2011/11/18

Тавантолгойд талуудын сонирхлыг тэнцвэржүүлнэ


Тавантолгой төслийг  Үндэсний аюулгүй байд­лын зөвлөлөөс Засгийн газарт буцааснаас хойш уг төсөл нэг л нам гүмхэн болчихоод байна. Монгол Улсын Засгийн газраас Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.   Өнгөрсөн оноос олны анхаарлыг татаж, багагүй хэл ам дагуулаад байгаа энэхүү төслийн хүрээнд Тавантолгой ордыг хоёр хувааж, хоёр тендер зарласны нэг нь Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа мөн өөрөө хариуцах хөрөнгө оруулагчийг тодруулах явдал байв. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын зүгээс Цанхийн зүүн хэсгээс илүү баруун хэсэгт хэнийг  ялагчаар тодруулах, хэн хэн хэдэн хувь эзэмших вэ гэдгийг ярьсаар нилээд хугацааг үдлээ. Хэдийгээр энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй ч гэлээ Хятад, АНУ, ОХУ, Япон, БНСУ Тавантолгойд хувь эзэмших нь нэгэнтээ тодорхой болоод байна. Засгийн газраас томилсон ажлын хэсгийн ахлагч Н.Алтанхуяг сайдын хэвлэлд өгсөн ярилцлагаас харвал Тавантолгой дахь ОХУ-ын хувийг өсгөж, Хятад, АНУ, Монголын эзэмших хувь багасгах гэнэ. Учир нь, Засгийн газрын томилсон ажлын хэсгийн алдсан хариуцлагаа эргэн засахын тулд ийм хувилбарыг сонгосон бололтой. Долоон сарын турш хэлэлцээрийн ширээний ард зургаан оролцогчтой “зууралдсан”-ы эцэст өнгөрсөн долдугаар сард Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчдыг ажлын хэсгийнхэн тодруулсан. Тэд Тавантолгойн Цанхийн баруун хэсэг үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчаар Хятад, АНУ, ОХУ-ыг тодруулснаа зарласан нь Япон, Өмнөд Солонгосын ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан. Өөрөөр хэлбэл, Тавантолгой дахь Хятадын хувь 40, АНУ-ынх 24, Орос, Монголын хамтарсан хувь 36 гэсэн хувилбар нь төслийг дахин нягтлах, эргэн харах, оролцогчидтой хэлэлцээрийн ширээний ард буцаад суухаас өөр аргагүй байдалд ажлын хэсгийхнийг оруулсан юм. Тавантолгойн төсөл өнөөдрийн байдлаар таг “нойрсчихоогүй” бололтой юм билээ. Ажлын хэсгийн ахлагч Н.Алтанхуяг сайдын ярьснаар  Япон, Солонгос хоёр “Оросын төмөр замын нэгдэл”-тэй хамтарч байгаа эсэхийг нягталж байгаа аж.  Ажлын хэсгийнхний зүгээс Орос, Япон, Солонгост хандаж, хэн нь гэрээ хэлэлцээрт орох, хэн бусдыгаа төлөөлөх, тэд дотроо ямар хувь эзэмшиж байгаагаа тодорхой болго гэсэн үүрэг өгсөн байна. Мөн энэ удаад хувиа бага гэж голох, эргэж буцах асуудал байхгүй шүү гэдгийг ч “Оросын төмөр замын нэгдэл”-д анхааруулсан гэх.

ОХУ-ын хувь нэмэгдэж, Монгол, Хятад, АНУ-ынх багасна

Эх сурвалжаас авсан мэдээгээр бол Хятад, АНУ, Монголын эзэмших хувь тодорхой хэмжээгээр багасч, ОХУ-аар ахлуулсан Япон-Солонгосын хамтарсан нэгдлийн эзэмших хувь өсөх юм байна.  Өмнөх хувилбар болох Хятадын 40, АНУ-ын 24, Монголын 18 хувь багасч, Оросын 18 хувийг нэмэхээр хэлэлцэж эхэлжээ.

