Тавантолгойн орд газарт анх 1975 онд Монгол-Болгарын хамтарсан анги хайгуул, судалгаа хийж байсан бол 1978-1981 онд Монгол-Зөвлөлтийн геологийн экспедиц ажилласан байдаг. Дараагаар нь 1982-1987 онд урьдчилсан болон нарийвчилсан хайгуул, 1989 онд Ухаа худаг, Зүүн болон Бортолгойн хэсэгт мөн хайгуул, 1991 онд ОХУ-ын Гипрошахт институтэд Техник, эдийн засгийн үндэслэлийг нь гаргасан удаатай. Сүүлд 1998-1999 онд Norwest, BHP судалгаа хийж, 2005-2006 онд “Энержи ресурс” компани Техник, эдийн засгийн үндэслэл гаргасан. Мөн 2009 онд Norwest компани нөөцийн тооцоолол хийсэн нь бий.
Ямартай ч дээр дурдсан томоохон судалгаануудыг төр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн гэдгээрээ Тавантолгойн орд газрыг эзэмшигч нь өнөөдөр Монгол улс гэх талархууштай давуу тал бий болсон. Тэгвэл уншигч Таны харж буйчлан тус сав газарт 1998-1999 онд судалгаа хийсэн Norwest компани одоо шинэчилсэн судалгааг хариуцан ажиллаж байна. Тухайн үед буюу 1999 онд боловсруулсан Norwest компанийн Техник, эдийн засгийн үндэслэл бүхий судалгаанаас зарим тоо баримтыг энд тэмдэглэе.
Судалгаагаар Тавантолгойн орд газрын нөөцийг 6.4 тэрбум гаруй тонн коксжих болон эрчим хүчний нүүрстэй гэж тогтоосон юм. Улмаар сав газрыг ашиглахын тулд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэх дүгнэлтийг өгчээ. Дээрх санхүүжилтээр жилд нийт 10-11 орчим сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий уурхай, төмөр зам, цахилгаан станц барих шаардлагатай гэж үзсэн ба нэг тонн нүүрсийг ойролцоогоор 8.9 ам.доллар буюу тухайн үеийн дотоодын ханшаар 10400 төгрөгөөр олборлох боломжтой гэж судалсан байна. Цаашлаад олборлосон нүүрсээ далайн боомтод хүргэх хамгийн богино зайг төмөр замаар 1600 км туулна гэж тооцоолон тээвэрлэлтийн өртөг шингэснээр дэлхийн зах зээлд Тавантолгойн нүүрс тонн тутамдаа 14 ам.доллараар үнэлэгдэнэ хэмээн дүгнэсэн байдаг.
1999 оны энэ үнэлгээг одоо эргэн харахад туйлын учир дутагдалтай нь мэдээж. Цаг хугацааны хувьд бүтэн 12 жил улирч, одоо дэлхийн зах зээлд нэг тонн коксжих нүүрсний ханш тонн тутамдаа 220-240 ам.долларт хүрчхээд буй. Цаашид ч тогтвортой өсөх хандлагатай байгааг олон улсын экспертүүд мэдээлсээр байна. Нөгөөтэйгүүр, Монгол улсаас олборлосон нүүрс өмнөд хөршийн зах зээлд хүрэхдээ 80 гаруй ам.долларын үнэлгээтэйгээр очиж байгаа зэрэг 1999 оны ТЭЗҮ-г дахин шинэчлэх зайлшгүй шаардлагатай тоо баримт олон бий. Тиймдээ ч Norwest компанийн нэн тэргүүнд хийх ёстой ажил бол 12 жилийн өмнөх судалгаагаа шинэчлэх юм. Улмаар шинэчлэн тогтоосон нөөц, Техник, эдийн засгийн үндэслэл нь Тавантолгойн орд газар болон “Эрдэнэс Тавантолгой” хувьцааны үнэ цэнийг дэлхийн зах зээлд тодорхойлох хамгийн эцсийн буюу албан ёсны мэдээлэл болж таарна.
ЖОРК-Д ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ИТГЭДЭГ
Тавантолгойн орд газрын шинэчилсэн ТЭЗҮ ойрын хугацаанд бэлэн болно гэдгийг албаны эх сурвалж хэлж буй юм. Түүний дараагаар тогтоосон дүн, үнэлгээг олон улсад хамгийн өргөн хэрэглэж буй ЖОРК код руу хөрвүүлнэ. Энгийндээ бол эл код, стандартаар баталгаажсан уул уурхайн төслийг олон улсын хөрөнгө оруулагчид хийгээд Хөрөнгийн биржүүд хүлээн зөвшөөрдөг учраас тэр. Жорк гэдэг нь Австралийн хөрөнгийн бирж дээр ашигт малтмалын хайгуулын тайланг зохицуулдаг, Австралийн Нөөцийг тайлагнах тухай хууль тогтоомжийг хэлдэг. Зөвхөн тус улсын хөрөнгийн биржид үйлчилдэг мэт сонсогдох хэдий ч өдгөө дэлхийн стандарт болтлоо тархаж, хөрөнгө оруулагчдын итгэл үзүүлэх гол шалгуур болоод буй юм. Товчхондоо бол орд газар, уурхайн нөөцийг тодорхой стандартаар баталгаажуулснаар хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгддэг. Хамгийн их итгэдэг цөөн хэдэн стандартын нэг нь ЖОРК код гэсэн үг. Үүгээр тухайн ордын геологи, Техник эдийн засгийн үндэслэлд нь тулгуурлан нөөцийн хэмжээ, сорьцын ангиллыг тус тус гаргадаг байна.
