2011/11/15

“Эрдэнэс Тавантолгой”-н 20 хувийг иргэдэд өгөх эсэхийг УИХ-аар шийдвэрлэнэ


“Эрдэнэс Тавантолгой”-н 20 хувийг иргэдэд өгөх эсэхийг УИХ-аар шийдвэрлэнэ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өглөө хуралдаж, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах нэр бүхий гишүүдийн өргөн барьсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Я.Батсуурь нарын нэр бүхий гишүүд болон Одбаяр нарын нэр бүхий гишүүд 39 дүгээр тогтоолыг өөрчлөх тухай тусдаа тогтоолын төсөл өргөн барьсныг хамтатган хэлэлцсэн юм. 

УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг иргэдэд үнэгүй эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь борлуулах, 29 хүртэлх хувийг дотоод гадаадын хөрөнгийн бирж дээр борлуулахаар заасан байдаг. Харин дээрх нэр бүхий гишүүд аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарах 10 хувийн хувьцааг иргэдэд үнэгүй эзэмшүүлж, иргэдийн эзэмших хувийг 20 хувь болгох саналтай байгаа аж. Энэхүү тогтоолын төслийг Засгийн газар болон УИХ дахь МАН, АН-ын бүлэг дэмжсэн болохоор Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм. 

Тогтоолын төсөл санаачилсан нэр бүхий гишүүд өөрсдийнхөө ямар үндэслэлээр 39 дүгээр тогтоолыг өөрчлөх болсноо танилцуулсан. Гол үзэл баримтлал нь Монгол улсын иргэдийг ялгаварлан гадуурхахгүй, баялгийг тэгш хуваарилах нь зүйтэй гэж үзсэнээ гишүүд хэлж байв. Монгол улсад 2010 оны 6-р сарын байдлаар Монгол улсад 57 мянга орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй байснаас тал гаруй нь тайлан өгч татвар төлдөггүй, 1-2 хүнтэй ажилладаг бол үлдсэн 23 мянга орчим компани нь 2700 иргэний эзэмшилд бий гэсэн судалгаа гарчээ. Дээрх 2700 орчим иргэн дунд 1-2 компанитай нь ч байхад 50-60 компанитай хүн ч байгаа юм. 

Мөн аж ахуйн нэгжүүдэд 10 хувийг зарах нь Монголын эдийн засаг уул уурхайн салбараас бүрэн хараат болох зам руу орно хэмээн гишүүд үзжээ. Өнөөдөр Монгол улс эдийн засгаа уул уурхайн салбараас аль болох хараат байлгаж, бусад салбаруудыг дэмжихээр яригдаж байгаа энэ үед жижиг том гэлтгүй бүх компаниудад хувьцаа зарвал жижиг компаниуд бизнесээ орхиод уул уурхайн салбар руу орох боломжийг бүрдүүлээд өгчихнө хэмээн тогтоолын төсөл санаачилсан гишүүд үзжээ. Тийм болохоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн аж ахуйн нэгжүүдэд зарах хувьцааг 2700 компанийн эзэнд биш 2,7 сая иргэндээ өгье хэмээн тогтоолын төсөл санаачилсан Я.Батсуурь гишүүн хэлсэн. Мөн дотоодын аж ахуйн нэгжүүдийн олон талаар дэмжиж байгаа болохоор заавал уул уурхайтай холбох гээд байх шаардлагагүй. Ноос ноолуурын салбарт 300 тэрбум төгрөг өгсөн гээд төрөөс зээл, тусламж, баталгаа, татварын хөнгөлөлт чөлөөлөлт гээд олон талаар хувийн хэвшлийнхнийг дэмжиж байгаа шүү гэдгийг Батж.Батбаяр гишүүн хэлж байв. 

Харин энэхүү тогтоолын төслийг эсэргүүцэж байгаа гишүүд ч цөөнгүй байсан юм. Тухайлбал Д.Тэрбишдагва, Н.Батбаяр, С.Бямбацогт, Р.Буд зэрэг гишүүн өнгөрсөн жил 39 дүгээр тогтоолыг баталж байхад гараа өргөн дэмжчихээд одоо гэнэт ямар шалтгаанаар шийдвэрээсээ ухраад байгааг асуусан. УИХ-ын гишүүн Р.Буд “Монголын төр өчнөөн судалж шинжилж байж гаргасан шийдвэрээ байнга эргэж буцдаг тийм уймраа чавганц шиг болчихлоо. Энэ нь хууль эрхзүйн орчны тогтворгүй байдлыг бий болгож, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байгаа шүү” хэмээн нэлээд шүүмжлэлтэй хандаж байв. УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Бид 39 дүгээр тогтоолыг батлахдаа тэгш хуваарилалт, тэгш боломжийг өгсөн. Одоо өөрчлөх юм бол тэгш боломжийг нь үгүй хийгээд тэгш хуваарилалт болгочихно. Өнөөдөр өдрийн 15 мянган төгрөгийн цалинтай барилгын ажил голсон хэрнээ амьдар хэцүү байна, төр бидний тэжээх ёстой гэж ярьж байгаа хүн олон. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 20 хувийг өгөх юм бол ийм хүний тоо цаашид улам л нэмэгдэж, бэлэнчлэх сэтгэлгээг улам гүнзгийрүүлэх болно. Австралийн уугуул иргэд яг ингэж газрын баялгийн хувь хүртэж суусаар өнөөдөр мөхөж байгаа шүү дээ” гэв. Дээрх гишүүд Монгол улсын эдийн засаг, ДНБ-ийн ихэнх хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж байгаа болохоор тэдэнд өсч өргөжих боломж олгох хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан юм. 

Үүнээс гадна гишүүдийн хамгийн их сонирхож байсан асуудал бол хувааж өгөх гээд байгаа хувьцааны үнэ байв. ЗГХЭГ-ын дарга, Монгол улсын сайд Ч.Хүрэлбаатар дээрх асуултад “Зөвлөх банкуудтайгаа энэ тал дээр их ярьж байгаа. Одоогоор нэрлэсэн үнэ нь хэд байх вэ гэдэг тодорхой болоогүй байна. Ямар ч байсан хөрөнгө оруулалтын банкууд ямар үнийн санал боловсруулснаа Засгийн газрын хуралдаанд танилцуулах байх. Ямар ч байсан дотоод болоод гадаадын хөрөнгийн бирж дээр 29 хувиа зараад 3 тэрбум орчим ам.доллар босгоно гэж тооцоолж байгаа” хэмээн хариулсан юм.

No comments:

Post a Comment