2011/11/01

“Ордын сорыг дөрөв, тавхан гэр бүл өмчилдөг” гэв



УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж эрхэм гишүүн С.Эрдэнэ Ерөнхий сайдад тавьсан асулгынхаа дагуу суудлаасаа байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Тавантолгойг Ерөнхий сайд С.Батболд нар эзэмшиж байсан. Өнөөдөр Тавантолгойг хадгалж байгаад эх оронч санаачилга, сэтгэлээрээ буцаагаад өгчихсөн юм шиг зүйлийг хэлж байгаа. Гэтэл Монгол орны газар нутаг дээр байгаа ашигт малтмал, уул уурхай энэ бүх юм бол төрийн болоод ард түмний өмч. Тэр утгаараа үүнийг бид хуулийн хүрээнд зөв ойлгож, зөв ярих нь зүйтэй. Хэн нэг хүн өөрөө тарьж ургуулаад, бий болгоод, түүнийгээ төрд үнэгүй өгчихсөн юм шиг байдлаар ярих юм бол тэр хамгийн ухвар мөчид, хийсвэр ойлголт гэж ойлгож байгаа. Тавантолгойн асуудлыг бид удаа дараа тавьсан. Эрдэс баялаг, эрчим хүчний яам, түүний сайд Тавантолгойн асуудалд тун хариуцлагагүй хандаж ирсэн. Сая ч гэсэн асуулгын хариуд өгсөн хариулт маш бүрхэг, бөөрөнхийлсөн, асуудлынхаа голыг олоогүй, амь аргацаасан байдлаар хариулсан нь харамсалтай.

Энэ орд Монголын ард түмний баялаг. Өнөөдөр бид Оюутолгойг үндсэндээ тавиад туучихсан. Ард түмэнд очиж болох цорын ганц баялаг бол Тавантолгой. Үүнийг тавиад туух уу, УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасны дагуу ард түмний гар дээр  хувь хишиг хүртээх үү гэдэг аминд тулаад байна. Өнөөдөр энэ ордын өрөм, сор болсон хэсгийг таслаад дөрөв тавхан гэр бүлийн өмч болгоод өгчихсөн. Нийт үнэлгээний 40 орчим хувьтай тэнцэх хэмжээний үнэлгээ бүхий ордыг өгчихсөн байгаа. Үлдсэн 60 хувийг 2,7 сая монгол хүн хувааж, хувилж хүртэх юм байна л даа. Ийм байдлаар увайгүй дээрэм хийдгээ боливол яасан юм бэ. Засгийн газар энэ хууль бус үйлдлээ таслан зогсоовол яасан юм бэ гэсэн шаардлагыг би хэлэх гэсэн юм. Тавантолгой бол хэн нэг эрх мэдэлтний халаасны өмч биш, энэ бол Монголын ард түмэнд өвөг дээдсээс өвлүүлсэн өв баялаг юм. Энэ баялгийг дөрөв тавхан гэр бүл, хэдхэн эрх мэдэлтний мэдэлд өгч, тоглуулж, Монголын ард түмний хувь хишиг хүртэх эрхийг хааж боогдуулж бууруулах эрх хэнд ч байхгүй. Тиймээс ажлаа хийж чадахгүй байгаа, ашигт малтмал, уул уурхай, Монгол орны газрын баялагтай холбоотой асуудлыг хуулийн хүрээнд шийдэж чадахгүй байгаа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд огцрох ёстой. Асуудлыг хянаж, хуулийн дагуу явуулж чадахгүй байгаа Ерөнхий сайд өөрөө ч хариуцлага хүлээх ёстой” гэлээ. Үүгээр Засгийн газарт гишүүдийн тавьсан асуулгын хариуг сонсч дууссан юм. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын мэдээлийг сонсох цаг өндөрлөв.

No comments:

Post a Comment