Ийнхүү олон улсын Хөрөнгийн бирж хийгээд хөрөнгө оруулагчид нийтээр хүлээн зөвшөөрч, итгэл үзүүлэх стандарттай болсон нь урьд өмнөх гашуун туршлага, алдаа хохирол амссанаас үүдэлтэй аж. Тухайлбал, Индонезид алтны ордтой Канадын Bre-X компани 200 сая гаруй тонны нөөцтэй хэмээн олон нийтэд зарлаж, Хөрөнгийн биржид хувьцаа гаргажээ. Удалгүй хувьцааных нь үнэ хамгийн дээд ханш буюу 286.5 ам.доллараар арилжаалагдах болов. Гэтэл 1997 онд уг компанийн орд алтны ямар ч нөөцгүй болохыг тогтоосноор хувьцааных нь үнэ эрс унаж, дампуурсан байна.
Гол учир нь Bre-X компани нь хөндлөнгийн геологичоор нөөцийн тооцоолол хийлгээгүйн дээр худал мэдээлэл цацан хувьцаа гаргаж, их хэмжээний мөнгө хөрөнгө оруулагчдаас авсан нь тодорхой болсон юм. Компани дампуурсны улмаас хөрөнгө оруулагчид маш их хэмжээний хохирол амссан байна. Ийнхүү геологийн хайгуулын үр дүнг мэргэжлийн байгууллага журамлан хянах шаардлагатайг хөрөнгө оруулагч, Хөрөнгийн биржүүд хаа хаанаа ойлгож, тодорхой шаардлага бүхий олон улсын стандартуудаас ЖОРК болон 43-101 багц дүрмийг гол шалгуураа болгох талаар Австрали, Канад, Англи, Өмнөд Африк, АНУ-ын төлөөлөгчид 1997 оны уулзалтаараа тохирсон гэдэг.
Тэгвэл ЖОРК стандарт гэж чухам юүг хэлээд байна вэ? JORC нь Joint Ore Reserves Committee гэсэн үгсийн товчлол юм. Эрдэс баялгийн нөөцийг тайлагнах стандартчилал гэж ойлгож болно. ЖОРК кодыг 1980-аад оноос нэвтрүүлэн мөрдөж эхэлжээ. Энэ кодыг боловсруулж мөрдөх болсон нь хөрөнгийн зах зээл дээр гарсан залилангийн хэргээс үүдэлтэй. 1960-1970-аад оны үед Австралид Посайдон НЛ-ын гэх алдарт залилангийн хэрэг гарчээ. 1969 онд Хөрөнгийн бирж дээр гарсан уг компани нөөцөө байн байн өсгөн зарлаж, тэр хэрээр хувьцааны үнэ нь маш өндөр өсөлтөд хүрсэн юм. Гэвч 1976 онд нөөцөө хуурмагаар нэмэгдүүлэн зарлаж байсан нь тогтоогдсоноор хувьцааны үнэ унаж, компани дампуурсан билээ.
Хөрөнгө оруулагчдыг ихээхэн эрсдэлд оруулсан энэхүү залилангийн хэрэг эрдэс баялгийн нөөцийг хөндлөнгийн үнэлгээ шалгуураар нарийвчлан тогтоох өндөр шалгуур хэрэгтэйг сануулсан хэрэг болов. Үүнээс үүдэн Австралийн хүдрийн нөөцийн хороо буюу ЖОРК-ийн хороо байгуулагдаж, нарийвчилсан шалгуур үзүүлэлт бүхий стандартыг боловсруулж, мөрдөх болов. Австралийн хүдрийн нөөцийн хороо нь 30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Австралийн уул уурхай, металлургийн институт, Эрдэс баялгийн зөвлөл, Геологичдын институтын сайн дурын байгууллага юм. Мөн Австралийн хөрөнгийн бирж, Үнэт цаасны институт болон шаардлагатай гэж үзсэн бусад байгууллагуудаас урилгаар төлөөлөл оролцуулдог байна.
ЖОРК нь геологийн найдвартай байдал, техник эдийн засгийн үндэслэлд тулгуурлан гаргасан нөөцийн хэмжээ, сорьцын ангиллыг харуулсан зайлшгүй дагаж мөрдөх тогтолцоо юм.
