2011/04/30

Тавантолгойн талаар мэдээлэл хийлээ


“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын зах зээлд гаргах ажил замдаа гарчээ. Энэ талаар хөрөнгө оруулагч банкуудаас өнөөдөр мэдээлэл өглөө.  Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой-IPO” бага хурлаар  энэ талаар  илтгэл өрнүүлэв.

Хэвлийдээ зургаан тэрбумын коксжих нөөцтэй Тавантолгой ордод түшиглэн байгуулсан “Эрдэнэт Тавантолгой” гэх өнөөхөндөө халаас нимгэн ч ирээдүйд томрох тус компанийн хувьцааг олон улсын зах зээлд гаргах “виз” аваад байгаа Дойче банк, Голдман Сакс, Би эн Пи  Париба, Маквейри банкуудын зүгээс монголчуудад хандаж хийхээр товлосон, хийж буй ажлуудынхаа талаар танилцууллаа.  Тэдний хэлснээр бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг энэ оны эцэс эсвэл ирэх оны эхээр олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалж эхлэх бололтой. Хувьцааны нэрлэсэн үнэ ямар байх нь ордын нөөц, олборлолтын байдал, дэд бүтэц, гадаад ба дотоод зах зээл зэрэг олон зүйлээс шалтгаалах гэнэ. Компанийн үнэлгээнд дээрх хүчин зүйлүүдээс гадна дотоодын зах зээлд дэх бэлэн мөнгөний урсгал нөлөөлнө гэдгийг ч олон улсын нэртэй банкирууд өгүүлнэ лээ.Харин  манай эдийн засагчид, бизнесийнхний зүгээс олон улсын зах зээлд гаргах тооцоолол хангалтгүй байна гэх шүүмжлэлийг хөрөнгө оруулагч банкууд руу шидэлсэн. Монголчуудын хувьд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэрлэсэн хувьцааны үнийг хөрөнгө оруулагч банкууд хэргээр  хямдаар үнэлж, өөрсдийнхөө хөл гар бологч нөхдүүдэд зарж болзошгүй юм гэх анхааруулгыг “Эрдэнэс МГЛ” болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн нөхдүүдийн сонорт хүргэсэн. Энэхүү хардлага хөрөнгө оруулагч банкуудын эшдүүг хүргэсэн бололтой, тийм зүйл байхгүй гэдэг хариултыг өгсөн юм.

Бага хурлын дараагийн сэдэв нь Монголын болон Лондон, Хонгконгийн хөрөнгийн биржүүдийн танилцуулга. Өөрөөр хэлбэл, Лондон болон Хонконгийн хөрөнгийн биржэд бүртгүүлэхэд ямар журам баримтлах, тус биржүүдэд хувьцаа гаргахын давуу тал, боломжийн талаар хэлэлцүүлэг өрнөсөн юм. Лондон болон Хонкгконгод бүртгэлтэй Монголын хэд хэдэн компаниуд байгаа бөгөөд тэдний хувьцаа маш амжилт дагуулж байгааг дээрх биржийн төлөөллүүд онцолсон.

2011/04/28

Тавантолгойг худалдахаас тав хоногийн өмнө хэлэх үг байна

Тавантолгойг худалдахаас тав хоногийн өмнө хэлэх үг байна
Тавантолгойн орд газрыг олон улсын зах зээлд гаргаж, дэлхийн энтэй уурхайг гадаад ертөнцөд гайхуулах завшаан бидэнд олдсон. Энэ бол дарга нарын үг. Бид эх орны хувь болон "алт", эсвэл "мөнгөн" хувьцаа эзэмшиж, дэлхийд данстай зузаан хэтэвчний эзэд болох учиртай юм байх.

Энэ бүхэн амьдрал дээр хэрэгжих хугацаа ирэх сард тохионо. Тавантолгойг олборлох компанийг тодруулах тендерийн шалгаруулалт ирэх сард болж, хаанахын ямар улсын хөрөнгөтнүүд өмнийн говьд хүрз хүргэхийг бид харах л үлдэж.

Сүхийн талбай иргэдийн дуу хоолойгоор цангасан юм шиг өчигдөр, уржигдар болсон олон түмний жагсаал, хөдөлгөөн эхэллээ. Тэд Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар бас ярьсан. Үүнээс гадна "Олборлогч сонгон шалгаруулах тендерийн материалыг бид үзсэн. Түүнд монгол компаниудыг оруулахгүй гэсэн илэрхий бодлого багтсан байсан. "Гурваас доошгүй оронд томоохон
хэмжээний ордод олборлолт хийсэн туршлагатай байх" гэсэн заалт байсан.

Гэтэл гурваас доошгүй оронд олборлолт хийсэн байх эсэх нь хэрэгтэй юм уу. Энэ бол угтаа хэрэгтэй шаардлага биш" гэж "Монгол 999" үндэсний нэгдлийн ТУЗ-ийн гишүүн Б.Аюуш ярьсан. Анхнаасаа л монголчуудыг халгаагаагүй энэ тендер хамгийн хачирхалтай нь Монголоор овоглож байна. Энэ нөхцөлд бид үлдсэн тав хоногт төр, засагт хандаж юу гэж хэлэх вэ.

Лондоны металлын биржид зэсийн ханш 9400 ам.доллараас халихаа байгаад, наран улсын цөмийн эрчим хүчний сүйрэл дэлхийн хувьд айдсын ертөнц болоод байгаа. Энэ тохиолдолд дэлхий дахинд уран биш, харин кокс нүүрс манай эрчим хүчний дараагийн эх үүсвэр болж таарлаа. Энэ нүүрсний ханш нэг тонн 200 ам.доллар хол давсан үнэ өгсч байна. Харин Тавантолгой дахь бидний оролцоо хаана байна вэ.

Тав хоногийн дараа юу болох вэ. Тавантолгойн эзэнтэй тендерийн ялагч шалгардгаараа шалгарч, уул уурхайн акулууд ирдгээрээ ирнэ. Бид чухам юу эзэмшихийг хэлж өгөөч, Ерөнхий сайд аа. Үнэн
хэрэгтээ энэ бүхэн бүдэг, бадаг байна. Бидний өмнө их бүтээн байгуулалт нэртэй хээл хахуулийн буухиа, монголчуудыг ажилгүйдэлд "худалдсан" урд хөршийн их арми биднийг чиглэн ирж байна.
Хувьцаа атгуулсан нэртэй ядуурлын аян бас эхэлж байна.

2011/04/26

Тавантолгойн үнэ цэн ба NORWEST

Тавантолгойн үнэ цэн ба NORWEST
Тавантолгойн үнэ цэнийг үндэслэлтэйгээр тогтоох ажил ид өрнөж байна. Стратегийн ач холбогдолтой, дэлхийн хэмжээн дэх нүүрсний хамгийн том ордуудын нэг гэх тодотголтойгоор өнөөг хүрсэн тус сав газрыг хамгийн бодитой, үндэслэлтэйгээр судлах ажил үргэлжилж байна гэж дэлгэрүүлье. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны ирээдүйг тодорхойлох хариуцлагатай энэ ажлыг Канадын Norwest компани шинэчлэн гүйцэтгэж буй. Чингэхдээ өмнөх удаагаас ялгаатай нь судалсан нөөц, боломж, үр ашгийн тооцооллоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нөөцийн үнэлгээ болох ЖОРК /JORC/ код руу хөрвүүлэх үүрэг хүлээж байгаа юм.

Тавантолгойн орд газарт анх 1975 онд Монгол-Болгарын хамтарсан анги хайгуул, судалгаа хийж байсан бол 1978-1981 онд Монгол-Зөвлөлтийн геологийн экспедиц ажилласан байдаг. Дараагаар нь 1982-1987 онд урьдчилсан болон нарийвчилсан хайгуул, 1989 онд Ухаа худаг, Зүүн болон Бортолгойн хэсэгт мөн хайгуул, 1991 онд ОХУ-ын Гипрошахт институтэд Техник, эдийн засгийн үндэслэлийг нь гаргасан удаатай. Сүүлд 1998-1999 онд Norwest, BHP судалгаа хийж, 2005-2006 онд “Энержи ресурс” компани Техник, эдийн засгийн үндэслэл гаргасан. Мөн 2009 онд Norwest компани нөөцийн тооцоолол хийсэн нь бий.

Ямартай ч дээр дурдсан томоохон судалгаануудыг төр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн гэдгээрээ Тавантолгойн орд газрыг эзэмшигч нь өнөөдөр Монгол улс гэх талархууштай давуу тал бий болсон. Тэгвэл уншигч Таны харж буйчлан тус сав газарт 1998-1999 онд судалгаа хийсэн Norwest компани одоо шинэчилсэн судалгааг хариуцан ажиллаж байна. Тухайн үед буюу 1999 онд боловсруулсан Norwest  компанийн Техник, эдийн засгийн үндэслэл бүхий судалгаанаас зарим тоо баримтыг энд тэмдэглэе.

Судалгаагаар Тавантолгойн орд газрын нөөцийг 6.4 тэрбум гаруй тонн коксжих болон эрчим хүчний нүүрстэй гэж тогтоосон юм. Улмаар сав газрыг ашиглахын тулд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэх дүгнэлтийг өгчээ. Дээрх санхүүжилтээр жилд нийт 10-11 орчим сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий уурхай, төмөр зам, цахилгаан станц барих шаардлагатай гэж үзсэн ба нэг тонн нүүрсийг ойролцоогоор 8.9 ам.доллар буюу тухайн үеийн дотоодын ханшаар 10400 төгрөгөөр олборлох боломжтой гэж судалсан байна. Цаашлаад олборлосон нүүрсээ далайн боомтод хүргэх хамгийн богино зайг төмөр замаар 1600 км туулна гэж тооцоолон тээвэрлэлтийн өртөг шингэснээр дэлхийн зах зээлд Тавантолгойн нүүрс тонн тутамдаа 14 ам.доллараар үнэлэгдэнэ хэмээн дүгнэсэн байдаг.

1999 оны энэ үнэлгээг одоо эргэн харахад туйлын учир дутагдалтай нь мэдээж. Цаг хугацааны хувьд бүтэн 12 жил улирч, одоо дэлхийн зах зээлд нэг тонн коксжих нүүрсний ханш тонн тутамдаа 220-240 ам.долларт хүрчхээд буй. Цаашид ч тогтвортой өсөх хандлагатай байгааг олон улсын экспертүүд мэдээлсээр байна. Нөгөөтэйгүүр, Монгол улсаас олборлосон нүүрс өмнөд хөршийн зах зээлд хүрэхдээ 80 гаруй ам.долларын үнэлгээтэйгээр очиж байгаа зэрэг 1999 оны ТЭЗҮ-г дахин шинэчлэх зайлшгүй шаардлагатай тоо баримт олон бий. Тиймдээ ч Norwest компанийн нэн тэргүүнд хийх ёстой ажил бол 12 жилийн өмнөх судалгаагаа шинэчлэх   юм. Улмаар шинэчлэн тогтоосон нөөц, Техник, эдийн засгийн үндэслэл нь Тавантолгойн орд газар болон “Эрдэнэс Тавантолгой” хувьцааны үнэ цэнийг дэлхийн зах зээлд тодорхойлох хамгийн эцсийн буюу албан ёсны мэдээлэл болж таарна.

ЖОРК-Д ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ИТГЭДЭГ



Тавантолгойн орд газрын шинэчилсэн ТЭЗҮ ойрын хугацаанд бэлэн болно гэдгийг албаны эх сурвалж хэлж буй юм. Түүний дараагаар тогтоосон дүн, үнэлгээг олон улсад хамгийн өргөн хэрэглэж буй ЖОРК код руу хөрвүүлнэ. Энгийндээ бол эл код, стандартаар баталгаажсан уул уурхайн төслийг олон улсын хөрөнгө оруулагчид хийгээд Хөрөнгийн биржүүд хүлээн зөвшөөрдөг учраас тэр. Жорк гэдэг нь Австралийн хөрөнгийн бирж дээр ашигт малтмалын хайгуулын тайланг зохицуулдаг, Австралийн Нөөцийг  тайлагнах тухай хууль тогтоомжийг хэлдэг. Зөвхөн тус улсын хөрөнгийн биржид үйлчилдэг мэт сонсогдох хэдий ч өдгөө дэлхийн стандарт болтлоо тархаж, хөрөнгө оруулагчдын итгэл үзүүлэх гол шалгуур болоод буй юм. Товчхондоо бол орд газар, уурхайн нөөцийг тодорхой стандартаар баталгаажуулснаар хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгддэг. Хамгийн их итгэдэг цөөн хэдэн стандартын нэг нь ЖОРК код гэсэн үг.  Үүгээр тухайн ордын геологи, Техник эдийн засгийн үндэслэлд нь тулгуурлан нөөцийн хэмжээ, сорьцын ангиллыг тус тус гаргадаг байна.

Ийнхүү олон улсын Хөрөнгийн бирж хийгээд хөрөнгө оруулагчид нийтээр хүлээн зөвшөөрч, итгэл үзүүлэх стандарттай болсон нь урьд өмнөх гашуун туршлага, алдаа хохирол амссанаас үүдэлтэй аж. Тухайлбал, Индонезид алтны ордтой Канадын Bre-X компани 200 сая гаруй тонны нөөцтэй хэмээн олон нийтэд зарлаж, Хөрөнгийн биржид хувьцаа гаргажээ. Удалгүй хувьцааных нь үнэ хамгийн дээд ханш буюу 286.5 ам.доллараар арилжаалагдах болов. Гэтэл 1997 онд уг компанийн орд алтны ямар ч нөөцгүй болохыг тогтоосноор хувьцааных нь үнэ эрс унаж, дампуурсан байна.

Гол учир нь Bre-X компани нь хөндлөнгийн геологичоор нөөцийн тооцоолол хийлгээгүйн дээр худал мэдээлэл цацан хувьцаа гаргаж, их хэмжээний мөнгө хөрөнгө оруулагчдаас авсан нь тодорхой болсон юм. Компани дампуурсны улмаас хөрөнгө оруулагчид маш их хэмжээний хохирол амссан байна. Ийнхүү геологийн хайгуулын үр дүнг мэргэжлийн байгууллага журамлан хянах шаардлагатайг хөрөнгө оруулагч, Хөрөнгийн биржүүд хаа хаанаа ойлгож, тодорхой шаардлага бүхий  олон улсын стандартуудаас ЖОРК болон 43-101 багц дүрмийг гол шалгуураа болгох талаар Австрали, Канад, Англи, Өмнөд Африк, АНУ-ын төлөөлөгчид 1997 оны уулзалтаараа тохирсон гэдэг.

