2011/11/25

Тавантолгойн хувьцааны 20 хувийг иргэдэд эзэмшүүлэх саналыг хэлэлцэхээр болов


Тавантолгойн хувьцааны 20 хувийг иргэдэд эзэмшүүлэх саналыг хэлэлцэхээр болов
“Алаагүй баавгайн арьсыг 10 хуваав” гэгчээр Тавантолгойн хувьцааны хэдэн хувийг ард түмэнд,  тэдийг нь аж ахуйн нэгжүүдэд гэж талцаж суусаар байтал ард түмэн үнэндээ залхаж байх шиг.

Эхлээд энэ сэдэв  их сонирхолтой байв. Өөрөөр хэлбэл энэ асуудлыг эрчимтэйгээр ярьж эхэлсэн 2008 оноос л манай иргэд өнөө маргаашгүй хувьцаа эзэмшиж саятан болох нь хэмээн баярлаж байв. Гэвч иргэн тус бүрт 536 ширхэг хувьцаа олгох үндэслэлийг гаргаж ирэхийн тулд хоёр жил өнгөрч, энэ хувьцааг тараах эзэмшүүлэх тухай яригдаад дахиад нэг жилийг ардаа орхижээ.

Сонгууль дуусаад л хувьцаа эзэмшээд ашгаа хүртээд эхэлнэ хэмээн иргэдийг хөөрөгдүүлсэн улстөрчид өнөөдрийг хүртэл хувьцааны хэд хэдэн хувийг хэнд өгөх вэ гэдэг дээрээ тогтож чадаагүй л маргалдсаар байна.

Уг нь УИХ өнгөрсөн онд 39-р тогтоол гаргаж иргэдэд 10 хувь, аж ахуйн нэгжүүдэд 10 хувь, 30 хүртэл хувийг хөрөнгийн зах зээлд арилжиж, 50 хувийг төр өөрийн мэдэлдээ байлгахаар тогтсон ч энэ зарчмыг өөрчлөх саналтай байгаагаа зарим гишүүн УИХ-д уламжилж компаниудад өгөх 10 хувийг ард түмэнд нэмж өгвөл яасан юм гэж санаачилсан.

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй юм байна гэж үзэж холбогдох байнгын хороонд нь шилжүүллээ.

Сонгууль дөхөж Тавантолгойгоор дахин яаж шоу хийж болох вэ гэж толгойгоо гашилгаж санаачилсан энэхүү тогтоолын төсөл дэмжигдлээ ч үнэхээр бодит байдлаар иргэдэд хэзээнээс ашгаа хүртээх вэ гэдэг л одоо сонгогчдод илүү сонин биз.

No comments:

Post a Comment