2011/04/12

Шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаагүй иргэдэд хувьцаа олгогдохгүй

Шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаагүй иргэдэд хувьцаа олгогдохгүй
Монголын хөрөнгийн бирж ийм их хөл хөдөлгөөнд дарагдаж байсныг ерөөсөө ч үзэж байсангүй ээ. Өлгийтэй хүүхдээ тэвэрсэн эх, таяг тулсан өвгөд, эмгэд, хаашаа яв гэнэ вэ, одоо үүнийг нь яах юм бол, хаана хандах вэ, таван цаг гаруй дараалалд зогсч байж нэг юм орлоо, хоёрхон хүн ажиллаж байна, ачааллаа дийлэхгүй байгаа юм байна... Энэ мэт үгсийг Хөрөнгийн биржийн хажуугаар явсан хэн бүхэн сонсоно.

Эдгээр хүмүүс тэртээ ардчиллын салхи сэвэлзсэн 1990-ээд оны үед бидний аав, ээжийн картын бараа, ганц нэг шил архины төлөөх дарааллыг санагдуулж байв. Хүмүүсийн бөөгнөрөл юунаас болж буй нь тодорхой. Манай улсын Засгийн газар Тавантолгой гэх газар доорх эрдэнэсийн их сантай болж, түүнээс иргэддээ эцгийн ёсоор хөрөнгө тасалж өгч буй нь энэ. Гэвч хүн бүрт ногдох 536+1 хувьцаа хоёр сая 770 мянга гаруй иргэнийг нь төдийлөн баярлуулахгүй байгааг "Монголын Хөрөнгийн бирж"-ийн хаалгыг сахих иргэдийн яриа батлах шиг.

Учир нь энд ирсэн иргэдийн ихэнх нь хэдэн ширхэг хувьцаа авах, брокер диллер, хувьцаа, бирж гэх мэт үгсийн тухай тодорхой, анхан шатны ойлголтгүй байгаагаа нуугаагүй. Тэд "Юутай ч Засгийн газраас иргэдэд Тавантолгойн хувь хишиг хүртээхээр болсон гэсэн. "1990-ээд оны үед бас л нэг иймэрхүү цагаан, ягаан тасалбар гэж тараагаад үр ашгийг нь ч хүртэж амжаагүй авсан газар нь дампуурч, хувьцааг минь салхинд хийсгэсэн. Түүнийхээ сургийг гаргах л гэж өглөө найман цагтай уралдан ирж энэ байгууллагын хаалгыг сахиж байна" гэж байлаа. 35-аас дээш насныхан ихэвчлэн дараалалд зогсож харагдав.

Эдгээр хүмүүс ийн биржийг зорьсон зорилго нэг ажээ. Тэртээ 20-иод жилийн өмнөх дансаа шалгуулах, хувьцаатай эсэх, хаана ямар брокер дилерийн газраар үйлчлүүлэх, нас барсан эцэг эх, хань, үр хүүхдийнхээ дансыг хэрхэн шалгуулах, сэргээх зэрэг асуудал байгааг ярьж байлаа. Мөн техник технологи хөгжчихөөд байхад хаана л бол хаана дараалалд зогсох, хоцрогдсон байдал арилахгүй байгааг иргэд шүүмжилсэн. Мөн иргэдийн цуваа, дараалал хэтэрч байгааг биржийн олон нийттэй харилцах албаны менежер Ж.Байгалмаа хэллээ. Тэрбээр “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК нь Монгол Улсын иргэн бүрийн нэр дээр "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн 536 ширхэг хувьцааг эзэмшиж буйг баталгаажуулан Үнэт цасны бүртгэлийн ажлыг хийж дууслаа.

Иймээс иргэд http://registration.schcd.mn гэсэн цахим хаягаар орж, регистрийн дугаараа хийгээд хэрэгтэй мэдээллээ харах боломжтой. Ингэснээр манай хаалгыг сахиж олон цаг, урт дараалалд зогсохгүй, онлайнаар өөрийн өмнөх данс, хувьцаатай эсэхээ мэдэх боломжтой юм гэв. Тэрбээр мөн "Хувьцааны асуудал яригдахтай зэрэгцээд л "Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв" иргэдийн хөлд дарагдсан. Долоо хоногт 1000 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлж байна. Брокер, дилерийн компаниуд иргэдийг манай руу явуулаад байгаа нь нэлээд ачаалал нэмж байна. Иргэдэд брокерын компаниа сонгож үйлчлүүлэх эрх нь нээлттэй учир заавал манай төвд ирэх шаардлагагүй. Брокер, дилерийн компаниа сонгоод бүх мэдээллээ тухайн сонгосон компаниасаа авах боломжтой" гэв.