Тэгвэл ЖОРК стандарт гэж чухам юүг хэлээд байна вэ? JORC нь Joint Ore Reserves Committee гэсэн үгсийн товчлол юм. Эрдэс баялгийн нөөцийг тайлагнах стандартчилал гэж ойлгож болно. ЖОРК кодыг 1980-аад оноос нэвтрүүлэн мөрдөж эхэлжээ. Энэ кодыг боловсруулж мөрдөх болсон нь хөрөнгийн зах зээл дээр гарсан залилангийн хэргээс үүдэлтэй. 1960-1970-аад оны үед Австралид Посайдон НЛ-ын гэх алдарт залилангийн хэрэг гарчээ. 1969 онд Хөрөнгийн бирж дээр гарсан уг компани нөөцөө байн байн өсгөн зарлаж, тэр хэрээр хувьцааны үнэ нь маш өндөр өсөлтөд хүрсэн юм. Гэвч 1976 онд нөөцөө хуурмагаар нэмэгдүүлэн зарлаж байсан нь тогтоогдсоноор хувьцааны үнэ унаж, компани дампуурсан билээ.

Хөрөнгө оруулагчдыг ихээхэн эрсдэлд оруулсан энэхүү залилангийн хэрэг эрдэс баялгийн нөөцийг хөндлөнгийн үнэлгээ шалгуураар нарийвчлан тогтоох өндөр шалгуур хэрэгтэйг сануулсан хэрэг болов. Үүнээс үүдэн Австралийн хүдрийн нөөцийн хороо буюу ЖОРК-ийн хороо байгуулагдаж, нарийвчилсан шалгуур үзүүлэлт бүхий стандартыг боловсруулж, мөрдөх болов. Австралийн хүдрийн нөөцийн хороо нь 30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Австралийн уул уурхай, металлургийн институт, Эрдэс баялгийн зөвлөл, Геологичдын институтын сайн дурын байгууллага юм. Мөн Австралийн хөрөнгийн бирж, Үнэт цаасны институт болон шаардлагатай гэж үзсэн бусад байгууллагуудаас урилгаар төлөөлөл оролцуулдог байна.

ЖОРК нь геологийн найдвартай байдал, техник эдийн засгийн үндэслэлд тулгуурлан гаргасан нөөцийн хэмжээ, сорьцын ангиллыг харуулсан зайлшгүй дагаж мөрдөх тогтолцоо юм.

Хайгуулын үр дүн, эрдэс баялгийн боломж, нөөцийн талаар Австрали болон Шинэ Зеландад олон нийтэд мэдээлэх хамгийн наад захын стандартыг тогтоож өгчээ. ЖОРК-оор нөөцийг тайлагнахдаа анхаарч үзэх ёстой шалгуур үзүүлэлтийн дэлгэрэнгүй удирдамжийг гаргаж өгдөг төдийгүй мэргэшсэн мэргэжилтэн буюу мэргэшсэн байгууллага зааварчилгааны дагуу бичиж, тайлангийн үнэмшил, чанарыг бүрэн хариуцдаг. Тэрхүү мэргэжилтэн, байгууллагад байх ёстой чадвар, туршлагыг ч мөн нарийвчлан тодорхойлсон байдаг.  ЖОРК-ийн кодын дагуу нөөц тогтоож, тайлан бичих эрхтэй лиценз авсан геологийн үйлчилгээний компани болон хувь геологичид нь өөрийн карьер, чадвараар дэнчин тавьж, нөөц тогтоосон хөндлөнгийн тайлан бичдэг нь ихээхэн итгэл үнэмшилтэй болгож өгдөг байна.

Уншигч Таны харж буй зурган мэдээлэлд Монгол улсад уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй ЖОРК кодоор нөөцөө баталгаажуулсан компаниудын нэрс /Эх сурвалж MICC/ байна. Эл стандартын дагуу нөөцөө тогтоолгосноор тэд олон улсын хөрөнгийн биржүүдэд хөл тавих эрхээ олж авсан юм. Тухайлбал, өдгөө “Монголиан майнинг корпораци” Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаа арилждаг бол “Эспайр майнинг”, “Хүннү Коал”, “Занаду майнс” компани Австралийн хөрөнгийн биржид, “Саусгоби Ресурс” компани Торонто, Хонконгийн биржид, “Шарын гол” Монголын хөрөнгийн биржид тус тус хувьцаа гарган арилжиж байгаа. Энэ жагсаалтыг Монгол улсын төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани удахгүй дэлгэрүүлэх нь.  

NORWEST ГЭЖ ХЭН БЭ?

Тавантолгойн орд газарт шинэчилсэн үнэлгээ хийж, нөөцийн мэдээллийг ЖОРК код руу хөрвүүлж буй Norwest гэж чухам хэн бэ. Юуны учир Монгол улсын Засгийн газар дээрх ажлыг тус компанид хоёр дахь удаагаа даалгав.

Norwest корпораци Канад улсад бүртгэлтэй хуулийн этгээд бөгөөд 1979 онд байгуулагдсан. Анх геологи, инженерийн судалгаа шинжилгээ хийж үйлчлэх зорилготойгоор үүдээ нээж, удалгүй Канад, АНУ-д идэвхтэй үйл ажиллагаа явуулах болжээ. Өдгөө Ази, Африк, Австрали, Хойд Америкийн 20 орчим улсын эрчим хүч, уул уурхайн салбар дахь 3000 гаруй төсөлд аудит, геологийн судалгаа, уурхайн төлөвлөгөө, санхүүгийн тайлан, олборлолтод нь зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байна. Үйлчлүүлэгчдээс нь дурдвал, BHP Billiton, Peabody Coal, Coal India, Ivanhoe Mines, Petroleum, Xstrata зэрэг 122 компани, БНХАУ, Энэтхэг, Иран, Шинэ Зеланд, Филиппин, Тайланд, Монгол зэрэг 20 орчим улсын Засгийн газар, J.P. Morgan, Bank of America, Deutsche Bank, Beacon Group, Union Bank of Switzerland, Дэлхийн банк зэрэг санхүүгийн 40 орчим институтэд зөвлөх үйлчилгээ үзүүлжээ.

АНУ, Канад, БНХАУ, Энэтхэг, Колумб, Австралид байрлах оффистоо орон тооны 220 ажилтантай. Монгол улсын Засгийн газартай албан ёсоор холбогдсон сэжим 1998 оноос эхлэлтэй. 2005 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр CNN агентлаг Norwest корпорацийг Монгол улсын Баруун нарангийн нүүрсний төсөлд зөвлөгөө үзүүлж байгаа тухай өгүүлсэн бол түүний дараахан “Ройтерс” мэдээлэхдээ Norwest Монгол улсын Засгийн газарт Тавантолгойн орд газрыг хоёр хувааж олборлох, ялангуяа Цанхийн нэг хэсэгт гадны хөрөнгө оруулагч ажиллуулах  тухай зөвлөлөө хэмээн бичиж байв.

Ямартай ч Norwest геологийн судалгаа, ТЭЗҮ боловсруулах туршлагаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн акул. Туршлага бүхий тус корпорацийн ажлын үр дүнгээс Тавантолгойн орд газрын албан ёсны нөөц, ТЭЗҮ-ийг хүлээх үлдэж байна.

2011/04/25

Олон брокерийн алинд нь итгэх вэ?

Олон брокерийн алинд нь итгэх вэ?
"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг иргэдэд эзэмшүүлэх шийдвэртэй зэрэгцэн брокер, дилерийн компаниуд идэвхжиж эхэллээ. Гэхдээ алдаг оног үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүд сэргэх бус, бараг өдөр бүр шинээр брокерын пүүс байгуулагдах болсон нь анхаарал татаж байна. Ердөө ганцхан сарын өмнө "Монголын Хөрөнгийн биржид албан ёсны бүртгэлтэй 47 брокер, диллер үйл ажиллагаа явуулж байна" хэмээж байсан бол өнөөдөр энэ тоо 70-аас давжээ.

Энэ нь нэг талаас хөрөнгийн зах зээлд оролцогчдын тоо нэмэгдэж, цар хүрээ нь өргөжиж байгаа мэт боловч нөгөө талдаа томоохон эрсдэл дагуулж болохыг үгүйсгэх газаргүй юм. Ер нь аливаа юмны тоо хэт олдоод ирэхээрээ үндсэн утгаа алддаг тал бий. Жишээ нь, 2003-2004 оны үед Хадгаламж, зээлийн хоршоод ёстой" л борооны дараах мөөг шиг "ургаж" байсан даа. Гэтэл юу боллоо. Манай улсын банк, санхүүгийн салбарт маш том сургамж өгсөн. Тэгвэл өнөөдөр брокер, дилерийн компани богино хугацаанд хэт олширч байгаа нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд хохирол учруулах вий гэсэн болгоомжлол төрүүлж байна.

Яагаад гэвэл Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа жигдэрч, зах зээлийн зарчмаар брокерийн пүүс олширч байгаа бол өөр хэрэг. Харин тэд зөвхөн Тавантолгойн хувьцааг хуваарилах сургаар ийн хөөрцөглөж байгаа нь хэт явцуу хандлага юм. Тэгээд ч өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан брокер, дилерүүд тийм найдвартай байж чадаагүй шүү дээ. Тодруулбал, Монголын Хөрөнгийн биржид албан ёсны бүртгэлтэй 45 брокер, дилерийн компанийн гэрээгээр хүлээсэн үүргийн 2010 оны хэрэгжилтийг харахад 26 нь хангалттай, 19 нь хангалтгүй гэсэн үнэлгээ авчээ.

Үүнээс гадна харилцагчдынхаа хувьцааг зөвшөөрөлгүй зарсан, хувьцааных нь мөнгийг шамшигдуулсан хэрэг ч цөөнгүй гарсан. Жишээ нь, Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтаар "Эрдэнэс инвест", "Мөнхөт" гэх мэт компанид холбогдох хэргийг илрүүлж, акт тавиад цагдаагийн байгууллагад шилжүүлээд байгаа юм. Өдгөө эдгээр компанийн удирдлагуудад Улсын мөрдөн байцаах газар эрүү үүсгэн шалгаж буй. Тиймээс өнөөдөр хэдэн арваараа байгуулагдаж байгаа брокер, дилерийн компанитай хамтран ажиллахдаа иргэд тун болгоомжтой хандах хэрэгтэй юм.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэн бүрт тэнцүү хуваан эзэмшүүлэх ажлыг "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" /ҮЦТТТХТ/ компани хариуцан ажиллаж байгаа. Хувьцааны сургаар иргэд тус компанийн байранд олноороо очин дараалал, ачаалал үүсгэж эхэлсэн тул тэд "Иргэн та заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй. Иргэний шинэчилсэн бүртгэлийг үндэслэн бүх хүнд хувьцааг нь хуваарилна" хэмээн мэдэгдсэн. Энэ ажлаа ч богино хугацаанд амжилттай гүйцэтгэсэн байна билээ.

"Эрдэнэс Тавантолгой"-н 536 ширхэг хувьцааг эзэмшсэн эсэхээ интернэтээр регистрийн дугаараа оруулан шалгах боломжтой талаар бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлсэн. Засгийн газар энэ хувьцааг эхний ээлжинд бусдад арилжиж болохгүй гэсэн шийдвэр гаргасан учраас иргэд одоохондоо заавал аль нэг брокерийг сонгох гээд байх шаарддагагүй юм. ҮЦТТТХТ-өөс ч иргэдэд хандан "Данс нээлгэх гэж бүү яар" хэмээн удаа. дараа сануулсан. Гэтэл шинэ тутам байгуулагдаж байгаа брокер, дилерүүд харин ч эсрэгээрээ "Та цаг алдалгүй дансаа нээлгэ. Манайхыг сонго" гэх мэтээр иргэдийг төөрөгдүүлсээр байгаа юм. Ялангуяа, урьд өмнө нэр нь сонсогдоогүй байгууллагууд "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг заавал тус компаниар дамжуулан эзэмших эрхтэй гэж ойлгогдох агуулга бүхий рекламны самбар гудамж талбайд байршуулах нь олширч байна.

Яг үнэндээ сүүлийн ганцхан сарын дотор байгуулагдаад байгаа 20 гаруй брокер, дилер нь Монголын Хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хороонд одоохондоо албан ёсоор бүртгүүлээгүй. Тиймээс иргэд үнэгүй хувьцаа эзэмших гэж хэт яарснаас болж найдваргүй брокерт мэхлэгдэх аюулаас сэргийлэхэд илүүдэхгүй л болов уу. Энэ ч үүднээс үүнийг бичлээ. Товчхондоо иргэд аль нэг брокер, дилерийг сонгон үйлчлүүлэхдээ хэзээ байгуулагдсан, албан ёсны үйл ажиллагаа явуулах эрхээ холбогдох байгууллагаас авсан эсэхийг нь заавал нягтлах хэрэгтэй гэсэн үг.

2011/04/22

Монголоос импортлох нүүрс нэмэгджээ

Монгол Улсын Засгийн газраас Тавантолгойгоос нүүрс тээвэрлэхийг хэсэг хугацаагаар зогсоогоод байгаа билээ. Тэгвэл саяхан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аюулгүй байдлын хянан шалгах газраас мэдээлэл гаргажээ. Тэнд дурдсанаар ӨМӨЗО-нд энэ оны эхний гурван сарын байдлаар Монгол Улсаас хоёр сая 920 мянган тонн нүүрс импортолсон байна. Энэ нь өнгөрсөн 2010 оны мөн үеийнхээс 40 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ.  Ерөнхий дүнгээрээ боомт тус бүрийн үзүүлэлт өөр өөр байгаа юм. Өвөрмонголын Ганц мод боомтоор импортолсон нүүрсний хэмжээ нэг сая 265 мянганд тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс 131,8 хувиар нэмэгджээ. Харин Цэгээ боомтоор импортолсон нүүрс нэг сая 265 мянган тонн хүрч 7,5 хувиар буурсан бөгөөд Эрээн боомтоор оруулсан нүүрс 28 мянган тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 73,9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ.

