2011/04/01

Тавантолгойн хувьцааг хэрхэн эзэмших вэ?

Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 536 ширхэг хувьцааг эзэмших эрхтэй боллоо. Гэх­дээ хувьцааг худалдаж авахгүй. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувь­цааны 10 хувь буюу 1.5 тэрбум ширхэг хувьцааг үнэ төлбөргүйгээр ард иргэддээ эзэмшүүлэх болж байна. Энэ тухай өчигдөр Засгийн газрын ээлжит бусаар хуралдаж, эцсийн шийдвэрт хүрсний дараа Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нар нийтэд зарлалаа. Монголчууд 1990 оноос хойш малаа, орон сууцаа, ажиллаж байсан ажлын байраа өмч хувьчлалаар авсан. Харин энэ удаа байгалийн баялгийнхаа эзэн болж, ашигт малтмалын орд газруудаас хувьцаа эзэмших эхлэл тавигдлаа.  

Үндэсний статистикийн газар, Ул­сын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан мэдээгээр одоогоор 2 сая 796 341 иргэн байгаа бөгөөд 1.5 тэрбум ширхэг хувьцааг нийт иргэдэд хуваахад нэг хүнд 536 ширхэг хувьцаа ногдох аж. Харин иргэд 536 ширхэг хувьцаагаа баталгаажуулахын тулд Мон­голын хөрөнгийн биржийн Үнэт цаасны төлбөр тооцооны төвд хандана. Тус газрынхан таны Хүний хөгжлийн сангийн дэвтэрт “Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын иргэн таныг Тавантолгойн 536 ширхэг хувьцаа эзэмшиж  байгааг батламжлав” хэмээн марк наан бичилт хийж өгөх аж. Мөн иргэдийн хувьд анхаарах нэг асуудал нь “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж, үнэ нь тогттол өөрийн данстай 536 ширхэг хувьцаагаа бусдад худал­дахгүй, хадгалж байх үүрэг хүлээж байна. Учир нь “Эрдэнэс тавантолгой”-н хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж, арилжиж эхэлснээр жинхэнэ үнэ цэнэ нь тогтох гэнэ.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан дээрх шийдвэр нь зөвхөн иргэдэд эзэмшүүлэх хувь­цаанд хамаарах юм. УИХ-аас гаргасан шийдвэрийн хүрээнд Тавантолгойн ордоос үндэсний аж ахуйн нэгжүүдэд 10 хувийн хувьцааг нэрлэсэн үнээр арилжаалах ёстой. Ингэхдээ 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан үндэсний аж ахуйн нэгжүүдэд дээрх хувьцааг худалдан авах эрх үүснэ. Бүртгэлээр улсын хэмжээнд 54 мянга орчим аж ахуйн нэгж бий гэсэн судалгаа гарсан. Тэр бүгдийг үндэсний аж ахуйн нэгж гэдгийг баталгаажуулахад цаг хугацаа шаардана. Нөгөө талаас нэгж хувьцааны нэрлэсэн үнийг хэ­дээр тогтоож, аж ахуйн нэгжүүдэд арилжаалах вэ гэдгээс эхлээд тодорхой үе шаттай хийх ажлууд шийдлээ хүлээж буй учраас хоёр дахь шатанд хийх томоохон ажлын нэг гэдгийг тэд онцоллоо. Үүний дараа Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нар сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгсөн юм. 

