойн хувьцааг хуваарилах сургаар ийн хөөрцөглөж байгаа нь хэт явцуу хандлага юм. Тэгээд ч өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан брокер, дилерүүд тийм найдвартай байж чадаагүй шүү дээ. Тодруулбал, Монголын Хөрөнгийн биржид албан ёсны бүртгэлтэй 45 брокер, дилерийн компанийн гэрээгээр хүлээсэн үүргийн 2010 оны хэрэгжилтийг харахад 26 нь хангалттай, 19 нь хангалтгүй гэсэн үнэлгээ авчээ.

Үүнээс гадна харилцагчдынхаа хувьцааг зөвшөөрөлгүй зарсан, хувьцааных нь мөнгийг шамшигдуулсан хэрэг ч цөөнгүй гарсан. Жишээ нь, Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтаар "Эрдэнэс инвест", "Мөнхөт" гэх мэт компанид холбогдох хэргийг илрүүлж, акт тавиад цагдаагийн байгууллагад шилжүүлээд байгаа юм. Өдгөө эдгээр компанийн удирдлагуудад Улсын мөрдөн байцаах газар эрүү үүсгэн шалгаж буй. Тиймээс өнөөдөр хэдэн арваараа байгуулагдаж байгаа брокер, дилерийн компанитай хамтран ажиллахдаа иргэд тун болгоомжтой хандах хэрэгтэй юм.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэн бүрт тэнцүү хуваан эзэмшүүлэх ажлыг "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" /ҮЦТТТХТ/ компани хариуцан ажиллаж байгаа. Хувьцааны сургаар иргэд тус компанийн байранд олноороо очин дараалал, ачаалал үүсгэж эхэлсэн тул тэд "Иргэн та заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй. Иргэний шинэчилсэн бүртгэлийг үндэслэн бүх хүнд хувьцааг нь хуваарилна" хэмээн мэдэгдсэн. Энэ ажлаа ч богино хугацаанд амжилттай гүйцэтгэсэн байна билээ.

"Эрдэнэс Тавантолгой"-н 536 ширхэг хувьцааг эзэмшсэн эсэхээ интернэтээр регистрийн дугаараа оруулан шалгах боломжтой талаар бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлсэн. Засгийн газар энэ хувьцааг эхний ээлжинд бусдад арилжиж болохгүй гэсэн шийдвэр гаргасан учраас иргэд одоохондоо заавал аль нэг брокерийг сонгох гээд байх шаарддагагүй юм. ҮЦТТТХТ-өөс ч иргэдэд хандан "Данс нээлгэх гэж бүү яар" хэмээн удаа. дараа сануулсан. Гэтэл шинэ тутам байгуулагдаж байгаа брокер, дилерүүд харин ч эсрэгээрээ "Та цаг алдалгүй дансаа нээлгэ. Манайхыг сонго" гэх мэтээр иргэдийг төөрөгдүүлсээр байгаа юм. Ялангуяа, урьд өмнө нэр нь сонсогдоогүй байгууллагууд "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг заавал тус компаниар дамжуулан эзэмших эрхтэй гэж ойлгогдох агуулга бүхий рекламны самбар гудамж талбайд байршуулах нь олширч байна.

Яг үнэндээ сүүлийн ганцхан сарын дотор байгуулагдаад байгаа 20 гаруй брокер, дилер нь Монголын Хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хороонд одоохондоо албан ёсоор бүртгүүлээгүй. Тиймээс иргэд үнэгүй хувьцаа эзэмших гэж хэт яарснаас болж найдваргүй брокерт мэхлэгдэх аюулаас сэргийлэхэд илүүдэхгүй л болов уу. Энэ ч үүднээс үүнийг бичлээ. Товчхондоо иргэд аль нэг брокер, дилерийг сонгон үйлчлүүлэхдээ хэзээ байгуулагдсан, албан ёсны үйл ажиллагаа явуулах эрхээ холбогдох байгууллагаас авсан эсэхийг нь заавал нягтлах хэрэгтэй гэсэн үг.

No comments:

Post a Comment