Тээврийн замыг хааснаар Монголын салбарын эдийн засаг “хаагдав”

Тээврийн замыг хааснаар Монголын салбарын эдийн засаг “хаагдав”
Тавантолгойн бүсэд үйл ажиллагаа явуулдаг компаниудын тээвэрлэлт хийдэг замыг хаах шийдвэр гаргасантай холбоотойгоор Хонконгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-ын /MMC/ хувьцаа унаж эхэлжээ. Зам хаасан тухай мэдээлэл цацагдсаны маргааш нь Тавантолгойн Ухаахудагт үйл ажиллагаа явуулж буй MMC-ын хувьцааны ханш үдээс өмнөх арилжаагаар өмнөх өдрийн хаалтын дүнгээс 7 хувиар унаж, 8.86 хонконг доллар болж суларсан байв. 

Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх шороон замаар нүүрс тээвэрлэхийг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн зогсоох шийдвэрийг Авто тээврийн газар гаргажээ. Өнөөг хүртэл Тавантолгойн бүсийн уурхайгаас 120 хүртэлх тонн нүүрс ачсан ачааны машины цуваа ердөө 44 тонны даацтай шороон замаар явж иржээ. Уг замаар тээвэрлэлт хийхийг зогсоох үүргийг өмнө нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга холбогдох байгуулагын удирдлагад өгсөн байна. Албаныхны тайлбарлаж буйгаар “Энержи ресурс” компанийн Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай 245 км үргэлжлэх замыг наймдугаар сар гэхэд ашиглалтад оруулах ажээ.

Гуравдугаар сарын байдлаар “Энержи ресурс” компанийн барьж буй жилд 18 сая тонн ачаа тээвэрлэх даацтай энэхүү замын ажлын гүйцэтгэл 65 хувьтай байжээ. Гэвч энэхүү замыг ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд Монголын эдийн засагт үлэмж хэмжээний алдагдал учрахаар байна. Тавантолгойн бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Энержи ресурс” буюу MMC, мөн Тавантолгой компанийн нүүрсний экспорт уг шийдвэртэй холбоотойгоор үндсэндээ зогсоход хүрч байгаа юм. Монголын нүүрсний экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг гол таван компанийн хоёрынх нь экспорт гурван сар, магадгүй үүнээс ч илүү хугацаагаар тасарч байгаа юм.  

Өөрөөр хэлбэл Өмнөговийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй SouthGobi Sands, “Монголын Алт” компанид уг шийдвэр нөлөөлөхгүй ч гол үүрэгтэй нөгөө хэсгийнх нь худалдаанд ноцтой нөлөөлж буй нь Монголын эдийн засгийн гол түүхий эдийн экспортыг хаасан хэрэг болж байна. 2010 онд манай улс нүүрсний экспортоос 800 гаруй сая ам.доллар олжээ. 2011 оны нүүрсний экспорт өдгөө 280 гаруй сая ам.долларт хүрээд буй бөгөөд энэ жил нүүрсний экспортоос сард 82 сая доллар, өдөрт 2.73 сая доллар олох тооцоог “Frontier Securities” гаргажээ. 

Гэвч гол олборлогч Тавантолгой, коксжих нүүрсний MMC-ын үйл ажиллагааны саатал нь дээрх төлөвлөгөөний 30-40 хувийг зам ашиглалтад орох хүртэл танаж байгаа юм. Өмнөх онд 3.92 сая тонн нүүрс экспортолсон MMC энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар 0.725 сая тонн нүүрс экспортолжээ. Тус компани энэ жил 7 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байгаа юм. Тавантолгой компанийн хувьд өнгөрсөн жил 5.1 сая тонн нүүрс олборлосон тухайгаа мэдээлсэн бөгөөд уг шийдвэр нь тэдний олборлолт, бүтээгдэхүүн, худалдаанд сөргөөр нөлөөлөх тухай мэдэгджээ.  

Энэ тухайд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт:
Өмнөговиос нүүрсний тээвэрлэлт явуулж байгаа замыг хаах шийдвэрийг өмнө нь бид хэд, хэдэн удаа тавьж байсан. Хааж ч үзсэн, хаагаад холбогдох стандартынх нь дагуу барьсан авто зам барих ажил эрчимтэй явж байна. Авто зам ашиглалт оронгуут тээвэрлэлт эхэлнэ. Авто замын газраас энэ удаад ямар шалтгаанаар тээвэрлэлтийг хаасан бэ гэдгийг бид албан ёсоор тодруулна.

Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга: 
Замаа тавиад тээвэрлэлтээ хий гэсэн шаардлага тавьсан, тэд мөнгөтэй учраас ухамсараараа ойлгох ёстой. Орлого олж байгаа бол орон нутагт нь дэд бүтэц байгуулахад хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагууд газар дээр нь хяналт тавих ёстой. Бид зам хаасан шийдвэртээ бат зогсоно.

Тухайн хэсэгт дэд бүтэц барих нь зайлшгүй ч дэд бүтцийн ажил төлөвлөгөөний дагуу явж буй. Харин уг шийдвэр хэрэгжсэнээр зам барьж компанийн төлөвлөгөө төдийгүй, Монголын эдийн засгийн төлөвлөгөө эргэлзээтэй болж байна. Зам удахгүй ашиглалтад орно, харин нүүрсний экспортын хамгийн чухал үед тээвэрлэлт хаагдлаа. 

Эрдэнэс МГЛ компанийн орлогч захирал Б.Ганхуяг: Иргэдэд олгох хувьцаа стратегийн хөрөнгө оруулагчтай хамааралгүй

Эрдэнэс МГЛ компанийн орлогч захирал Б.Ганхуяг: Иргэдэд олгох хувьцаа стратегийн хөрөнгө оруулагчтай хамааралгүй
-Стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах гурав дахь шатны хэлэлцээр хэзээ эхлэх вэ?
-Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг тодруулах хоёр дахь шатны хэлэлцээр дууссан. Удахгүй гурав дахь шатны хэлэлцээр эхэлнэ. Бид өөрсдийн саналыг заавал тулгах биш харилцан ярилцаж, нөгөө талаас байгаа нөхцөл байдлаа тайлбарлах журмаар хэлэлцээр явагдаж байгаа. Хэлэлцээр дуусаагүй, сонгон шалгаруулалт дуусаагүй. Одоогоор ажил ид явагдаж байна.

Монгол Улсын Засгийн Газар стратегийн хөрөнгө оруулагчийг зөв, бодитой, Монгол Улсад, ард иргэдэд ашигтайгаар сонгон шалгаруулаад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн компани болгох тал дээр ажиллаж байна. Аль болохоор яаравчлахыг хүсэж байгаа. Гэхлээ яарлаа гээд нөгөө талын асуудлыг өмнөөс нь шийдэж болохгүй болохоор цаг хугацаа шаардагдаж байна. Одоо үйл ажиллагаа яг дундаа явагдаж байгаа. 

-Стратегийн хөрөнгө оруулагчаас орж ирэх мөнгөнөөс ард иргэдэд хувь хүртээх юм байна гэсэн ташаа ойлголт иргэдийн дунд их байна. Үүн дээр зөв ойлголт өгөхгүй юу?

-Хувьцаа бол стратегийн хөрөнгө оруулагчтай ямар нэгэн хамааралгүй хувьцаа. Эрдэнэс Тавантолгой бол манай охин компани. Өөрөө олборлолт, маркетинг, менежментээ хийнэ. Эндээс орох орлогоосоо иргэд, аж ахуйн нэгжид хувь хүртээнэ. Харин стратегийн хөрөнгө оруулагч бол Тавантолгойн нөгөө хэсэгт үйл ажиллагаа явуулах олон улсын түншлэлийн байгууллага юм. Үүнийг сайн салгаж ойлгох хэрэгтэй.

Хөрөнгө оруулагчаас орж ирэх мөнгөнөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд өгөх гэж байгаа мэтээр ойлгож байгаа нь ташаа ойлголт. Охин компани болох Эрдэнэс Тавантолгойн орлогоос иргэддээ хувь хүртээх юм. Стратегийн хөрөнгө оруулагч бол Эрдэнэс Тавантолгойд ч бараг хамааралгүй явах талаар яригдаж байгаа.

-Хөрөнгө оруулагчаар тодрох магадлалтай компаниудыг тааварлаж яриад байна уу? Эсвэл магадлал өндөр болохоор яриад байна уу? Хэдэн компаниийн нэр гараад байна.

-Энэ бол үндэслэлгүй албан бус мэдээлэл. Одоогоор бид өөрсдийн хүсэлт бизнесийн саналаа ярьж байгаа, нөгөө талууд ч мөн адил өөрсдийн саналаа хэлж байгаа. Одоогоор тэр нь илүү гэж хэлэх үндэс алга байна.

-Танд баярлалаа.

2011/04/21

Хөрөнгийн биржийнхэн 2.7 сая хүний 5000-аар юу хийх гээд байна вэ?

Хөрөнгийн биржийнхэн 2.7 сая хүний 5000-аар юу хийх гээд байна вэ?
Тавантолгойн хувьцаа гэдэг "чихэр"-ийг шилний цаанаас "долоож" эхэлснээс хойш дэлхий нарыг бүтэн тойрчихож. Засгийн Газар өнгөрсөн жилийн өдийд "Монгол хүн бүр Тавантолгойн хувьцаа эзэмшинэ” хэмээн зарлаж байсан юм. Дахиад хэдэн жил шилний цаана ард түмэн хүлээх бол гэсэн горьдлого, энэ хооронд хэн нэг нь амандаа үмхчих вий гэсэн болгоомжлол хоёр зэрэгцсэн нэг жил ард үлдэж байна. 

"Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшигч болно. Хувьцаа эзэмшинэ гэдэг саятан бүр тэрбумтан ч болгох сайхан эд” гэсэн гоё амлалтад бялуурсан иргэд модтой чихэр хүлхэхээ хүлээж амаа ангайсан хэвээр л байгаа.

Саяхныг хүртэл 550 ширхэг хувьцаа өгнө гэж дуулдаж байсан бол тэр нь 536 болсон гэснээс өөр тоймтой мэдээлэл иргэдийн дунд алга, үнэндээ. Хувьцааны нэрлэсэн үнэ тогтоо ч үгүй, хэр байтугай давуу эрхийн хувьцаа юу энгийн үү гэдэг нь ч маргаантай хэвээр байхад төр иргэдээсээ татаас аваад эхэллээ.

536 ширхэг хувьцааны сураг дуулсан иргэд Хөрөнгийн бирж дээр очиж дугаарлан, хувьцаагаа нэхээд "хэвтчихэв". "Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ, хулхи төр засагт дахиад л хулхидуулахаасаа өмнө гар дээрээ л тэр хувьцаагаа авъя" хэмээн гүрийсэн иргэдийн өөдөөс Хөрөнгийн биржийнхэн "жижигхээн" болзол тавьж байгаа.

"Монгол Улсын иргэн Тавантолгойн хувь хишиг хүртэхийн тулд бүртгүүлэх ёстой, бүртгүүлэхийн тулд тавхан мянган төгрөг төлөх ёстой" гэсэн үгийг Хөрөнгийн бирж хавиас хэлэх болов. Тавантолгойн хувьцаа авахын тулд тавхан мянган төгрөг төлчихөд юу байхав гээд иргэд ч нимгэн түрийвчээ тэмтчих нь мэдээж. Тэрбумтан болгох хувьцааг тиймхэн мөнгөөр авахад юу байхав гэж эндүүрэх нь ч энүүхэнд байна.

Харин цөөхөн хэдэн хүн энэ мөнгөөр яг юу хийх гэж байгаа юм бэ гэсэн асуултыг эмээн байж асуусан ч тоймтой хариу сонссонгүй. "Хөрөнгийн биржид данс нээлгэж байгаа хүн бүр 5000 төгрөг төлдөг журамтай. Брокер дилерийн үйл ажиллагаанд зарцуулна" гэхээс өөр тодорхой зүйл хэлсэнгүй. Бүр зарим нь тавхан мянган төгрөгөн дээр юун сүртэй юм. Төр үнэгүй юм өгч байхад гэж намжирдаж байна.

Ингээд иргэн таны хагас өдрийн цалинг эрхэм хөрөнгийн биржийн найзууд маань юунд зарцуулах гээд байна вэ. Үүнийг иргэд мэдэх эрхтэй, мэдэх ч ёстой.

Тэгээд ч төрөөс иргэдэд өгч байгаа хувьцаа танагдаж болдог хэрнээ төрийн иргэдээс нэхэх төсөвлөөгүй зардал яагаад нэмэгдээд байгааг ойлгохгүй л сууна. Тавантолгойн хувьцаа 550 байснаа яагаад 536 болчихов гэсэн эргэлзээ, асуулт иргэдийн дунд байж л байна. Амласан хувьцаагаа 14-өөр буулгасан юм чинь төр нь иргэддээ данс үнэгүй нээгээд өгчихөж яагаад болохгүй гэж.

Таван мянган төгрөг тансагдуухан хэрэглээтэй айлын талхны үнэд ч хүрэхгүй мөнгө. Харин борогдуу амьдралтай айлын гурван өдрийн хоолны махыг энэ мөнгөөр авч болно. Таваг хоолны мөнгө хүрэхгүй энэ мөнгийг 2,7 сая хүнээс авахаар 13 тэрбум 750 сая төгрөг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл хэдэн сая таваг хоол, хэдэн арван "Лексус" машин худалдаж авч болно. Наад зах нь 30 саяар тооцоход 500 өрхийг орон сууцтай болгох мөнгөөр Хөрөнгийн бирж юу хийх гэж байна вэ. Яагаад тэр зардал 1000, 2000 байж болдоггүй заавал 5000 төгрөг гэж? 

Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар гэдэг шиг тавхан мянган төгрөг гээд 2,7 сая иргэнийхээ "тавхан" мянган төгрөгийг нийлүүлж хэн, хаана мөнгө угаах гэж байна вэ.

Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй харилцаж байгаа, цаашдаа ч олон улсын хөрөнгийн зах зээлд рейтинг нь нэмэгдэхээс буурахгүй гэж тодотгож байгаа өнөө үед 13 тэрбум 750 сая төгрөг гэдэг бага мөнгө биш. Үүнийг юунд зарцуулах вэ гэсэн тайлангаа тавьж, багасгах боломж хайж болохгүй гэж үү. Ард түмэнд зориулаад Хөрөнгийн биржийнхэн журмаа өөрчлөн, хураамжаа багасгаж яагаад боддоггүй юм бэ.