Хувьцаа тойрсон энэ мэт асуудал, асуултууд дуусахгүй нь бололтой. Манай сонины редакцид ирсэн иргэдийн асуултад Төрийн өмчийн хорооны "Удирдлага, хувьчлалын газрын мэргэжилтэн Ч.Чинзоригоос хариулт авлаа. Тэрбээр "Монгол Улс иргэдийнхээ тоог гаргалаа. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн өмчийн хороо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын хөрөнгийн бирж, гэх мэт мэргэжлийн байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг хөдөө орон нутаг, нийслэлийн тоог авч тулгалт хийсэн учраас хоёр сая 770 иргэн гэсэн энэ тоо бодит. Тиймээс ямар нэгэн шалтгаанаас болоод шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж чадаагүй иргэдэд хувьцаа олгогдохгүй.

Хараа хяналтгүй, бичиг баримтгүй, гэр оронгүйгээсээ болоод гадуур тэнэдэг тэнэмэл бүлэг иргэд, хүүхдүүд байдаг. Эдгээр иргэд Монгол Улсын иргэн л бол шинэчилсэн бүртгэлдээ бүртгүүлэх хэрэгтэй. Иргэн бүрт энэ хувь хишиг хувьцаа хэлбэрээр хүрэх учраас Иргэний бүртгэл мэдээллийн төв, хороо, дүүргээрээ дамжуулаад бичиг баримтаа бүрдүүлээд шинэчилсэн бүртгэлдээ бүртгүүлэх нь чухал гэдгийг онцлов. Түүнчлэн, жижиг компаниудыг томоохон газрууд ихээр худалдан авч байгаа асуудал яригдах боллоо. Үүнд ямар хяналт шалгалт хийж байгааг лавлахад, "Засгийн газар компаниудад Эрдэнэс Тавантолгой компанийн 10 хувьтай тэнцэх хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдан авах давуу эрх олгож байгаа.

Өөрөөр хэлбэл компаниуд өөрсдөө энэ эрхээ эдлэх хэрэгтэй. Тиймээс хувь хишиг олгогдож буй давуу байдлаа эдлэхийн тулд компаниа зарахгүй байх нь зүйтэй" гэдгийг санууллаа. Харин иргэд ямар брокер, дилерийн компани дээр дансаа нээлгэх нь тухайн хүний эрх. Тиймээс иргэд өөрийн данс нээлгэх брокерын компаниа  сайтар судлах нь зүйтэй юм. Тухайн компани хэдэн жил энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй, хэчнээн иргэдэд үйлчилгээ үзүүлсэн, үйлчилгээний төрөл,  танд хэрхэн мэдээлэл, зөвлөгөө өгч байна, үйл ажиллагааны тасралтгүй байдал, өдөр бүр арилжаанд оролцож байгаа эсэх, жилдээ хэр хэмжээний мөнгөн гүйлгээ хийж байгаа гэх мэт иргэд өөрөөс шалтгаалах судалгаа, үнэлгээг хийж байж хаана данс нээлгэхээ шийдэх хэрэгтэй.

Одоогоор 60 гаруй брокер дилерийн компани 21 аймаг, 300 гаруй суманд хүрч ажиллана гэсэн тоо гарсан" гэлээ. Эрдэнэсийн энэ хувиас иргэд хүртэхийн тулд хоёр төрлийн хувьцаа эзэмших боломжтой гэнэ. Жишээ нь энгийн болон давуу эрхийн хувьцаа гэсэн хоёр төрөлтэй ажээ. Энгийн хувьцаа эзэмшигч нь тухайн компанийг татан буулгах үед эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх, компаниас нэмж хувьцаа гаргасан тохиолдолд түүнд хамаарах үнэт цаасыг эхний ээлжинд худалдан авах, хувьцаагаа буцаан худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй бол давуу эрхийн хувьцааг эзэмшигч нь хувь нийлүүлэгчдийн хуралд санал хэлэх эрхгүй ч тухайн компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсан орлогоос нэн тэргүүнд хувь хүртэх, ногдол ашиг жил бүр авах эрхтэй ажээ.

No comments:

Post a Comment