Тавантолгой дахь стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах ажил тун удаашралтай байгааг шүүмжлэх хүмүүс ч байдаг.  Анх 2010 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Цанхийн баруун хэсэгт  стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах тендерийг зарласанаас хойш  ерөнхийдөө бүтэн жилийн нүүрийг үзэх гэж байна. Энэхүү тендерийн эхний шалгаруулалтад нийтдээ 15 оролцогч саналаа ирүүлснээс Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаар ахлуулсан ажлын хэсэг зургаан оролцогчийг дараагийн шатны хэлэлцээрийн ширээнд урьсан бий. Эдгээр зургаан оролцогчийн нэгдэх нь АНУ-ын “Пибоди Энержи”, хоёр дахь нь БНХАУ-ын “Шинхуа Энержи” болон Японы “Иточү”,“Мицуй” компаниудын консорциум,  гурав дахь нь ОХУ-ын “Оросын төмөр зам” болон Япон, БНСУ-ын консорциумын нэгдэл,  дөрөв дэх нь Австрали-Швейцарийн “Экстрата Коул”, тав дахь нь Бразилийн “Вале”, зургаа дахь нь Люксембургийн “АрсэлорМитал” байв.

Харин дараагийн шатны хэлэл­цээрийг бүтэн зургаан сарын турш өрнүүлсний эцэст Тавантолгойд хэн, хэдэн хувийг эзэмших вэ гэдгийг тодруулснаа ажлын хэсгийнхэн өнгөр­сөн долдугаар сард Засгийн газрын хуралдаанд өргөн барьсан. Гэсэн хэдий ч уг төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл эргүүлэн буцаас­наар ажлын хэсгийнхэн ахиад л талуудтай хэлэлцээрийн ширээ­ний ард нүүр тулаад байгаа юм. Н.Алтанхуяг сайд “Өмнө нь Хятадын талд танай хувь 40 байна гээд хэлчихсэн. Тохирсон, ярьсан зүйл ийм л байсан. Одоо буцаагаад буулгана гэдэг хүнд” байгааг учирласнаас харахад Хятадын Тавантолгой дахь оролцоог буулгахгүй байх магадлал өндөр байна. Харин Монгол, АНУ-ын эзэмших, ялангуяа монголчуудын эзэмших хувь нэлээд багасч магадгүй гэсэн хардлага байгаа юм. Ажлын хэсгийнхний зүгээс Тавантолгойд Хятадын хувь оролцоог их байлгах санаархал өндөр байгаа юм билээ. Учир нь, Тавантолгойгоос олборлосон нүүрс Хятадын том зах зээл рүү нийлүүлэх учраас тэдэнд найрсаг хандах хэрэгтэй гэсэн байр суурийг монголчууд баримталж байна. Харин Монгол Улсын эзэмших хувийг багасгаж, үүний зөрүүг татвар, хураамжаас олж болно хэмээн ажлын хэсгийнхэн тооцож байгаа бололтой. АНУ-ын “Пибоди Энержи”-гийн хувийг багасгах бас л хүнд байгаа гэнэ лээ. Ажлын туршлагатай, өндөр технологитой энэ компанитай өмнө нь тохирсон хувиа багасгах бас л асуудалтай байгаа аж. Тиймээс ч энэ удаагийн хэлэлцээр өмнөхөөсөө маш хүнд төвөгтэй нөхцөл байдал дунд өрнөж байгаа гэсэн.

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаанаас иргэн бүрт 1072 ширхгийг өгөх үү

УИХ дахь МАН болон Ардчилсан намын бүлгүүд ийн шийдвэрлээд байгаа. Аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр нь зарах “Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны арван хувийг иргэдэд өгөх нь шударга хуваарилалт болно гэсэн байр суурьтай байгаагаа эрх баригч намууд илэрхийлж буй. Монгол Улсын Их хурал 2010 оны долдугаар сарын 7-ны өдөр Тавантолгой ордыг ашиглах зарим асуудлын тухай 39 дүгээр тогтоолыг  гаргасан. Энэ тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцаа 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй тараах, 10 хувийг нь үндэсний аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр нь зарах, үлдсэн 30 хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалахаар болсон. 