Тэгээд ч Хөрөнгийн бирж одоогоор захирлын үүрэг гүйцэтгэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ нөхцөлд бүр ч илүү хяналт, бүр ч олон асуулт ягаан байшингийнхан руу чиглэх ёстой баймаар. Тэргүүн дэд даргынх нь томилгооноос эхлээд харахад Хөрөнгийн бирж нь албан тушаалын бялууны нэг хэсэг гэж ойлгогдохоор байгаа.

Монголын Хөрөнгийн биржийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Алтай хэмээх 29-хөн настай залуу ажиллаж, дэлхийн зах зээлд Монголын нүүр царай болох байгууллагын нэгдүгээр гарын үсгийг зурж байгаа. 30 хүрээгүй залуугийн амжилтад баяр хүргэж бахархмаар боловч нөгөө талдаа хоёрхон жилийн өмнө Ерөнхий сайдын туслах байсан хүн яагаад гэнэт ингэж тодров гэсэн хардлага дагахаас өөр аргагүй.

Уншигчид Х.Алтайг гэхээс илүү түүний аав, Монголын томоохон бизнесмен Хангайг сайн мэднэ. Олон хүн Х.Алтайг Хөрөнгийн биржийн тэргүүн дэд захирлаар томилогдоход бизнесмен аавынх нь нөлөө, Ерөнхий сайдын татаас биз хэмээн харж байсан. Х.Алтай С.Баярыг Ерөнхий сайд байхад шадар туслахаар нь ажиллаж байсан бөгөөд С.Батболдыг тамга гардаж авахад мөн л хэсэг хугацаанд энэ тушаалд байсан юм. Харин Ерөнхий сайдын туслахын ажлаа өгснөөсөө хойш удаа ч үгүй Хөрөнгийн биржийн тэргүүн дэд захирлаар томилогдсон сүйхээтэй нэгэн. Дөнгөж өнгөрсөн оны хоёрдугаар сард шинэ ажилд очсон тэрээр жилийн дотор захирлын үүрэг гүйцэтгэгч боллоо.

Зөвхөн энэ томилгоог харахад л Хөрөнгийн биржийг "сулдаа ганхан жороолуулж" болохгүй нь ойлгомжтой байна. Тэр дундаа ард түмний хараа бүр ч хурц байх ёстой газар.

Энэ мэтээр Хөрөнгийн бирж нь ч хуудуутай, Тавантолгой гэдэг чихэр нь ч цааснаасаа задраагүй байхад төр иргэдээсээ 13 тэрбум төгрөг авах гээд байгаа юм биш үү.

Хэзээ, хэдэн төгрөгөөр борлогдож, хэчнээн Монголчуудыг баяжуулах нь тодорхой болоогүй бүүр түүрхэн дуулдаж байгаа Тавантолгойн үлгэр амар сайхандаа жаргачихвал Хөрөнгийн биржийн ард түмнээс нэхэж байгаа 13 тэрбумыг буцааж өгөх нь ч Мянгуужингийн үлгэр болно биз. Тэгэхээр Хөрөнгийн биржийн толгойд суугаа Х.Алтай тэргүүтнүүд ард түмнээс дуслаар цуглуулах 13.7 тэрбумаар юу л хийх гээд байна даа.

Хятадууд үндэсний компаниар дамжуулж Тавантолгойн хувьцаа руу мацах уу

Хятадууд үндэсний компаниар дамжуулж Тавантолгойн хувьцаа руу мацах уу
Төр засгаас ард иргэдийн нэр дээр тус бүр 536 ширхэг хувьцаа байршуулсан боловч үндэсний гэх тодотголтой аж ахуй нэгжүүдийн, хувийг хүртээх асуудлыг түр хойшлуулаад байна. Гол шалтгаан нь хувьцааг үндэсний аж ахуй нэгжид жигд хүртээх асуудал төвөгтэй байгаа юм. 

Томоохон компаниуд нь жижиг аж ахуй нэгжээ худалдаж аваад Тавантолгойгоос аль болох их хувьцаа хүртэх гэж шунасан нь эцэстээ асуудлыг дахин нягтлахад хүргээд байна. Нөгөөтэйгүүр, зарим хэл амтай нөхөр “компанитай гэх нэр зүүсэн нь 28 мянгыг аваад улсад насаараа зүтгэсэн нь яагаад 500 хувьцаа хүртдэг юм" гэж барьцсантай холбоотой. 

Тэгвэл үүн дээр дахин нэг зүйлийг нэмж нягтлах хэрэгтэй хэмээн зарим эдийн засагч үзэж байна. Өөрөөр хэлбэл, үндэсний аж ахуй нэгжийн хувийг гадны хөрөнгө оруулагчид хүртчих вий гэсэн болгоомжлол байгаа аж.

Тавантолгойн хувьцааг үндэсний аж ахуй нэгжид нэрлэсэн үнээр нь худалдаалах тухай заасан. Тэгвэл нийт хөрөнгө оруулалтын 70-аас дээш хувийг дотоодынх эзэлж байвал үндэсний аж ахуй нэгж хэмээн үзэх юм. Нэг үгээр хэлбэл, нийт хөрөнгө оруулалтын 30-аас доош хувь нь гадных байвал үндэсний аж ахуй нэгжид тооцож хувьцаа хуваарилна гэсэн үг. 

Тэгвэл Төрийн өмчийн хорооноос тайлбарлаж буйгаар Тавантолгойн хувьцаа эзэмшсэн үндэсний компанийн гадны хөрөнгө оруулалтын хэмжээ 30 хувиас давсан тохиолдолд хувьцааг буцаан татах асуудал байхгүй. Хувьцаа өгсөн бол нөгөө компани нь хэний гарт шилжих нь хамаагүй, тэгээд л өнгөрнө хэмээж байна. Эндээс үүдээд гадны нөхөд үндэсний аж ахуй нэгжээр дамжуулан Тавантолгойн хувьцааг нэрлэсэн үнээр нь авах гарц бий болохыг үгүйсгэх аргагүй аж. 

Бүр тодруулбал, Тавантолгойн хувьцаанаас 53 мянган аж ахуй нэгж хүртэх боломжтой хэмээн тооцсон. Үүний 65 хувь нь буюу 30 гаруй мянган аж ахуй нэгж жилийн 10 хүртэл сая төгрөгийн борлуулалтын орлоготой байгаа юм. Энэ нь тэд 28 мянган ширхэг хувьцааг худалдан авах чадваргүй гэсэн үг.

Тэгэхээр өнөөгийн нөхцөл байдлаас харахад үлдэж буй 20 хүрэхгүй мянган компани л Тавантолгойн хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдаж авах бололцоотой аж. Тэгвэл эдгээр компанийн цаана үндэсний гэх халхавч хийж Тавантолгойн хувьцааг нэрлэсэн үнээр нь авах гэсэн гадны хэдэн нөхөр байгааг тааварлах аргагүй. Үүнтэй уялдаад үнэхээр Тавантолгойн хувьцааг үндэсний аж ахуй нэгжүүдэд бүрэн гүйцэд, жигд хүртээж чадах уу гэсэн асуудал ихээхэн ээдрээтэй болж байна.

Үндэсний статистикийн хорооноос тайлбарлаж буйгаар үндэсний компаниудын гадны хөрөнгө оруулалтын хэмжээг улсаар нь хувилаж гаргах боломжгүй аж. Учир нь энэ мэдээлэл нууцын зэрэглэлтэй байдаг гэнэ.

Ерөнхийдөө манай улс дахь гадны хөрөнгө оруулалтын хэмжээг харьцуулж үзвэл Хятад улс хол тасархай тэргүүлж байна. Тус улсын хөрөнгө оруулалт 2009 онд нийт хөрөнгө оруулалтын 60 хувийг эзэлжээ. Дараагаар нь Канад 6.61, Солонгос 5.69, Япон 3.45 хувь гэх зэргээр үргэлжлэх аж. Энэ нь үндэсний гэх тодотголтой компани яваандаа гадны хөрөнгө оруулалтын мэдэлд шилжвэл Хятадынх байх магадлал маш өндөр байгааг харуулна.

2011/04/20

Тавантолгой, Ухаахудагаас Хятад руу нүүрс тээвэрлэх замыг хаалаа

Тавантолгой, Ухаахудагаас Хятад руу нүүрс тээвэрлэх замыг хаалаа
Ухаахудаг, Тавантолгойгоос Гашуунсухайт хуртэлх 245 км замыг өнөөдрөөс хааж байгаа аж. Энэ замаар  өдөрт 400 гаруй машин БНХАУ руу нүүрс зөөдөг.

Тус нүүрсний урсгалыг хаах болсон шалтгаан нь замын чанар муудсантай холбоотой аж. Чанаргүй замаас болж өнгөрсөн хугацаанд зам тээврийн осол 31 удаа гарч, 23 иргэн амиа алдсаны 20 нь Монголын иргэн байсан байна.

Тээвэрлэлтийн журмаараа бол энэхүү замд дээд тал нь зургаан тэнхлэгтэй, 44 тоннын даацтай машин явуулах ёстой ч иргэд ашиг орлогоо бодоод 120 тонн хүртэл ачаа ачдаг байжээ. Иймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Авто тээврийн газар, Замын цагдаагийн газар хамтарч замыг хаах арга хэмжээг авчээ.

Хаасан замын оронд наймдугаар сарын сүүлчээр стандартад нийцсэн, есөн метр өргөн, хатуу хучилттай, 120 тоннын даацтай, гуравдугаар зэргийн шинэ зам ашиглалтад орох юм байна. Тэр хүртэл энэ замыг нээхгүй аж.

Түүнчлэн  нүүрс зөөдөг машинуудаас болж тус бүс нутагт  нүүрсэн зам татаж хөрс нь ихээхэн бохирдон ойр хавийн айлууд нь нүүхэд хүрээд байгаа. Тиймээс замаас болж сүйдсэн байгалийг нөхөн сэргээх ажлыг хийлгэхээр МХЕГ-аас Ажлын хэсэг гаргасан байна.

2011/04/19

ТАВАНТОЛГОЙН ХУВЬЦАА ГЭДЭГ БОЛ...

Одоо өгөх гэж байгаа хувьцааг ногоон тасалбар гэж нэрлээд дээр нь таван ширхэг хүний толгойны зурагтай байхым шиг байгаан. Тэр нь болхоор ерөнхийлөгч ерөнхий сайд сайдууд энээ тэрээгийн зураг байхымуу даа. Тэгээд биднүүс энэ таван толгой сайхан том толгой шүү бишэээ их ухаантай таван толгой шүү гэж хархымуу даа. Зиа тэгээд тэр таван толгойн хувьцаа нэг биш бүүр таван зуу гаруй байхын гэнэ. Шажигнасан таван зуун ногоон заастай болхын гэнэ дээ гэж нэг авгай цуурчээн.

Тавантолгой чинь нуль хувьцаа гэнээ. Тэднүүсийг ухахаар хувьцаанууд гардаг гэнэ. Тэгээд тэднүүсээ хийх газраа олхоо байчаад хүмүүст тарааж байгаа гэнэ. Агуулах сав нь хүрэлцэхгүй байгаа гэнээ. Манайх чинь бас хэдэн хувьцаагаа хийх зоорь ухчихсан тэндээ хийнэ дээ. Улсын юм муу хадгалсан гэж хэрэгт орох вий гэж айхын гэж ярьжаагаа гэнэ хэмээн ярьжаагаа эмээ байна.

Манай нөхөр гэж тэнэг юм яг цаагуураа хүнтэй болчиж. Тавантолгойн хувьцаа гэж юмыг цаад нэг юм нь таван зуун ширхэгийг өгсөн байна. тэгээд төр өгсөн гээд байгаам даа.Төр хэзээ үнэгүй юм өгж байсын авж л байдаг биздээ. Даанч оройтоод байгаам шиг санагдаад байсын. Юу юу байхав дээ тэр Таван толгой гэдэг нь уурхай гэнээ. Тэндхийн л юм шиг байна. Даанч сүүлийн үед гэрт нүүрс оруулж ирэхдээ инээгээд байдаг болчихсон. Багануурын нүүрс муу ч гэх шиг. Тэр яг уурхайд ажилладаг хүүхэн байхоо бүүр алчмаар санагдаад байх юм гэж айлын авгай ярьжээн.

Эзэн Чингис хаан эрт дээр үес өдөр бүр таван хүний толгой авдаг байжээ. Энэ нь монголчууд ирээдүйд тавантолгойгоос юм авахыг зөгнөж байсан байхын. Одоо энэ төр засаг таванзуун ширхэг хувьцаа өгдөг нь буруу Чингис хаан байсан бол зургаан зуун хувьцаа өгөх байсан юм. Энэ тухайгаа Чингис хаан зургаа дахь улсаа эзлэхдээ гүнээр шүүрс алдаснаар тод томруун илэрч байдаг. Хувьцааг бол эцсийн эцэст бүгд сайхан аваад гэртээ залаад сууж байх ёстойм. Учир нь Тавантолгой бол эрт дээр үеэс өвлөж иржээ. Одоо бүгдээрээ хувьцаагаа бурхныхаа өмнө залж сууваас бид үр ашгийг нь өндөр хүртэж 2012 онд дэлхий сүйрвэл ганцаараа үлдэх учиртай гэж нэг дээлтэй хүн зарагтаар ярьжээн.

Эцсийцэст хувьцаа юуын. Надаа тэгэж яриул хувьцаа байна. Ганц шил архи зээлчих би хувьцаагаараа төлчихөе. Архи чинь 4000 билүү таван зуун хувьцаагаан дээрээ 3500 төгрөг өгий. Үхсэн чи муу төрийн хувьцааг юу ч биш гэдэг хэн бэ. Хувьцаа хаана байгаан гэж үү би биеэрээ байна. Энэ хар толгой мөрөн дээр байсан цагт хувьцаагаа авах нь гарцаагүйшд. Амьд хүн баталгаа бололгүй яадын. Хувьцаа шүү дээ чи бодооч юун мөнгө биздээ. Хүн амьтан ч чамайг мянга гаруй хувьцаатай гээд хүндлийшдээ. Надаас өөр чамаас хувьцаагаараа архи хүн олдкуу дээ гэж дэлгүүрт хэрүүл болж байхын.