-Энэ удаагийн хуралдаанаас иргэдэд ногдох хувьцааг шийдвэр­лэхээс гадна хувьцааны нэрлэсэн үнийг тогтооно гэсэн мэдээллүүд гараад амжсан. Гэтэл хувьцааны нэрлэсэн үнэ тодорсонгүй?  
С.Батболд:
-Нэг иргэнд ногдох 536 ширхэг хувьцааны жишиг үнийг гаргаж болно.  Газар доорх баялгийн нөөц нь байна. Гэвч өнөөгийн үнэ цэнэ гээд гаргаж аваагүй баялаг маань нэг үнэтэй. Энэ үнэ цэнэ нэг ажил хийхэд өөр болж байгаа. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн ордын Техник эдийн засгийн үндэслэлийг орчин үеийн зах зээлийн банк хүлээж авахаар хийх юм бол газар доорх  баялаг маань ийм нөөцтэй, ийм эдийн засгийн үр ашигтай байна гэдэг нь тодорхой болж, үнэлгээ нь нэмэгдэнэ. Улмаар санхүүгийн асуудал нь шийдэгдэнгүүт уул уурхайн үйл ажиллагаа явагдана. Нэг үгээр хэлбэл, орлого зарлагатай компани болно. Бид хоосон байшин­гийн зураг зарах биш, байрыг нь худалдах  хэрэгтэй болж байна. Ингэс­нээр хувьцаат компанийн үйл ажиллагаа хангагдана. Техник эдийн засгийн үндэслэл хийгдээд банкуудын санхүүгийн асуудал үйл ажиллагаа нь орчин үеийн шаардлага хангаад нээлттэй ашиг орлого нь тодорхой болонгуут хувьцаат компанийн үндсэн шаардлагуудыг хангана. Эдгээр ажлуу­дыг ямар хугацаанд зохион байгуулах боломжтойг судалгаа гар­гахыг  холбогдох яам, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагад үүрэг болгосон. 

Мөн хөрөнгийн зах зээлийн талаар иргэний боловсролыг дээшлүүлэх, хувь­цааны үнэ цэнийг бодитой болгохыг даалгасан. Засгийн газрын дараагийн хуралдаанд асуудлыг оруулж ирнэ, эдгээр газрууд. Сар бүрээр хийх ажлыг тодорхой болгоно. Тавантолгойн ордод хоёр хэсэг газарт үйл ажиллагаа явуулна. Тавантолгойн хувьцаа дотоод, гадаадын  хөрөнгийн зах зээлд гарахад бэлэн боллоо гэхэд  гэрээ байгуулсан олон улсын хөрөнгө оруулалтын банкууд үнэлгээ хийнэ. Нэгж хувьцааны үнийг гар­гана гэсэн үг. Эл үйл ажиллагааны явцыг иргэддээ тодорхой байлгана, мэдээлнэ, хүргэнэ. 

-Тавантолгойн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж, арилжаалах олон улсын зөвлөх банкуудыг шалгаруулсан. Гэхдээ эдгээр зөвлөх компаниуд  IPO-г энэ оны арванхоёрдугаар сард багтааж хийх боломжгүй, амжихгүй гэсэн яриа байна. Үүнд тодорхой тайлбар өгөхгүй юу? 

-Улстөрчид гарч ирээд IPO хийнэ,  үнэ ийм байна гэдэг.  Гэвч Тех­ник эдийн засгийн үндэслэлийг нь хийгээд зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үндэслэлийг харгалзаж байж үнэ тогтдог горимтой. Ийм нөхцөлийг бид бүрдүүлж амжаагүй байна. Хэн нэгний хэсэг бүлгийн бус олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үнэлгээг хийх ёстой. Болом­жийг өнөөдөр гаргаж байна. Гэхдээ тодорхой хугацаанд хийнэ. Энэ онд багтаах боломж  бий. 

-Хуульд зааснаар “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаа­наас үндэсний аж ахуйн нэгжүүдэд 10 хувийн хувьцааг нэрлэсэн үнээр арилжаалах ёстой. Үүнийг дагаад сөрөг үр дагаврууд гарах боллоо. Тухайлбал, татвараа төлсөн эсэх нь мэдэгдэхгүй, аж ахуйн нэгжийг 5-50 сая төгрөгөөр худалдана гэсэн зар сүүлийн үед их цацагдах боллоо? 


-Мэдээллийг тодорхой байлгах зорилгоор холбогдох байгууллагуудад  чиглэл өгсөн. Ард түмэндээ хандаж хэлэхэд ямар нэгэн таамгаар,  аж ахуйн нэгжид хувийн сонирхолдоо автаж үйл ажиллагаа битгий явуу­лаарай. Засгийн газрын арга хэмжээ бодит шийдлүүдэд үндэслэнэ. Ир­гэн бүртээ хувьцаа өгөх асуудлыг шийдвэрлэсэн. Бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн тухайд хувьцаатай хол­боотой асуудал шийдвэрлэгдээгүй. Зөвшөөрөлтэй  компанийг  худалдаж аваад хувьцаа авч түүнээсээ илүү ашиг орлого олно гэсэн ойлголт байж болохгүй. Шударга ёсыг баримтална. Нэг иргэн нэр дээрээ 32 аж ахуйн нэгж бүртгүүлсэн жишээ бий. Хэн олон компани бүртгүүлнэ түүнийхээ хэмжээгээр ашиг орлого олохгүй, хувьцаа авахгүй. Энэ асуудалтай холбог­дуулж, дараагийн долоо хоногт Засгийн газар тодорхой мэдээлэл өгнө. 

