
Гэтэл хамгийн гол нь холбогдох албаныхны хийсэн шалгалтаар “Тавантолгой” ХК-ийн хувьцааны үнийг хиймлээр өсгөж байсан нь илэрчээ. Шалгалт хийх явцад өдөрт цөөхөн ширхэг хувьцааг гуравхан данснаас л худалдан авсан байжээ. Ерөнхийдөө дээр цухас дурдсанаар “Тавантолгой” хувьцааг олноор нь арилжаалсан удаа цөөн. Магадгүй, нэгэнт үнэ нь өсөх нь тодорхой учраас хувьцаагаа худалдах сонирхол бага, биржийн зах дээр гарч ирсэн цөөхөн хувьцааг сонирхогчид нь шүүрээд авчихдаг байжээ гэж ойлгож болох. Гэтэл хувьцааг гуравхан данснаас буюу гурван этгээд л авдаг байж. Энэ дансын цаана нэг эзэн байсан эсэх нь нэг асуудал. Хамгийн гол нь нэг ижил эрх ашигтай этгээд буюу “Тавантолгой” ХК-ийн охин компани, эсвэл түүнтэй хамаатан этгээд байж уу гэдэг нь гол асуудал. Яг үүнд ажлын хэсгийн шалгалтын дүн хариулт өгөх ёстой. Гэвч одоогоор шалгалтын дүнг олон нийтэд ерөөсөө мэдээлээгүй, хэзээ мэдээлэх нь тодорхойгүй байгаа юм. Хэрвээ ижил сонирхолтой этгээд албаар үнийг хөөрөгдөж байсан бол асуудал нухацтай бүү хэл, эрүүгийн хэргийн зүйлчлэл тал руугаа “явах” ёстой. Монголд өнөөдөр цөөхөн байгаа дилерүүд, мэргэжлийн байгууллагынхан үнэ хөөрөгдсөн бол нэг хэрэг, харин “Тавантолгой”-нхон өөрсдөө үнэ хөөрөгдсөн бол бүр ч өөр хэрэг болно. Учир нь гэвэл мэргэжлийн байгууллагынхан үнэ хөөрөгдсөн “хэрэг” хийх юм бол ердөө л 40-250 мянган төгрөгөөр торгох хуулийн заалт байгаа.
Нэгж үнэ нь нэг сая төгрөг дөхөөд байгаа хувьцааны асуудалд ёстой “хөөрхөн” торгууль байгаа биз.
Харин сонирхол нэг этгээдүүд үнэ хөөрөгдсөн бол ямар шийтгэл оноох нь одоогоор тодорхойгүй. Эрүүгийн хуульд энэ талаар яг тухайлсан зүйл заалт үгүй л болов уу? Яагаад ийн тодруулах болов гэвэл “Тавантолгой”-н 800 мянган ам.долларын үнэ бүхий хувьцааг банкны барьцаанд тавьсан хэрэг өмнө нь мандаж байсан тухай мэдээлэл бий. Эндээс хувьцааны үнийг хөөрөгдөж байгаад их үнэд хүргэсэн хувьцаагаа банкны барьцааны зээлд тавих, эсвэл өөр ямар нэгэн аргаар “эргэлдүүлэх” заль мэх байна уу гэсэн хардлага төрж болохоор. Гэвч банкинд хувьцаа барьцаалсан гэсэн маргааны талаарх мэдээллийг одоогоор албаны эх сурвалжууд тодорхой тайлбарлахгүй байгаа юм. Ямартаа ч гэсэн банкны барьцаанд тавигдсан “Тавантолгой”-н хувьцааг барьцаанаас чөлөөлүүлэх талаар хүсэлт гаргасан ч үүнийг прокурор хэрэгсэхгүй болгосон мэдээлэл бий. Нарийвчлан тодруулбал илүү нарийн асуудал байгаа болов уу? Зарим талаар бүрхэг байгаа энэ мэдээллийг орхиод хамгийн эн тэргүүнд тавигдаж байгаа асуудал гэвэл хувьцааны үнийг хиймлээр хөөрөгдсөн тохиолдолд яах ёстой вэ, ердөө л 250 мянган төгрөгөөр торгоод өнгөрөх ёстой юу гэсэн асуулт байна. Үүнд хариулт авахын тулд эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны хийсэн үнэ хөөрөгдсөн гэх шалгалтын дүгнэлтийг олон нийтэд хэзээ тодорхой танилцуулан мэдээлэх вэ гэдгийг асуух ёстой. Үнэхээр үнэ хөөрөгдсөн бол хувьцаа худалдан авагчдад ямар хор нөлөө үзүүлэх, гэм буруутанд ямар шийтгэл ногдуулах вэ гэдэг асуулт араас нь урган гарч ирнэ. Үүнээс ургаад дараа дараагийн асуудал ургах ёстой ч одоогийн хууль эрх зүйн заалтаар хариулт нь бүрхэг байна. Эцэст нь Тавантолгойн хувьцаа гаргана, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ёстой гэж хөөрцөглөөд байгаа ч хууль эрх зүйн зохицуулалт нь ямархуу төвшинд байгаа вэ гэдгийг хөндөх цаг аль хэдийнэ болсон биш үү?
No comments:
Post a Comment