Манай компани иргэдийн хувьцааг авч гадаадын өндөр хөгжилтэй орнуудад, одуудад хэрэглүүлэх ингэснээр монгол улсыг мсурталчлах зорилготой байгууллага.  Та манай компанид хувьцаатайгаа ирсэнээр хувьцаагааа тэр дор нь өсгөх боломжтой.  Манай эхний бриллиантан мэнэжэр шагналтай хүн гадаад улсад аялаад иржээ. Энэ хүн эхлээд архичин байсан тэгсэн өөрийн ажил хөдөлмөрөөр манайд хувьцаагаа өгч  доорооо  нэлээд хэдэн хувьцаа эзэмшигч олж одоогийн өндөрлөгт хүрчээ. Танд хувьцаа байгаа бол бид таны хувьцааг хамгийн сайхан хувьцаа болгож нүүрний тос, нүдний шил болгож өгнө. Манайхаар үйлчлүүлээрээ гэж байхын нэг сурталчилгаан дээрээс олж харав.

Манай аавд хувьцаа байдаг би тэднүүсээр нь тоглоно. Аав тоглоорой гэсэн. Одоо ээжийн гэдсэнд байгаа төрөх дүү маань хувьцаагүй аав ээж хоёр ээ чаавас гэж голдог юм. Манайхан бүгд хувьцаагаа нийлүүлж байгаад таван гар сууж тоголдог болно гэсэн. тэгээд манайхныг хүмүүс хувьцаатыхан гэдэг болно гэнээ. Ээж эртээд аавд уурлаад чи муу хувьцаагааа хэнд өгчихсөн юм. Төр хувьцаа өгсөн гээд байхад чи авчирахгүй байна. Өөрийхийгөө тэр хүүхэндээ аваачиж өгж болно хүү бид хоёрыхыг авчраачээ гэж уйлсан. Би том болоод хувьцаагаа дандаа гэртээ авчирдаг аав болноо гэж цэцэрлэгт ярьжээнэ гэнэ

 Таван толгой гэдэг нэг уурхайн хувьцааг үнэгүй өгөх шийдвэр гарсан гэнэ. Үнэгүй тэгээд төрөөс өгнө гэхээр нэг л сэжигтэй дээ юу өгж алах гэж байгаа бол. Уг нь манай төр чинь авна авна гээл байдгаас өгнө гэж байдгүй улс шүү дээ. Тэр хувьцааг нь авчихвал эргээд баахан мөнгө нэхэж эднүүс алах болуу даа зуснууд. Эсүүл бүүр эрт өгж байсан цэнхэр ногоон хувьцаа шиг худлаа юм өгөх гэж байгаа болуу даа. Тэднүүс тэхдээ худлаа биш байсымшиг байгаан юм мэддэг хэд нь тэрүүгээр баяжсан гэсэн. Мэддэггүй хүнд тэгээд юу ч байсан цаас болоод дуусдаг хорвоо юм даа.
GUMP

ХӨРӨНГӨТЭЙ ХҮН САЙХАН ЮМ АА, ХӨРӨНГӨӨ ҮЗЭЭД ИРЛЭЭ

Таван толгой”-н нүүрсний ордоос ард иргэддээ 10 хувийг нь олгосон. Энэ 10 хувиас надад 536 хувьцаа оногдоно. Энэ бол миний хөрөнгө. Эх орны минь хишиг, эрдэнийн хувь. Багадахгүй ээ. Чамлаж суухаар чанга атгана. 536 хувьцааг 500 сая төгрөг болгож болно. Би ингэж боддог юм. Тэгсэн чинь миний нөхөр над руу дайрч байна. Үхсэн хойноо 10 хувь, 536 хувьцаа гэдэг чинь нэг муу цаас, Цаадуул чинь эх орноо хятадад худалдчихсан /УИХ засгийн газрыг хэлж байгаа юм Г.Д /,Өөрсдөө хуваагаад идчихсэн гээд л надтай маргаж, хөрөнгөтнүүдийн хөрөнгийг хураах, тэднийг зайлуулах “Энхбаярын цоохор хувьсгалчдын онол”-ыг хэрэгжүүлнэ гэж зүтгэв.

Манай хүн Энхбаярын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр зай завгүй зүхэж байгаа баримтыг үндэслэн бичих юм гэнэ. Эрх баригчдын ёстой алж өгөхөөр итгэл үнэмшил үг хоёроо хурцлана. Энэ маргаанаас үүдэн би “Таван толгой”-н нүүрсний ордод юу болж байна нүдээр үзээд ирье. Бас 536 хувьцааны хөрөнгөтэй хүн би хөрөнгөө нэг үзээд ирье гэж томилолт аван гарсан. Тавантолгой, Оюутолгой руу өдөр бүр жижиг онгоц хоёр талдаа дүүрэн зорчигчидтой нисэж байна.

Амар болж ердөө нэг хоноод л ирлээ. Монголын хоёр сая 700 мянган хүний хөрөнгийг арвижуулж эргэлтэнд оруулах үүргийг “Эрдэнэс МГЛ” компани ажиллаж байгаа. Бидний томилсон засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч тэнд хэрэгжүүлж бүгдийг удирдаж байгаа. Очиход “Эрдэнэс МГЛ”-ийн удирдлага байхгүй байна. Бас нүүрс зөөж байгаа, орон нутгийн “Тавантолгой” буюу ажнайн Бат-Эрдэнийн компанийн удирдлага байхгүй байна. Харин Засгийн газрын төлөөлөгчийг бариад авлаа.

“Эрдэнэс МГЛ” ажлаа эхэлчихжээ. Хаягаа хадчихаж, хорь гучаад гэр барьчихаж. Хааш хаашаагаа 500-гаад метр газар хөрс хуулалтын нүсэр ажил хийж байна. Доошоо 16 метр хөрс хуулаад нүүрсэндээ хүрээд гаргаад ирж. Одоо ачих л дутуу. Урдхан талд нь “Энержи Ресурс” ХХК нүүрсээ ухаж түүний цаана энэ компанийн нүүрсээ ялган сайжруулах аварга том барилга баригдаж байна. “Энержи ресурс” өнгөрсөн жил манай “Эрдэнэс МГЛ” хөрс хуулсан чинээ нэг амнаас л нүүрс зөөж төсөвт 54 тэрбум төгрөг оруулсан гэж бодоход үнэхээр атаархмаар байгаа биз.

Монгол улсын хэмжээгээр анх удаагаа нүүрснээс төсөвт орох орлого Эрдэнэтийн зэсийг давсан гэж бодохоор бид өөрийнхөө өмч болох “Эрдэнэс МГЛ”-ийн нүүрсийг шуудайлаад ч хамаагүй микро автобусанд ачаад яаралтай зөөгөөд хил давуулаад зарчихмаар. Засгийн газрын төлөөлөгч Батбаатар, “Энержи ресурс”-ийн Ухаа худаг салбарын захирал Ш.Байгалмаа нар надаас томилолтын зорилгыг асуухад би хөрөнгөтэй хүн хөрөнгөө эргэж явна. Айл шахуу буугаад олборлолт хийгээд орлогоо олоод эхэлчихсэн танай аварга компани манийхаа хөрөнгөнөөс хусаад байгаа юм биш биз гэж явна гэж цаашлуулахад бүгд инээлдсэн юм.

“Энержи ресурс” үнэхээр аварга бүтээн байгуулалт хийж байна. Хил хүртэлх 300 шахам км хар зам тавьж энэ долдугаар сард ашиглалтад орно. Жилд 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай гурван баяжуулах үйлдвэрийн эхний үйлдвэр энэ 8 сард ашиглалтанд орно гэж баяжуулах үйлдвэрийг босгож байгаа угсралтын менежер Крайг МК Барон гэдэг хөгжилтэй залуу өгүүллээ. Орон нутгийн “таван толгой” ажнайн Бат-Эрдэнийн компани ч сүүлд эхэлсэн гэхэд амжилттай өрсөлдөж байна. Олборлосон нүүрсээ баяжуулах төдий биш бүүр коксжуулаад гаргаж байна.

Засгийн газрын төлөөлөгч Батбаатар, захирал Байгал бид гурав өөрийнхөө хөрөнгийг харлаа. /Эрдэнэс МГЛ-ийн газрыг би миний болон бидний хөрөнгө гээд байгаа юм. Г.Д/ Монголын ард түмэнд оногдсон арван хувийн газар гэдэг чинь том газар байнаа. Хойшоогоо бараг 60-аад км, Зүүн тийшээгээ 40 гаран км сайн нүүрс байна гэнэ. Нүдээр харахад зах нь харагдахгүй их говь сааралтана. Бас нэг баярт мэдээ гэвэл учраа олж булаацалдахгүй байвал Монгол хүний амны хишиг их, орд болгоныг арван хувьдаад байвал хөрөнгө маань нэмэгдээд байх бололтой.

Нутгийн гүн тийшээгээ багцаагүй их нүүрстэй бас нэг орд газар илэрчээ. Засгийн газрын төлөөлөгч хөрөнгөө эргэж яваа надад “Тавантолгой”, “Оюутолгой”-н бүтээн байгуулалтын төсөл хэрхэн явж байгаа тухай танилцууллаа. Зөвхөн эндээс нэг бүр нь 100 тоннын даацтай 4065 машин нүүрс ачиж байна. Засгийн газар хөрөнгө мөнгө байхгүй ч гэсэн замын цагдаагийн дарга Энхжаргал зөв арга хэмжээ авчээ. Замын цагдаагийн 4 машинтай 8 офицер өдөр шөнөгүй дагаж 8000 жолоочид үйлчилж явна.

Юнителийн залуучууд машин бүрт чеп суулгаж машины мэдээллийг авдаг болгоно гээд ажиллаж байна. Өнгөрсан зун УИХ-ын гишүүн З.Энхболд ерөөсөө хар зам тавиад нүүрсээ машинаар зөөе ядаж ажлын байр гарах нь ашигтай юм гэж байсныг уншигчид санаж байгаа байх. Бас бодлого юм байна хөөе. Одоо 9000 жолооч сард сая гаран төгрөгийн цалин авч байна. Даанч ажил нь хүнд юм. Засгийн газрын төлөөлөгчийн машинд суун нүүрсний машин дагаж хил руу явлаа. Засгийн юм болохоороо тэгдэгдээ, өнөө муу тэрэгний дугуй нь хоёр км яваад л хагарах юм. /Бас үнийг нь төлөөгүй гэж байгаа Г.Д/.

Харин Байгал захирал машин гаргаж хөл залгуулав. Гашуун сухайт боомтын хувьд Засгийн газар чадахынхаа хирээр арга хэмжээ авчээ. Гучаад өрөөтэй боомтын байшин барьчхаж, Хилийн цэрэг, гааль, мэргэжлийн хяналтынхан гээд цаг наргүй зогсож байгаа төрийн албан хаагчдаа сайхан тохилог амарч унтах 48 ширхэг байртай болгожээ. Хил дээр байгаа манай төрийн албаныхан Ардчилсан намын дарга шадар сайд Алтанхуягт баярлалаа гэж хэлээрэй гэсэн юм.

Н.Алтанхуяг сайд хил дээр ирж ажил байдалтай нь танилцжээ. Тэгээд маш том арга хэмжээ авсан гэнэ. Гаалийнхан одоо 24 цаг ажиллах боломжтой болсон. Бусад төрийн байгууллагууд ч гэсэн жигдхэн ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн гэлээ. Засгийн газраа хүн толгойтой болгон л зүхэж хараадаг. Урамтай үгийг сонсог дээ. Манай талын хилийн боомт нүүрсээ гаргахад чадлынхаа хирээр ингэж бэлджээ. Харин урд тал яаж тосож хүлээж авдаг харах гээд нар жаргаж байхад хилийн пост дээрээс хүний нутаг руу харлаа.

Нүүрс ачсан машин цаашаа нэвтрэх 10 гарц наашаагаа орох арван гарц байна. Тавин мянган хүн амьдрах байшин барилга зам, дэлгүүр зах, үйлчилгээний газрыг барьчихжээ. Асар их баялаг ачаад Монголоос ирнэ гэж ингэж бэлдсэн байна. Яаж ч харлуулсан энэ засгийн газар аварга бүтээн байгуулалтыг эргэлт буцалтгүй эхлүүлжээ.

Их говийн үүц задарчээ. Энэ их бүтээн байгуулалтын эргэн тойронд мөнгө хаялага арвин байна. Дарханаас ирсэн сайн гагнуурчин залуу долоо хоногт гурван сая төгрөг хийдэг гэнэ. Бусад гагнуурчин гагнасан гагнуураа салахад мань эрийн гагнасан төмөр өөр газраараа сална уу гэхээс гагнаасаараа бол салдаггүйд жолооч нар дугаарлаж байна. Нэг гэр барих зөвшөөрөл гурван саяын шагаар авахад цаана нь мөн тийм ашигтай байна. Жолооч нарын хувцасыг угааж индүүдээд саятан төрж байна. Хулгайгаар ямар ч архи доод тал нь 5000 төгрөг, тэгээд 10000 төгрөг хүрдэг гэлээ. Тавантолгой.

Оюутолгойн төслийн эргэн тойронд нэг иймэрхүү. Эргээд Монгол хүн бүрийн 536 ширхэг хувьцаа буюу үндсэн зорилгодоо оръё.

Хэрвээ Монгол хүн бүр 536 ширхэг хувьцаагаа чулуу болгоё гэвэл Засгийн газар “Эрдэнэс МГЛ”-ийг сайн шахаж яаралтай эргэлтэнд оруулах хүн бүр толгойгоо ажиллуулах хэрэгтэй байна. Хөрөнгөтэй хүн гэж бодоод “Эрдэнэс МГЛ”-ийн газар дээр зогсох нэг л сайхан. Бас хөрөнгөө арвижуулах бодол төрж байна. Ямар өөрт оногдсон нүүрсээ хүрзээр ухаад тракторын чиргүүлд ачаад эдний машины араас нүүлтэй биш. Гэхдээ л миний хөрөнгө гээд байгаа чинь Монгол хүн бүрийн хөрөнгө.