-УИХ-аас баталсан тогтоолд Таван­толгойн ордыг хэсэгчлэн ашиг­лахгүй гэж заасан. Гэтэл Зас­гийн газар УИХ-ын тогтоолыг зөрчөөд байгаа юм  биш үү? 


-Засгийн газар УИХ-аас баталсан хуулийн дагуу Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байна. Тавантолгойн тусгай зөвшөөрлийг хуваагаагүй. Монгол Ул­сын 100 хувийн өмч байна гээд  заачихсан учраас  өмчлөлийн хувьд хуваагдахгүй.  Харин үйл ажиллагаа нь хоёр тусдаа явна. 

-Ерөнхий сайд таныг Таван­толгойн ордод ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн мэдээлэл байдаг. Үүнд тайлбар өгөхгүй юу. Үнэхээр таны хувь эзэмшил байдаг юм уу? 


-Тавантолгойн ордын тусгай зөв­шөөр­лийг 1998 онд Австралийн “BHB” компани ашиглахгүй буцаасан байдаг. Тэр үед Монголын компаниуд хамтарч ашиглахаар тусгай зөвшөөрлийг авсан. Тэдгээр компаниудын хувьд ордыг Монголын хуулийн дагуу ашиглах боломж,  нөхцөл тухайн үед бүрэн байсан. Гэвч Тавантолгойн ор­дын тусгай зөвшөөрлийг гадаадын компанид худалдсангүй, хүрз  нүүрс ч авсангүй, төлбөр хураамжийг нь төлсөөр, төрд буцааж өгсөн. Тус ордод хөрөнгө оруулалт оруулж, бэлтгэл үйл ажиллагаа явуулсан учраас “Энержи ресурс” Ухаахудагт үйл ажиллагаа явуулж байгаа.  Үүнд миний оролцож байсан “Алтай хол­динг” компани  оролцоогүй. Тийм учраас Тавантолгойд миний хувьд ашиг сонирхлын зөрчил байхгүй. 

Н.Алтанхуяг:


-“Эрдэнэс МГЛ” гэж том компани бий. Оюутолгойн 34 хувь, Тавантолгойн ордыг 100 хувь эзэмшдэг. Иргэд андуураад байх шиг. Цаашид “Эрдэнэс” нэртэй  “Эрдэнэс уран” гэдэг ч юм уу олон компани гарна. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах Засгийн газрын шийдвэр УИХ-ын тогтоолыг зөрчөөгүй. Нэг хэсэг дээр нь “Эрдэнэс тавантолгой” компани олборлолт явуулж байгаа бол хоёр дахь хэсэг дээр ажиллах консерциумыг шалгаруулахаар ажиллаж байна. Өнгөрсөн өвөл олон улсын нээлттэй тендер зарлахад 15 компани саналаа ирүүлсэн. Түүнээс ес нь шаардлага хангаагүй учраас буцаасан. Зургаатай нь гэрээ хэлэлцэл хийж байна. Нүүрсээ хаана борлуулах юм, ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулбал, дамжуулан тээвэрлэх зардал нь хэд байх юм. Ашиглах технологи нь байгальд халтай юм уу, үгүй юу. Хэрвээ танайх Тавантолгойн нүүрсийг Хятад руу тээвэрлэх юм бол угтуулан тавих нөхцөл, тээвэрлэлтийн үнэ тариф ямар байх юм, Австралийн нүүрсний үнэтэй ижил хэмжээнд байх уу гээд олон зүйлийг ярилцаж байна. Хоёр дахь шатны хэлэлцээрийг ирэх долоо хоногт хийнэ. 

No comments:

Post a Comment