УИХ дахь МАН болон Ардчил­сан намын гаргасан  шийдвэрийг үндэс­ний аж ахуйн нэгжүүд тэр тусмаа “Монгол 999 үндэсний нэгдэл”-ийнхэн багагүй эсэргүүцэж, хэвлэлүүдээр нэлээд гомдол тавьж байгаа нь худлаа биш. Монгол Улсад 70 мянга гаруй компани үйл ажиллагаа явуулдаг. Үүний  27 мянга нь улсад татвараа төлдөг бөгөөд тэдгээрийн цаана 2700  бизнесмен байгаа учраас үндэсний үйлдвэрээ дэмжсэн явдал болохгүй хэмээн үзэж буйгаа УИХ-ын гишүүд илэр­хийлж, өмнө нь  гаргасан 39 дүгээр тогтоолоо өөрчлөхөөр шийдээд байгаа юм. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 39, 40 дүгээр тогтоолоо хэрэгжүүлэхийг Засгийн газраас шаардсан. Тавантолгойн төсөл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс буцаагдах болсон гол шалтгаан нь 39, 40 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх явдал. Энэ асуудалд ҮАБЗ ялах уу, УИХ ялах уу гэдэг өнөөдөр хамгийн сонирхолтой сэдэв болоод байна.

Цанхийн зүүн хэсгээс дөрвөн сая тонн нүүрс олборлоно

Тавантолгойн орд нь нийтдээ 6.5 тэрбум тоннын нөөцтэй. Бортолгой, Цанхийн баруун, зүүн, Ухаахудаг, зүүн хэсэг гэсэн таван хэсгээс бүрддэг. Цанхийн баруун, зүүн хоёр ордын нөөц нь хэмжээгээрээ ойролцоо хэмээн судлаачид хэлж байна. Стратегийн хөрөнгө оруулагч үйл ажиллагаа явуулах Цанхийн ордын баруун хэсгийн нөөц нь тодорхой болсон бөгөөд уг орд нь 1.7 тэрбум орчим тонн нүүрсний нөөцтэй ажээ. Үүний 800 сая орчим нь коксжих нүүрс юм. Тавантолгойн ордын нийт нөөцийнх нь 1.8 тэрбум тонн нь гангийн үйлдвэрийн гол түүхий эд болох коксжих нүүрс юм. Нийт коксжих нүрснийх нь бараг тал хувь нь стратегийн хөрөнгө оруулалтаар ашиглах Цанхийн ордын баруун хэсэгт ногдож байна. Тийм болохоор энэ хэсэг нь эдийн засгийн хувьд хамгийн өндөр үнэлгээтэй хэсэг нь  гэнэ.

Өнгөрсөн арванхоёдугаар сарын 23-нд зарласан Цанхийн ордын зүүн хэсэг “Эрдэнэс Тавантолгой” компанийн олборлогчийг сонгох тендерийн ялагчид  энэ оны найм­дугаар сард тодорсон бий. Цанхийн зүүн хэсгийн нүүрсийг Австралийн “Macmahon”, ХБНГУ-ын “BBM Operta” компани хамтран олборлох болсныг “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш зарласан юм. Зүүн Цанхиас энэ жил­дээ  нэг сая тонн нүүрс экспортод гар­гах бөгөөд ирэх жилээс үүнийгээ дөрвөн сая тоннд хүргэж цаашдаа нэмэгдүүлэх аж.

Орж ирэх мөнгөө нүүрс угаах үйлдвэр, усны нөөц хайгуул судал­гааны ажилд зарцуулахаар төлөв­­л­өсөн байна. Зүүн Цанхиас олборлосон нүүрсээ “Чалко” ком­панид зарахаар гэрээ байгуулсан бө­гөөд үүний урьдчилгаа болгож 250 сая ам.долларыг Монгол Улсын Зас­гийн газар аваад эх орны хишиг болгон иргэддээ тарааж байгаа билээ. Уг мөнгийг төлж барагдуулах хүртлээ нүүрсээ “Чалко” компанид 100 хувь өгч тус компани манай  нүүрсийг цаашаа Япон, Солонгост  зарах гэсэн. Үүнийг маш муу наймаа бол­сон хэмээн эсэргүүцэх хүмүүс ч бий.

Ийнхүү Монгол Улсын ирээ­дүйн хөгжил, эдийн засгийн өсөл­төд томоохон нөлөө үзүүлэх Таван­толгойн ордод талуудын сонир­­хлыг тэнцвэржүүлэхийн тулд ажлын хэс­гийн­хэн ажиллаад л байдаг, ажиллаад л байна даа

No comments:

Post a Comment