Төрийн гурван өндөрлөгөөс авахуулаад УИХ-ын гишүүд бүүр дөнгөж төрсөн хүүхдийн ч хөрөнгө мөн. Бидэнд бас давуу тал бий. Нэгэнт өрсөлдөөнд “Энержи ресурс”, “Оюутолгой”, “Тавантолгой”, “МАК” зэрэг аварга компаниудыг давахгүй юм чинь албан тушаалтнаа ашиглах боломж үлджээ. Төмөр замын тусгай зөвшөөрлийг ганцхан “Эрдэнэс МГЛ-д” өгчих. Гашуун сухайт, Шивээ хүрэн хоёр хилийн боомтын дундуур шинэ боомт нээгээд төмөр зам тавьчих юмсан.

Хятадууд цаанаас нь “Эрдэнэс МГЛ”-ийн нүүрсийг мөн л тосоод авна. Бид ямар тусгай зөвшөөрөл гаргаж чадахгүй юм биш. Монголын бүх улс төрийн болоод төрийн албан тушаалтан бүгдээрээ 536 гаа чулуу болгоё гэж бодож таараа. Том компаниудын хил гаргах бүх ачааг хямд тарифаар тээвэрлэнэ. Хөрөнгөтэй хүн би хөрөнгөө үзээд ирлээ. Бас ингэж бодлоо. Тавантолгой Оюутолгойн ашигт малтмалын орд газар үнэхээр их бүтээн байгуулалт өрнөж байна.

Үүнд сөрөг хүчний үүрэг. гүйцэтгэж байгаа нь энэ гэсэн улс төрчид, тэдний хэвлэл, мэдээллийнхэн, иргэний хөдөлгөөн нэр зүүсэн рекетлэгчид сум аймгийн хурлын болон засаг дарга гэсэн сэтэр зүүсэн нутгийн индианууд санаатайгаар саад болж байна.

ДАШРЭНЦЭН

Хувьцаа эзэмших боломжтой жижиг компанийн дундаж үнэ 1,5 сая болжээ

Хувьцаа эзэмших боломжтой жижиг компанийн дундаж үнэ 1,5 сая болжээ
"Эрдэнэс-Тавантолгой" компанийн ирээдүйг итгэлтэйгээр төсөөлөх эрх бидэнд бий. Борлуулалтын болон олборлолтын шинэ суваг хайх хэрэг бидэнд алга. Хийх зүйл маань ердөө л нүүрсээ олборлоод, гадаад зах зээл дээр нийлүүлэх, түүнээсээ хувь хүртэх. Хувьцааны хувьд ч адилхан.

"Гадаад зах зээл дээр хувьцааг чинь гаргаад өгье" гэж дэлхийн томоохон компаниуд манай улсад ирсэн. "Дотооддоо хувьцаагаа арилжаалахад чинь зайлшгүй шаардлагатай бүтэц, баазыг чинь байгуулж өгье" гэж дэлхийд нэр хүндтэй хөрөнгийн бирж бидэнд хандсан. Үүнтэй холбоотойгоор иргэд хувьцаа эзэмшигч болох нь гэж баахан үймсэн бол одоо аж ахуйн нэгжүүд хувьцаа эзэмшихээр үймж эхэлжээ.

"Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухайд" хэмээх оршилтойгоор УИХ 2010 оны долдугаар сарын 7-ны 39 дүгээр тогтоол баталсан. Тогтоолд "Хувьцааны 10 хувийг 2009 оны зургадугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн, үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү үнээр худалдана" хэмээн тов тодорхой бичсэн байгаа. Товчхондоо хувьцаа худалдан авах боломж нь том групп байна уу, жижиг ТҮЦ байна уу хамаагүй тэнцүү эрхтэй гэсэн үг.

Мэдээж заасан хугацаанаас хойш байгуулагдсан аж ахуйн нэгжүүд хувьцаа худалдан авах боломжгүй. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр "Компани зарна" хэмээх зар олшроод байна. Дурын веб, браузер ашиглан "Компани зарна" хэмээн бичээд хайж болно. Хайлтын үр дүнд гарч ирэх зарыг шүүгээд харвал тухайн компаниуд бүгд 2009 оноос өмнө байгуулагдсан байх вий.

Хэд, хэдэн утас руу залгалаа. Анх 2006 онд байгуулагдсан гэх нэгэн компанийн талаар харилцуурын цаанаас ярилцлаа.

-Танайх ямар ч тайлан гаргаагүй болохоор 2009 оноос өмнө байгуулагдсан ч "Эрдэнэс-Тавантолгой"-н хувьцааг авах боломжгүй юм биш үү?
-Эхний жил л татвар төлсөн. Аялал жуулчлалын компани юм. Тэр хувьцааг чинь авахын тулд сүүлийн нэг жил л татвар төлсөн байхад болох юм билээ. Энэ бол асуудал биш шүү дээ. Татварын байцаагчтай нь яриад л шийдэж болно. Дүүрэг дээр танилтай бол бүр ч амархан бүтээнэ.

-Компаниа яагаад зарах гэж байгаа юм бэ?

-Яах юу байхав дээ. Би өөрөө ажиллуулах боломжгүй болчихсон. Тэгээд ч компани гадуур их үнэтэй байгаа биз дээ. Аж ахуйн нэгжүүдэд олгох хувьцааны талаар сонирхож байгаа бол чи компанийн үнийг судалсан л байлгүй. Би харьцангүй хямдхан 350 мянган төгрөгөөр зарж байгаа юм.

Өөр хэд, хэдэн утас руу залгаж үзлээ. "Манайх "X" тайлан гаргасан болохоор хувьцаа худалдан авахад асуудалгүй. Үнэ нь 1.5 сая" гэх зэрэг хариулт ирж байна. Ямар ч байсан 39 дүгээр тогтоолд заасан шалгуур, үзүүлэлтийг хангаад, элдэв асуудалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан компаниудын үнэ нэлээд өндөр байна. Ойролцоогоор 1-2 сая төгрөг дундаж үнэ ч байж мэднэ.

Дээрх асуудлаар Төрийн өмчийн хорооны мэргэжилтэн, Монголын хөрөнгийн биржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чинзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-Компани зарна гэсэн зар сүүлийн үед нэлээд харагдах боллоо. Энэ нь "Эрдэнэс-Тавантолгой"-н хувьцааг олгохтой холбоотой бололтой?
-Харин одоо компани зарах нь багассан юм биш үү. Ерөнхий сайд ч хэлсэн шүү дээ. "Ийм замбараагүй зүйл байж болохгүй. Төр хувь хишгээ тодорхой хэмжээнд хүртээж, үндэсний үйлдвэрлэл, аж ахуй нэгжүүдээ дэмжиж үйл ажиллагаанд нь шинэ боломж, шинэ санхүүгийн эх үүсвэртэй болгоё гэж байхад компани худалдаж авах нь буруу. Мөн аж ахуй нэгжүүдийг худалдаж, зарж байгааг судалж, дүгнэлт хий" гэж хэлсэн.

-Танайхаас үүн дээр ямар зохицуулалт хийх вэ?
-Төрийн өмчийн хороонд яг энэ асуудлыг дагнан ажиллах боломж, үүрэг байхгүй. Гэхдээ бид судалж байна.

-Заруудаас харахад өнөөдөр ч гэсэн "Компани зарна" гээд зар байсан?

-Компаниудыг зарах, худалдан авахад асуудал өгч болохгүй. Бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор ийм зүйл хийж байхыг үгүйсгэхгүй.

-Ер нь үндэсний компаниуд олон охин компанитай болоод хувьцааг чадлынхаа хэрээр худалдаж авахад болохгүй зүйл бий гэж үү. Яахав зарим нэг компани дээр олон хувьцаа төвлөрнө л биз?

-Ажлын хэсэг энэ тал дээр судлаад, дүгнэлтээ гаргаад ажиллаж байгаа. Сайн, муу талыг нь дүгнэж цэгнэх хараахан болоогүй байна.

Ямар ч байсан компаниудыг том, жижгээр нь ялгалгүйгээр бүгдэд нь хувьцааг тэнцүү тоогоор худалдах болсон нь компанийн худалдаа газар авахад хүргээд байгаа бололтой. Албаныхны тайлбараар нэрлэсэн үнээр хувьцаа худалдан авах компанийн болзлыг дахин нарийвчилж, шалгуур тогтоож магадгүй гэсэн. Гэхдээ нэгэнт нэрлэсэн үнэ тогтсон даруйд компаниуд хувьцаа авахаар дараалалд зогсвол зохицуулалт нь ямар байхыг тааж хэлэх боломж алга.

Харин бизнес эрхлэгчдийн хэлж буйгаар "Чадалтай томоохон компаниуд хувьцаа худалдаж авлаа гээд хувьцааны төвлөрөл болохгүй. Тэд хэрвээ авахаа хүрвэл жижиг компаниудыг санхүүжүүлж байгаад хувьдаа худалдан авч, дараа нь бирж дээрээс ямар нэгэн аргаар авахаа мэдэх байлгүй" хэмээж байсан.

Тэгэхээр одоохондоо юу болохыг ажиглаж суухаас өөр яах билээ. Угаасаа компани худалдан авах, худалдахыг хориглох ямар ч хуульзүйн үндэслэл байхгүй. Дээр нь Компанийн тухай хуулийн дагуу компанийн удирдлагын нэр өөрчлөгдөхөд ямар ч асуудал байхгүй аж.

2011/04/18

РЖД Тавантолгойд 1.5 тэрбум ам.доллар оруулна


Тавантолгойн орд газрыг ашиглах, нүүрс боловсруулахад зориулж оросын төмөр замын РЖД нийгэмлэг нийтдээ 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэж тус нийгэмлэгийн албаны хүн хэлснийг Ведомости сонин мэдээлжээ.
Албан эх сурвалж хэлэхдээ одоохондоо нарийвчилсан тооцоо алга гэсэн байна. ОХУ-ын сангийн яаманд ч өнөөдөртөө ийм яг таг тооцоо байхгүй гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Монголын Тавантолгойн ордыг эзэмших тендерт оролцохоор гадаадын 17 компани байсан нь энэ оны гуравдугаар сар гэхэд зургаа болж цөөрсөн юм. Энд солонгос, япон, оросын компаниуд байгаа юм. Мөн япон хятадын хамтарсан Mitsui-Shenhua, болон  Peabody Energy, Vale, Xstrata, ArcelorMittal консорциумууд байгаа юм. Одоохондоо сонгон шалгаруулалтын дүн гараагүй байгаа ч Тавантолгойгоос Зүүнбаян хүртэл өргөн царигийн төмөр зам тавих гэж байгаа, тэгээд ч энэ ордын коксжих нүүрсийг оросын нутгаар дамжуулан Япон, Солонгос, зүүн өмнөдөд гаргахаар төлөвлөж байгаа болохоор оросын төмөр замын нийгэмлэгийнхэн энэ тендерт ялах сонирхол ихээхэн байгаа юм.

Тавантолгойн хувьцаа маргаантай хэвээр байна

Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, энэ оны гуравдугаар сарын 31-ээс өмнө төрсөн иргэдийн нэр дээр 536 ширхэг хувьцаа хувиарласан боловч аж ахуй нэгжүүдэд хувьцаа хүртээхээ түр азнав. Уг нь татварын өргүй, өнгөрсөн оны зургадугаар сараас өмнө байгуулагдсан үндэсний аж ахуй нэгжид тус бүр 28 мянган ширхэг хувьцаа борлуулах асуудал яригдаж байсан юм. Гэвч том компаниуд жижгээ олон тоогоор худалдан авсан, мөн зарим хүн шударга бус хуваарилалт болж байна хэмээн үзсэн тул ийн хойшлуулахад хүрчээ.

Тухайлбал, нийт аж ахуй нэгжийн 35 орчим хувь нь л хувьцаа худалдан авах чадавхитай байгаа. Тиймээс аж ахуй нэгж жижиг компаниудаа худалдан авах замаар зах зээл дээр хувьцаа цөөн компанид хэт төвлөрөх эрсдэлийг зохицуулах шаардлагатай болжээ. Үүнээс гадна зарим хүн гарт баригдах ямар ч ажил хийдэггүй атал үндэсний компани гэсэн нэрийн дор хувьцаа хүртэх гэж байна, ийм шударга бус зүйл байж таарахгүй хэмээн. эсэргүүцжээ.

Үүнтэй холбоотойгоор зарим гишүүн иргэдэд ногдох хэмжээг 10 бус 20 хувь болгох зэрэг асуудлыг ч тавьж байна. "Компаниудад хувьцаа өгөхгүй гэсэн үг биш. Ямар ч байсан хувьцааг нь борлуулна" хэмээн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар хэлсэн.

460 мянга гаруй иргэний дансыг нээгээд байна

460 мянга гаруй иргэний дансыг нээгээд байна
"Эрдэнэс-Тавантолгой" компаниас нийт иргэдэд ижил хэмжээгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх 10 хувь буюу 1.5 тэрбум хувьцааг шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 2 сая 500 мянга гаруй иргэн эзэмшиж, нэг иргэн 536 ширхэг хувьцааны эзэн болох юм.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд нийт 450077 данс нээгдсэн байна. Харин энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 10 хүртэл дээрх дансан дээр нэмж 13749 дансыг нээжээ.

Эдгээрийн 13283 дансыг Монгол Улсын иргэд, 150 дансыг гадаадын иргэд, 309 дансыг дотоодын аж ахуйн нэгж байгууллагууд, долоон дансыг гадаадын аж ахуйн нэгж байгууллагууд нээлгэсэн байна.

2011/04/17

“Тавантолгой” ХК-ийн хувь нийлүүлэгчид хуралдана

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цааснуудаас хамгийн үнэтэй нь “Тавантолгой” ХК-ийн хувьцаа. Түүний үнэ өдгөө нэг сая орчим төгрөг дээр хэлбэлзэж байна. Хамгийн үнэтэй хувьцаа бүхий “Тавантолгой” ХК-ийн хувь нийлүүлэгчийн хурал энэ сард болох гэж байна. Хувь нийлүүлэгчдийн хурал 28-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт компанийн байранд болох ажээ. 
Хурлаар, 2010 оны ТУЗ, ХШЗ, гүйцэтгэх захирал, санхүүгийн тайлан, компанийн үнэт цаасны бүрдүүлбэрт өөрчлөлт оруулах тухай, ТУЗ, ХШЗ-ийн гишүүдийг сонгох, ногдол ашиг хуваарилах, ТУЗ, ХШЗ-ийн төсөв батлах, компанийн стратеги хөгжлийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Нэмж сонирхуулахад, тус компани өмнөх жил хувьцаа эзэмшигчдэдээ 50 мянган төгрөгийн ногдол ашиг тараасан юм. 

