2011/11/10

Хишиг, хувьцааны аль нь үнэтэй вэ?



Байзаарай, хувьцаа гэж юу билээ?
 Энэ долоо хоногт УИХ, Засгийн газрын гаргах эн тэргүүний шийдлийн нэг нь Тавантолгойн хувьцааг хэрхэн хуваарилах асуудал бололтой.

Эх орны хишиг 1,5 сая төгрөгөө өгөхийн хамт, 2,2 сая хүнд Тавантолгойн хувьцааг өгөх эсэх нь олон нийтэд тодорхой бус байна. Анх иргэн бүрт 536 хувьцаа өгнө гэсэн бол энэ нь одоо УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлийн хэлснээр 1047 болж өссөн бололтой. Гэхдээ тоог чанарт шилжүүлбэл ямар хариулт гарах бол.

Учрыг дэлгэхээс өмнө хувьцаа гэж чухам юу болох, ялангуяа хувьцааны талаар цухас дурдъя. Дэлхийн хамгийн баян хүн, одоо АНУ-ын эдийн засгийн сахиулсан тэнгэр нь болоод байгаа Уорн Баффет энэ л зах зээл дээр дөрөөлж, өнөөдрийн өндөрлөгт хүрсэн. Хувьцаа худалдаж аваад, үнэ хүрэхэд нь зарж болдог. Тэрээр багаасаа хэрсүүжсэн гэдэг.

Жижиг Тавантолгойн хувьцааны ханш 2008 онд Монголын хөрөнгийн биржид 105 төгрөгөөр арилжигдаж эхлээд, өнгөрсөн онд нэг сая 400 мянган тегрөг хүрсэн билээ. Хамгийн багаар бодоход ханш нь 10 мянга дахин өссөн байна. Хот, хөдөөнийнхөн хөрөнгийн биржийн ягаан байшингийн гадна хэдэн өдөр дарааллаж, энэ хувьцааг өөрийн болгох гэж шуугилдаж байсныг уншигчид санаж байгаа биз.

"Баянгол" 2009 онд 16 мянган төгрөгийн ханштай байсан бол өчигдрийн байдлаар бараг гурав дахин өсч 39 мянган төгрөгт хүрсэн байх юм. Аргагүй л аазгай хөдөлгөсөн, хэтэвчээ бариад хөрөнгийн биржид дугаарламаар сайхан мэдээ байгаа биз.

Байзаарай, бас учир бий. Олон нийтэд нээлттэй, алдагдалтай эвлэрдэггүй, бусдын юмаар хүүдэгнэдэггүй компанийн хувьцаа л авсан эзнээ хуурахгүй. Хатуу дүрэмтэй энэ зах зээлд алдах эрх нь компанид, хохирол нь иргэдийн нуруунд буудгаас болгоомжлохыг хаа сайгүй л сануулдаг. Эх орны хишиг ирэх оны зургадугаар сар хүртэл тараагдаж дуусах учиртай. Хувьцааг иргэн бүрт өгөх гээд байгаа нь сонгуульд тэсч үлдэх гэсэн улстөрчдийн тохироо ч байж мэдэх. Тэглээ гээд үр ашигтай, авсан, өгсөндөө өлзийтэй бол ярих юм алга. Эсвэл тараах мөнгө нь хүрэхээ байгаад оронд нь Тавантолгойгоороо дэнчин тавьж байж ч болзошгүй. Эдийн засагчид ч ийн хардаж буйгаа нуусангүй.

Д.Сугар: "Эрдэнэс-Тавантолгой"-н хувьцааны үнэ 300-1000 төгрөгт хэлбэлзэнэ


Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар өнгөрсөн гуравдугаар сард ийн хэлж байлаа. Харин Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-иин дарга Б.Баярсайхан өнгөрсөн сард "Одоогийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой компаний хувьцааны нэрлэсэн үнэ гэж гараагүй байгаа. Ер нь нэрлэсэн үнэ компани хэр зэрэг үйл ажиллагаа явуулж байна вэ, хэр сайн байгаагаас хамаарч үнэ нь өндөр байх уу бага байх уу гэдэг нь шийдэгдэнэ" гэсэн юм.

Гэтэл "Иргэний хувьцаа" төрийн бус байгууллага нэг хүн хэдэн төгрөгийн хувьцаа эзэмших боломжтойг тооцоолжээ. Энэ тооцоогоор 13 мянган ам.долларын хувьцаа эзэмших боломжтой аж.

Лондоны хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн гүйцэтгэх захирал Максим Кондратжукс: Тавантолгойд олон асуудал тулгарч байна


"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг арилжаалах ажлыг Лондоны металлын бирж эхлүүлэхээр болсон. "Тавантолгойн ордод өнөөдрийн байдлаар олон асуудал тулгарч байна. УИХ-аар Үнэт цаасны тухай хуулийг баталсны дараа бид энэ талаар ярьж болох юм. Бид хуулийг л хүлээж байгаа учраас цаг хугацаа гэдэг хүнд асуудал болоод байна" гэж Лондоны хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн гүйцэтгэх захирал Максим Кондратжукс манай сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн юм.

Олон нийтэд төр, засгаас өгч буй мэдээлэл ердөө л энэ. Гэтэл дэлхий дахин шинэ хямралтай нүүр тулж байна. Зэс, алтны ханш уруудаж буйг Дэлхийн банк мэдээллээ. Хувьцаа бус металл худалдан авах гэсэн гадаадынхны түгшүүр манай эдийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол. Гадаадын биржүүдэд Тавантолгойн хувьцаа үнэ хүрч байж л сая Монголчуудад ашгаа өгнө. Гэтэл Монголын Засгийн газар төсвийн алдагдалд баригдаж, мөнгө тараахаас өөрийг хийхээ больсныг олон улсын байгууллагууд хэлдэг. Энэ тохиолдолд эх орны хишиг, хувьцааны аль нь үнэтэй болж таарах вэ?

No comments:

Post a Comment