Хайгуулын үр дүн, эрдэс баялгийн боломж, нөөцийн талаар Австрали болон Шинэ Зеландад олон нийтэд мэдээлэх хамгийн наад захын стандартыг тогтоож өгчээ. ЖОРК-оор нөөцийг тайлагнахдаа анхаарч үзэх ёстой шалгуур үзүүлэлтийн дэлгэрэнгүй удирдамжийг гаргаж өгдөг төдийгүй мэргэшсэн мэргэжилтэн буюу мэргэшсэн байгууллага зааварчилгааны дагуу бичиж, тайлангийн үнэмшил, чанарыг бүрэн хариуцдаг. Тэрхүү мэргэжилтэн, байгууллагад байх ёстой чадвар, туршлагыг ч мөн нарийвчлан тодорхойлсон байдаг. ЖОРК-ийн кодын дагуу нөөц тогтоож, тайлан бичих эрхтэй лиценз авсан геологийн үйлчилгээний компани болон хувь геологичид нь өөрийн карьер, чадвараар дэнчин тавьж, нөөц тогтоосон хөндлөнгийн тайлан бичдэг нь ихээхэн итгэл үнэмшилтэй болгож өгдөг байна.
Уншигч Таны харж буй зурган мэдээлэлд Монгол улсад уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй ЖОРК кодоор нөөцөө баталгаажуулсан компаниудын нэрс /Эх сурвалж MICC/ байна. Эл стандартын дагуу нөөцөө тогтоолгосноор тэд олон улсын хөрөнгийн биржүүдэд хөл тавих эрхээ олж авсан юм. Тухайлбал, өдгөө “Монголиан майнинг корпораци” Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаа арилждаг бол “Эспайр майнинг”, “Хүннү Коал”, “Занаду майнс” компани Австралийн хөрөнгийн биржид, “Саусгоби Ресурс” компани Торонто, Хонконгийн биржид, “Шарын гол” Монголын хөрөнгийн биржид тус тус хувьцаа гарган арилжиж байгаа. Энэ жагсаалтыг Монгол улсын төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани удахгүй дэлгэрүүлэх нь.
NORWEST ГЭЖ ХЭН БЭ?
Тавантолгойн орд газарт шинэчилсэн үнэлгээ хийж, нөөцийн мэдээллийг ЖОРК код руу хөрвүүлж буй Norwest гэж чухам хэн бэ. Юуны учир Монгол улсын Засгийн газар дээрх ажлыг тус компанид хоёр дахь удаагаа даалгав.
Norwest корпораци Канад улсад бүртгэлтэй хуулийн этгээд бөгөөд 1979 онд байгуулагдсан. Анх геологи, инженерийн судалгаа шинжилгээ хийж үйлчлэх зорилготойгоор үүдээ нээж, удалгүй Канад, АНУ-д идэвхтэй үйл ажиллагаа явуулах болжээ. Өдгөө Ази, Африк, Австрали, Хойд Америкийн 20 орчим улсын эрчим хүч, уул уурхайн салбар дахь 3000 гаруй төсөлд аудит, геологийн судалгаа, уурхайн төлөвлөгөө, санхүүгийн тайлан, олборлолтод нь зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байна. Үйлчлүүлэгчдээс нь дурдвал, BHP Billiton, Peabody Coal, Coal India, Ivanhoe Mines, Petroleum, Xstrata зэрэг 122 компани, БНХАУ, Энэтхэг, Иран, Шинэ Зеланд, Филиппин, Тайланд, Монгол зэрэг 20 орчим улсын Засгийн газар, J.P. Morgan, Bank of America, Deutsche Bank, Beacon Group, Union Bank of Switzerland, Дэлхийн банк зэрэг санхүүгийн 40 орчим институтэд зөвлөх үйлчилгээ үзүүлжээ.
АНУ, Канад, БНХАУ, Энэтхэг, Колумб, Австралид байрлах оффистоо орон тооны 220 ажилтантай. Монгол улсын Засгийн газартай албан ёсоор холбогдсон сэжим 1998 оноос эхлэлтэй. 2005 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр CNN агентлаг Norwest корпорацийг Монгол улсын Баруун нарангийн нүүрсний төсөлд зөвлөгөө үзүүлж байгаа тухай өгүүлсэн бол түүний дараахан “Ройтерс” мэдээлэхдээ Norwest Монгол улсын Засгийн газарт Тавантолгойн орд газрыг хоёр хувааж олборлох, ялангуяа Цанхийн нэг хэсэгт гадны хөрөнгө оруулагч ажиллуулах тухай зөвлөлөө хэмээн бичиж байв.
Ямартай ч Norwest геологийн судалгаа, ТЭЗҮ боловсруулах туршлагаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн акул. Туршлага бүхий тус корпорацийн ажлын үр дүнгээс Тавантолгойн орд газрын албан ёсны нөөц, ТЭЗҮ-ийг хүлээх үлдэж байна.
No comments:
Post a Comment