Түүнчлэн “Шивээ-Овоо” ХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурал мөн энэ сарын 29-нд болох юм байна. Хурлаар компанийн өнгөрсөн оны үйл ажиллагаанд ТУЗ-өөс өгөх дүгнэлт, ТУЗ-ийн ажлын тайлан, компанийн 2010 оны санхүүгийн үйл ажиллагааны талаарх хянан шалгах зөвлөлийн дүгнэлт, компанийн ТУЗ, хянан шалгах зөвлөлийн зардлын 2010 оны гүйцэтгэл, 2011 оны зардлын төсөв, компанийн өмчлөлд байгаа орон сууцны барилгын караказыг ажилчдад худалдах тухай, ТУЗ-ийн гишүүнийг томилох зэрэг асуудал хэлэлцэнэ. 

2011/04/13

Оюутолгой, Тавантолгойн хувьцааг бүртгүүлэх ёстой



УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Санхүүгийн зохицуулах хорооныхон өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнасан юм.  Энэ асуудалтай холбогдуулж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханаас дараах асуултад хариулт авлаа.

-Байнгын хорооны гишүү­дээс танай хороо “Сайн ажил­ласан” гэсэн дүнг авлаа. Ямар үзүү­­­­­­лэлтүүд өөдрөг дүн дагуулав?

-Санхүүгийн зохицуулах хороо­­­­ны хувьд энэ он онцлог жил. Бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбоотойгоор таван жилийн хугацаанд юу хийв, ямар үр дүнд хүрэв гэдэг тайланг байнгын хорооны хуралдаанд тавилаа.   Хадгаламж зээлийн хоршооны хямрал, санхүүгийн хямралтай он жилүүд байсан ч, манай салбарт бүхий л зүйл өссөн үзүүлэлттэй гарсан. Тухайлбал, хадгаламж  зээлийн хоршооны актив хөрөнгө өссөн,  ашиг орлого нь өссөн. 2006 онд 51 хадгаламж зээлийн хоршоонд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож байсан. Одоо 179 болж өссөн байх жишээтэй. Хөрөнгө нь 15 тэрбум төгрөгөөс 44 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Мөн банк бус санхүүгийн байгууллагууд санхүүгийн хувьд чадавхижсан, орлого нь өссөн. Монгол Улсын иргэдэд уул уурхайн баялгаас хувьцаа эзэмшүүлэхтэй холбоотойгоор хөрөнгийн зах зээл олны анхаарлыг татаж байгаа. Одоо бид банк давамгайлсан санхүүгийн системтэй, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ёстой. Өнгөрсөн жилүүдэд даат­­­галын компаниудын үйл ажиллагаа мөн сайжирсан. Сан нь өссөн, ашиг орлого нь нэмэгдсэн. Манай хорооны чиг үүрэг ч бас их нэмэгдсэн байна. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль батлагдсан. Банкны шинэ хуулийг баталснаар арилжааны банкууд хүртэл манай зохицуулалтад тодорхой хэмжээгээр тусгай зөвшөөрлөөр холбогдож орж ирж байна.

-Цаашид анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай асуудал юу байгаа вэ? 

-Байнгын хорооны гишүүдийн хувьд олон нийтийн санхүүгийн бо­­­ловсролыг дээш­лүү­лэхэд  сайн ан­­­­­­­­хаа­­­­­раач ээ. “Эрдэнэс тавантолгойн” компаниас иргэдэд олгох хувьцаа 1990-ээд оны үед олгосон цэнхэр, ягаан тасалбар шиг юм болох вий. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөх вий. Олон нийтийн эрх ашгийг хамгаалахын тулд санхүүгийн бо­ловсролыг дээшлүүлэхэд зайлш­­­­­­­гүй анхаарах шаардлагатай бай­на гэсэн саналыг хэллээ. Мөн  Тавантолгой, Оюутолгойн ордын хувьцаанууд яагаад өнөөдрийг хүр­­тэл Санхүүгийн зохицуулах хо­роонд бүртгэгдэхгүй байна вэ.  Цаанаа асуудал байгаа юм биш, үүнийг хурдан бүртгээд олон нийтэд мэдээлээч ээ гэдэг асуудлыг тавьсан. Компанийн засаглалыг сайжруулах талд бид бас тодорхой ажлуудыг хийх шаардлагатай байгаа. Энэ бүхнийг ажил хэрэг болгоно гэсэн бодолтой л байна даа.

-УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын хувьд “Тавантолгой, Оюутолгойн хувьцааг Санхүү­гийн зохицуулах хороонд бүрт­гүү­лээгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл” гэж хэлсэн. Танай хороо Засгийн газарт энэ талаар шаардлага шахалт үзүүлсэн үү?

-Хоёр талтай ойлголт л доо. “Оюутолгой” компанийн хувьд улсын бүртгэлд хаалттай компани. Хягаарлагдмал хариуцлагатай компани гэсэн бүртгэлтэй учраас.  Гэтэл Оюутолгойн орд маань өөрөө стратегийн орд учраас Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах болж байгаа юм. Уг хуулиар стратегийн орд газрын хувьцааны 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаална гэсэн байдаг. Ингэхээр компани нь заавал хувьцаат компани байна гэдэг хуулийн шаардлагатай. Энэ шаардлагыг биелүүлэх ёстой. Хэрэгжүүлэхийн тулд заавал манайд бүртгүүлэх ёстой. Энэ ажлыг хийх байх. Тавантолгойн ордын хувьд иргэн бүрт олгохоор шийдвэрлэсэн 536 ширхэг хувьцааны нэрлэсэн үнэ нь тогтоогүй байгаа учраас, хойшлогдсоор байна. Уг нь  дүр­мэн­дээ нэрлэсэн үнээ заагаад, хувьцааныхаа тоог тавиад, бүх асуудлаа тавиад манайд орж ирэх ёстой. Засгийн газрын зүгээс нэрлэсэн үнээ тогтоох ажлыг хийж байгаа болов уу, үүнээс болоод асуудал нэлээн удаашраад байгаа юм. Хэрвээ манай Санхүүгийн зохицуулах хороонд эдгээр асуудал ирэх юм бол бүх зүйл олон нийтэд нээлттэй болно. УИХ-ын гишүүдийн ярьж байгаа зөв л дөө. Хуулиараа тийм шаардлага тавигдаж байгаа юм.

-Гэхдээ хувьцааны нэрлэ­сэн үнийг тогтоохын тулд Таван­толгойн ордыг дахин үнэлэх гэх мэт нэлээд ажлууд бий гэх. Мөн дээрх хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалах хүртэл нэрлэсэн үнийг гаргах бололцоогүй гээд байгаа шүү дээ. Хэрвээ эрт нэрлэсэн үнийг тогтоочих юм бол цэнхэр, ягаан тасалбар шиг үнэгүйдчихнэ гэж болгоомжилж байна?

-Хувьцааны нэрлэсэн үнийг олон улсын зах зээл дээр гарахаас өмнө тодорхойлох ёстой. Яагаад гэвэл бүртгэлийг байнга хийх ёстой юм. Компани, үнэт цаасны хуулиар дүрмэн дотроо нэрлэсэн үнээ заавал заах ёстой гээд заачихсан байдаг.

-Иргэд 5000 төгрөгөөр данс нээлгэх гэж брокер диллерын компаниуд дээр дугаарлаж байна. Зөв үү?

-Ер нь уул уурхайн хувьцааг яриагүй байлаа ч гэсэн иргэд үнэт цаасныхаа дансыг 5000 төгрөгөөр нээлгэж болно. Брокер диллерын компаниуд нээж байгаа. Хөрөнгийн биржийн дэргэдэх Үнэт цаасны төлбөр тооцооны төв дээр тодорхой хэмжээгээр иргэд очдог. Энэ утгаар нь бид иргэдэд хөнгөлөлттэй хандах асуудлыг шийдэх ёстой. Түүнээс хувийн бизнесийн үйл ажиллагаа руу шууд орж хураамж авч болохгүй гэж хүчлэх боломжгүй л дээ.

-Орон нутагт байнгын ажил­­лагаатай брокер диллерын ком­паниуд байхгүй тул арилжааны банкуудаар дамжуулж иргэдэд үйлчлэх бололцоотой гэх мэдээ­лэл гарах боллоо. Ингэж болох юм уу?

-Хүн болгон хөрөнгийн зах зээ­­­лийг сонирхож эхэлж байна. Хэдий­гээр санхүүгийн мэдлэг бо­ловсрол дутмаг ч гэлээ би хувьцаа эзэмшигч гэдэг байдлаар хандаж байна. Орон нутагт иргэдэд үйлч­­­­лэх байнгын ажиллагаатай бро­кер диллерын компаниуд байх шаардлагатай байгаа юм. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Арил­жааны банкууд банкны шинэ хуу­лийн өөрчлөлтөөр хөрөнгийн зах зээл дээр үйлчилгээ явуулах бололцоотой. Тийм учраас банкны системийг ашиглах бололцоо бий. Тодорхой чиглэлүүд удахгүй гарах болно. Ер нь бол хувьцаа эзэмшигчид аль болох үйлчлэх тал дээрээ ажиллана.

“Тавантолгой” хувьцааг хөөрөгдөж байжээ


Санхүүгийн зохицуулах хороо болон бусад хол­богдох байгууллагын хам­тар­­сан ажлын хэсгийн шал­галтаар “Тавантолгой” ХК-ийн хувьцааны үнийг зохиомлоор хөөрөгдөж бай­­сан гэсэн дүгнэлт гарчээ. Тодруулахад, энэ нь одоо монголчуудын ав­­­на гэж хүлээж байгаа том Тавантолгойн ордтой хамааралтай асуудал огт биш. Жижиг Тавантолгой буюу орон нутгийн 51, хувийн хэвшлийн, өөрөөр хэлбэл, “Ажнай” Бат-Эрдэнийн гэсэн тодот­голтой “Тавантолгой” ХК /Монголын хөрөнгийн бирж дэх симбол нь TTL/ 1995 онд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, хувьцаа нь хамгийн өндөр үнэд хүрээд байгаа компани. Өнгөрсөн онд хувьцаа нь 100 мянган төгрөг хүрэхтэй үгүйтэй байсан тус компанийн хувьцааны үнэ өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар 950 мянган төгрөг болоод байгаа юм. Гэхдээ энэ бол оргил үнэ биш. Ердөө л хэдхэн хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 8-нд хаалтын ханшийн үнэ 1,08 сая төгрөг хүрсэн гэсэн мэдээлэл Монголын хөрөнгийн биржийн вэб сайтад байгаа бөгөөд 1,4 сая төгрөг хүрч байсан гэх тохиолдол ч бий. Монголын хөрөнгийн биржийн арилжааны мэдээллийг шүүж үзэх юм бол TTL-ын арил­жааны өсөлт, бууралт их л сонирхолтой харагдана. Нийт 526 мянган ширхэг хувьцаа Монголын хөрөнгийн бирж дээр гаргасан гэх боловч өдөрт хамгийн дээд тал нь 800 ширхэг л арилжаалагдаж байсан. Гэхдээ энэ нь үнэ нь одоогийнхтой харьцуулахад хэд дахин хямд буюу нэгж хувьцааны үнэ 193 мянган төгрөг дөхөж байх үед. Одоо бол үнэ нь нэг сая төгрөг рүү дөхөж очоод л байгаа шүү дээ. Хувьцааны үнэ ийн өсөхийг мэдэрч хямд байхад нь худал­даж авсан худалдан авагч нарт цагаахнаар атаар­хах нь зүй. Жил гаруйхны  өмнө буюу 2010 оны нэгдүгээр сарын 12-нд 135 мянган төгрөг  байхад нь худалдаад авчихсан бол нэг сая төгрөг дөхүүлээд худалдчих боломжтой байжээ гэж хэн ч халаглана. Ингэж халаглаж байгаа хүн ч цөөнгүй байгаа биз.

Гэтэл хамгийн гол нь холбогдох албаныхны хийсэн шалгалтаар “Тавантолгой” ХК-ийн хувь­цааны үнийг хиймлээр өсгөж байсан нь илэрчээ. Шалгалт хийх явцад өдөрт цөөхөн ширхэг хувьцааг гуравхан данснаас л худалдан авсан байжээ. Ерөнхийдөө дээр цухас дурд­санаар “Тавантолгой” хувьцааг олноор нь арил­жаалсан удаа цөөн. Магадгүй, нэгэнт үнэ нь өсөх нь тодорхой учраас хувьцаагаа худалдах сонирхол бага, биржийн зах дээр гарч ирсэн цөө­хөн хувьцааг сонирхогчид нь шүүрээд авчихдаг байжээ гэж ойлгож болох. Гэтэл хувьцааг гуравхан данснаас буюу гурван этгээд л авдаг байж. Энэ дансын цаана нэг эзэн байсан эсэх нь нэг асуудал. Хамгийн гол нь нэг ижил эрх ашигтай этгээд буюу “Тавантолгой” ХК-ийн охин компани, эсвэл түүнтэй хамаатан этгээд байж уу гэдэг нь гол асуудал. Яг үүнд ажлын хэсгийн шалгалтын дүн хариулт өгөх ёстой. Гэвч одоогоор шалгалтын дүнг олон нийтэд ерөөсөө мэдээ­лээгүй, хэзээ мэдээлэх нь тодорхойгүй байгаа юм. Хэрвээ ижил сонирхолтой этгээд албаар үнийг хөөрөгдөж байсан бол асуудал нухацтай бүү хэл, эрүүгийн хэргийн зүйлчлэл тал руугаа “явах” ёстой. Монголд өнөөдөр цөө­­хөн байгаа дилерүүд, мэргэжлийн бай­гуул­лагынхан үнэ хөөрөгдсөн бол нэг хэрэг, харин “Тавантолгой”-нхон өөрсдөө үнэ хөөрөгдсөн бол бүр ч өөр хэрэг болно. Учир нь гэвэл мэргэж­лийн байгууллагынхан үнэ хөөрөгдсөн “хэрэг” хийх юм бол ердөө л 40-250 мянган төгрөгөөр торгох хуулийн заалт байгаа.

Нэгж үнэ нь нэг сая төгрөг дөхөөд байгаа хувь­цааны асуудалд ёстой “хөөрхөн” торгууль байгаа биз. 

Харин сонирхол нэг этгээдүүд үнэ хөө­рөг­д­­сөн бол ямар шийтгэл оноох нь одоогоор тодор­хойгүй. Эрүүгийн хуульд энэ талаар яг тухайлсан зүйл заалт үгүй л болов уу? Яагаад ийн тодруулах болов гэвэл “Тавантолгой”-н 800 мянган ам.долларын үнэ бүхий хувьцааг банкны барьцаанд тавьсан хэрэг өмнө нь мандаж байсан тухай мэдээлэл бий. Эндээс хувьцааны үнийг хөөрөгдөж байгаад их үнэд хүргэсэн хувьцаагаа банкны барьцааны зээлд тавих, эсвэл өөр ямар нэгэн аргаар “эргэлдүүлэх” заль мэх бай­на уу гэсэн хардлага төрж болохоор. Гэвч бан­кинд хувьцаа барьцаалсан гэсэн маргааны та­лаарх мэдээллийг одоогоор албаны эх сурвалжууд тодорхой тайлбарлахгүй байгаа юм. Ямартаа ч гэсэн банкны барьцаанд тавигдсан “Тавантолгой”-н хувьцааг барьцаанаас чөлөө­лүү­лэх талаар хүсэлт гаргасан ч үүнийг проку­рор хэрэгсэхгүй болгосон мэдээлэл бий. Нарийвчлан тодруулбал илүү нарийн асуудал байгаа болов уу? Зарим талаар бүрхэг байгаа энэ мэдээллийг орхиод хамгийн эн тэргүүнд тавигдаж байгаа асуудал гэвэл хувьцааны үнийг хиймлээр хөөрөгдсөн тохиолдолд яах ёстой вэ, ердөө л 250 мянган төгрөгөөр торгоод өнгөрөх ёстой юу гэсэн асуулт байна. Үүнд хариулт авахын тулд эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны хийсэн үнэ хөөрөгдсөн гэх шалгалтын дүгнэлтийг олон нийтэд хэзээ тодорхой танил­цуулан мэдээлэх вэ гэдгийг асуух ёстой. Үнэхээр үнэ хөөрөгдсөн бол хувьцаа худалдан авагчдад ямар хор нөлөө үзүүлэх, гэм буруутанд ямар шийтгэл ногдуулах вэ гэдэг асуулт араас нь урган гарч ирнэ. Үүнээс ургаад дараа дараагийн асуудал ургах ёстой ч одоогийн хууль эрх зүйн заалтаар хариулт нь бүрхэг байна. Эцэст нь Тавантолгойн хувьцаа гаргана, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ёстой гэж хөөрцөглөөд байгаа ч хууль эрх зүйн зохицуулалт нь ямархуу төвшинд байгаа вэ гэдгийг хөндөх цаг аль хэдийнэ болсон биш үү?

ЭНЭ ТАВАН ТОЛГОЙ ДЭЭР ЕР НЬ ЮУ БОЛООД БАЙНА ВЭ?

Өчигдөр Төрийн ор­донд Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдорж "Таван толгой"-нхонтой тун ширүүн уулз­лаа. Энд бүх төвийн хэв­лэл мэдээллийнхэн шав­сан байв.

"Би жирийн иргэдийн бодож яваатай адил зүй­лийг та нараас асууя. Таван толгойг хэзээ ашиг­лаад хэзээ нөгөө хувьцаа­гаа тараах юм бэ? Баахан хурал зөвлөгөөн, хууль журам гараад л байдаг. Яг хийгдэж байгаа ажил хаа байна? Энэ Таван толгой дээр ер нь юу болоод байна вэ? Аль эрт Үндэс­ний аюулгүй байд­лын зөвлөлийн хур­лаар бүх асуудал цэгц­рээд дуус­сан гэж боддог. Одоо яачихаад байгаа юм... Та нар ажлаа мэдэж байгаа юм бол зү­гээр л шууд шууд яриач дээ. Асуудлыг тойруулал­гүй нуршилгүй хариул. Наад ярьж байгаа чинь ойл­гомж­гүй бай­на..." хэ­мээн Ерөнхий­лөгч ажлын хэс­гийнх­нийг улалзтал шахав.

Төрийн тэргүүнд ба хэвлэл мэдээллээр дам­жуулж ард түмэнд "Таван толгой"-н тухай мэдээлэл өгөхөөр холбогдох газ­рууд болох Засгийн газар, УИХ, ТӨХ, болон төрийн мэдлийн компани болох "Эрдэнэс МGL"-ийн тө­лөөллүүд хүрэлцэн ирж асуултад хариулцгаалаа. Тэд цөм ам амандаа тө­дөн оны төдөн сарын тө­дөнд гарсан хууль тогтоо­лын дагуу түүнд тэгж заа­сан хэсгийн дагуу...уг асууд­лыг хянах, хурлаар шийдвэрлэх, зохих нөх­дүүдтэй ярилцаж ойлгол­цож буй..." гэсэн баахан албаны хуурай үг унаган гоншигонож тэвчээр барж байв. Эсвэл "Энэ миний мэдэх хүрээний асуудал биш. Би энэ талаар ийм бодолтой явдаг" ч гэх шиг бүр уур хүрмээр гүрийх нь нэг л сэжиг бүхий. Шаварт унасан шарын эзэн бо­лох Таван толгойн ажлын хэс­гийн ахлагч, шадар сайд Н.Алтанхуяг л үе үе "Үгүй ээ Ерөнхийлөгч өө уг нь ийм учиртай юм л даа. Би олон юм ярихгүй. Тог­тоолд заа­сан хэсгийг л бүтнээр нь уншчихъя" гээд албан бичиг гаргаж ирэх юм.

Энэ өдөр болсон уул­залтаар  Ерөнхий сайд асан Д.Содном гуай, УИХ-ын гишүүн З.Энх­болд, Н.Батбаяр гээд олон хүн за­рим хэлээд байгаа тайл­­бар, хариултуудыг ойл­гоо­гүйгээ хэлж байв. Тэ­гэхээр сурвалжлагч­дын хувьд бүр "Юу бо­лоод өнгөрчихөв өө" гэг­чээр юм боллоо.  Тэгэхээр "Таван толгой"-н нүүрс­ний ордыг ашиглах, түү­ний эргэн тойрон дахь тулгамдсан асуудлуудын хувьд тун ерөнхий зүй­лийг л мэ­дээ­лэх байна. (Би буруу ч ойлгосон байж магадгүй шүү. сурв)

Өнгөрдөг гуравдугаар сарын 31-нээр тасалбар болгон  түүнээс өмнө төр­сөн бүх монголчуудад тус бүр 500 гаруй ширхэг хувьцаа өгнө гэсэн. Харин тэрнээс хойш төрсөн шинэ иргэнд судалж үзээд өглөгт хамруу­лахаар бо­лоод байгаа юм байх. Тэгэхдээ тулбал нөгөө арван хувиа арай олон хүнд хуваах тул 500 гаруй биш, 500 орчим болон цөөрнө. Энэ асууд­лаар хуралдаад л байгаа аж.

Таван толгой орчимд улсын, хувийн, гадаадын, бас орон нутгийн гэсэн олон компаниуд зэрэг  нүүрсний аж ахуй эрхэлж байна. Хувийн компаниуд аль хэдийнэ хөрсөө хуу­лаад нүүрсээ савлаад зөөгөөд эхэл­чих­сэн. Тэд­ний хэлж бай­гаагаар хам­гийн том га­зартай, хамгийн сайн их нүүрстэй "Эрдэнэс  MGL" компани уурхайнхаа хөр­сийг хуу­лаад сая дууслаа. Одоо нүүрс рүүгээ ороход бэ­лэн болчихлоо. Нүүрс олборлох компанийн тен­дер зарласан. Тендер энэ тэр гэж хурал хуй бол­соор байгаад ирэх нам­раас л ажил эхлэх бо­лолтой. Энэ компани банк­­наас 22 сая доллар зээлж авснаа 10-ыг нь буцаагаад өгсөн гэнэ. Яагаад гэхээр ажил зогс­сон тул хурлын шийдвэр гартал хий мөнгө үхүү­лэхгүйн тулд буцаасан бололтой. Төр энэ мэтээр бусад хэвшлийнхний дэр­­гэд эргэж буцсан хурд­гүй яваа аж. Гэхдээ энэ жилдээ багтаад нэг сая тонн нүүрс гаргаад зарж амжина гэж тооцоолж байгаа юм байна. Нөгөө талаар энд нүүрсний үнэ тонн нь 25-125 дол­ла­рын хэл­бэл­зэлтэй бай­даг гэнэ. Яг адилхан нүүр­сийг яагаад ийм янз бүрээр зараг­даад бай­гаад ойл­гомж­той тайлбар хэлсэнгүй. ТӨХ-ны Д.Су­гар дарга хэ­лэх­дээ нүүрс­ний засгийн үнэ бол нэг тон­ныг 22 доллараар бодож байгаа гэв. Ямар­таа ч энд нүүрс­ний ченж гэгч юм бий болж нүүрс­ний та­лаарх төрийн нэгд­сэн бодлого алдагдсанд  Ерөн­хийлөгч их бухим­далтай байв.   
Нүүрс олборлох уур­хайн ашиглалтын лицен­зийг гадаадын компанид огт тасдаж өгөөгүй бо­лохоор иргэдэд оногдох  арван хувийн хувьцааны хэмжээ өөрчлөгдөхгүй гэж мэдэгдсэн. Д.Содном гуай энэ тэр болохоор "Та нар наад уурхайнхаа талыг нь гадаадынханд өгчихсөн юм байна билээ шүү дээ. Тэгэхээр тэр гадаадынх­наасаа бас арван хувийн хувьцаа салгаж иргэддээ тараа. Тэгж байж сая наад 536 хувьцаа чинь бүрдэнэ. Одоогийнхоор бол аягүй бага газраас олсон ашгийн арван ху­вийг хоёр сая иргэндээ өгөх болчихоод байна. Тэгэх юм бол дэндүү өчүү­хэн бараг нэрийн хор төдий юмаар иргэдийг хуурах гээд байна. Ер нь нүүрсийг монголчууд өөрс­дөө ашиглаж чаддаг ганц уурхай нь шүү дээ. Яагаад заавал гадных­ныг оруулж ирээд байгаа юм" гэв. Хариуд нь "Гадны компани бол зүгээр л орж ирээд ажил хийнэ. Хийсэн ажлынхаа цалинг авна. Түүнээс лиценз, ашиг энэ тэрд огт хамаагүй гэж түрүүнээс хойш хэлээд байна шүү дээ" гэх юм.

Энэ их нүүрсийг эр­гэл­­тэд оруулахын тулд нүсэр цахилгаан станц өнөө маргаашгүй хэрэг­тэй байгаа. Бас их хэм­жээний ус худгаас авах шаардлагатай. Хамгийн чухал хоёр ажил нь эхлээ ч үгүй, Засгийн газар дээр "яригдаж байгаа" гэсээр цаг нөхцөөж буй болол­той. Ёстой уур хүрмээр.

Нөгөө Улаанбаатар хотын тавдугаар станцийг өвөл утаан дунд одоохон шийднэ гэсэн яасан. Бас л хуралдсаар шийдсээр наадамтай золгоно. Да­раа нь өө өвөл бол­чих­лоо, тэгээд сонгууль гээд юун цахилгаан станц ма­натай болчих уу гэж тө­рийн тэргүүн тэднийг заг­нав.

-Хотод станц барих газар олддоггүй ээ. Улиас­тайн аманд бари­хаар болсон чинь газар хөдөлж магадгүй гээд бо­лиулчихсан. Тэгээд одоо хуучин гуравдугаар стан­цаа томсгох хэлбэрээр барихаар ярьж байгаа

-Тэгээд наадахаа хэ­зээ ярьж дуусах юм. Най­ман сараас өмнө шийдэх юм байгаа биз дээ. Ер нь шийд. Би баргийн үйл ажиллагааны нээлтийн тууз хайчлах дургүй. Ха­рин энэ намар заавал очиж тууз хайчилна шүү гэж Ерөнхийлөгч үүрэг өгөв.

Таван толгой байту­гай Оюу толгойн цахил­гааны асуудлыг одоо бол­тол шийдээгүй яваа юм гэх­чив. Монголын су­мын төв хүртэл дизель станцаа­саа болиод удаж байхад Оюу толгой ди­зельтэйгээ өнөө хүртэл яваа нь ша­тахууны биз­нес хийдэг нөхдийн гар орсонтой холбон хардаж байна. Оюу толгой хойтон уур­хайгаа нээх хугацаа­тай. Гэтэл станц байхгүй. Яаж ийгээд хойшлоод өдий хүрсэн нь бас сонин. Өмнөд хөршөөс цахил­гаан оруулах тухай ярьж байгаа авч тэр нь уур­хай­гаа тавьж өгөх шахуу өн­дөр үнэ хэлж нээнтэгэнд орсон хэрэг үү гэхэд

-Бид хятад нөхөдтэй ярьж учраа олчих байх, манайхан өөрсдөө экс­пор­тын шаардлага хангах­гүй  хямд нүүрсээ­рээ цахилгаан станц до­тооддоо байгуулах  бүрэн боломжтой...

-Тэгээд хурдлаач ээ. Юугаа яриад байдаг юм. Нэг өчүүхэн хувийн со­нирхол л цаана яваад байна гэж ард түмэн хар­даад байна шүү дээ. Би гадаадын компанийн нөх­дүүдтэй уулзахдаа нэг л үгийг  хэлдэг. Манайхан өөдөөс чинь гэрээ хэлэл­цээрийн хажуугаар ху­вийн юм ярих л юм бол, тэр талаар та нар ха­рилцан санал солилцох л юм бол ямар ч асуудлыг зөвшөөрөхгүй шүү гэж хэлдэг. Энэ олон нууц хаалттай хуралдаанууд чинь ямар учиртай юм. Арай тэнд хэвлэл мэ­дээ­лэл дээр гараад байгаа шиг хувийн эрх ашиг яригд­даг юм биш биз дээ. Ард иргэддээ Таван тол­гойн талаар сургалт явуул­маар байна. Нэгд­сэн ойлголттой болцгооё. Чиний яриад байгааг би ч ард түмэн ч бүгд л ойл­годог сайн мэддэг бол­моор байна гэж төрийн тэргүүн "Таван толгой"-н­хонд хандав.